Шведийн сэтгүүлч, зохиолч бөгөөд түүний хамгийн алдартай зохиол болох гэмт хэргийн цуврал зохиолуудаас бүрдсэн “Millennium Trilogy” нь түүнийг нас барсны дараа хэвлэгджээ. Амьдралынхаа ихэнх жилүүдийг Стокхолмд өнгөрөөсөн тэрээр сэтгүүлзүйн өргөн талбарт эрэл хайгуул хийж, ихийг бүтээсэн нэгэн.
2008 оны байдлаар түүний бүтээлүүд дэлхий дахинаа борлуулалтаараа Афган гаралтай Америк зохиолч Халед Хоссенигийн дараа хоёрдугаарт бичигдэж байлаа. 2012 оны сүүлийн байдлаар түүний цувралын эхний хоёр хэсэг 73 сая хувь борлогдож өнөөдрийг хүртэл уншигчдын таашаалд нийцсээр байна. 2010 онд гуравдах хэсэг болох “The Girl Who Kicked the Hornet`s Nest” нь 65 сая хувь борлогджээ.
Стиг Ларсон 1954 оны 8 сарын 15нд Скэллэфтхамд төржээ. Аав нь ажлаа орхисны дараа тэдний гэр бүл Стокхолмруу нүүсэн хэдий ч хотын давчуу амьдралд дасаагүй тэд нэг настай хүүгээ өвөө эмээгээр нь өсгүүлэхээр явуулав. Ларсон 9 нас хүртлээ өвөө эмээгийн дэргэд өсчээ. “Стиг Ларсоны тухай миний мэдэхийг хүссэн зүйл” (2011 оны 6 сар) номондоо Эва Габриэлсон “Стигийн анхны ном болох “Луун шивээст охин” номонд тэр бөглүү газар бас дүрслэгдэн үлдсэн” гэжээ. Ларсон өвөө эмээтэйгээ амьдардаг байсан хөдөөгийн жижигхэн модон байшиндаа их дуртай байсан гэдэг. Тэр тосгоны сургуульд явж, Хойд Шведийн цастай өвөл сургуульдаа ирж очихдоо цанаар гулгаж явдаг байж. Өвөө нь зүрхний шигдээсээр өнгөрсний дараа аав ээжийн амьдарч байсан хотруу нүүсэн ч хотын амьдрал дуртай байсангүй. Түүний ээж 1991 онд өөд болжээ.
12 насны төрсөн өдөрт нь аав ээж нь түүнд бичгийн машин бэлэглэж байжээ. Түүний анх бичдэг зүйлс нь гэмт хэрэг байсангүй, харин шинжлэх ухааны зохиолууд бичих гэж оролддог байсан байна. 1971 оноос эхэлж тэр Шведийн Шинжлэх ухааны зохиолын идэвхитэн болжээ. 1970-аад оноос хойш Ларсон шүтэн бишрэгчдийн сэтгүүлд 30 гаран нийтлэл хэвлүүлэв. Стокхолм хотруу нүүсэн 1977 оноос хойш тэрээр Скандинавийн Шинжлэх Ухааны уран зохиолын Нийгэмлэгт идэвхитэн болж, 1978-79 онуудад гишүүн, 1980 онд ерөнхийлөгч нь болжээ. Өөрийн анхны сэтгүүлдээ 1972-74 онуудад цөөн тооны богино өгүүлэл бичиж нийтэлдэг байв.
Ларсоны амьдралын тэр үе буюу шүтэн бишрэгчдийн сэтгүүлд бичсэн зүйлс болоод богино өгүүллүүдийн тухай түүний найз Жон Хэнри Холмбэрг (John-Henri Holmberg) 2011 онд дэлгэрэнгүй бичсэн байна.
Гэрэл зурагчнаар ажиллаж байх үедээ тэр зүүний үзэлтнүүдийн үйл ажиллагаанд татагдан оржээ. Түүгээр барахгүй Коммунист Ажилчдын Холбооны (Одоогийн Социалист Нам) гишүүн болж, Марксист онолын Fjоrde internationalen сэтгүүлд материал хянаж, бас долоо хоног тутмын Internationalen сэтгүүлд тогтмол бичдэг байлаа. 1977-1999 он хүртэл тэр Шведийн TT мэдээллийн агентлагт график дизайнераар ажиллаж байжээ. Сэтгүүл зүйд олж авсан мэдлэг туршлагын нь адил Ларсоны улс төрийн үзэл баримлал нь түүнд олон янзын зүйлийг судлахад нөлөөлжээ. Өдөр тутмын ажлаасаа гадна тэр бие даан Шведдэх хэт барууны жигүүрийг судалдаг байлаа. 1991 онд судалгааны үр дүн болох “Extreme Right” нэртэй номоо гаргажээ. Ларсон Шведийн хэт барууны үзэлтнүүд болон арьс өнгөөр ялгаварлан гадуурхагч байгууллагуудыг баримтжуулан ил гаргадаг нэгэн боллоо. Өөрт нь занахийлэгч этгээдүүдийн хараа хяналтыг үл тоон, нөлөө бүхий мэтгэлцэгч, илтгэгч байсан юм. Шведийн Демократ Нам түүний судалгааны гол сэдэв байжээ.
