Монсудар хэвлэлийн газраас эрхлэн гаргасан "Амьдралыг өөрчлөх эмх цэгц ба түүний гайхамшигт ид шид" номын хэсгээс толилуулж байна. Доор өгүүлэх хэсгээс та бүхэн хувцасаа хэрхэн зөв эвхэх вэ? гэдэг арга барилд суралцахаас гадна бүх хувцасанд байдаг тэвхийтэл эвхэгддэг “алтан дүрэм”-ийг мэдэж авах боломжтой.
1. Гэртээ байгаа бүх хувцасаа шүүгээнээсээ гаргаж, газраар өр.
Юун түрүүнд гэрийнхээ бүх шүүгээ шкафанд байгаа хувцасаа бүгдийг нь цуглууна. Хувцасны шкафан доторх, унтлагийн өрөөний шүүгээ, орон доорх шургуулга гээд бүх газраас нэг ч хувцас үлдээлгүй цуглуулна.
Хамгийн гол нь шүүгээ шургуулганд байгаа хувцасаа гаргаж, газар өрөх ба дараа нь хувцас нэг бүрээ гараараа илбэж, дотоод сэтгэлээ сонсоод шийдвэрээ гаргах хэрэгтэй юм шүү. Энэ мэдрэмжээрээ авч үлдсэн хувцасаа одоо шүүгээндээ эвхэж хийх хэрэгтэй.
Хэрэв та хувцас эвхэх дургүй бол зөв эвхэх аргыг нь мэддэггүй хүн байж таарна. Тэглээ гээд сэтгэлээр унах хэрэггүй.
Нэг л удаа зөв эвхэлтийг гартаа оруулаад авбал өдөр бүр эвхэж суухад сонирхолтой төдийгүй насан туршид танд хэрэг болно. Хувцасаа зөв эвхэх аргыг мэдэхгүй амьдрах нь ганц амьдрах амьдралд дэндүү харамсалтай.
Юун түрүүнд хувцасаа эвхэхээсээ өмнө хувцасаа эвхэж, шүүгээндээ хураасны дараах өрөөний байдлаа дотроо төсөөлөн бодоорой. Шургуулгаа татаж онгойлгоход хаана юу байгаа нь шууд харагдахаар эгнүүлж хийхийг зориорой. Яг л ном шиг нуруу нуруугаараа босоо эгнэсэн байдалтай хураах ёстой.
Босгож өрөх нь зөв эмхлэн хураах хамгийн гол үндэс болно.
Ингээд хувцасаа шургуулгандаа босоогоор нь эгнүүлж өрснөөр дотроо төсөөлсөн бол одоо эвхэж эхэлцгээе!
Зөв эвхэх нь маш энгийн бөгөөд нэг л зүйлийг анхаарвал зохилтой. Тэр нь эвхэсний дараах хувцасны хэлбэр нь дугуй булантай нуруутай бөгөөд урт тэгш өнцөгт хэлбэртэй байх ёстой.
Эхлээд тухайн хувцасны үндсэн биеийг (ханцуй, хоолой ороогүй хэсэг) хоёр хажуу захаас нь бага зэрэг нуглана. (Энэ үед ханцуйг тохиромжтой хэлбэрээр нуглаж хумина.) Ингээд шулуун урт нарийн хэлбэрт орсон хувцсаа уртаас нь хамаарч дөрөв эсвэл зургаа нуглаж эвхэхэд л болно. Ердөө л ийм хялбар боловч, яг хийгээд үзэхээр эвхэсэн хувцас нь суларч биегүй болох тохиолдол бий. Уг нь дөрвөлжиж нугалсан юмсан, яагаад ч юм шальчийж сулраад нуруугаар нь босгох боломжгүй болоод байвал энэ эвхэлтийн арга тухайн хувцасанд тохирохгүй байна гэсэн дохио юм.
Үнэндээ бүх хувцасанд өөр өөрийн гэсэн тэвхийтэл эвхэгдэх “алтан дүрэм” байдаг.
Үүгээр тухайн хувцасанд маш тав тухтай байх эвхэлтийн аргыг хэлж байгаа юм. Хувцасны материал болон урт богины хэмжээнээс хамаараад эвхэлтийн арга нь харилцан адилгүй байдаг болохоор нэг хувцасанд олон янзын аргыг туршиж үзэж байж тухайн хувцасанд яг тохирох эвхэлтийг олох шаардлага гарна. Гэхдээ энэ тийм хэцүү зүйл биш шүү. Хувцаснынхаа босоогоор эвхэгдсэн байдлыг дотроо багцаалаад, түүндээ тохируулан эвхэхэд алтан дүрмээр нь эвхлээ л гэсэн үг.
Гол нь нимгэн гулгасан материалтай хувцасыг урт өргөнөөс багасгаж чангахан эвхэх, харин зузаан материалтай хувцасыг сулавтар эвхэх хэрэгтэй. Хувцаснынхаа хамгийн нимгэн хэсгийн үзүүрээс нь хумивал илүү сайн эвхэгдэнэ.
