Жангар бол 15-р зууны үед Ойрад түмний дунд зохиогдож, нийт Монголчуудын дунд тархсан ардын аман зохиолын нэг төрөл болох баатарлагийн тууль юм. Жангар туулийг тэмдэглэн судлах ажил 19-р зуунаас эхлэн эдүгээ хүртэл үргэлжилж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар 200 илүү бүлэг - хувилбаруудыг судлан шинжилсээр байна. Үүнээс Монгол нутагт нийт гучин хоёр хувилбар тэмдэглэгдсэн ажээ. Жангарын цадиг намтар, баатар нөхдийнх нь гавьяа ялалтыг ерөнхийд нь дурдсан удиртгал бүхий "Эхлэл" бүлгийг оролцуулвал нийт 13 бүлэгтэй.


Эхлэл бүлэг:

Бумбын сайхан орон гэж дөрвөн улирлын турш дүүрэн жаргалтай байдаг газар юм. Эхлэл бүлэгт Жангарын уг гарал, алдар гавьяа, хатан дагина, албат ард, баатар эрс, тэдний эрэмбэ дараа, хүлэг морьд зэргийг өгүүлнэ. Эхлэл хэсэгт Жангар ба түүний баатрууд Бумбын сайхан орондоо найрлан сууж байгааг өгүүлэх бол бусад бүлгүүдийн оршил магтаалд:

"Эрхэн төрийн 6012 баатар нь,

Ийшээ тийшээ харан

Дайлалдах дайсан хэзээ учрах вэ?

Гөрөөлөх гөрөөсөн хэзээ учрах вэ?

Бидэнд халдах орон үгүй юү?" 

гэж талалцан хэлэлцэж суугаагаар өгүүлэгдэнэ.

Тийнхүү хэлэлцэн суух зуурт элдэв үйл тохиолдож бүлэг бүрт шинэ үйл явдал, дайн тулаан өрнөнө.



Жангар баатар эрхэн хоёр насандаа догшин мангаст нутгаа дайлуулж өнчин биеэр үлдэж, гурван насандаа Гулжин их мангасыг дарж, дөрвөн насандаа Дөрдөн шар мангасыг номхотгож, таван насандаа Тахийн таван шулам хааныг олзолж, зургаан насандаа зуун жадны үзүүр хугалж, Алтан Цээж баатрыг эрхэндээ оруулж, энгийн олон баатруудынхаа барууны ахлагч болгов. Долоотойдоо доод тивийн долоон орныг доройтуулж дуутай Жангар нэрээ дуудуулсан билээ.


  • Таван сая албат иргэд нь таван сарын газарт тархан суун байна.

Жангарын баатрууд түүний өргөөнд баруун, зүүн хэсэг болон суун байна.

Баруун биеийг нь ахалж суудаг Алтан Цээж нь ирсэн 99 жилийн юмыг тоочиж хэлдэг, ирээгүй 99 жилийн юмыг тааж мэддэг. Зүүн биеийг нь ахалж суудаг Араг Улаан Хонгор нь 100 өдрийн зовлон үзэвч ядарч үзээгүй, зургаан сар ташуур султгалгүй гүвдсэн ч амнаасаа гурван үг унагаж үзээгүй.

Хонгорын дараа суудаг нь Гүзээн Гүмбэ Баатар, түүний дараа Догшин Хар Санал зүүн баатруудыг ахлан сууна. Баруун баатруудыг ахлан суух Алтан Цээжийн дараа суудаг нь Хүнд Гарт Савар билээ.

Энэ мэт баатрууд нь энгийн олон сайд нартайгаа элбэг дэлбэг найр болоод суудаг гэнэ. Жангар шударга, ариун ёсыг эрхэмлэгч тул түүнийг зөв бодолтой, алсын хараатай, үнэн санаатай хүмүүс тойрон хүрээлдэг ажээ.


 Тухайлбал, Догшин Хар Санал баатрын хувьд,

Буян төгс аавыгаа

Хөвгүүнгүй орхиод

Бурхан сайхан ээжийгээ

Буянгүй орхиод

Буман өрх албатаа

Ноёнгүй орхиод

Арван наймтай

Ангир улаан хатнаа

Ганц биеийг нь хаяад

Буурал халзнаараа ирж

Эзэн Жангарыг дагасан аж...


Бүлэг бүрт Жангар ба түүний баатруудын аж төрөл хийгээд тэдний энх амгалан байдал, эх нутгаа хамгаалан, харь дайсныг дарж алдар нэрээ мандуулж байгаа тухай өгүүлнэ. Тийм ч учраас Жангар бол эх нутаг, улс үндсээ хамгаалахыг ухуулсан зохиол билээ. Эв нэгдлээ чандлан сахиж, эр зоригоо хурцлан дайтаж, энх жаргалын төлөө тэмцэж чадах эрэлхэг баатруудын энэхүү тууль нь ард түмний чин хүслээс ундарсан аман зохиолын бүтээл юм. Монгол ардын бусад баатарлагийн тууль адил зовж зүдэрсэн, өнчин доорд хүү Жангар шадар сайн нөхдийн тус дэмээр харгис хаад, мангас, чөтгөрүүдийг доройтуулан дарж чаддаг.