Ларсон 2004 оны 11 сарын 9нд 50 насандаа зүрхний шигдээсээр насан эцэслэжээ. Түүнийг ажлын нь байрны цахилгаан шат эвдэрсэн үеэр энгийн шатаар өгсөж яваад өнгөрсөн гэсэн цуу яриаг тараажээ. Үүнийг нь Шведийн нийтлэгч Эва Гэдин үгүйсгэсэн байдаг.
2008 онд хамтран амьдрагч байсан Эва Габриэлсон Ларсоны 1977 онд бичсэн гэрээслэлийг олжээ. Гэрээслэл үйлдэглэх үед гэрч үгүй байсан учир Шведийн хуулийн дагуу Ларсоны үл хөдлөх хөрөнгө хийгээд, номын бүх орлогыг түүний аав болон ахад нь шилжүүлжээ. Эва Габриэлсон Ларсантой олон жил хамт амьдарсан ч түүнд өв хөрөнгө өвлөгдөж ирсэнгүй. Хосууд гэрлэж болох байсан ч хууль ёсоор тэд нэг хаягтай байх ёстой гэдэг нь тэдэнд саад болжээ. Ларсоны хэвлэлээр бичдэг зүйлс болоод хувь хүний үзэл баримтлалыг эсэргүүцэгчдийн зүгээс элдэв сүрдүүлэг байнга ирдэгээс тэд гэрлэлтээ батлуулж чадаагүй юм.
Ларсоны үхлийн дараагаар түүний бүрэн хэмжээний гурван зохиолын гар бичмэлийг олжээ. Ларсон орой ажлаа тарж ирээд гэртээ суухдаа зохиолоо бичдэг байж. Зохиолын эхний хэсэг болох “Луун шивээст охин” нь 2005 онд анх Швед хэлээр Mоn som hatar kvinnor (Men who hate women) нэрээр хэвлэгдэв. Үүний дараа 2008 оны 2 сард Их Британид Англи хэлээр хэвлэгдэжээ. Хоёрдох зохиол болох “Галаар наадсан охин” 2009 оны 1 сард, гуравдах цуврал болох “The Girl Who Kicked the Hornet`s Nest” буюу "Зөгийн үүр бусниулсан охин" нь 2009 оны 10 сард Их Британид, 2010 оны 5 сард АНУ-д тус тус гарчээ. Эхний хоёр цуврал нь Шведийн утга зохиолын томоохон шагналуудыг авчээ.
Дөрөвдэх зохиолын эхний гурван хэсгийг компютерт бичсэн байсан бөгөөд одоо түүнийг нь Эва Габриэлсон хэвлэлтэд бэлдэж байгаа юм байна. Мөн тав, зургаа дугаар цувралын хураангуй товчлолыг багтаан 10 ном болгохоор зорьж байсныг нь олж мэджээ.
2013 оны 12 сарын 17нд цувралын дөрөвдэх хэсгийг бичүүлэхээр зохиолч David Lagercrantz-тай гэрээ байгуулснаа Шведийн тал зарлалаа. Ном 2015 оны 8 сард бэлэн болно гэжээ.
Шведийн хүүхдийн зохиолч Asrid Lindgren-ийн “Урт оймстой Пиппи” (Pippi Longstocking) түүнд ихээхэн нөлөөлсөн гэдэг. Түүний цувралуудын нэгэн дүр болох Lizbith Salander бол тэр чигээрээ “Урт оймст Пиппи”-ийн хуулбар юм.
Ларсон 15 настай түүний гурван найз нь нэгэн охиныг бүлэглэн хүчирхийлэхийг өөрийн нүдээр харжээ. Тэр цагаас хойш Ларсон эмэгтэйчүүдийг хүчирхийлэх явдлыг үл тэвчин, үзэн яддаг байсан тухай хамтран амьдрагч Эва Габриэлсон өөрийн бичсэн номондоо өгүүлээд, Ларсоныг “Жинхэнэ Феминист” гэж дурдсан байдаг. Ларсон тухайн үед тэр охинд тусалж чадаагүй гэж өөрийгөө ямагт буруутгаж явсан бөгөөд энэ нь түүний зохиол бүтээлд илэрхий тусгагдсан байдаг. Өнөөгийн амьдралыг, ялгаварлан гадуурхах явдлыг эсэргүүцсэн өөрийн үзэл бодлоо уран зохиолын аргаар гайхамшигтай үзүүлснийг онцлоод “Энэ зохиолуудад Шведийн жирийн иргэд, сэтгүүлчид, улс төрчид, олон нийт, үйлдвэрчний эвлэлийнхэн, цагдаа гээд бүгдийг нь байгаа янзаар нь дүрсэлсэн” гэж тэр номондоо бичжээ.
Мэдээ бэлтгэсэн Н.Энхсайхан
470020501
СЭТГЭГДЭЛ