Зун, энэ үг бидний хувьд АМРАЛТ гэдэг утга илэрхийлдэг гэдэгтэй маргах хүн цөөн биз. Утаатай, хүйтэн өвөл өнгөрч урин цагтай золгохтой зэрэгцэн нүүдэлчин UB-чууд амралтын горимд шилжин Азийн өндөрлөг дахь хамгийн таатай улирал болох зуныг жинхэнэ утгаар нь мэдрэхийг хүсдэг. Тиймдээ ч хол ойр, гадаад дотоод явах бэлтгэлээ хамгийн сайнаар базаан замдаа гардаг. Гэвч бусад орнуудтай харьцуулахад бид аялалд бэлтгэх зүйлсийн жагсаалтдаа НОМ оруулж хараахан дадаагүй байгаа билээ. Нислэг, галт тэрэг, нийтийн тээвэр, замын унаа хүлээн “хийцгүйрэх” цагт хань болохоос эхлээд байгалийн сайхныг мэдрэн амар тайван амрахад ном хамгийн тустай. Иймээс аялалд бэлтгэх зүйлсийн жагсаалтаа шинэчлэх, өдөр тутам дурдагдаад байдаггүй ч амьдралын аль нэг цаг үед өөрөөсөө асуудаг, хариултыг нь хайсаар байдаг асуулт, сэдвүүдийг өгүүлсэн дараах шилдэг зохиолуудыг Монсудар хэвлэлийн газартай хамтран, амралтад тань санал болгож байна.

- Сэдэв - Хайр:
- Зохиол - “Тахлын үеийн дурлал”
Колумби улсын Аракатака хэмээх жижиг хотод мэндэлсэн Габриель Гарсиа Маркес Карибын тэнгисийн хөвөөнөө оршин суух хүн зоны аман зохиол, аж амьдрал, ээдрээ зөрчлийг дэлхий дахинд илэрхийлэн харуулахын хамт өөрийн нэрийг утга зохиолын ертөнцөд мөнхлөн үлдээсэн билээ. “Шидэт реализм” хэмээх урсгалын өнөө цагийн хамгийн суут бүтээлд тооцогддог “Зуун жилийн ганцаардал” зэрэг роман, өгүүллэгүүд туурвисны учир 1982 онд Нобелийн утга зохиолын шагнал хүртсэн тэрээр энэхүү нэр хүндтэй шагналыг хүртсэнээс хойш гурван жилийн дараа өнөөдөр бидний танилцуулах “Тахлын үеийн дурлал” романаа бичсэн нь дэлхий дахинаа алдаршин, сая сая уншигчийг байлдан дагуулсан зохиол болж чадсан аж.
Маркес “Тахлын үеийн дурлал” романаа бичиж байсан үеэ “Миний хамгийн аз жаргалтай үе минь байлаа” хэмээн дурссан байдаг.
Яагаад унших хэрэгтэй вэ?
Нэгдүгээрт, утга зохиол төдийгүй хүн төрөлхтний мөнхийн сэдэв болсон“хайр” хэмээх үзэгдлийг “Тахлын үеийн дурлал” романд гардаг шиг ийм олон талаас нь харуулсан зохиол нэгээхэн ч үгүй. Тодруулбал, сэтгэлээрээ тэнгэрт тултал хөөрөн нисэж, бас газарт шидэгдэн туйлдан унадаг залуу насны романтик хайр дурлал; сүй, гэрлэлт, хурим, эхнэр нөхөр, үр хүүхдээ халамжлан хүмүүжүүлэх ёс болсон загвараар нийгмийн өнцгөөс харагддаг хайр дурлал; мөн насан туршид үргэлжлэх хүчирхэг оюун санаа, агуу өгөөмөр сэтгэлийн талаас нь; эсвэл гагцхүү сексийн таашаалаар илэрдэг, тийм ч учраас түрхэн зуур үргэлжилдэг мах цусан биеийн дур тачаалаар харуулдаг хайр дурлал гэх мэт. Ихэнх зохиолч, бүр алдартай зохиолчид ч хүртэл хайрын зөвхөн нэг талыг барьж зохиол бүтээлээ туурвих нь элбэг бол Маркес харин “Тахлын үеийн дурлал” зохиолоороо нэг ёсондоо хайрын лавлах толийг роман хэлбэрээр хүүрнэн бүтээсэн гэхэд хилсдэхгүй.
