Америкийн шилдэг эрэн сурвалжлах сэтгүүлчдийн нэг, Нью Йорк Таймс сонинтой олон жил хамтран ажиллаж, Америкийн сэтгүүл зүйн хамгийн хүндтэй шагнал болох Пулицерийн шагналыг хүртсэн сэтгүүлч Дэвид Кей Жонстоны "Трампыг бүтээсэн нь"номын хэсгээс хүргэж байна.

Эхлэл

Трамп 2015 оны зургаадугаар сард мексикүүд, исламын шашинтнууд болон хэвлэл мэдээллийг буруутган зэмлэсээр кампанит ажлаа эхлүүлснээ зарлах үеэр Трамп цамхгийн том танхимыг дүүртэл маш олон залуус цугласан бөгөөд тэд нийт 43 удаа алга ташсан байдаг. Гаднынхныг үзэн яддаггүй, арьсны өнгөөр ялгаварлан гадуурхсан үг яриаг дэмждэггүй Манхаттены төвд ийм явдал болж буй нь сонин юм даа гэж би гайхширч байлаа. Үнэхээр ч тэнд цугласан хүмүүс бол маргааш нь телевизийн мэдээ үзэгчдийн төсөөлсөн шиг сайн дурын идэвхтнүүд биш, харин ихэнх нь тавин долларын хөлс авахаар ирж суусан хүмүүс байжээ. 

Эрхэм уншигч та энэхүү номыг уншихдаа үүнийг битгий мартаарай. 

Домог зохиосон нь

Доналд Трамп олон нийтийн өмнө нэр хүнд олох, түүнийгээ дээшлүүлэх, үнэ хүргэн наймаацахдаа олон жилийн туршид хоёр үндсэн арга хэрэглэсээр иржээ. Түүний эхний арга нь хэвлэл мэдээллийнхний нийтлэг дутагдлыг дадамгай ашиглах явдал юм. Сэтгүүлчид яригдалгүй орхигдсон зүйлд дүн шинжилгээ хийхийн оронд “баримтуудыг” иш татах дуртай шүү дээ. Мөн тэрээр сэтгүүлчдийг “Би заргалдана” хэмээн цаг ямагт сүрдүүлж, хэдийгээр Трампыг ялахаар байсан ч зардал чирэгдэл ихтэй шүүх хурлаас төвөгшөөн болгоомжилдог хэвлэл мэдээллийн хэрэгслийн эздийг албан ёсоор ярилцах, шалгаж нягтлахаас бэрхшээхэд хүргэдэг.

Трампын хөрөнгө олон тэрбум доллараар биш харин хэдэн зуун саяар л хэмжигдэнэ гэж бичсэн Тим О’Брайн болон түүний хэвлэлийн газартай тэрээр хоёр жил гаруй заргалдсан билээ. 

Шүүх уг хэргийг авч хэлэлцэхгүй болсон хойно “Шүүхийн зардалд би цөөн хэдийг үрсэн, харин тэд илүү ихийг зарцуулсан. Тэдний амьдралыг там болгож, энэ бүгдийг хийсэндээ баяртай байна” хэмээн хохирлыг нөхөн төлүүлэхийг бус гол нь О’Брайныг залхаахыг хүссэнээ сагсуурч ярьснаас нь Трампын хонзогногч зан төрх илэрхий харагддаг. 

Түүний хоёр дахь үндсэн арга бол Трамп өөрт таалагдаагүй мэдээг гуйвуулж, сэтгүүлчид, хууль сахиулагчид, бизнесийн зохицуулагчид, бусад хүмүүсийн өмгөөлөгч нар түүний үйлдлийг шалгаж нягтлахад хориг саад тавьдаг. 

Трамп энэ аргаа олон жил амжилттай хэрэглэж буйг нотлох олон баримт бий. 

Гол өрсөлдөгч Тед Круз, Жон Касич хоёр 2016 оны тавдугаар сард сунгаанаас гарч, Трамп Бүгд найрамдах намаас ерөнхийлөгчид нэр дэвшихээр болсноос хойш тэрээр энэ хоёр аргаа хэрэглэсэн юм. 

Трамп баасан гарагийн өглөө NBC сувгийн “Today Show” руу утасджээ. Трамп, Карла Брүни хоёр янаг амрагийн холбоотой хэмээн өөрөө яриа гаргаж ондоо нэрээр тараасныг хорин таван жилийн өмнө “Today” сурвалжилсан билээ.Гэтэл Трамп ерөнхийлөгчид нэр дэвших болсноор мөнөөх аргаа дахин ашиглав. 

