“Шивэгчний үлгэр” романы зохиолч Маргарет Этвүүдийн “Нью Йорк Таймс” сонинд нийтлүүлсэн эсээг сийрүүлэн хүргэж байна.

Би 1984 оны хавар нэгэн зохиол бичиж эхэлсэн нь анхнаасаа Шивэгчний үлгэр гэдэг нэртэй байгаагүй. Зохиолоо ихэнхдээ шар хуудастай тэмдэглэлийн дэвтэр дээрээ гараараа бичиж дараа нь түрээсийн Герман бичгийн машинаараа гар бичмэлээ хуулж бичдэг байсан. Герман бичгийн машин гэсэн нь би тухайн үед Баруун Германд амьдарч байсантай холбоотой. Тэр үед Зөвлөлтийн эзэнт улс хүчтэй хэвээр байв. Берлиний хана ч нураагүй байсан үе л дээ. Гэхдээ тавхан жилийн дараа нураана гэж хэн мэдэх вэ. Ням гараг бүр Зүүн Герман дуу чимээгээр дохио өгч хэр ойрхон байгаагаа сануулдаг байлаа. Би үргэлж сонор сэрэмж, анир чимээгүй, эсвэл хэн нэгэн намайг дагаад ч байгаа юм шиг мэдрэмж авдаг байснаа санаж байна. Эдгээр мэдрэмжүүд миний бичиж буй зохиолд шингэсэн.

Би зохиолоо эхлүүлчихээд нэг гаран, бараг хоёр жил тоохгүй хаячихсан. Угаасаа тухайн үед эрсдэлтэй ажил шиг санагдсан. Ахлах сургуульд байхаасаа л утга уран зохиол, уран зөгнөл, утопи болон дистопи зохиолууд маш их уншдаг байснаас өөрөө тийм зохиол бичиж байгаагүй билээ. Хэрвээ би төсөөллийн ертөнц бий болгох гэж байгаа бол ядаж л дотор нь байгаа хүмүүсийг жинхэнэ байгаасай гэж хүссэн. Миний нэг дүрэм бол хэзээ ч урьд өмнө болоогүй зүйлийг номондоо бичихгүй юм шүү гэсэн утгатай байв. Би... АНУ-д төрийн эргэлт болж либерал ардчиллыг халан шашин төр хослон захирсан диктатуртай улс болсон байгаагаар дүрслэн харуулж, уншигчдыг ятгаж чадах болов уу? Тус номонд Конгресс эсвэл Үндсэн хууль гэж үгүй. Зохиол өрнөж буй Гилеедийн Бүгд Найрамдах Улс бол 17-р зууны хуурамч сүсэгтний угсаан дээр үндэслэж бий болсон.    


Байгаль орчин хордсоноор үргүйдэл газар авч хүн ам цөөрсөн талаар романд өгүүлнэ. (Өнөөдрийн нийгэмд ч ялгаагүй. Хятад эрэгтэй хүн үргүйдэж буй талаар судалгаа гарсаар л байна) Тоталитар босоо тогтолцоотой нийгэмд дээд давхаргын элит айлууд хүүхэд гаргаж өгөх шивэгчин эмэгтэйчүүдийг ажиллуулна. Гол дүрийн шивэгчин эмэгтэйг "Оффред - Offred" хэмээн нэрлэх нь Фредийнх гэсэн утгатай, бүх шивэгчид өөрсдийн харьяалагдах эзнийхээ өмч хөрөнгө мэт ийнхүү дуудагдана. Нөгөөтэйгүүр "offered" гэсэн англи үгтэй ойролцоо сонсогдох бөгөөд энэ нь "санал болгосон", "зориулагдсан" гэсэн утгыг илэрхийлнэ. Яг л танайд зориулагдсан хохирогч гэж байгаа мэт... 

