Монсудар-Утга зохиол цувралын XXIV дэвтэр, Нобелийн шагналт зохиолч Орхан Памукийн “Цагаан цайз” романы онцлох эшлэлүүдийг хүргэж байна. Зохиолчоо анхлан дэлхий дахинд таниулсан уг роман хэвлэгдсэн даруйдаа магтаал, алдрыг эзэндээ авчирсан байдаг. Тухайлбал Нью-Йорк Бүүк Рэвью сэтгүүлд “Дорнод шинэ од мэндэллээ. Тэр бол турк зохиолч Орхан Памук” гэсэн бол Обзервер сонин “Кальвино, Эко, Борхес, Маркес нарын шилдэг зохиолуудтай эн зэрэгцэнэ” гэж байв.
“Цагаан цайз” роман 1990 онд The Independent сонины Гадаад уран зохиолын шагнал-ыг хүртсэн бөгөөд Орхан Памук уг зохиолдоо Дорно, Өрнө хоёрын төстэй хийгээд ялгаатай талыг харуулахын зэрэгцээ үндэстний, хувь хүний хэн болохын цаана нуугдах хуурмаг төрхийг тодруулж, хоёр соёлын харилцан ашигтай байдлыг онцолжээ.
Романы үйл явдал XVII зуунд өрнөх агаад Венецийн нэгэн иргэнийг олзлон, Истанбул руу авчирч буйгаар эхэлнэ. Одон орон, физик, уран зургийн талаар мэдлэгтэй түүнийг ижил сонирхолтой турк хүнд боол болгон өгдөг. Эл хоёр хүн өөр хоорондоо ер бусын төстэй. Эзэн боолоосоо Венецийн тухай, Өрнийн шинжлэх ухааны тухай сурах хүсэлтэй аж. Эзэн, боол хоёр бие биеэ таних, ойлгох, бие биеийнхээ тухай хүүрнэхээр Истанбулын Алтан эвэр усан тохой руу харсан цонхтой, харанхуй, хоосон байшинд ширээний ард суугаад ярилцана. Түүх яриа, адал явдал нь тэднийг нүх сүв бүрд нь тахал ээрсэн хотын гудамжууд, нас балчир Султаны мөрөөдлийн цэцэрлэг, итгэмээргүй зэвсэг хийх төсөл болон “Би яагаад би вэ?” хэмээх асуулт руу хөтөлнө.

✒️Амьдрал гэгчийг урьдаас тааж мэдэх аргагүйг, түүх гэдэг ердөө санамсаргүй тохиолуудын хэлхээс болохыг хүмүүс бишгүй сайн мэдэх хойно. Гэхдээ л энэ үнэнийг мэдэх хүмүүс ч хааяа амьдралаа эргэн дурсаад, санамсаргүй тохиолдол гэж бодсон тэр зүйл нь үнэндээ гарцаагүй тохиох учиртай байж гэдэгт итгэдэг шүү дээ.

✒️Истанбул угтаа сайхан хот юм, гэхдээ хүн энд боол биш, харин эзэн байх учиртай аж гэж боддог сон.

✒️Үнэн хуучин цагт ийм байсан. Одоо харин бүх юм гурван хэмжээстэй. Хар даа! Хамгийн энгийн шоргоолж хүртэл ихрээ ардаа дагуулж яваа юм шиг сүүдрээ тэвчээртэйгээр чирч явна. 

✒️...Тэгээд ч мулгуу амьтад оддыг тоож үздэггүй шиг, одод ч мулгуу амьтдыг хялайж хардаггүй аж.

Хүн сонгосон амьдралаа хожим хүлээн зөвшөөрөхийн тулд чин сэтгэлээсээ хайрлах учиртай гэдэг дээ, би ч түүний энэ амьдралыг тэгж л хайрлаж байв.

✒️Хүн толинд гадаад төрхөө хэрхэн хардаг билээ, яг түүн шиг бодол руугаа өнгийгөөд сэтгэлээ харж болох аж.

✒️Аймшиггүй зоригтой зан угтаа амар амгалангаас биш, харин үхэл ямар ойрхон байгааг мэдэхгүйгээс үүддэг.