Мөн баатарлагийн туулийн нэг өвөрмөц шинж бол баатар эр, сайн морь хоёрын салшгүй холбоог илэрхийлж, баатар бүрийг сайн морьтой нь хамт уянгалуулан дүрсэлдэг.

Жангарт нэг ижил санаа үе үе давтагдах нь бий, мөн уран сайхны дүрслэлийн хувьд хэтрүүлэг ихтэй, зүйрлэл, адилтгал, төлөөлөл, чимэг үгсийг ашиглан шүлэглэсэн зохиол юм. Ингэснээрээ баатруудын сүр хүч, бяр чадал, цэцэн ухааныг хүний төсөөлөлд тодоор буулгах увдистай бөгөөд энэ нь туулийн өвөрмөц онцлог билээ.

Тухайлбал, Гүзээ Гүмбэ Баатрыг тодорхойлохдоо:

Тавлаад суухаараа

Тавин хоёр хүний зайд суудаг

Тахийгаад суухаараа

Хорин таван хүний зайд суудаг

Баатар Бумбын орондоо

Хүйтэн хар шороороо (түүний зэвсэг) нэрд гарсан

Зааны таваг хайсан хар хүлэгтэй бөгөөд

Мянган нэгэн жилийн төр шашин хоёрыг

Булаалдан хэлэлцэн суудаг... гэжээ. 


Догшин Шар Гүргүүгийн бүлэг

Гучин таван баатар, далан хоёр хаан бүгдээр эзэн ноён Жангартаа идээ цагааныхаа дээжийг барихаар өөр өөрийн орд өргөө нутаг уснаас ирж, баруун, зүүн талдаа байраа олон суугаад найрлаж буйгаар энэ бүлэг эхэлнэ. Унтаад сэрмэгц дэлхийн шар наран дээш мандсан байх ба Жангар нэг ч үг хэлэлгүй өөрийн хүлэгтээ мордон Хонгорын өрөөний өмнө ирж "Ар Бумба орноо мэдэж бай" хэмээн даатган үлдээж зүггүй газарт одов. Ийнхүү Хонгорыг ганцаар суух цагт Бумбын орныг эзэлье хэмээн Догшин Шар Гүргүү мангас бумбын орныг дайлахаар мордов. Үүнийг мэдсэн Хонгор ай гэх чөлөөгүй арван хоног байлдаад, дайсны улаан цоохор тугийг хугалсан ч арга үгүй дийлэгдэж долоон давхар газрын доор, догшин улаан тэнгисийн ёроолд найман мянган шулмын гарт очив гэнэ.

Харин Жангар яван явсаар алтан шар ордонд суусан үзэсгэлэнтэй хүүхнийг хань болгон авч, арван сарын нүүр үзээд нэгэн хүүтэй болжээ. Хүү нь төрөөд гурав хоногийн дараа эцгийнхээ Аранзал зээрдэд мордож ан хийх болсноор түүнд Гунан Улаан Шовшуур гэж нэр өгөв. Хүү ан хийж яваад Жангарын гучин таван баатартай тааралдаж, тэд эзэн ноёныхоо морийг таньсан ч хүүг таньсангүй, тэд хүүд морь болон сум өгч явуулав. Үүнийг үзсэн Жангар Ар Бумбын орон, Араг Улаан Хонгор нөхрөө санан буцаад нутагтаа иртэл өлөн нохой, өнчин хүүхэд ч эс үзэгдсэнд гайхан байтал уулын хар урцаас буурал сахалтай өвгөн гарч ирэн болсон бүхнийг хэлэв.

Жангар долоон тамын газрын зовлонг гэтлэн, анд нөхөр Хонгорынхоо эмнэг цагаан ясыг олж, энд тэндээс цуглуулан эв эвд нь тавиад амьдруулав. Тэр зуур Гунан Улаан Шовшуур:

"Биеийг минь төрөөгүй байхад

Эцгийг минь үгүй байхад

Ар Бумбын орныг минь

Өлөн чоно, өлсгөлөн жингэр мэт дайраад

Эзэн нь хүрээд ирэхээр

Эхнэрийнхээ хормойд шургадаг чинь юу вэ?" 

гээд Догшин Шар Гүргүүтэй хойно урдаа орж хорин дөрвөн хоног тэмцээд дийлэв.

Хонгор, Жангар ирэв хэмээн далан хоёр хаад, гучин таван баатар цуглан баясалдаж, элбэг их найрын хөлд жарган суув.

Энэ мэтчилэн бүлэг тус бүр биеэ даасан утга агуулгатай, уран сайхны зохиомжтой. Баатрууд болгон өөрсдийн гэсэн увдис чадвартай, зан араншинтай бөгөөд ирээдүйн хойч үедээ Жангарыг уншуулж ойлгуулах нь ёс зүй, хүмүүжлийн ач холбогдолтойгоос гадна соёл уламжлалаа өвлүүлэн дамжуулж, сахилга баттай, ёс жаягтай хувь хүн бий болгоход чухал үүрэгтэй.   

СЭТГЭГДЭЛ

Your email address will not be published. Required fields are marked *

/