Хоёрдугаарт, “Тахлын үеийн дурлал” бол нийгмийн хөрөг зураг, нэг ёсны нийгмийн “хэм хэмжээний хөрөг”. Бидний аж амьдралын олон талт зүйлийн нэгэн адил, хайр дурлал ч бас тухайн цаг үеийнхээ нийгэм, улс төрийн орчин нөхцөлөөс ангид оршдог зүйл огтоос биш аж. Бага балчир ахуйгаас эхлэн та бидний хэнийг ч үлдээлгүй эрхшээдэг соёлын хийгээд тухайн цаг үеийн тоо тоймгүй олон хувьсагч хүчин зүйл хайрлахад маань хүртэл нөлөөлдөг гэдгийг ийм тодорхой өгүүлж, бидний ойшоодоггүй, ил тод илэрхийлдэггүй зүйлс нийгэмтэй ямар олон судалаар холбогдсон байдгийг дэлгэн харуулна.
Нэмэлт
Габриель Гарсиа Маркесийн “Нью Йорк Таймс”-д өгсөн ярилцлага: ЭНД

- Сэдэв - Насанд хүрэх:
- Зохиол - “Гургалдайг хөнөөхүй”
ХХ зууны II хагасын Америкийн уран зохиолын хамгийн онцгой төлөөлөгчдийн нэг Нелл Харпер Лий 89 нас хүртлээ ганцхан роман хэвлүүлсэн ч тухайн цаг үеийнхээ хамгийн нэр нөлөө бүхий, хамгийн олон уншигчтай зохиолчид тооцогддог. Түүнийг дэлхийн дахинаа алдаршуулсан “Гургалдайг хөнөөхүй” роман нь анх 1960 онд олны хүртээл болсон даруйдаа шүүмжлэгчдээс өндөр үнэлгээ авч 1961 онд Пулицерийн шагнал хүртсэн аж. Ердөө жилийн дараа гэхэд уг романаас сэдэвлэсэн кино бүтээгдэж, өдгөө америкчуудын хамгийн дуртай романаар нэрлэгдсээр байна.
Яагаад унших хэрэгтэй вэ?
Уг роман үйл явдлын хурц өрнөлгүй ч хялбар уншигдаж, сонирхолтойгоор хүүрнэгдэх төдийгүй харилцан ярианууд нь шоглол, уран дүрслэл ихтэй. Мөн роман хэд хэдэн сэдвийг хөнддөг ч насанд хүрэх, бие хүн болж төлөвшихөд тулгарах бэрхшээлийг даван гарч буй өөрчлөлтийн тухай сэдэв манай уншигчдад таалагдах, басхүү нэн чухал нь гарцаагүй.
Үүгээрээ “Гургалдайг хөнөөхүй” хүүхэд нас, нас биед хүрч буй үеийн тухай өгүүлдэг төлөвшлийн роман (“Coming-of-age”) хэмээх төрөлд хамаарагддаг.
1933-1935 оны “Их Хямрал”-ын үеийн Америкийн Нэгдсэн Улсын өмнөд хэсгийн Алабама муж улсын Мейком хэмээх жижиг хотод өрнөх “Гургалдайг хөнөөхүй” романыг зохиолын эхэнд зургаан настай байсан “Скаут” хэмээх хочит Жин Луиз Финч охин хүүрнэнэ. Скаутыг нялх байхад ээж нь өөд болж, хуульч мэргэжилтэй эцэг Аттикус Финч хоёр хүүхдээ ганцаараа өсгөжээ. Скаут ихэнх цагаа ах Жимтэйгээ өнгөрүүлэх бөгөөд тэдний хотод амьдардаг нагац эгч Рейчел дээрээ Миссисипигийн Меридианаас ирж амралтаа өнгөрүүлдэг байсан долоон настай Дилл Харрис хүү тэдэнтэй нийлж, төд удалгүй Скаутын хамгийн сайн найз болно. Скаут, Жим, Дилл гурав ойр орчмоор тэнэж, үзсэн кинонуудаа бие биедээ ярин, санаанаасаа жүжиг зохиож, Финчийн цэцэрлэгт тоглон цагийг өнгөрүүлэх ажээ.
