Монсудар хэвлэлийн газраас жил бүр зохион байгуулдаг "Соён гэгээрлийн өдрүүд" арга хэмжээ 2018 оны 06 сарын 11 - 06 сарын 18-ны хооронд зохион байгуулагдаж байгаа билээ. Энэ арга хэмжээний хүрээнд утга зохиолын шүүмжийн ач холбогдолыг олон нийтэд таниулах, мэргэжлийн судлаачид, уншигчдын дунд хэлэлцүүлэг өрнүүлэх зорилгоор шүүмж хэрхэн бичих талаар хялбаршуулсан нийтлэл хүргэснээс гадна утга зохиол судлал, шүүмжийн чиглэлээр идвэхитэй ажиллаж байгаа судлаачдаас бид 10 ижил асуултанд хариулт аван цувралаар хүргэж байна. Энэхүү цуврал нийтлэл маань уншигчдад уран зохиолын судалгааны бүтээлүүдтэй танилцах, аливаа ном бүтээлийг зөв шүүн тунгаахад тусална гэдэгт найдаж байна.

Утга зохиолын шүүмж #4: Утга зохиол судлаач, шүүмжлэгч, СУИС-ийн багш Х.Чойдогжамц

Таны хувьд уран зохиолын шүүмж гэж юуг хэлэх вэ? Шүүмж уран бүтээлчийн хувьд, уншигчийн хувьд хэр чухал, ямар ач холбогдолтой зүйл гэж та боддог вэ?

Урлаг, уран зохиолын шүүмжийг уран сайхны гэх тодотгол дагаж явах ёстой. Эрдэм судлалын ажлаас ялгаатай нь уран бүтээлийн тухай-уран бүтээл болгон бичиж хүргэдэг, шүүмжлэлийн урлаг гэсэн үг. Сайн шүүмж хэн хэндээ вакцин л гэсэн үг шүү дээ. Дахин шинээр уншиж мэдрэх шиг, ухаарч ойлгох шиг л нүд нээж өгдөг төрөл. Хамгийн чухаг нь тэрхүү тайлан тайлбарлахуйгаар дамжуулан уншигчдын уран сайхны сэтгэлгээ тэлж, жинхэнэ уран зохиолын таашаал хэмжүүр давхар өсөж байх үр нөлөө бий.

Таны бодлоор уран зохиолын шүүмж, судлал, задлан шинжлэл ер нь ямар сувгаар дамжин уншигчдад хүрч байх ёстой, одоо ямар байдлаар хүрч байна вэ? Шүүмжлэгч судлаачид өөрийн бүтээлээ уншигчдад хүргэх нөхцөл бололцоо, арга зам, уялдаа холбоо хэр нээлттэй байгаа талаарх таны бодол?

Шүүмж, судлалын номыг худалдаж авч уншдаг, эх зохиолтой нь эргэцүүлэн тунгааж, уншигчийн хувьд өөрийгөө цэгнэн явдаг хүмүүс харьцангуй ихсэж байх шиг. Одоо бол уран бүтээлч бүр өөрийн цахим хуудсуудаараа хүргэх нь давамгай байна. Энэ нөхцөлд хэнийхийг нь уншихав? Аль нь мэргэжлийн шинжилгээний, аль нь зүгээр л нийтлэл, сэтгэгдэлийнх вэ гэдэг ялгарахад төвөгтэй байна. Ерөнхийлөн магтсан ердийн сэтгэгдэл төдийхөн зүйлээ мундаг мундаг нэр өгөөд гаргаад байх юм. Харин tagtaa.mnreader.mn хоёр шиг дагнан төрөлжүүлж хөгжүүлсэн орон зай зөв гүүр боллоо гэж харж байна. Гол нь нийтлэгчдээ, бичвэрээ хатуу сонгож оруулах хэрэгтэй.

Тодорхой бүтээлд зориулсан шүүмжийг хүлээн авахдаа бичээчийг шүүмжилсэн мэт сөргөөр ойлгожтухайн шүүмжийг бичсэн судлаач шүүмжлэгч рүү дайрахүл ойшоох, нэр төрд нь халдах тохиолдлууд танд хэр элбэг ажиглагддаг вэ? Зохиолчид төдийгүй уншигчид, олон нийтийн шүүмж судлалын бүтээлд хандах хандлагыг хэрхэн зөв тийш нь эргүүлж болох бол?

Үргэлж л гардаг яриа. Шүүмжлүүлнэ гэдэг маань зохиолоо л шинжлүүллээ гэсэн үг шүү дээ. Муулсан ч бай, сайлсан ч бай. Аль аль нь л тусдаг. Хаа хаанаа хэрэгтэй. Ширүүхэн үг хэлчихээр л нударга зангиддаг, шүүх цагдаадаа тулж байна өнөөдөр манай нийгэмд. Уран бүтээлчийн, сайн уран бүтээлчийн ёс зүй, ухамсар үгүй нь л тэр. Сайн зохиол, сайн зохиолч, сайн шүүмж гурав заавал ихэрлэдэг. Тийм бүтээл шилдэг байдаг. Мэргэжлийн задлан шинжилсэн шүүмжийн бүтээл гэдэг тухайн зохиолын нэг хэсэг гэдгийг л мэдэрмээр. Магадгүй орчин цагийн, нэн шинэ үеийн бүтээлчдийн тухай шүүмжийн антологи гаргах, дэлхийд алдартай энэ төрлийн бүтээлийг олноор орчуулах ёстой. Үүнийг өөрчлөх гээд “Утга зохиолын судлал  шинжлэл” хэмээх редакцийг хэдэн сайн дурын хүмүүс үүсгээд өдгөө 20 гаруй боть гаргаад байна. Мэддэг, уншсан, ярьдаг, түгээдэг хүн хэр олон бол оо? 