Ингэж тэвхийтэл нь эвхэгдсэн хувцасаа харахад ямар мэдрэмж төрдөг гээч? Босоогоор эгнүүлж хураасан ч хэлбэрээ алдахгүй тэр тогтвортой байдал, гартаа барихад өөдөөс мэдрэгдэх эвтэй байдал. “Яг л ингэж эвхүүлэхийг хүсэж байжээ” гэж дуу алдан, хувцастайгаа сэтгэлээрээ холбогдох тэр торгон агшин, ямар таатай гээч.
2. Оймс триког хураах арга
Хамгийн гол анхаарах зүйл нь триког хэрхэвч зангидаж болохгүй ! Оймсыг яасан ч дотрыг нь эргүүлж бөөрөнхийлөх хэрэггүй! Тиймээ, шургуулгандаа байгаа оймснууд бол амралтын байдалтай байх ёстой. Бусад үедээ тэд зогсолтгүй ашиглагдаж, хүний хөл гутал хоёрын завсар халж, үрэгдэн, хүнд хэцүүг тэсч эзэнийнхээ хөлийг хамаг чадлаараа хамгаалж явдаг. Шүүгээнд байх хугацаа бол тэдний хоромхон зуурын амралтын хором байж таарна.
Харин уяж зангидуулж, дотроо эргүүлүүлсэн оймс триконууд сунаж, резин нь хамаг хүчээрээ тэлж, байнгын хүлээтэй байдалд байх нь тэдэнд ямар байдаг бол? Тэгээд ч зогсохгүй тэгж бөөрөнхийлүүлж шургуулганд орсон оймс триконууд шургуулгыг онгойлгож хаах болгонд нааш цааш өнхөрч, мөргөлдөөд, нэг ч амар тайван амрах боломжгүй байдалд байдаг. Яваандаа шургуулганы мухарт орсон зарим нь мартагдаж, эргүүлж мушигсан байдалтай чигээрээ улам бүр сунаж, ашиглатын хугацаа нь өдөр ирэх тусам богиносох болно.
Ингээд триког зөв эвхэх аргыг эхлээд заая. Зангидсан бол задлаад баруун зүүн хоёр гуяыг давхарлаж нуглан, урт нарийхан болгоно. Дараа нь гурван тэнцүү хувааж нуглана. Энэ үед хурууны хэсгийг дотогш орж байхаар нуглана. Харин нурууны хэсгийг бага зэрэг илүү гаргаж үлдээхийг анхаараарай. Ингэж нугалсан триког доороос нь элдэх мэт хумина. Хумиж дуусахад нурууны хэсэг гадна талд гарсан бол зөв эвхлээ гэж үзнэ.
Чулки триког ч мөн адил эвхэнэ. Зузаан триког уртаас нь хоёр тэнцүү хувааж нуглавал хумиж бөөрөнхийлөхөд илүү амархан байдаг. Ер нь сүши ороомог шиг болгох ёстой гэж ойлгоорой. Шургуулгандаа хийхдээ доторх ороомог нь харагдаж байхаар босгож хийнэ. Хувцанцар шургуулганд хийх тохиолдолд гулгаж, эвхсэн трико задрах болзошгүй тул эхлээд жижиг цаасан хайрцаганд хийснийнхээ дараа шургуулгандаа хийвэл зүгээр.
Дашрамд хэлэхэд гутлын хайрцагийг трико хийх хайрцаг болговол хэмжээ нь яг таардаг.
Ингэж эвхэж хийх нь триконуудынхаа тоо хэмжээг өнгөц харах төдийд мэдэх боломжийг олгоно. Мөн уяж зангидаагүй учраас учраас урагдаж цоорохгүй, үрчийж хорчийхгүй, хөлөө хийж углахад хялбар зэрэг олон давуу талтай. Трико ч биежээд, өнгө нь сэргээд ирдэг.
Оймс эвхэх арга бол бүр ч хялбар. Амыг нь эргүүлж холбосон бол задлана.
Баруун зүүн хөлийн оймсыг давхарлаж нийлүүлээд хувцас эвхэхтэй адил нямбайлан эвхэнэ. Түрийгүй оймсыг хоёр нугалана. Богино түрийтэй оймсыг гурав нуглаж, урт оймсыг дөрөв эсвэл зургаа нуглаж эвхэнэ. Хэд нуглахаа та өөрийн хайрцаг шургуулганынхаа өндөрт тохируулан шийдээрэй. Үүнд ямар ч хэцүү зүйл байхгүй. Гол нь эвхсэний дараа энгийн тэгш өнцөгт хэлбэртэй байхаар бодож хийгээрэй.
Шургуулгандаа хийхдээ хувцастай яг адил босоогоор нь өрнө. Зай ч бага эзлэнэ. Зангилаанаас тайлагдсан оймс, триконууд сая нэг амьсгал авах шиг танд мэдрэгдэнэ.
Эх сурвалж: "Амьдралыг өөрчлөх эмх цэгц ба түүний гайхамшигт ид шид"
СЭТГЭГДЭЛ