Монсудар хэвлэлийн газраас жил бүр зохион байгуулдаг "Соён гэгээрлийн өдрүүд" арга хэмжээ 2018 оны 06 сарын 11 - 06 сарын 18-ны хооронд зохион байгуулагдаж байгаа билээ. Энэ арга хэмжээний хүрээнд утга зохиолын шүүмжийн ач холбогдолыг олон нийтэд таниулах, мэргэжлийн судлаачид, уншигчдын дунд хэлэлцүүлэг өрнүүлэх зорилгоор шүүмж хэрхэн бичих талаар хялбаршуулсан нийтлэл хүргэснээс гадна утга зохиол судлал, шүүмжийн чиглэлээр идвэхитэй ажиллаж байгаа судлаачдаас бид 10 ижил асуултанд хариулт аван цувралаар хүргэж байна. Энэхүү цуврал нийтлэл маань уншигчдад уран зохиолын судалгааны бүтээлүүдтэй танилцах, аливаа ном бүтээлийг зөв шүүн тунгаахад тусална гэдэгт найдаж байна.

Утга зохиолын шүүмж #3: Утга зохиол судлаач, шүүмжлэгч Г.Батсуурь


Таны хувьд уран зохиолын шүүмж гэж юуг хэлэх вэ? Шүүмж уран бүтээлчийн хувьд, уншигчийн хувьд хэр чухал, ямар ач холбогдолтой зүйл гэж та боддог вэ?

Үгүй яахав, онолын хувьд хариулт олон л доо. Ер нь бол түүх цуваа цагийн шинжтэй байдаг бол шүүмж хам цагийн шинжтэй. Өөрөөр хэлбэл аливаа зохиолыг гармагц нь нийт уран зохиолын талаас үнэлгээ өгдөг салбар. Тийм үед гарсан, тийм ангилалд багтах, тийм зохиол гэх мэтээр... Үүн дээр тайлан тайлбарлах гэдэг нэгэн том үүрэг нэмэгдээд одоо их өөр болчихлоо л доо.

Уран бүтээлчдэд бол чухал. Өөрийнхөө баримжааг мэдэх, дараагийн бүтээлд санаа сэдлэг авах.., энэ тэр гээд юм бий байхаа. Бас нэг чухал юм нь уран бүтээлчдийг харж буй шинэ залуу уран бүтээлчид их санаа авдаг. Тэр хүн тэгж бичээд ингэж шүүмжлүүллээ, тэгэхээр би ингэж бичье гэсэн санаа авна гэсэн үг. За нэг хүн тааруу зохиол бичээд шүүмжлүүллээ гэхэд залуус тэрэн шиг хогийн юм бичихгүй юмсан гэж боддог л доо, энэ нь чухал.

Уншигчдын хувьд бол яахав, янз бүр дээ. Юм ойлгодог хүрээндээ бол мэргэжлийн шүүмжийг баримжаа болгоно, хар масс бол яахав дуулиан шуугианаа хөөнө. Шүүмжийн нэг чухал гэж болох үүрэг нь ялгах тухай асуудал л даа. Энэ нь сайн зохиол, энэ нь муу зохиол гэж шүүмж л ялгаж, зохиолчдыг байр байранд нь тавьдаг. Тэгэхээр юм ойлгодог уншигчдад бол шүүмж чухал, эс ойлгодог хар масст бол нэг их хэрэггүй зүйл. Би нэг бичсэндээ “Урлаг бол төгсийг хайсан мэдрэмж, харин шүүмж бол төгсийн төгст хүргэх гэсэн тэмүүлэл” гэж, тийм л юм.       

Таны бодлоор уран зохиолын шүүмж, судлал, задлан шинжлэл ер нь ямар сувгаар дамжин уншигчдад хүрч байх ёстой юм бэ, одоо ямар байдлаар хүрч байна вэ? Шүүмжлэгч судлаачид өөрийн бүтээлээ уншигчдад хүргэх нөхцөл бололцоо, арга зам, уялдаа холбоо хэр нээлттэй байгаа талаарх таны бодол?

Тухайн зохиол гарахын өмнө шүүмжлэгч нар уншиж санаа бодлоо илэрхийлээд араас нь зохиол нь гардаг жишиг бий л дээ. Зохиогч, хэвлэн нийтлэгчийн эрхийн эрх зүй, хэвлэлийн газар, ном хэвлэлийн менежмент сайн хөгжсөн газарт тэгдэг шиг билээ. Манай жишиг бол зохиол нь гарсны дараа шүүмжүүд бичигддэг. Олон нийтэд хүрэхийн хувьд асуудал байхгүй ээ. Одоо хэвлэн нийтлэх эрх чөлөө нээлттэй. Мэдээж нэр нөлөө бүхий томоохон хэвлэлийн газрууд бий болоод, дэргэдээ нэр хүндтэй уран зохиолын төрөлжсөн сэтгүүлтэй болоод, түүнд гарсан шүүмжүүд нь тухайн улсын уран зохиолын өнгийг тодорхойлдог бол сайхан л даа. Бүр дэлхийд нэр хүндтэй сэтгүүлүүд ч бий. Манайд одоохондоо тийм юм алга. Адмонд байсан “Номын түлхүүр” гэдэг сэтгүүл шиг сэтгүүлийг л хөгжүүлнэ гэсэн үг л дээ. (Тайлбар: “Номын түлхүүр” сэтгүүлийг анх Интерном номын дэлгүүрээс эрхлэн гаргаж байсан бөгөөд одоо www.reader.mn сайт болон үйл ажиллагаагаа үргэлжлүүлж байна.)

