Монсудар хэвлэлийн газраас жил бүр зохион байгуулдаг "Соён гэгээрлийн өдрүүд" арга хэмжээ 2018 оны 06 сарын 11 - 06 сарын 18-ны хооронд зохион байгуулагдаж байгаа билээ. Энэ арга хэмжээний хүрээнд утга зохиолын шүүмжийн ач холбогдолыг олон нийтэд таниулах, мэргэжлийн судлаачид, уншигчдын дунд хэлэлцүүлэг өрнүүлэх зорилгоор шүүмж хэрхэн бичих талаар хялбаршуулсан нийтлэл хүргэснээс гадна утга зохиол судлал, шүүмжийн чиглэлээр идвэхитэй ажиллаж байгаа судлаачдаас бид 10 ижил асуултанд хариулт аван цувралаар хүргэж байна. Энэхүү цуврал нийтлэл маань уншигчдад уран зохиолын судалгааны бүтээлүүдтэй танилцах, аливаа ном бүтээлийг зөв шүүн тунгаахад тусална гэдэгт найдаж байна.
Утга зохиолын шүүмж #2: Утга зохиол судлаач У.Бямбаням

Таны хувьд уран зохиолын шүүмж гэж юуг хэлэх вэ? Шүүмж уран бүтээлчийн хувьд, уншигчийн хувьд хэр чухал, ямар ач холбогдолтой зүйл гэж та боддог вэ?
Миний бодлоос илүүтэй тогтсон нэг ойлголт байгаа. Уран сайхны бичвэрийг тайлан тайлбарлах, нээх гэсэн утгатай. Харин манайд шүүмж гэхээр заавал хэн нэгнийг шүүх, яг л “хэрэг таслах” шиг ойлгоод байдаг. Уран сайхны бичвэр бол зохиолчийн зөн сэрэхүйгээс төрж буй зүйл гэдэг утгаараа маш олон нууцыг өөртөө агуулж, өргөн тайлах боломжийг тээдэг. Үүнийг олохын тулд мэргэжлийн хайгуулч, шинжээч хэрэгтэй болно доо. Тэр нь зохиолын дотоод бүтэц, уран сайхны хэл, бичлэгийн арга барилыг мэддэг хүн байх хэрэгтэй. Тэднийг л шүүмжлэгч гээд байгаа. Шүүмж гэдэг үгийн “Crit” гэсэн язгуур нь ч шүүн тунгаахуй, эргэцүүлэхүй гэдэг үгнээс үүсэлтэй. Шүүх гэдэг сайн саарыг тодруулах, илчлэх, нээх гэсэн утгаараа шүү дээ. Яг шингэн зүйлээс өтгөнийг шүүж авдаг шиг. Үзэл суртлын нийгэмд уран зохиолын шүүмжийг бусдын бүтээлийг мушгин гуйвуулах, муутгах арга хэрэгсэл болгодог учраас утга нь гаждаг тал бий. Социализмын үед Д.Намдаг гуайн “Хөгшин чоно ульсан нь” туужийн есөн чоныг Улс төрийн товчооны есөн гишүүний ёгтлол гээд шүүж явсан эмгэнэлт түүх ч бий.
Хоёр дахь асуултын хувьд, жирийн уншигчдад шүүмж маш чухал. Би энд уран зохиолын судалгааг оруулсангүй. Шүүмж бол уншигчийг хөтлөх арга хэрэгсэл гэдэг утгаараа аль ч улс оронд хэвлэл мэдээлэл, уран зохиолтойгоо цуг хөгжиж явдаг салбар.
Таны бодлоор уран зохиолын шүүмж, судлал, задлан шинжлэл ер нь ямар сувгаар дамжин уншигчдад хүрч байх ёстой юм бэ, одоо ямар байдлаар хүрч байна вэ? Шүүмжлэгч судлаачид өөрийн бүтээлээ уншигчдад хүргэх нөхцөл бололцоо, арга зам, уялдаа холбоо хэр нээлттэй байгаа талаарх таны бодол?