Ээж нь өөд болсныг эс тооцвол, тэдний хүүхэд нас Америкийн өмнөд хөдөө нутагт энгийн, аз жаргалтай өнгөрч байлаа. Гэвч энэ бүхэн 19 настай цагаан арьст эмэгтэйг хүчирхийлсэн хэрэгт буруутгагдсан хар арьст залуу Том Робинсоныг тэдний эцэг Аттикус өмгөөлөх болсон өдрөөс эхлэн өөрчлөгдөнө. Финчийн нэр хүндтэй гэр бүл гэнэтхэн л Мейкомын анхаарлын төвд оров. Том Робинсоныг өмгөөлөхийг Аттикус ажил үүргээ хэмээн үзэж, “төрт улсад хүн бүр шударгаар шүүлгэх эрхтэй” гэсэн итгэл үнэмшил тээж байхад тосгоны иргэд түүнийг “негрийг ивээгч” гэж үзэх болжээ. Ганц Аттикус ч биш Жим, Скаут хоёр ч Мейкомын оршин суугчдын дургүйцлийг мэдэрнэ. Финчийнхний амьдралд түгшүүр нүүрлэж, хамаатан саднууд нь ч тэднээс нүүр буруулав. Аттикус өөрийн зарчимдаа үнэнч хэвээр үлдэх үү? Эсвэл Финчийнхэн болоод тосгоныхны дарамт шахалтад бууж өгөх үү?
Нэмэлт
Төлөвшлийн уран зохиолын rэж юу вэ?: ЭНД
Харпер Лий “Гургалдайг хөнөөхүй” номын подкаст: СОНСОХ

- Сэдэв - Ойлгох, туслах:
- Зохиол - “Нуруун дээрх ертөнц”
Германы орчин үеийн уран зохиолын онцгой төлөөлөгчдийн нэг Томас Меллегийн “Нуруун дээрх ертөнц” ном орчуулагдан гараад удаагүй билээ. Номын орчуулгын хувьд ч мөн онцгой байж, Азийн найман орны арван орчуулагч нэгэн зэрэг өөр өөрсдийн хэл рүү орчуулах болсны дунд монгол хэл багтаж номын зохиогч Томас Мелле болон бусад зөвлөн туслагчид цахим платформоор хамтран ажиллаж, тус тусынхаа орчуулгыг хийж гүйцэтгэсэн ажээ.
Яагаад унших хэрэгтэй вэ?
Энэхүү бүтээл нь “хоёр туйлт эмгэг” хэмээх сэтгэцийн эмгэгтэй хүний амьдрал, бодол санаа, өвчний түүхийг дүрсэлсэн намтар зохиол бөгөөд зохиогч өөрийн бодит түүхийг уран зохиолын аргаар нэн сонирхолтойгоор өгүүлсэн ажээ. Томас Мелле энэ зохиолоо сэтгэл хөөрөл, гутралын өвчтэй үедээ бичсэн тул зарим хэсэгт утга төгс бус, авцалдаагүй өгүүлбэр тохиолдох нь сэтгэцийн эмгэгтэй хүн юу боддогийн илрэл тул уншигч та хүлцэн ойлгох буй за.
Англи хэлэнд “The Elephant in the Room” гэсэн алдартай хэлц бий. Энэ хэлц нь илэрхий асуудлыг үл анзаарах гэсэн утгатай. Өрөөнд буй заан бүхний нүдэнд өртөх атал хэн ч түүнийг үл дурсана. Магадгүй тэр заан харахаас ичгэвтэр, эсвэл түүний байгаа байдал нь дэндүү ил тод байх. Өрөөг тэр чигт нь эзэлж, өөрсдийг нь ч багтаах зайгүй болгож байсан ч зааныг явчихна гэж найддаг биз. Сэтгэцийн эмгэг бол яг энэ заан л гэсэн үг.
Энэ зохиолоор дамжуулан нийгэмд төдийлөн яригдаад байдаггүй ч асар олон хүн, гэр бүлийн хувьд хэрхэн шийдвэрлэхээ мэдэхгүй, санаа зовоосон асуудал болсоор буй сэтгэцийн эмгэгийн тухай, ийм хүмүүсийг ойлгох, тэдэнтэй харилцахад тус болно гэдэгт итгэлтэй байна. Ингээд уншигч та бүхнийг өөр нэгэн өвөрмөц ертөнцөөр аялах түгшүүртэй агаад сонирхолтой, басхүү ихийг танин мэдэх аялалд урья.