Түүнийг “NBC” сувгийн “Today Show” руу утасдахын урьд өдөр нь Вашингтон Пост сонин Трамп хэрхэн Жон Барон, Жон Миллер гэгч болсон түүхийг өгүүлсэн нийтлэл гаргасан бөгөөд “People” сэтгүүлийн Сью Карсвэллтэй 1991 онд Миллер утсаар ярьсан бичлэгийг вэб хуудсандаа байршуулсан байна. 

“Today” хөтөлбөрийн хөтлөгч Саванна Гатри “Энэ [Бичлэг дээр ярьж байгаа хүн] та мөн үү?” гэж асуухад Трамп, “Үгүй, тэр талаар мэдэх зүйл огт алга. Танаас анх удаа сонсож байна” гэж хариулав. Аль ч талаас нь аваад үзсэн түүний хариулт худал гэдэг нь илэрхий. 

Нэгдүгээрт, Трамп Брүнигийн талаар яриа гарахад Жон Миллер болж жүжиглэсэн гэдгээ “People” сэтгүүлд тэр аль эрт хүлээсэн байв. Хоёрдугаарт, хилсээр буруушаасан байлаа ч Трамп ийм бичлэг байгаа тухай анх удаа Гатригээс сонсоогүй нь баталгаатай.

“Вашингтон Пост” сонин нийтлэл гаргахын урьд өдөр нь түүнээс тэр тухай лавласан бөгөөд бусад хэвлэл ч энэ яриаг шүүрэн авсан юм. 

Трамп өөрийн талаарх мэдээг анхааралтай уншиж, заримдаа тэртээ холын жижиг хотод сэтгүүлч далдхан өгүүлсэн санааг ч олоод мэдчихсэн байдаг. 

Жишээ нь Трамп 2005 онд Денвер хотод лекц уншиж бизнесийн үндсэн арга бол тооцоо бодох гэх зэргээр ярьсны дараа “Rocky Mountain News” сонины Жон Рибчук түүнд өөрийгөө танилцуулахад Трампын Денверт хийхээр төлөвлөсөн барилгын ажлуудынх нь талаар бичсэн Рибчукийн урьд өмнөх зарим нийтлэлийг Трамп магтсан удаатай.

Тэгэхээр өөрийнх нь гаргасан ярианы талаар “Вашингтон Пост” сонинд гарсан нийтлэл түүний хувьд шинэ зүйл байгаагүй нь мэдээж. Трамп цааш нь Гатрид худал ярьснаа үргэлжлүүлэн, “Тэр бичлэг миний дуу хоолойтой огт адилгүй. Олон хүн намайг дуурайж ярих гэж оролддогийг та ойлгоно биз. Тэр бол бусад олон луйврын л нэг байгаа юм” гэж хэлсэн билээ. 

Гатри түүний “бусад луйврын” талаар лавласангүй, харин “Бусдын нэрийг ашиглах нь таны байнга хэрэглэдэг арга мөн биз? Та сурвалжлагчид руу Жон Миллер эсвэл Жон Барон гэдэг нэрээр ярьдаг, яриа тараадаг боловч тэр бүхний ард өөрөө байдаг биз дээ? Та дандаа ийм зүйл хийдэг үү?” гэж асуухад “Үгүй, утсаар ярьсан хүн бол би огт биш. Утсаар ярьж байгаа нь надтай адилгүй сонсогдож байна билээ. Утсаар ярьсан хүн бол би биш гэдгийг танд дахин хэлчихье” гэж Трамп хариулсан юм. 

Трампын кампанит ажиллагааны хэвлэлийн төлөөлөгч Катрина Пирсон хэдэн цагийн дараа телевизийн “CNN” сувгаар гарч “Утсаар ярьсан хүний дуу хоолой түүнийхтэй ихээхэн төстэй боловч мэдээжийн хэрэг тэр бол Трамп биш” гэж хэлсэн байна. 

Иймэрхүү заль мэх нь нэлээд урт хугацааны турш Трампын үйл ажиллагааны үндсэн шинж болсон бөгөөд үүнийхээ шалтгааныг тэрээр Гатритэй ярилцахдаа өөрөө ч мэдэлгүйгээр илчилчихсэн билээ. 

СЭТГЭГДЭЛ

Your email address will not be published. Required fields are marked *

/