Боломж түм бумаараа байна. Үнэгүй блог хөтлөх, нүүр номд нийтлэх, уран зохиолын чиглэлийн сайтуудад нийтлэх, сонинд хэвлүүлэх, эсвэл тухайлсан сайтад өөрийн булантай болох гээд. Залуучууд энэ боломжийг бүрэн дүүрэн ашиглаж байгаа гэж боддог. Гэтэл яг өнөөдөр уран зохиолын хичээл зааж буй багш нар, үгээ хүргэх ёстой хүмүүст энэ боломжууд төдийлөн ойр биш шиг санагддаг. Жирийн уншигчид хэн нэгэн судлаачийн их сургуулийн сэтгүүл дээр нийтлүүлсэн өгүүллийг хайж олоод унших боломж ховор шүү дээ. Тиймээс уншигчид хүртээлтэй сувгийг сонгох хэрэгтэй. Хоёрт, хэрэв тулхтай уншигчийг бэлтгэе гэж бодвол судалгааны хажуугаар уншигчид зориулсан бичвэр хийх ёстой гэж боддог. Өөрөөр хэлбэл, энэ хоёрыг тэнцүүлэх.
Тодорхой бүтээлд зориулсан шүүмжийг хүлээн авахдаа бичээчийг шүүмжилсэн мэт сөргөөр ойлгож, тухайн шүүмжийг бичсэн судлаач шүүмжлэгч рүү дайрах, үл ойшоох, нэр төрд нь халдах тохиолдлууд танд хэр элбэг ажиглагддаг вэ? Зохиолчид төдийгүй уншигчид, олон нийтийн шүүмж судлалын бүтээлд хандах хандлагыг хэрхэн зөв тийш нь эргүүлж болох бол?
Шүүмж бол баримт дээр тулгуурладаг бичлэгийн салбар. Сэтгүүлзүй, хуулиас ямар ч ялгаагүй. Хэрэв чи хэн нэгний нэрийг нь дурдаад шуудхан муу зохиолч гээд тунхаглачихвал энэ нь доромжлол болохоос зайлахгүй шүү дээ. Харин зохиол бүтээлийг нь задлаад, алдаа эндлийг нь дурдаад гаргаад ирвэл энэ суурьтай судалгаа, баримттай шүүмжлэл болж байна. Гэхдээ “шүүмжлэл” гэдгийн цаана тухайн зохиолчийн эсвэл зохиолын уран зохиолд оруулсан хувь нэмэр, оноо мөн алдаа эндэл, давталт, эндүүрэл зэрэгцэн багтдагийг санах хэрэгтэй. Шүүмжлэл гэхээр зөвхөн муулдаг, хүний мууг үздэг гэсэн хандлагаасаа салах л хэрэгтэй.
Шүүмжийн бүтээлд хандах олон нийтийн хандлагад нөлөөлөхийн тулд олны хүсэл сонирхлыг дагаж бичихээ л болих хэрэгтэй. Угтаа уран зохиолын шүүмжийн салбар бол уншигчийн түрүүнд алхаж, араасаа дагуулах ёстой болохоос араас нь дагаж явдаг зүйл биш.
Монголын уран зохиолд судлал болон шүүмжийн ялгаа зааг хэр тодорхой байна? Судалгааг шүүмж байдлаар, шүүмжийг судалгаа байдлаар хүлээж авах хандлага бий юу?
Уран зохиол судлал, шүүмж бол нэг зүйлийн хоёр тал. Энд тийм ч эргэлзээтэй зүйл үгүй. Нэг нь академик бичлэгтэй, уран зохиол судлалын салбартаа өөрийн хувь нэмрийг оруулж буй явдал, нөгөө нь уран сайхны бичвэрийг тайлан тайлбарлах, нээхэд илүү чиглэсэн байдаг. Харин үүнээс илүүтэй бид тэмдэглэл, номын тойм, сэтгэгдэл гэсэн нэршлийг зөв оноогоод сурчих хэрэгтэй. Тэгэхгүй бол нэг уншигч уншсан номынхоо талаар сэтгэгдлээ биччихсэн чинь тэрийг нь шүүмж гээд тараагаад байдаг. Нэг талдаа бичсэн хүнээ ч ичээгээд, нөгөө талдаа уншигчдад шүүмж гэж ийм зүйл байдаг юм байна гэсэн эндүү ойлголт төрүүлж байна.