Нэмэлт
“Нуруун дээрх ертөнц” номын орчуулагын тухай: ЭНД

- Сэдэв - Аялалын тухай дурсамж:
- Зохиол - “Марракешийн дуу хоолой”
Жагсаалтаа бид зунд, амрахад, аялахад зориулж буй тул аялалаас бид юуг өөртөө шингээж авдаг, аялалын тэмдэглэл, дурсамжийг хэрхэн бүтээдэг тухайд гайхалтай жишээ болох, 1981 онд Утга зохиолын салбарт Нобелийн шагнал хүртсэн Элиас Канеттигийн “Марракешийн дуу хоолой” зохиолоор үргэлжлүүлж байна.
Яагаад унших хэрэгтэй вэ?
Өөр хоорондоо харилцан адилгүй урттай арван дөрвөн хэсгээс бүрдсэн энэ зохиолоо Канетти, Их британийн кино бүтээгчидтэй цуг Марокко улсаар аялснаасаа хойш гурван жилийн дараа бичжээ. Бүтээлийн “Аян замын дараах тэмдэглэл” хэмээх дэд гарчиг нь Канетти энэхүү номоо аяллынхаа үеэр өдөр тутам тэмдэглэл хөтлөх байдлаар бичээгүйг, харин аяллын тухай дурсамжаа хэзээ хойно сэргээн санаж бичиглэн буулгасныг илтгэнэ.
Энэ зохиолд өгүүлэх үзэл бодол эсвэл сэдэв ч гэж нэрлэж болохуйц хоёр чухал зүйлийн нэг бол “аяллын ёс зүйн” асуудал юм. Энэ номыг аяллын тухайд бичсэн бусад ном бүтээлээс ялгах гол онцлог нь Канетти энэ номдоо ерөнхийлсөн дүгнэлт, шүүмж огт хэлээгүйд оршино. Аль нэг харь орон руу хагас сар хүрэхгүй хугацаанд аялмагцаа л тухайн орны амьдрал, хүн ардыг бүрэн дүүрэн таньчихсан аятай загнадаг хүмүүс бусдын дургүйцлийг хүргэхээс өөр үр дүнд хүрэх нь юу л бол.
Өнгөц төдий мэдлэгээ ийнхүү чин үнэн дүгнэлт мэтээр зарлах нь бодит байдалд нийцэх нь тун ховор.
Харин Канетти эсрэгээрээ Марракеш дэх аяллынхаа ажиглалт, дүрслэлийн цаана чимээгүйхэн нуугджээ.Гэхдээ тэр ерөнхийлсөн өнгөц дүгнэлтэд хэзээ ч амь хоргодож байсангүй. Канеттигийн үзэж буйгаар, хүн ийнхүү “нарийн мэдэх”-ийн тулд л бусад орон руу аялж, тэндхийн хүн ард, зан заншлыг ажиглаж судлахаас бус, харь улсад очоод тэндхийн амьдралын хямдхан, нүд хуурсан дүр зургийг хараад өнгөрвөл ямар ч шинэ мэдлэг олж авч чадахгүй ажээ. Аливаа бүхнийг асар богино хугацаанд, гүн гүнзгий мэдэхийг хүсдэг хүн ихэнхдээ юу ч ойлгож авдаггүй гэдгийг Канетти бидэнд хэлэхийг хүссэн бөгөөд энэхүү дүгнэлт нь зөвхөн аяллын тухайд ч бус, амьдралын бусад үйл хэрэгт ч хүчин төгөлдөр үйлчилдэг билээ.
Ийм хямдхан үнэнийг бус, харин бодит байдлыг өөрөөр хүлээн авах шинэ үйл явцын эхлэлийг тавих нарийн, тодорхой ажиглалтын талаар уншихыг хүсэгчдэд Канеттигийн “Марракешийн дуу хоолой” аян замын тэмдэглэл таалагдах нь лавтай.
Нэмэлт:
Элиас Канетти “Марракешийн дуу хоолой” номын подкаст: СОНСОХ

- Сэдэв - Дотоод зөрчил:
- Зохиол - “Хувийн асуудал”
Жагсаалтынхаа төгсгөлд бид хэдхэн хоногийн дараа уншигчдад хүрэх, 1994 онд Нобелийн утга зохиолын шагнал хүртсэн Японы зохиолч Оэ Кензабүрогийн “Хувийн асуудал” романыг онцолж байна.