Уншигчид түүний нэрийг "Жүүн" гэж таамагладаг. Учир нь шивэгчин бэлтгэх төвд бүх шивэгчдийг нэрээр нь дууддаг хэсэг гарах ч Жүүн гэдэг нэр л дахин дурдагддаггүй. Би үүнийг гол дүрийн шивэгчний нэр гэдэг утгаар номонд оруулаагүй ч гэсэн хэрвээ уншигчид тэгэж хүсч байвал болохгүй зүйл үгүй.


Миний энэхүү зохиолоос сэдэвлэсэн Хулу Энтертайнментийн Шивэгчний үлгэр цуврал киноны жижигхэн хэсэгт би гардаг. Зохиолд гардаг Улаан төв буюу шивэгчин бэлтгэх төвд шинээр шивэгчид хүлээн авдаг хэсэгт би гарах болно. Тэд хаанаас ирсэн гэдгээ мартаж, өөрсдийн байх ёстой газар, үүргээ ухамсарлаж өөрсдөд нь ямар ч эрх байхгүйг мэдэх ёстой. Хэрвээ тэд дасан зохицож, хувь заяатайгаа эвлэрэн, эсэргүүцэж зугтахгүй гэж мэдэгдвэл гэрийн эзэд тэднийг хамгаална.  


Шивэгчдийг хүчээр тойрон суулгаж "завхай хүүхнийг шившиг болгох" гэж нэрлэгддэг (зохиол хэвлэгдэх 1984 оны үед ийнхүү нэрлэж байгаагүй) заншлыг гүйцэлдүүлэхийг Улаан төвийн авга эгч нар нь шаардана. Шивэгчдийн нэг болох Жанинийг харааж зүх гэж албадна. Жанинь өсвөр насандаа нэг дор олон эрчүүдэд хүчиндүүлсэн бөгөөд энэ түүний буруу, учир нь тэр тэднийг дээрээ гаргасан хэмээн бүгд шивнэлдэнэ. Гэхдээ энэ бол зөвхөн телевизийн цувралд зориулсан хэсэг бөгөөд би энэ хэсгийг сэтгэл өвтгөм, гунигтай гэж бодож байна. Эмэгтэйчүүд олноороо нийлж нэгнийгээ доромжлох нь бишгүй. Өөрсдөөсөө бурууг холдуулахын тулд бусад руу дайрах нь өнөөдрийн олон нийтийн сүлжээний нийгэмд ч элбэг харагддаг. 


Хүмүүс надаас гурван асуултыг түгээмэл асуудаг.

1. Шивэгчний үлгэр феминист роман уу?

Хэрвээ бүх эмэгтэйчүүдийг сахиусан тэнгэр мэт эсвэл хохирогч мэтээр дүрсэлсэн үү гэдэг утгаар нь асууж байвал би "үгүй" гэж хариулна. Хэрвээ эмэгтэй хүнийг хүн гэдэг утгаар нь харуулж олон янзын зан араншин, мөн чанартай байгаагаар гаргасан уу гэдэг утгаар асууж байвал "тийм". Эмэгтэй хүмүүс маш сонирхолтой, амьдралд чухал үүрэгэй хүмүүс. Тэд байгаль эхийн сүүлийн бүтээл эсвэл амьдралын хоёрдугаар тоглогч биш. Үр хүүхэд гаргах боломжтой эмэгтэйчүүд үгүй бол хүн төрөлхтөн сөнөнө. Тийм ч учраас эмэгтэйчүүд, охидыг олноор хороож эсвэл хүчиндэж байсан нь дайны нэг хэлбэр байв. 


2. Шивэгчний үлгэр шашны үзэл санааны эсрэг үү?

