Интерном номын дэлгүүрийн уран зохиолын бэстселлер жагсаалтад хэдэнтээ багтсан В.Набоковын “Лолита” романы хэсгээс уншигч танд толилуулж байна.
“Лолита” роман эцэг эх, нийгмийн ажилтан, сурган хүмүүжүүлэгч та биднийг туйлын сонор сэрэмжтэй байж, бат найдвартай ертөнцөд ихээхэн эрүүл чийрэг залгамж үеийнхнийг хүмүүжүүлэх үйл хэрэгт мэргэн оюунаа зориулахыг шаардаж байна хэмээн өмнөх үгэнд нь өгүүлсэн энэ бүтээл бол хараа хяналт дутсан охин, өөрийгөө гэх хар амиа бодсон эх, хуял тачаалдаа байж ядан буй солиот эр зэрэг зохиолын баатруудын хүүрнэл төдий биш юм.
Эхлэл
Лолита, амьдралын минь гэрэл гэгээ, биеийн минь халуун илч. Нүгэл хилэнц минь, амин сүнс минь. Ло-ли-та гэхэд хэл тагнай дээгүүр гурав алхаж, гурав дахь дээр нь шүдэнд тулна. Ло. Ли. Та.
Тэр минь өглөөд таван фут өндөр зүгээр нэг Ло байсансан. Дараа нь урт өмдтэй Лола болсон. Сургууль дээрээ Долли байв. Албан бичиг дээр Долорес гэж бичдэгсэн. Миний өвөрт бол цаг ямагт Лолита байлаа.
Төгсгөл
Дикдээ үнэн журамтай, үнэнч эхнэр нь болж яваарай! Өөр эрчүүлийг өөртөө бүү гар хүргүүлээрэй! Гадны танихгүй хүмүүстэй бүү юм ярь! Чамайгаа би төрсөн үрдээ хайртай сайн ээж болно гэж итгэж байна. Бас эрэгтэй хүүхэд гарах бол уу гэж итгэнэ. Чиний нөхөр чамд үргэлж сайнаар хандах болов уу гэж би найдна. Хэрэв тэгэхгүй бол миний хий үзэгдэл түүнийг яг л нөмрөх хар утаа мэт, ухаан солиорсон аварга биетэн шиг гүйцэж очоод мэдрэлийн эс бүрийг нь сугалан тасчиж, сэглэн хаях болно...
...Учир нь зөвхөн энэ л чи бид хоёрын хувааж эдэлж чадах цор ганц мөнхрөл билээ, миний Лолита!.
18-р бүлгээс...
Би Шарлоттаг өөр хатагтайтай эх хүний сэтгэлийн шаналлаа хуваалцан, нүүр амаа Америк маягаар үрчилзүүлж, нүдээ эргэлдүүлэн, өрөөсөн уруулаа унжуулан мушийж байхыг илбэдүүлсэн мэт ажигладаг байв. Лолитагийн царайд хааяа иймэрхүү байдал арай хүүхдэрхүү маягаар илэрдэг юм.
Бид хоёр унтахаар хэвтэхийнхээ өмнө виски юм уу, джин архи уудаг маань надад эхийг нь энхрийлж байхдаа охиныг ухаандаа ургуулан төсөөлөхөд тус болдог байв. 1934 онд миний уринбай дотор нь атиралдан хэвтэж байсан цагаан гэдэс энэ байна. Бас энэ сайтар будаж янзалсан, тэмтэрч, үнэрлэж үзэхэд амьгүй үс зарим үед дөрвөн буландаа баганатай хоёр хүний орон дээр дэнгийн гэрэлд Лолитагийн үсний зөөлөн өнгөтэй болдог.
...Энэ Шарлотта Лолитагийн насан дээр түүнээс дутуугүй хорхой хүрэм сурагч охин байсан биз, хэзээ нэгэн цагт Лолитагийн охин мөн тийм болно доо хэмээн төсөөлж байв. Би эхнэрээ гуйж байж түүний багын зургийг үзэх гэж өч төчнөөн гутлын дороос (Гейз авгайн талийгаач нөхөр гутлын шуналтай гэх үү, хорхойтой хүн байж) гучин жилийн өмнөх цомгийг нь гаргуулж үзэв. Гэрэл нь буруу, хувцас нь эв хавгүй ч гэсэн Лолитагийн анхны ноорог төрх, түүний хөл, ташаа, шантгар хамар нь танигдахаар байлаа. Ай Лолита! Лолитхон минь!.... Миний хөөрхий эхнэр хэчнээн номхон хүлцэнгүй, хэч нээн уян зөөлөн байсныг та бүхэнд хэлэх үг олдохгүй байна.
... Миний баргар царайтай, уцаарлангуй байгааг тэрбээр үг дуугүй хайрын илрэл гэж боддог байж. Миний багахан орлого, өөрийн нь өчүүхэн хөрөнгө мөнгөтэй нийлээд түүнд баян чинээлгийн бахдал төрүүлэн байлаа. Бид хоёрын хөрөнгө нийлээд дунд гарын хөрөнгөтний хэрэгцээнд хүрэх үйц байсанд бус харин миний цөөн хэдэн мөнгө хүртэл авгайн нүдэнд эр чадлын минь ид шид мэт гялалздаг байсан болоод тэр.