Өнөөдөр уран зохиолын шүүмж бичигчид энэ мэргэжлээрээ хоолоо олж идэж чадаж байна уу? Ихэнх тохиолдолд өөр чиглэлээр ажиллаж шүүмж судлалын ажлыг дагавар хобби маягаар авч яваа юм шиг анзаарагддаг. Таны бодлоор шүүмж судлалын зах зээл ямар түвшинд байна вэ? Асуудал нь юунд, шийдэл нь хаана байж болох вэ?
Шууд хэлэхэд чадахгүй. Асуудал нь манайд энэ салбарыг одоо л ойлгох тийшээ хандаж байх шиг байна. Өмнөх нийгмийн оруулахгүйгээр зөвхөн 90-ээд оноос эхлэн ярьж байна. Хүмүүс шүүмж, номын тоймыг сонирхож түүн дээр түшиглэж сонголтоо хийдэг болсон байна. Урьд нь шүүмжлэгч гэж хэдэн зохиолчдоо шүүгээд, муулаад суудаг хүмүүс шахуу л ойлгодог байлаа шүү дээ.
Энэ салбарыг ангид байдлаас нь салгах нэг арга нь редакц, хэвлэлийн байгууллагууд мэргэжлийн шүүмжлэгч, утга зохиолын ажилтантай, ядаж л уран зохиолын чиглэлийн автортай болох. Дэлхийн томоохон хэвлэл мэдээллийн газрууд заавал ном юм уу, уран зохиол гэсэн буланг тусад нь хөтөлдөг. Хэрэв англи ном уншдаг хүн бол хавтсан дээр нь “Нью-Йорк”, “Индепендэнт” сонины шилдэг борлуулалтай ном гэж бичсэн байдгийг харсан байх. Тэдгээр редакциуд, тэнд ажилладаг уран зохиол судлаачид өөрсдийн үнэлэмжийг ийм өндөрт тогтоосон байх жишээний. Санхүү, мөнгөний асуудлаас болоод байдаг бол давхар мэргэшүүлээд урлаг судлаач болгож ч болно. Ингээд ирвэл бид шүүмжлэлийн салбарыг цэгцэлж болох юм шиг санагддаг.
Манайд шүүмж судлал сайн хөгжихгүй байна гэсэн яриа байдаг, ер нь монголын уран зохиол дахь шүүмж судлал хөгжлийнхөө ямар шатанд явж байна гэж та үздэг вэ?
Тийм зүйл хөгжихгүй байна гэдэг яриа хий хөөснөөс хэтрэхгүй. Хөгжил гэдэгт нөлөөлөх хүчин зүйлд энэ үг дуслын төдий ч нэмэргүй. Өмнө нь бол академик салбартаа, тухайлбал, уран зохиолын судалгаа хүчтэй хөгжсөн байдаг. Харин одоо бол шүүмжийн салбар, илүү уншигч төвт байдлаар хөгжиж байна. Энэ чиглэлээр залуучууд мэргэшиж, гадна дотноос юм үзэж, нүд тайлж байгаа.
Таны бодлоор шүүмж судлалыг хөгжүүлэх ямар гарц шийдэл байна? Үүнийг ямар түвшинд, чухам хэн хийх ёстой юм бол?
Нэг талд нь мэргэжлийн сургуулиуд боловсон хүчин бэлтгэх, түүний хажуугаар хэвлэл мэдээлэл, редакциуд уран зохиолын, номын соёлыг бодлогодоо тусгах. Зөвхөн мөнгө олдог салбартаа хүчээ хаях биш. Гуравт, хэвлэлийн газрууд үүнийг дэмжиж, шинэ залуу үеийг дэмжих. Тухайлбал, “Монсудар” хэвлэлийн газрын monsudar.mn “Тагтаа” хэвлэлийн газрын tagtaa.mn, мөн reader.mn сайтууд энэ тал дээр маш их зүйл хийж байгаа шүү дээ.
Монгол хэл дээрх уран зохиол аль төрөл жанраар илүү хөгжих боломжтой гэж та боддог вэ?
Энд уншигчийн хувиар хариулмаар байна. Яруу найраг хамгийн боломжтой санагддаг. Дараа нь тууж. Өгүүллэг болоод романы тухайд хараахан болоогүй байх шиг.
Сүүлийн хорин жилд монгол хэл дээр бичигдсэн хамгийн шилдэг роман, хамгийн сайн яруу найргийн түүврийг нэрлээч гэвэл та ямар бүтээлийг нэрлэх вэ?
