"Нухацтай сэдэв" цувралын хүрээнд No.1 Өр гэж юу вэ?, No.2 Худал, No.3 Буллшитийн тухай , No.4 Карл Маркс, гэсэн дөрвөн цуврал "авсаархан" ном хэвлэгдэн гарсан билээ. Эдгээр ном тус бүрээс онцлох гурван эшлэлийг хүргэж байна. 

Антропологич Дэвид Гребэрийн "Өр гэж юу вэ" хэмээх энэхүү авсаархан номонд түүний нэг ярилцлага, нэг эсээ багтсан бөгөөд түүний хамгийн алдартай Өр: Анхны 5000 жил номынх нь гол санаа нь дурдагджээ.

 

1. Эхлээд бартерийн наймаа хөгжөөд, дараа нь мөнгө, эцэст нь зээлийн тогтолцоо үүссэн гэдэг тогтсон түүх нь үнэндээ бол эсрэгээрээ өрнөсөн юм. Зээл, өр хоёр бол анхдагч харин үүнээс мянга мянган жилийн дараа зоос үүссэн бөгөөд эцэст нь "би наад үнээний чинь оронд хорин таван тахиа өгье" гэдэг бартерийн солилцоо нуран унасан.


2. Хүн төрөлхтний түүхэнд хамгийн анх тэмдэглэгдсэн "эрх чөлөө" гэдэг утгатай үг бол шүмэр хэлний "амарги" буюу "өргүй" гэсэн утгатай, үгчилбэл "ээждээ эргэн очихуй" гэсэн үгнээс гаралтай. Учир нь өрийн өршөөлийг тунхагласнаар бүх өрийн боолууд гэртээ харих боломжтой болжээ.


3. Эрт дээр үед, хэрэв та хэн нэгэнд гахай өгтөл нөгөө хүн эргүүлээд танд цөөн хэдэн тахиа өгвөл та түүнийг харамч гэж үзэн элдвээр муу хэлж болно. Гэхдээ та энэ хүнийг хэр харамч гэдгийг нарийн тогтоох математик томъёо олно гэвэл юу л бол. Мөнгө хариуцлагын мэдрэмжийг нарийн тооцох тооцооны нэгж гэдэг утгаараа яг иймэрхүү нөхцөл байдлаас болж анх үүссэн байна.

 


Философич, зохиол Сэм Харрисын "Худал" ном цагаан худал гэж байдаг эсэх, худал хэлэхийг зөвтгөж болох эсэх талаар асуудлыг хөнджээ.

 

1. Баригдахгүй л бол хэнд ч хор хөнөөл учруулахгүй гэж худалч хүн ихэнхдээ боддог байх. Гэвч худал хуурмагийн золиос болсон хүний өнцгөөс хардаггүй. Бидэнд мэхлэгдсэн хүмүүсийн оронд өөрсдийгөө тавьж тэдний өнцгөөс өөрсдийнхөө үнэнч бус байдлыг харах агшинд л бид урвалтыг мэдэрдэг болой.


2. Сэтгэл зүтгэл гарган хүн бүртэй шулуун шударга харьцсанаараа богино хугацааны тав тухгүй байдлын үнээр цаашид үүсэх урт хугацааны элдэв таагүй асуудлуудаас ангижрах боломжтой болдог. Гэхдээ энэ байдлыг хэтрүүлэх ёсгүй. Та үнэнч хэрнээ энэрэнгүй байх ёстой.


3. Бид хэдийгээр бусдад сэтгэл тавин, эсвэл бусдыг өрөвдөж ойлгосондоо цагаахан худал хэлж байна гэж бодон хааяа худал хэлдэг ч үүнээс үүсэх хор уршгийг олж хардаггүй. Худал хэлснээр бид анд нөхдөө үнэнээс турсгаарладаг бөгөөд тэд бидний хэлсэн худал хуурмаг дээр тулгуурлан үйлдэл хийж, эсвэл зөвхөн үнэн дээр тулгуурлан зөв шийдвэр гаргах байсан бол биднээс болж асуудлаа шийдвэрлэж чадахгүйд хүрнэ.


 

Харри Франкфуртын "Буллшитийн тухай" (худал хуурмаг, дэмий яриа) номын нэг муу тал нь хараалын шинжтэй нэр, эсвэл агуулгадаа биш харин гайгүй сайн гэж нэрлэгдэж ирсэн олон номыг ач холбогдолгүй, үр нөлөөгүй болохыг баталж өгсөнд байдаг юм.

 

1. Аливаа хүн мэддэггүй зүйлийнхээ талаар ярих шаардлагатай болох үед буллшит үүсэх нь гарцаагүй. Тэгэхээр хүн тухайн сэдвийнхээ талаар тун бага мэдлэгтэй хэр нь тэрхүү сэдвээр ярих боломжтой эсвэл шаардлагатай болсон үед буллшит үүсэх нөхцөл бүрдэнэ. Шаардагдах мэдлэг, ярих боломж хоёрын хооронд ийм зөрүүтэй байдал амьдралд тохиолдох нь элбэг.


2. Худал хэлэх, дэмий юм ярих хоёрын баригдах эрсдэл бараг ижил ч, баригдсаны дараах үр дагавар нь худал хэлсэн хүнд илүү хүнд тусна. Бид дэмий ярианаас хол байх гэж хичээж, гайхаж мөрөө хавчаад өнгөрдөг бол худал хэлсэн хүнд гомдож, уурлаж бухимддаг.


3. Итгүүлж үнэмшүүлэх яриа, эсвэл үйлдлийн аль нэг хэсэгт үнэнээс өрсөж худал хуурмаг зүйл хавчуулснаар үнэнээс үүдэх үр дагавраас зайлсxийдэг. Энэ бол худал хэлэхийн гол зорилго юм.

 

Германы зохиолч, нийтлэлч Дийтмар Дат "Карл Маркс" хэмээх бүтээлдээ Марксын амьдрал бүтээлийг шинжилж, тухайн амьдарч байсан цаг үеийнх нь сэтгэлгээн дээр тулгуурлан хэрэгжүүлж болохуйц онол, үзэл санааг тайлбарлажээ.

 

1. Шударга бус байдалд шалтгаан бий. Түүний эсрэг тэмцэлд шударга бус байдлыг арилгахын тулд төлөөс төлөх ухаантай, тэвчээртэй, бэлэн байх шаардлагатай.


2. Хүмүүс хэрэглээний үнэ цэнийг бүтээдэг бөгөөд удалгүй яаж гэдгийг нь олж мэдсэнийхээ дараа хэрэглэж байгаагаасаа ч илүү ихийг бүтээнэ. Хэрэв байшинг үнэхээр сайн барьсан бол хэдэн үеэрээ байшин барих ажлыг хэмнэж чадна.


3. Хэрэв эзэмшил гэж надад хамааралтай, миний бусдад өгөхгүй, хамгаалах зүйлийг нэрлэдэг юм бол яагаад бас хажуу хүнээ өмчилж болохгүй гэж, эсвэл ядаж түүний амьдрахад шаардлагатай зүйлийг өмчилж, түүгээр нь сүрдүүлж, зарим эрхийг нь хязгаарлаж болохгүй гэж? Асуудал тодорхой: Бусдын эрхэнд халдаж байгаа эрх ерөөс эрх байж таарах уу?


 

СЭТГЭГДЭЛ

Your email address will not be published. Required fields are marked *

/