Монголын уран зохиолд судлал болон шүүмжийн ялгаа зааг хэр тодорхой байна? Судалгааг шүүмж байдлаар, шүүмжийг судалгаа байдлаар хүлээж авах хандлага бий юу?

Эрдэм судлалын ажил гэдэг бол өөр л дөө. Гэхдээ шүүмжийг ч судалгаатай л бичнэ. Шүүмжлэлт эрдэм шинжилгээний бүтээл, шүүмжлэлийн өгүүлэл гэхчилэн нийтлэг төрлүүд бас бий. Гол нь уран сайхны шүүмж бол урлаг л байх ёстой болов уу даа.

Өнөөдөр уран зохиолын шүүмж бичигчид энэ мэргэжлээрээ хоолоо олж идэж чадаж байна уу? Ихэнх тохиолдолд өөр чиглэлээр ажиллаж шүүмж судлалын ажлыг дагавар хобби маягаар авч яваа юм шиг анзаарагддаг. Таны бодлоор шүүмж судлалын зах зээл ямар түвшинд байна вэ? Асуудал нь юунд, шийдэл нь хаана байж болох вэ?

Мэдээж ямар ч үнэлгээгүй, тодорхой ажлын байргүй нь үнэн. Зохих газрууд нь бөөрөндөө нааж аваад хамтарч ажилламаар, бие биенийгээ нөхөөд явмаар юм шиг санагддаг. 

Манайд шүүмж судлал сайн хөгжихгүй байна гэсэн яриа байдаг, ер нь монголын уран зохиол дахь шүүмж судлал хөгжлийнхөө ямар шатанд явж байна гэж та үздэг вэ? 

Үндэсний уран зохиолоо бол сайн уншиж судлаад, басхүү шинжлэн дүгнээд байна. Тэгж ч шинээр хандах цаг ирлээ гэж харж байгаа. Одоо дэлхийн энэ төрлийн шилдэг, шинэлэг бүтээлүүдийг л орчуулж гаргах, танилцуулах, улмаар суралцах хэрэгтэй байна. Арга зүйн хувьд шүү дээ. Ингэсэн цагт харьцуулсан цоо шинэ судалгаа, шинжилгээ хийгдээд ирнэ. Шүүмж судлалын маань нэр хүнд ч дээшлэх байх. “Утга зохиолын судлал шинжлэл” цувралаар нэлээд хэдэн онолын бүтээл, шүүмжийн түүвэр орчуулж гаргасан. Мөн Монсудар хэвлэлийн газраас саяхан Японы зохиолч Кэнзабүро Оэгийн “Тэжээмэл” туужийг хэвлэхдээ, Нобелийн шагнал авахдаа хэлсэн үгийг нь бүрэн эхээр нь оруулсан байсан. Яг л үүн шиг.

Таны бодлоор шүүмж судлалыг хөгжүүлэх ямар гарц шийдэл байна? Үүнийг ямар түвшинд, чухам хэн хийх ёстой юм бол?

Бодлого л хэрэгтэй байх даа. Аль ч түвшиндөө анхаарч дэмнээд аваад явчихаар. Залуу хүнд арай хүндэдсэн асуулт юм шиг байна.

Монгол хэл дээрх уран зохиол аль төрөл жанраар илүү хөгжих боломжтой гэж та боддог вэ?

Яруу найраг болоод хүүрнэл зохиол (түүхэн хийгээд баримтат).

Сүүлийн хорин жилд монгол хэл дээр бичигдсэн хамгийн шилдэг роман, хамгийн сайн яруу найргийн түүврийг нэрлээч гэвэл та ямар бүтээлийг нэрлэх вэ?

Би нэг арванаар урагшлуулж нэг нэгийг нэрлэмээр байна. 1990 онд гарсан Г.Нямаа “Цадиг хууч” роман бол манайдаа “Мастер, Маргарита хоёр”, “Зуун жилийн ганцаардал” гэсэн үг. Дэлхийн уран зохиолын хэллэг, сэтгэлгээг шинэчилсэн Латин Америкийн уран зохиолын нөлөөг оруулж ирсэн, үнэхээр сод. Г.Аюурзана “Бөөгийн домог” романыг нэрлэнэ. Өгүүлэмж, бичлэгийн арга барил, үндэсний уран зохолын онцлогоор нэвтрүүлж даацтай санааг гаргасан өвөрмөц агаартай зохиол. Нэмээд С.Жаргалсайхан “Чингис хааны нууц түүх” романыг л нэрлэх байна даа. Яруу найргийн хувьд Б.Галсансүх “Бурханд хэлэх зөвлөгөө”, Б.Одгэрэл “Үл таних зочин”, Л.Өлзийтөгс “Эрх чөлөөтэй байхын урлаг буюу шинэ ном”. Тэгээд Г.Лхагвадулам “Дотно алс”, О.Элбэгтөгс “Эмгэнэлийн үр хөврөл”, Л.Моломжамц “Дөрвөн цагийн мемори”  номуудыг хэлмээр байна. 

Хамгийн сүүлд (2017-2018 онд) монгол хэл дээр бичигдсэн шилдэг роман, шилдэг яруу найргийн түүвэр таны хувьд хэний ямар ном байсан бэ?

До.Цэнджав “Цэвдэг жаран” роман, М.Батбаяр “Бүгд өөрийн гунигтай” яруу найргийн түүвэр.


Уран зохиол судлаач, шүүмжлэгч, СУИС-ийн багш Х.Чойдогжамц


СЭТГЭГДЭЛ

Your email address will not be published. Required fields are marked *

/