Монсудар хэвлэлийн газраас жил бүр зохион байгуулдаг "Соён гэгээрлийн өдрүүд" арга хэмжээ 2018 оны 06 сарын 11 - 06 сарын 18-ны хооронд зохион байгуулагдаж байгаа билээ. Энэ арга хэмжээний хүрээнд утга зохиолын шүүмжийн ач холбогдолыг олон нийтэд таниулах, мэргэжлийн судлаачид, уншигчдын дунд хэлэлцүүлэг өрнүүлэх зорилгоор шүүмж хэрхэн бичих талаар хялбаршуулсан нийтлэл хүргэснээс гадна утга зохиол судлал, шүүмжийн чиглэлээр идвэхитэй ажиллаж байгаа судлаачдаас бид 10 ижил асуултанд хариулт аван цувралаар хүргэж байна. Энэхүү цуврал нийтлэл маань уншигчдад уран зохиолын судалгааны бүтээлүүдтэй танилцах, аливаа ном бүтээлийг зөв шүүн тунгаахад тусална гэдэгт найдаж байна.
Утга зохиолын шүүмж #5: Улаанбаатар их сургуулийн МХУЗСЗ-н тэнхимийн эрхлэгч, доктор (Ph.D), дэд проф Ш.Баттөр
Таны хувьд уран зохиолын шүүмж гэж юуг хэлэх вэ? Шүүмж уран бүтээлчийн хувьд, уншигчийн хувьд хэр чухал, ямар ач холбогдолтой зүйл гэж та боддог вэ?
Уран зохиолын шүүмжлэл нь уран зохиол шинжлэлийн ухааны үндсэн гурван салбарын нэг юм. “Утга зохиолын аливаа үзэгдэл, түүний үүсч бий болсон нийгэм хоёрын хоорондын зүй тогтолт холбоо харилцаа, нөлөөллийг судлах ухааныг утга зохиолын шүүмжлэл гэнэ” хэмээсэн Ш.Гаадамбын онолын үзэл баримтлалын хүрээнд үүнийг ойлгох нь зүйтэй байх. Мөн уран зохиолын шүүмж нь харьцангуйгээр тухайн цаг үеийн харилцан хамаарал, нөлөөлөлтэй байдаг болохоор уншигчийн хувьд жинхэнэ уран зохиол, хуурмаг, дүр эсгэсэн уран зохиол хоёрын дундах хил хязгаар болдог юм уу даа.
Таны бодлоор уран зохиолын шүүмж, судлал, задлан шинжлэл ер нь ямар сувгаар дамжин уншигчдад хүрч байх ёстой юм бэ, одоо ямар байдлаар хүрч байна вэ? Шүүмжлэгч судлаачид өөрийн бүтээлээ уншигчдад хүргэх нөхцөл бололцоо, арга зам, уялдаа холбоо хэр нээлттэй байгаа талаарх таны бодол?
Уран зохиолын шинжлэл ямар ч хэлбэрээр уншигчдад хүрч болдог. Академик төвшний суурь судалгаануудыг нэг талаасаа уламжлалт хэлбэрээр хэвлэн нийтлэхээс өөр аргагүй юм. Харин харьцангуйгээр олон нийт анхаардаг шүүмжийг уламжлалт болоод орчин үеийн аль ч хэлбэрээр хүргэсэн нээлттэй юм болов уу.
Тодорхой бүтээлд зориулсан шүүмжийг хүлээн авахдаа бичээчийг шүүмжилсэн мэт сөргөөр ойлгож, тухайн шүүмжийг бичсэн судлаач шүүмжлэгч рүү дайрах, үл ойшоох, нэр төрд нь халдах тохиолдлууд танд хэр элбэг ажиглагддаг вэ? Зохиолчид төдийгүй уншигчид, олон нийтийн шүүмж судлалын бүтээлд хандах хандлагыг хэрхэн зөв тийш нь эргүүлж болох бол?
Гээндээ ч бий гоондоо ч бий гэгчээр зохиолчид өөрийн муу бүтээлийнх нь тухай шүүмжийг хувь хүн талаас минь хандлаа гэж бархирах, шүүмжлэгчид нь усан шүүмжээ шүүмж талаас минь харсангүй, гоочиллоо гэж чарлах тал өмнө үед харьцангуй далд байсан бол өнөө цагт харьцангуй ил л болсон юм. Ингэсэнд орвол аль аль талдаа сайн бичвэр туурвиж ард түмнийхээ оюуны их санд өргөж байвал чухал. Харин дээрхтэй төстэй сөрөг ойлголтыг арилгахад боловсролын ба эдийн засгийн суурь гэх мэт гадаад болоод дотоод хүчин зүйл их нөлөөтэй байдаг.
Монголын уран зохиолд судлал болон шүүмжийн ялгаа зааг хэр тодорхой байна? Судалгааг шүүмж байдлаар, шүүмжийг судалгаа байдлаар хүлээж авах хандлага бий юу?