Тодорхой бүтээлд зориулсан шүүмжийг хүлээн авахдаа бичээчийг шүүмжилсэн мэт сөргөөр ойлгожтухайн шүүмжийг бичсэн судлаач шүүмжлэгч рүү дайрахүл ойшоох, нэр төрд нь халдах тохиолдлууд танд хэр элбэг тохиолддог вэ? Зохиолчид төдийгүй уншигчид, олон нийтийн шүүмж судлалын бүтээлд хандах хандлагыг хэрхэн зөв тийш нь эргүүлж болох бол?

Шүүмж бичигч рүү дайрах нь элбэг. Шүүхэд хүртэл өгнө шүү, гэхдээ тэр нь өөрөө эерэг зүйл болоод явдаг юм билээ. Өөрөөр хэлбэл тэр хачин муу юм биччихээд бас дээр нь шүүмж ойлгохгүй гэж мэддэг хүрээндээ элэг доог болоод, мэргэжлийн ангийн оюутнуудын семинарын хичээл дээр баримт нь дурдагдаад харин ч бүр шүүмжлэгчид аятай шалтаг, хичээлийн амьд хэрэглэгдэхүүн болсон тохиолдол бий. Аа шүүмжийг зөвөөр ойлгох тухайтад бол тийм боломж байхгүй байхаа. Хар масс бол аль ч нийгэмд дуусаж дундаршгүй олонлог. Тэднийг ухааруулах боломжгүй, тиймээс ч хар массын урлагийг хөгжих гэж томьёолдоггүй аяндаа хавтгайран дэлгэрэх гэж ярьдаг, тийм болохоор ингээд л байгаагаараа явж байхад болох зүйл. Шүүмжлэгч яахав дээ, тэдэнд салаавч өгчихөөд л явж байхад болно.  

Монголын уран зохиолд судлал болон шүүмжийн ялгаа зааг хэр тодорхой байна? Судалгааг шүүмж байдлаар, шүүмжийг судалгаа байдлаар хүлээж авах хандлага бий юу?

Энэ хоёр чинь өөрөө нөхцмөл ойлголт биз дээ. Учир нь судалгаагүй шүүмж бичих аргагүй л дээ. Судалгааны суурьтай байж сая шүүмж үнэн бодитой, хөдлөшгүй болдог байх, тиймээс салгах аргагүй. Харин цэвэр судалгааны ажил гэж мэдээж бий, суурь судалгаа бол яахав өөрөө том зорилго агуулдаг учир өдөр тутмын шинжтэй хэл амнаас хол байдаг, гэхдээ тэрхүү судалгааны үр дүнг шүүмжид татаж ашиглах боломжтой. 

Өнөөдөр уран зохиолын шүүмж бичигчид энэ мэргэжлээрээ хоолоо олж идэж чадаж байна уу? Ихэнх тохиолдолд өөр чиглэлээр ажиллаж шүүмж судлалын ажлыг дагавар хобби маягаар авч яваа юм шиг анзаарагддаг. Таны бодлоор шүүмж судлалын зах зээл ямар түвшинд байна вэ? Асуудал нь юунд, шийдэл нь хаана байж болох вэ?

За яахав, бүхнийг мөнгөөр хэмжмээргүй л юм. Шүүмжээр хоол олж идэх нэгдүгээрт боломж байхгүй, хоёрт шаардлага ч байхгүй гэж боддог. Учир нь манай ном хэвлэлийн зах зээл угаасаа өчүүхэн жижиг. Гэхдээ бас хов хоосон гэвэл худлаа. Жишээ нь бид бол шүүмжээ бичээд, хичээл дээр мэргэжлийн ангийн оюутнуудад яриад ашиглаад, бас түүнийгээ ном болгож хэвлүүлээд явдаг. Энэ тохиолдолд цэвэр хобби гэж ойлгох аргагүй, ажил төрлийн шинжтэй болж ирдэг. Учир нь өөрөө юу ч бичихгүй зөвхөн бусдын бичсэн зүйлээр хичээл заана гэхээр хаашаа ч юм, ер нь тэгээд мэргэжлийн ангиудад шүүмжлэл судлалын түүх, арга зүй, ёс зүй, хөгжлийн хандлага.., гээд хичээлүүд ордог юм.      

