Зохиолч Франц Кафкагийн намтар, уран бүтээлийн товчоон түүний дотор "Шүүх ажиллагаа"-г бид өмнө нь уншигч та бүхэндээ хүргэж байсан бол энэ удаад Хувирал /1915/ зохиолыг танилцуулж байна.
Энэ зохиолдоо Кафка адилтган жишихүйн сонгодог хэлбэрийг орчин үеийн сэдэвтэй нийлүүлж энэ бүтээлд шинэ хувьсгалч үзлээр илэрхийлэх аргыг хэрэглэжээ. “Хувирал” зохиол нь дангаар ноёрхох нийгмийн бүтэц болон түүнд эрх чөлөөгүй, доромжлол, мөлжлөгт автсан хувь хүмүүсийн дуулгавартай харилцан хараат байдлыг ёгт хэлбэрээр дүрсэлжээ.
Энэ зохиол үүссэний гадаад шалтгаан нь 1912 оны сүүл үеийн зохиолчийн өөрөө ичгүүртэй хэмээн үзэж байсан гэр бүлийнх нь байдал юм. Хүүхэд ахуй наснаасаа л эцэгийнхээ биеэ тоосон зөрүүд занг нь ажиглан харж, амьдралынх нь төвшин дээшилсэнтэй холбоотой зан ааш нь эвдэрч байсанд нь дургүйцэж байжээ. Хүүгээ уран зохиол туурвихад нь эцэг нь “цаг үрсэн ажил хийж байна” хэмээн буруушаан зэмлэж, мөн түүний еврэйчүүдийн соёл иргэншилийг сонирхож байсан сонирхолыг нь нэгэн төрлийн аюулд тооцож байжээ. Энэ зохиолын нэгэн гол санааг Кафка еврэйчүүдийн соёл иргэншил, уламжлалыг түүнд тайлбарлан өгч байсан нэгэн найзыг нь эцэг нь “Бясаа” хэмээн харааж байхад олж авсан байна. Эцгийнхээ дээрэнгүй занг насан туршдаа үзэн ядаж байсан Кафкад ахиад дээр нь хуулийн сургуульд сурах үүрэг нэмэгдэж, энэ нь Кафкад сүүлдээ бүр зовлон болж, гарцгүй бөгөөд дааж давшгүй хүнд нөхцөл байдал нь 1912 оны зун эцэг нь Кафкаг хувийнхаа компанийг хянах ажил хийхийг шаардсанаар улам бүр ихэссэн байна.
Зохиолын эхний өгүүлбэр нэгэн жигшүүрт амьтаны талаар товч бөгөөд тодорхой дурдана. Грегор Самса нэгэн өглөө босоод өнгөрсөн шөнө нь нэгэн аврага том аалз болон хувирсанаа мэджээ. Хамгийн гайхалтай нь Самса өөрөө айхгүй тайван байж, энэхүү хувиралыг тохиолдох ёстой хэвийн зүйл шиг хүлээж авна. Харин энэ хувирлаасаа болж ажилдаа явж чадахгүй, ингэснээрээ эцэг эхийнхээ өмнө хүлээсэн хариуцлагаа биелүүлж чадахгүй, өөрөөр хэлбэл ажлаа хийж чадахгүйгээс болж мөнгө олж чадахгүйд хүрэх, мөн ажил тасалсанаасаа болж даргаасаа шийтгэл хүлээнэ гэж бодож байгаа байдал нь Самсаг илүү ихээр шаналган зовооно.
Самсаг ажлаас нь хайж гэрт нь ирэх үед аргагүйн эрхэнд өрөөнөөсөө гарч ирэхэд эцэг эх нь болон Самсаг эрж ирсэн албаны төлөөлөгч түүнийг харж айж цочино. Эцэг эх нь өрөвдөж хамаалахын оронд харин ч эцэг нь түүнийг хүчээр өрөө рүү нь түлхэн оруулж, хожим нь бүр хүүгээ зодож бэртээнэ. Ээж нь гэрийн эзний түрэмгий зангаас айж нөхрийнхөө талд орно. Эгч нь Самсаг ойлгож өрөвдөж харьцдаг цорын ганц хүн байсан боловч аажимдаа энэ “амьтан”-аас залхаж, ийнхүү Самсаг хайхрах хүнгүй болж, ганцаардан шаналж, мөн эцэг нь нууцаар хөрөнгө хурааж байсныг Самса олж мэдэх үедээ маш ихээр гутарч зэвүүцнэ. Учир нь Самса өөрийгөө энэ гэр бүлийг тэжээгч, санхүүгийн баталгаатай байдлыг нь хариуцдаг цорын ганц хүн гэж итгэж ажлын төлөө мал шиг амь хайргүй олон жил зүтгэжээ. Энэ “хувирал” нь эцсийн эцэст эцэс төгсгөлгүй дарлал, доромжлолын үр дагавар юм. Самса энэ хувь заяаг эсэргүүцээгүй, тэр боолын ёс суртахууны хэм хэмжээг дотоод сэтгэлдээ мэдэрч, нийгэмд ашиггүй, бусдын хүчээр амьдрагч “шимигч хорхойнууд”-ыг ажиглан харж, насан өөд болохдоо хүртэл үүргээ ухамсарлан, өөрөөр хэлбэл гэр бүлийнхэндээ гай болохгүйг хичээж өлсөж үхсэн бөгөөд тэрээр зүгээр л нэг хаягдаж байгаа хог шиг энэ ертөнцөөс арчигджээ.
“Хувирал” нь “Ял” (1913), in der Strafkolonie (1919), -гийн нэгэн адил Кафкагийн алдартай зохиолуудын нэг юм. Дэлхийн бүх хэл дээр орчуулагдаж, олон удаа кино болон гарч, хүн төрөлхтөнийг мал шиг дарангуйлж буй байдлыг илэн далангүй дүрслэн харуулжээ.
Мэдээ бэлтгэсэн Э.Мөнхзагар
СЭТГЭГДЭЛ