Зааг ялгаа нь хангалттайгаар байсан, байгаа. Харин орчин үеийн техник, технологийн дэвшил, цахим ертөнцийн хувьсгалыг дагаад сайн дурын уран сайханчид олширсон, нээлттэй болсноос болоод ийм байдал зарим хүнд ажиглагдах болсон нь нууц биш. Сэтгэгдлээ судалгаа гэж хэвлэн нийтлэх, олон нийтийн мэдээллийн хэрэгслээр сурталчлах явдал ч мэр сэр харагдаж л байдаг, өргөн утгаараа хол явахгүй.
Өнөөдөр уран зохиолын шүүмж бичигчид энэ мэргэжлээрээ хоолоо олж идэж чадаж байна уу? Ихэнх тохиолдолд өөр чиглэлээр ажиллаж шүүмж судлалын ажлыг дагавар хобби маягаар авч яваа юм шиг анзаарагддаг. Таны бодлоор шүүмж судлалын зах зээл ямар түвшинд байна вэ? Асуудал нь юунд, шийдэл нь хаана байж болох вэ?
Уран зохиолын шүүмжээр амьдрал ахуйгаа зохицуулаад явах боломжтой л байлгүй, хувь хүн хичээвэл. “Хоолоо олж идэж чадаж байна уу?” гэж тавлаад байх ч хаашаа юм. Нөгөө талаасаа тухайн асуултанд “шүүмж судлалаар” гэж орсон байна. Мэргэжлийн чиглэлээрээ судалгаа, шүүмжээ бичээд багшлаад, хэвлэлийн газар ажиллаад яваа зөндөө хүн байгаа. Багшлах, хэвлэлийн газар ажиллах гэдэг өөрийгөө хөгжүүлж байгаа хэрэг юм, цаад утгаараа. Өргөн өнцөгөөс нь авч үзвэл олон нийтийн соён гэгээрэлд урлаг утга зохиол хэрэгтэй юу хэрэгтэй, төр засгийн бодлого юм. Олон нийт гэгээрэх, эдийн засгийн хувьд тогтворжих тусам урлагийн хэрэгцээ, өөрөөр хэлбэл зах зээл нэмэгдэх юм. Үүнийгээ дагаад судлалын үнэлэмж ч өсөх биз ээ.
Манайд шүүмж судлал сайн хөгжихгүй байна гэсэн яриа байдаг, ер нь монголын уран зохиол дахь шүүмж судлал хөгжлийнхөө ямар шатанд явж байна гэж та үздэг вэ?
Аливаа тогтолцоо бүр уламжлал шинэчлэлийн харилцан хамаарал, нөлөөлөл дор оршдог. Энэхүү зүйл байхгүй бол тухайн тогтолцоо мөхөх хандлага буй. Тэгэхээр хөгжиж байгаа, шинэ залуу үе гарч ирж л байна. Хөгжихгүй байна гэдэг олон хүн, уран зохиолын шинжлэлийг байтугай уран зохиолоо уншдаггүй нь нууц биш байх.
Таны бодлоор шүүмж судлалыг хөгжүүлэх ямар гарц шийдэл байна? Үүнийг ямар түвшинд, чухам хэн хийх ёстой юм бол?
Энэ салбарыг илүү хөгжүүлэхэд гадаад, дотоод олон хүчин нөлөөлж таарна. Хамгийн бодитой шийдэл нь нэгдүгээр аль аль талдаа сайн юм хийх, түүнийг нь бодлогын хувьд шат шатанд дэмжих.
Монгол хэл дээрх уран зохиол аль төрөл жанраар илүү хөгжих боломжтой гэж та боддог вэ?
Монголын уран зохиол бүх төрөл зүйлээрээ хөгжиж ирсэн, хөгжих ч болно. Энд энэ нь илүү хөгжинө, тэр нь дутуу хөгжинө гээд байх нь тун ч утга чанаргүй хэрэг юм.
Сүүлийн хорин жилд монгол хэл дээр бичигдсэн хамгийн шилдэг роман, хамгийн сайн яруу найргийн түүврийгнэрлээч гэвэл та ямар бүтээлийг нэрлэх вэ?
Нэгэн ард түмний уран зохиолын түүхийн бүхэл бүтэн хорин жилээс ганцхан нэр нэрлэх жаахан утга учир муутай юм.
Хамгийн сүүлд (2017-2018 онд) монгол хэл дээр бичигдсэн шилдэг роман, шилдэг яруу найргийн түүвэр таны хувьд хэний ямар ном байсан бэ?
Б.Номинчимэд “Аугаа эрин: Хөх илдний очис” УБ.,2017
Яруу найргийн хувьд ганц гэсэн болохоор хариулах боломжгүй юм.
Улаанбаатар их сургуулийн МХУЗСЗ-н тэнхимийн эрхлэгч, доктор (Ph.D), дэд проф Ш.Баттөр
СЭТГЭГДЭЛ