“Адмон” ХХК-ийн захирал Р.Энхбат

“Боловсролын давалгаа” ТББ-аас “Монгол иргэд” төслийн хүрээнд “Соён гэгээрлийн өдрүүд”-ийг их дээд сургуулиуд болон бусад байгууллагуудтай хамтран зохион байгуулж эхэллээ. Уг арга хэмжээ энэ удаад бүтэн сарын турш үргэлжлэх бөгөөд иргэн, иргэний нийгэм болон боловсролын чиглэлээр олон асуудлыг өргөн хүрээнд авч үзэх ажээ. Тус үйл ажиллагааг ивээн тэтгэгчдийн нэг “Адмон” ХХК-ийн захирал Р.Энхбаттай ярилцав.


Энэ жилийн соён гэгээрлийн өдрүүдийн онцлог юу вэ?

Соён гэгээрлийн өдрүүд /семинар/ энэ сарын 20-ноос дараа сарын 15 хүртэл явагдах юм. Энэ жилийн арга хэмжээний онцлог гэвэл хүн төрөлхтний соён гэгээрлийн өлгий нутаг болсон Герман, Швейцариас нэр хүндтэй профессоруудыг урьж оролцуулж байна. Энэ бол монголчууд бидний оюуны амьдралд нөлөөлөх маш том тус, маш том боломж. Германы “ЦИМ” байгууллага биднийг дэмжин ажиллаж байгаа.

Чухам ямар сэдвээр ярилцах бол?

Өмнөх жилүүдэд явагдсан соён гэгээрлийн арга хэмжээний агуулгын хүрээнд буюу манайд хүн бүр бусдын нөлөөнд автаж, бусдад хөтлөгдөж явалгүй харин өөрийн гэсэн бодолтой, өөрийн гэсэн хүсэл эрмэлзэлтэй байх явдал өнөөгийн иргэний ардчилсан нийгмийн үндэс суурь болно гэдгийг үргэлжлүүлэн ярилцах юм.

Өнгөрсөн жилүүдэд ийм сэдвээр болсон ярианууд бидэнд чухам юу өгсөн бэ?

Юу ч өгөөгүй, бидэнд ямар ч ашиг тус болоогүй бол нээрээ яана аа. Тэгсэн ингэсэн гээд үзүүлж харуулах зүйлгүй учраас ийм асуултанд хариулахад надад ч амаргүй байна. Тэгэхдээ бид зөвхөн өөрийнхөө урдахыг хийгээд, дор дороо зөвхөн өөрийнхөө хэмжээний бодолтой амьдрах лав буруу гэж би боддог. Нийтээрээ болж бүтэх л байлгүй дээ, аандаа болох биз гэсэн маягтай явцгаах нь бидэнд тийм ашигтай гэж үү? Бид хийж чадах юмаа цаг хугацаанд нь, аль болох хүртээмжтэй сайн хийгээд л явахаас өөр яах билээ.

Энэ жилийн соён гэгээрлийн өдрүүдээс та нар юу хүлээж байна вэ?

Бидний зохион байгуулж буй ярилцлага, семинарын сэдвүүд манайд урьд өмнө улиг домог болтлоо яригдсан л даа. Жишээ нь иргэн гэж хэнийг хэлэх вэ? гэдэг ч юм уу. Тийм болохоор сонин содон сонсогдохгүй байх. Тэгж бодохоор нэг их олон сонирхогч оролцохгүй л болов уу. Товчхон хэлэхэд, улиг домог болтлоо яригдсан, бүр гөлийчихсөн сэдвүүдийг дахин дахин хөндөхөөс аргагүйд хүрч байгаа нь эмгэнэлтэй. Гэсэн ч нийгмээ зөв ойлгож, өөрийн толгойгоор сэтгэж амьдрахад бидний семинар ярилцлагууд тус болно гэж итгэж байна.

Ярилцсан Ч.Мөнхтуяа

СЭТГЭГДЭЛ

Your email address will not be published. Required fields are marked *

/