Монсудар хэвлэлийн газраас эрхлэн гаргаж буй "Монсудар-Утга зохиол" цувралын 2017 оны 9 номын эхнийх нь болох И Мүн Ёл "Манай бүдэрсэн баатар" номын хэсгээс хүргэж байна.

Бараг л гучаад жил өнгөрсөн хэдий ч, тэр нэгэн хавраас эхлэн бүтэн нэг хичээлийн жил дамнан үргэлжилсэн хүнд хэцүү тэмцэл, ганцаардмал, зовлонт байдлаа эргэн санах бүрд хүүхэд насны минь гашуун цөхрөл яг л тэр чигээрээ намайг эзэмддэг. Ямар нэгэн байдлаар тийм тэмцлийг бид амьдралынхаа туршид үргэлж л хийж байдаг ч юм шиг, магадгүй, миний хувьд одоог хүртэл түүнээс ангижирч чадаагүй учраас ч ийм мэдрэмж төрдөг байж болох л юм. 

Либерал намын засаглал дуусах жилийн гуравдугаар сарын дунд үе юм даг, би Сөүл хотын нэлээд гайгүй сургуулиудын нэг болох, өөрийн бахархал болсон бага сургуулиа орхин, хөдөөгийн жижигхэн хотын нэгэн барагтайхан сургуульд шилжин суралцах боллоо. Төрийн албан хаагч байсан аав минь ажил дээрээ асуудалд орооцолдсон тул албанаасаа огцорч, манай гэрийнхэн шилжин нүүх болсон хэрэг. 

Тэр үед би арван хоёр настай, тавдугаар ангид дөнгөж орж байлаа. 

Анхны өдрөө ээжтэйгээ шинэ сургууль дээрээ очив. Сөүлд гурван давхар, улаан тоосгон төв байраа тойруулан барьсан шинэ барилгуудад хичээллэж ирсэн миний хувьд, Япон хэв маягаар баригдсан, гипсэн нүүртэй хуучин барилга, хар лакаар будахчаа аядсан самбар бүхий хэдэн ямбий өрөөнүүдтэй энэ сургууль гэгч нь үнэхээр үгээр илэрхийлэхийн аргагүй хөгийн санагдаж байлаа. Нэг л сонин, гэнэт бүх эрх ямбаа алдаж, хэргэм зэрэг буурсан ханхүү мэт гунихрал гоморхлын гашуун мэдрэмж намайг нөмрөөд авдаг юм байна. 

Том сайхан барилга, байшингийн тухай ярихаа больё гэхэд, нэг анги нь ердөө зургаахан бүлэгтэй, гэтэл миний явж байсан сургууль нэг анги нь 16 бүлэгтэй байсан гэж бодохоор арай л хэтэрхий чамлалтай санагдаад болж өгдөггүй. 

Бас Сөүлд охид, хөвгүүд хамтдаа хичээллэдэг байсан, гэтэл энд тусдаа хичээллэдэг нь дэндүү хоцрогдсон хөдөөнийх санагдана. 

Багш нарынх нь өрөөг хараад сэтгэгдэл маань бүр ч доройтлоо. Өмнө нь сурч байсан сургуулийн маань багш нарын өрөө цэлгэр том, саруулхан, багш нар нь ч жавхаалаг, бүгдээрээ жигд сайхан хувцасласан, амьдралын идэвхтэй хүмүүс байдаг сан. Гэтэл энэ сургуулийн багш нарын өрөө нь гэхэд л жирийн нэг анги шиг умгар жижигхэн, тэнд нь багш нар бололтой, хөдөөний хээгүй хэдэн харчууд уурын тэрэг шиг утаа баагиулан сууцгааж байх юм. 

Намайг дагуулан багш нарын өрөөнд орсон ээжийг минь таниад дөхөж ирсэн ангийн багш миний төсөөлснөөс дэндүү зөрүүтэй хүн харагдав. Багш маань үзэсгэлэнтэй, сайхан сэтгэлтэй эмэгтэй биш юм аа гэхэд, аятайхан, цэвэр цэмцгэр, намуухан зөөлөн дуутай хүн байж болмоор доо, гэтэл энэ хүний байгаа байдал, цагаан будааны архины толботой хүрэмнийх нь ханцуйг харахад л хэн бэ гэдэг нь шууд мэдэгдэнэ. 

Арзайсан үстэй, ерөөсөө үсээ самнахгүйгээр л тос түрхчихдэг юм шиг, тэр ч байтугай өглөө босоод гар нүүрээ угаасан эсэх нь ч эргэлзээтэй. 