Ингэж асуух нь элбэг. Мэдээж хэсэг бүлэг эрэгтэй хүмүүс удирдлагыг гартаа авч эцгийн эрхт ёсыг хэтрүүлэн ашигладаг. Тухайлбал эмэгтэйчүүд 19-р зууны боолуудын адилаар унших хориотой. Эсвэл Библийн сударт гардаг зарим эмэгтэйчүүдээс ялгаатай нь тэд мөнгөтэй болж, гэрээс гадуур ажил хийж болохгүй. Энэхүү роман шашны эсрэг бус. Харин харгис, бурангуй дэглэмээ шашнаар хаацайлж болохгүй гэсэн санаатай билээ. 


Мөн хувцас дизайны хувьд Библийн судраас санаа авсан. Тухайлбал эхнэрүүд Гэгээн Мэрийг бэлгэдсэн ариун цэнхэр хувцас өмсөх бол, шивэгчид Мэри Магдаленагийн нүглийг санагдуулам улаан өнгийн нөмрөг өмсдөг. Мөн шивэгчин зугтахаар завдвал тод харагдана гэдэг утгаар нь улаан хувцас өмсүүлдэг. Харин доод гаралтай эрчүүдийн эхнэрүүд судалтай хувцас өмсдөг. Харин шивэгчдийн өмсдөг цагаан малгайн хувьд гэвэл үүнийг зөвхөн дунд үеийн Викторийн болоод гэлэнмаа нарын хувцаснаас санаа авсан. Гэхдээ би үнэнээ хэлье. Хамгийн гол санаа авсан зүйл нь хуучин Германы 1940-өөд оны цэвэрлэгээний бодисын саван дээр байдаг нүүр нь ил гараагүй цагаан малгайтай эмэгтэй бөгөөд би бага байхдаа түүнээс их айдаг байсан. 


3. Шивэгчний үлгэр ирээдүйн зөгнөл үү? гэж их асуудаг болсон.

Үгүй, энэ урьдчилсан таамаглал эсвэл зөгнөл биш. Ер нь ирээдүйг зөгнөнө гэдэг огт боломжгүй. Маш их боломжит хувилбар байдаг тул зарим боломжийг ч харалгүй өнгөрдөг. Хичнээн ирээдүйг нэгд нэгэнгүй зөгнөлөө ч тэр нь биелэхгүй байж болно, биелж ч болно.


Надад дурдаагүй нэг зүйл байна. Тэр нь утга зохиолын нэг хэлбэр буюу: гэрчийн зохиол. Шивэгчин Фредийнх өөрийнхөө хэмжээнд түүхийг тэмдэглэсээр байдаг, тэрийгээ нуудаг, хэн нэгнийг олоосой гэж хүсдэг. Түүнийг нь олоод ойлгоод бас бусадтай хуваалцах тийм эрх чөлөөтэй нэгнийг гарч ирээсэй  гэж хүсдэг нь итгэл найдварын үйлдэл юм. Бичсэн түүх бүхэн ирээдүйн уншигчдад зориулсан байдаг. Робинсон Крузо тэмдэглэл хөтөлдөг байсан. Сэмюэл Пепис ч бас Лондоны Агуу Галын тухай түүхийг бичсэн байдаг. "Хар Үхэл"-ийн үеэр амьдарч байсан олон хүмүүс ийнхүү түүхийг гэрчилж бичдэг байсан ч ихэнх нь гэнэт больсон байдаг. Анн Франк охин ч бас тэмдэглэл бичин нуусан байдаг.


Хаа нэгтээ амьдарч байгаа цаг үеийнхээ үнэн түүхийг өөрийн биеэр мэдэрч байгаа мэт бичиж тэмдэглээд, гэрч нь болж байгаа олон хүн байгаа гэдэгт итгэлтэй байна.

Тэдний захиасыг дарангуйлж, нууцлах уу? Түүхийг нь олон зууны дараа хуучин байшингийн хананы цаанаас олох уу?

Тийм зүйл битгий болоосой гэж найдъя. Би итгэж байна.



 

СЭТГЭГДЭЛ

Your email address will not be published. Required fields are marked *

/