Оэ Кензабүро нь орчин цагийн хамгийн чухал, хамгийн анхаарал татсан япон зохиолчдын нэгд зүй ёсоор тооцогддог билээ. Тэрээр тухайн цаг үеийнхээ ихэнх зохиолчдын зайлсхийдэг байсан эмзэг, ичгүүртэй гэмээр сэдвүүдийг ч зохиол бүтээлдээ тусган хөнддөгөөрөө алдаршжээ. Үр бүтээлтэй агаад зөрчилдөөнтэй замналыг туулсан Оэгийн бүхий л бүтээл туурвилаас дэлхий даяар хамгийн их алдаршсан нь “Хувийн асуудал” юм.
Яагаад унших хэрэгтэй вэ?
Энэхүү зохиолд 27 настай, сургуульд байхаас нь эхлээд бүгд л Шувуу хэмээн хочлох болсон бэлтгэл сургуулийн багш нэгэн залуугийн тухай өгүүлдэг. Эхнэр нь төрөхөөр эмнэлэгт хэвтэж байх зуур Шувуу хотоор тэнэж яваагаар уг зохиол эхэлнэ. Харин маргааш өглөө нь нэгэн эмч Шувууд, хүү нь тархины тун ховор тохиолддог гажигтай төрсөн тул удаан наслахгүй байх магадлал маш өндөр гэдгийг, хүсвэл тусгай мэргэшсэн эмнэлэгт үзүүлж, хагалгаа хийлгэж болох тухай мэдэгдэнэ. Гэвч хүүхэд хэвийн өсөж бойжно гэдэг нь үндсэндээ боломжгүй ажээ. Энэ шинэ мэдээ Шувууг маш хүнд дотоод зөрчилд унагаж орхино. Учир нь, тэрээр дотроо, “тун удалгүй “Мангас хүүхэд” хэмээн нэрийдэх хөгжлийн бэрхшээлтэй энэ хүүхэд аль болох хурдан үхэх нь бүгдэд дээр” хэмээн шийддэг.
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эцэг байна хэмээн бодоход Шувууд тэвчишгүй санагдана. Гэвч тусгай тасгийн эмчийн “хүүхдийг хоол тэжээлийн дутагдалд оруулан, сульдаан доройтуулж үхүүлж болох юм” хэмээх саналыг хүлээн авснаар дотоод зөрчил нь улам л хурцадна.
“Хувийн асуудал” роман бол бидний уншиж дассан хэм хэмжээ, хил хязгаараас хол давж, ичих, эмзэглэхийн хязгаарыг тун ч ихээр хөнддөг зохиол юм.
Оэ Кензабүрог хайр найргүй зохиолч гэдгийг нь эндээс л харж болох бөгөөд тэр өөртөө ч, зохиолын баатрууддаа ч энэрэлгүй хатуу хандан, уншигчдад хүний сэтгэлийн гүн харанхуй ёроолыг хайр найргүй нээж харуулдаг.
Түүгээр ч зогсохгүй Достоевскийтой бүрэн жишиж болохуйц, магадгүй түүнээс бүр илүү ч байж мэдэх өөр нэгэн зүйл түүнд бий. “Газар доороос бичсэн тэмдэглэл” гэх мэт эрс наманчлалын романууддаа Достоевский “жигшмээр”, “өөдгүй муу” хүний өөрөө өөртөө гомдоллосон хүүрнэлээр ийм төрлийн хүмүүсээс тогтсон тухайн нийгмийнх нь ялзрал доройтлыг илтгэн харуулдаг. Гуравдугаар биеэс хүүрнэж буй наманчлалын роман гэж үзэж болох энэхүү “Хувийн асуудал” романд үүнтэй нэн төстэй аргаар, тодруулж хэлбэл хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд төрүүлнэ гэдэг эцэг эхэд нь асар их гай гарз, азгүйдэл болж хувирдаг тэрхүү нийгэм ямаршуу нийгэм байж таарах вэ гэсэн асуултыг тавьдаг.
“Оэг найдвар, цөхрөл хоёрын хоорондох хэчнээн өргөн уудам зайд бичиж туурвиж буйг нь харахад Достоевскийтой адил санагддаг” Хенри Миллер
Нэмэлт:
Оэ Кензабүрогийн монгол хэлнээ орчуулагдан гарсан бүтээл болох “Тэжээмэл” номын тэмдэглэл: ЭНД
СЭТГЭГДЭЛ