Манайд шүүмж судлал сайн хөгжихгүй байна гэсэн яриа байдаг, ер нь монголын уран зохиол дахь шүүмж судлал хөгжлийнхөө ямар шатанд явж байна гэж та үздэг вэ? 

Тэгээд хэзээ сайн хөгжиж байсан юм? Соц үед үү? Ёстой гайгүй байлгүй. Коммунизмын үед эрх баригчдын захиалга л бичигдэж байсан нь нууц биш шүү дээ. Өнөөдөр хөгжиж байгаа. Хэдэн жилийн өмнөхийг бодвол олон нийт шүүмж гэдэг үгийг мэддэг болчихлоо, тэр ч бүү хэл уншдаг хүрээ бий болчихлоо, үүнээс илүү яадаг юм. Шууд үр дүн нэхэж байгаа бол аливаа оюуны үйлийн үр дүн угаасаа шууд харагддаггүй, ямар зах дээр наймаа хийж байгаа биш.

Таны бодлоор шүүмж судлалыг хөгжүүлэх ямар гарц шийдэл байна? Үүнийг ямар түвшинд, чухам хэн хийх ёстой юм бол?

Дээр дурдсан даа. Хэвлэлийн газрууд сонгодог утгаараа хөгжвөл гэсэн санаа. Хэвлэлийн газрууд уран бүтээлчдийн бүтээлийг сонгон шалгаруулж зохиогчийн эрхийг нь өндөр үнээр, тодорхой хугацаагаар худалдаж авдаг болчихвол нэлээд асуудал өөр болох байх гэж л боддог. Хэн хийхийн миний хувьд лав л төр засаг биш, ер нь төрөөс бүхнийг шаарддаг гаж ойлголтыг хаях хэрэгтэй, бид өөрсдөө л хийнэ.

Монгол хэлээрх уран зохиол аль төрөл жанраар илүү хөгжих боломжтой гэж та боддог вэ?

Дэлхий нийтийн жишиг л мэднэ дээ, түүнээс монгол хэлээр болохоороо нэг өөр төрөл жанр энэ тэр гэсэн юм байхгүй биз. Яахав нийгмийн байдал, хүмүүсийн хандлагаас болдог юм уу аль нэг нийгмийн үед уран зохиолын аль нэг төрөл түлхүү хөгжих явдал байдаг. Эрт үед туульс, дундад зуунд шашны домог, сэргэн мандалтын үед Англид жүжиг.., гэх мэтээр ярьж болдог. Өнөөдөр дэлхий дахинд баримтат шинж давамгайлчихлаа, манайд ч адил байх биз. Ер нь дашрамд хэлэхэд манай яруу найраг гайгүй хөгжсөн бол, үргэлжилсэн үг, жүжиг хоёр хөгжөөгүй. Роман л гэхэд хар л даа, Сорхугтани, Самар, Дондогдулам хатан энэ тэр гэдэг чинь уран сайхны сэтгэлгээ хөгжсөн газар бол дундад зууны шашин төвт сэтгэлгээний үеийн дэндүү бүдүүлэг, гэнэн сэдэв чиглэл шүү дээ. Хаан, хатны сэдэв чинь. Өөрөөр хэлбэл дөнгөж үлгэрээс салаад л байж байгаа гэсэн үг л дээ. Арай дэндүү муу үзүүлэлт.      

Сүүлийн хорин жилд монгол хэл дээр бичигдсэн хамгийн шилдэг роман, хамгийн сайн яруу найргийн түүврийгнэрлээч гэвэл та ямар бүтээлийг нэрлэх вэ?

За, хэцүү сонголт. Романаас Г.Аюурзанын метароманууд бол өөр байсан, “Гурамсан цадиг” нэрээр гарсан байх. Яруу найраг гэхээр сүүлийн 20 жилд олон ном гарсан, яг нэг ном хэлэхэд хэцүү юм. Данзангийн Нямсүрэнгийн гурван дэвтэр түүвэр хэвлэгдсэн, гэхдээ өмнө бичсэн шүлгүүд холилдсон байгаа, ингээд бодохоор л нэг ном нэрлэж чадашгүй нь. Ер нь асуусан болохоор л хариулах гэж оролдож байгаа болохоос энэ асуултанд тохирох хариулт нь “Ийм асуулт байх боломжгүй” гэдэг хариулт шүү. Учир нь уран бүтээлч бүр өөрийн сайн ба муу талтай.  

Хамгийн сүүлд (2017-2018онд) монгол хэл дээр бичигдсэн шилдэг роман, шилдэг яруу найргийн түүвэр таны хувьд хэний ямар ном байсан бэ?

Бас л нэг лангууны асуулт шив. Энэ жил гарсан бүтээлүүдээс шилдэг гэж нэрлэх аргагүй л дээ. Шилдэг гэдгийг цаг хугацаа харуулдаг.

Утга зохиол судлаач, шүүмжлэгч Г.Батсуурь

СЭТГЭГДЭЛ

Your email address will not be published. Required fields are marked *

/