Иймэрхүү асуултууд уран зохиолын хэрүүлийг үүтгэдэг шүү дээ. Уг нь уран зохиол шүүмжлэгч, судлаач маань уран зохиолын бүтээлийг ялган ангилагч биш юм л даа. Тэр нь хамгийн сайн гэж би хэллээ ч энэ нь төгс хариулт, шийдэл болж чадахгүй. Миний хэлсэн тэр зохиолд ч алдаа эндэл байж л таараа. Г.Нямаагийн “Цадиг хууч”, Д.Урианхай “Учрахуй, хагацахуй”, П.Баярсайхан “Хотын онгон” гээд бичлэгийн хувьд шинэлэг байж болох романууд бий. Яруу найргийн хувьд Н.Нямдорж, Д.Урианхай, Д.Нямсүрэн, Г.Аюурзана, Д.Оюунчимэг, Б.Галсансүх, Л.Өлзийтөгс, Д.Баттогтох, С.Содномнамжил, Б.Одгэрэл ... гээд анхныхаа номоор яруу найргийг урагш нэг шат гишгүүлсэн хүмүүс олон бий. Өөр хэлбэл олон ч нэр бий.
Хамгийн сүүлд (2017-2018 онд) монгол хэл дээр бичигдсэн шилдэг роман, шилдэг яруу найргийн түүвэр таны хувьд хэний ямар ном байсан бэ?
Сүүлийн нэг жил дотоодын уран зохиолоос уншсангүй. Ихэвчлэн орчуулгын зохиолтой зууралдлаа. Тиймээс яг таг оноогоод нэрлэх хэцүү байна.
#НЭМЭЛТ АСУУЛТ
Орчуулгын сайн зохиолуудыг уншигчдад хүргэхэд судлаач шүүмжлэгчдийн оролцоо юугаар илэрч харагддаг вэ?
Би дээр хэлснээ л дахин хэлэх байна. Жирийн уншигч орой ажлаасаа ирээд тэрхүү орчуулгын зохиолын зохиолчийн тухай, зохиолынх нь тухай бичсэн шүүмжийг англи хэл дээр хайгаад суух, орчуулаад суух цаг зав хэр байх вэ? Тухайлбал, эдийн засаг, эмчийн мэргэжилтэй хүнд ийм цаг зав гарах болов уу, ийм шаардлага байх болов уу. Миний хувьд үгүй. Тиймээс л мэргэжлийн хүмүүс зохиол болон зохиолчийн тухай уншигчид хөтөч болох бичвэрийг гаргаж байгаа шүү дээ. Сүүлийн үед орчуулгын зохиолд хөтөч болсон бичвэр, нийтлэлүүд ихээр бичигдэх болсон нь ч үүнтэй холбоотой.
Хүүхдийн зохиолын шүүмж хэрэгтэй болдог, харамсалтай нь үүнийг хийдэг хүн олддоггүй. Энэ юунаас болдгийг та өөрийнхөө хувьд юу гэж харж байна?
Ихэнх хүн хүүхдийн зохиолыг уран зохиолын хамгийн амархан төрөл гэж ойлгодог. Үнэндээ хамгийн хэцүү төрөл. Хэл, сэтгэхүй, бүтэц гээд насанд хүрсэн хүний ой санаанаас гарахгүй зүйлийг шаарддаг. Нэг талдаа, хүүхдийн уран зохиол хамгийн амархан төрөл гэсэн төөрөгдөл нөгөө талдаа, хэл, сэтгэхүйг нь ойлгож харж чадахгүй байгаа нь шүүмжлэгчийн орон зай хоосон байгаад нөлөөлж буй болов уу.
Манайд англи дээр чөлөөтэй уншдаг утга зохиолын шүүмжлэгч хэр олон бол?
Би бүртгээгүй учраас мэдэхгүй юм. Өмнө нь ихэвчлэн Горькийд төгссөн орос хэлт судлаачид ирж байсныг бид мэднэ. Өнөөдөр бол залуучууд ихэнх нь англи эх сурвалжтай чөлөөтэй харьцаж буй гэж боддог. Тэгэхгүйгээр уран зохиолын тухай ярина, зохиол бүтээлийг тайлан тайлбарлана гэдэг ч нэг талдаа учир дутагдалтай.
СЭТГЭГДЭЛ