✒️Сайн зохиолын эхлэл үлгэр шиг хүүхдэрхүү байх учиртай гэж бид бодлоо, дунд хэсэг нь аймшигтай, төгсгөл нь хагацаж дууссан хайрын түүх шиг өрөвдөм.

✒️Алдсан амьдрал, мөрөөдлөө дахин олж авахын тулд тэдгээрийг дахин төсөөлж мөрөөдөх хэрэгтэйг хүн бүр мэднэ. Би өөрийн зохиолдоо итгэсэн юм шүү!

✒️Аливаа бүхнийг өөр хооронд нь холбож ойлгох магадгүй манай эрин үеийн өвчин биз. Би ч энэ өвчнөөр өвдсөн болохоор энэ зохиолоо хэвлүүлж байж таарна.

✒️Хожа, хорин нэгтэй падишахыг төрийн эрхийг улам бүр гартаа ав гэж зоригжуулахаар шийджээ. Ийнхүү падишахын үе үе зүүдэлдэг хурдлан давхих ганц морь эзэнгүй учир гунигтай байгааг; хурц соёогоороо дайснаа багалзуурдах чононд өөр юу ч хэрэггүй учраас аз жаргалтай байгааг; уйлж буй эмгэд, хараагүй гоо бүсгүй, харанхуй бороонд навчсаа гөвөх модод түүнийг туслаач гэж дуудаж байгааг; ариун аалз, эрэлхэг харцага биеэ даах эрдмийг зөгнөж байна гэж түүнд хэлжээ.

 Амьдрал бол хүлээлт биш, харин амтыг нь хүртэх учиртай зүйл...

✒️Чихэнд сонсголонтой, уянгалаг хэлээр ярих хүмүүсийн нүгэл, гэм ихэнхдээ өөр хоорондоо төстэй ажээ: Байдаг л худал үг; үл ялих хууран мэхлэлт; ганц хоёр өөдгүй урвалт; тус мэдэхгүй зан; хамгийн ихдээ багахан хулгай!

✒️Цайз өндөрлөг толгой дээр байрлажээ. Туг зоосон цамхгуудад нь жаргах нарны үл мэдэг улбар туяа туссан ч цагаан өнгөтэй хэвээр. Цав цагаан, гоёмсог. Яагаад ч юм хүн ийм гоёмсог, хүрч боломгүй зүйлийг зүүдэндээ л харах биз гэсэн бодол надад төрөв.

✒️Ертөнцийн дөрвөн зүг, найман зовхисын хүн ард бүгд өөр хоорондоо адилхан гэдгийг ойлгохын тулд хүн заавал падишах болох ёстой юм уу?

✒️Амьдралын хамгийн сайхан нь зугаатай түүх зохиож, зугаатай түүх сонсох биш гэж үү?

✒️Өөрсдийн доторхыг уудлах, өөрсдийн тухай удаан нухацтай бодох нь бидний баяр баясгаланг үгүй хийнэ.

✒️Би түүнийг хайрладаг байсан. Өөрийн аргагүйдсэн, хөөрхийлөлтэй дүрээ зүүдлээд өрөвдөн хайрлах шиг; энэ дүрийн ичих сэтгэл, уур хилэн, гэм нүгэл, уйтгар гунигт боомилогдох шиг; гунигласаар амь тавих зэрлэг амьтныг хараад ичиж зовох шиг; хүүгийнхээ ичгүүргүй занд уурлах шиг; өөрийгөө мунхгаар зэвүүцэн, баясан таних шиг би түүнийг хайрладаг байсан. Гэхдээ магадгүй хамгаас илүүтэйгээр: гар хөлөө шавж хорхой шиг дэмий савчиж сурсан шигээ; өрөвдмөөр биеэс минь гарах чийгийн өвөрмөц үнэрээ, ядруу үсээ, муухай амаа, үзэг барих ягаан гараа таньдаг шигээ хайрладаг байсан биз. 

Зохиолч Орхан Памук

СЭТГЭГДЭЛ

Your email address will not be published. Required fields are marked *

/