Шарлотта надтай ханилаад тавин хоног болох зуур олон жилийн ажил амжуулжээ. Хөөрхий тэрбээр урьд өмнө хийж зүрхэлдэггүй ч юм уу, онц их сонирхдоггүй ч байсан юм уу, олон зүйлийг барьж авах болсноор би өөрийн дурласан жаал охины эхтэй ханилан суусан маань эхнэртээ орь залуу насыг нь захиалгаар эргүүлж авчрахад тусалсан мэт байв. Тэрбээр “гал голомтоо өөд татах” гэж “залуу эзэгтэйн” аагаар нэгэн биеэ хайрлахгүй зүтгэж гарав. Би энэ “гал голомтын” завсар заальхай болгоныг цээжээр мэдэж байлаа. Ширээнийхээ ард сууж байхдаа гэрийн дотуур Лолитагийн явдаг замналыг зураг дээр сэтгэлчлэн буулгаж байсан тэр цагаас хойш мэдэх бөгөөд бүр амь нэг мэт, бие сэтгэлээрээ бохир заваан, замбараагүй түүний салшгүй хэсэг нь болж орхиод, одоо Шарлоттагийн бэлдсэн хувин дүүрэн будаг, оохор, тамхины өнгөт шар замаасаг сэлтийн өмнө айж бэмбэгнэн буй сэтгэгдэл төрөх ажээ.
...Визави эмгэнийд үе үе “айлчлан очдог” боловч хатагтай Шеридан, хатагтай Мак-Кристал, хатагтай Найти болон бусад баян тансаг авгай нарынд очдог, цэцэрлэгийн “хүлээн авалт” дээр уулздаг, утсаар удтал ярьдаг ч, хатагтай нар манай Шарлоттаг гэж орж ирдэггүй байж. Харин Чилид ажил хэргээр жуулчилж яваад яг бидний хуримын өмнөхөн эргэж ирсэн Фарло овогт нэгэн гэрийн эр, эм хоёр лугаа ямар нэг хар буруу санаагүй, ашиг завшаан бодолгүй жинхэнэ сайн нөхдийн ёсоор дотносон нөхөрлөжээ.
Жон Фарло бол тамирчин хүний булчинсаг чийрэг биетэй, спортын бараа худалдаалдаг, контор нь манайхаас дөчөөд бээрийн зайтай орших, арилжаа наймаа нь бүтэмжтэй яваг даж буй хижээл насны тайван дөлгөөн хүн байв. Энэ Фарло намайг кольт гэдэг зүйлд хэрэгтэй бүх хэрэгслээр хангаж, нэгэн ням гарагт нуурын дэргэдэх төгөлд зугаацахаар явах үедээ яаж хэрэглэхийг зааж өгсөн юм. Фарло бас өөрийн нь инээмсэглэн өгүүлснээр “өмгөөлөгч ухаантай” гэх агаад тухайн үедээ Шарлоттагийн зарим ажил хэргийг аялуулж өгсөн гэнэ.
Эхнэр Жоана нь түүний үеэл дүү аж. Тэр далиу хүрээтэй нүдний шил зүүдэг урт хөлтэй, овор багатай хүүхэн хоёр шар бух нохойтой, хоёр шовх хөхтэй, том улаан амтай. Тэрбээр байгалийн ба хөрөг зураг зурдаг. Нэг удаа түүний зурсан бяцхан зээ охин Розалина Грацын нь хөргийг би магтаж байснаа санана. Скаутын ногоон ноосон малгай, бүстэй, дал мөрөө хүртэл унжсан сайхан бужгар үстэй хөөрхөн улаан ягаан охин байсан юм даг.
Жон зууж байсан гаансаа аваад Долли (миний Лолита), Розалина хоёр сургууль дээрээ таарамж муутай байдаг нь харамсалтай, гэвч өөр өөрийн зуслангаас ирээд хоорондоо сайн болох биз гэхэд нь бид бүгдээр түүний амыг дагуулав. Бид сургуулийн тухай ярилаа.
Сургуульд сайн юм ч бий, саар юм ч бий гэлцэв. Жоныг “манай худалдаачдын дотор итали хүн олон байгаа, гэхдээ бид одоо болтол тэнгэрийн авралаар муусайн жү...” хэмээн ярьж эхэлтэл Жоанна түүний үгийг даруй тасалж: “Манайхны хоёр охин зуныг хамт өнгөрүүлсэн бол сайхан байсан юм” гэлээ. Тэгэхэд нь бие нь борлож, толгой нь эргэж нойрмоглосон Лолитагийн зуслангаас эргэж ирэхийг ургуулан бодоод халуун хүсэл бадран тэсэж ядсандаа золтой л цурхируулан уйлчихсангүй.
СЭТГЭГДЭЛ