Нэг л хайхрамжгүй, ээжийн минь өөдөөс харж буй боловч ярьж байгааг нь ойлгосон эсэх, ерөөсөө огт сонсохгүй байна гээд ойлгочихвол илүү шулуухан ч юм шиг. Ийм л хүн миний ангийн багш болно гэдэгтэй эвлэрэх ямар хүнд байв аа. Магадгүй чухам тэр үед л бүхэл бүтэн хичээлийн жилийн турш үргэлжлэх таагүй явдлын зөн совин дотор сэтгэлд минь зурсхийсэн байх. 

Дараа өдөр нь багш намайг шинэ ангийнханд танилцуулахад нөгөөх таагүй байдлын эхлэл надад шууд мэдрэгдэв. 

–Энэ бол шинээр шилжиж ирсэн сурагч Хан Бён Тэ. Та нар танилцаад, хэл амаа ололцчихно биз дээ. 

Ингээд л гүйцээ. Танилцуулга гэхэд хэцүү энэ товчхон өгүүлбэрийнхээ дараа тэрээр намайг хамгийн арын хоосон ширээнд суулгачхаад хичээлээ шууд зааж эхлэв. Сөүлийн сургуулийн багш нар маань шилжиж ирсэн хүүхдийг бараг улайтал нь, их л сүртэй, бахархангуй танилцуулдаг байсныг би гашуунаар дурсан бодлоо. Сүрхий дуулиан болгодоггүй юм аа гэхэд ядаж миний тухай мэдэж байгаа зүйлээ эвтэйхэн хэлчихэд л хүүхдүүд бидний хоорондын харилцаа цаашид эв зүйгээрээ явахад нэмэр болох л байсан байх. 

Тэр үед надад өөрөөрөө бахархах хэд хэдэн шалтгаан байсан юм. Юуны өмнө сурлагын амжилт минь. Тогтвортой тэргүүн байранд биш гэхэд, Сөүлийн нэр хүндтэй сургуульд, ангидаа эхний тавд үргэлж багтдаг байсан. Энэ бол миний тэрүүхэндээ бахархаж явдаг байсан, багш нартай төдийгүй, ангийнхантайгаа сайн харилцаатай байхад минь гарцаагүй нөлөөлж байсан зүйл. Дээр нь би зураг маш сайн зурчихдаг байлаа. Улсын хэмжээний хүүхдийн зургийн уралдаанд түрүүлэхээр биш ч гэсэн, Сөүл хотоос зарласан уралдаан тэмцээнд хэд хэдэн удаа дээд болон тусгай шагнал хүртэж байсан. 

Ээж минь миний сурлагын талаар ярих далимдаа энэ тухай хэд хэдэн удаа дурдсан боловч ангийн багш тоосон шинж огт үзүүлсэнгүй. 

Эдгээрээс гадна аавын ажил мэргэжил, албан тушаал зарим нэгэн талаар нөлөөлсөн байхыг үгүйсгэхгүй. Аав минь тушаал буурч, Сөүлээс ийшээ шилжиж ирэхдээ тултал баларсан ч гэлээ, энэ жижигхэн хотдоо л өндөр албан тушаалтай, төрийн албан хаагч хэвээр үлдсэн билээ. 

Эндхийн хүүхдүүд нь ч мөн багшаас ялгарах юмгүй аж. Сөүлд бол шинээр шилжиж ирсэн хүүхдийг завсарлав уу, үгүй юү тойрч бүчээд, янз бүрийн юм шалгааж гарна. Сурлагадаа хэр вэ, хүч чадалтай юу, танайх баян уу гэх зэрэг, нэг үгээр хэлэхэд тухайн хүүхдийг таньж, дараа нь ойртож нөхөрлөхөд хэрэг болох суурь мэдлэгээ бүгдийг цуглуулдаг сан. Гэтэл энэ сургуулийн шинэ нөхөд маань ангийн багштай адил юм мэдэх ямар ч сонирхолгүй аж. 

Завсарлагааны цагаар холоос, хулгайн нүдээр харцгааж байгаад, өдрийн хоолны цаг болмогц хэд гурваараа бөөгнөрч ирээд асууж байгаа зүйл нь, “Метронд сууж үзсэн үү?”, “Намдэмүн зах орж үзсэн үү?” гэх мэт аар саархан зүйлс байв. Тэдний анхаарлыг татаж, атаархлыг нь төрүүлсэн зүйл гэвэл ердөө л миний хичээлийн хэрэглэлүүд бололтой, тэдгээр нь маш сайн чанартайгаас гадна надаас өөр хэнд ч ийм хэрэгсэл байхгүй байв. 

Бараг гучин жил өнгөрсөн болохоор олон зүйлийг мартжээ, гэхдээ одоо бодоход тодоос тод санагддаг нэг зүйл бол тэр өдөр Ом Сог Дэтэй анх танилцсан явдал...




СЭТГЭГДЭЛ

Your email address will not be published. Required fields are marked *

/