Хэдхэн хоногийн өмнө СИНГАПУРЫН ХӨГЖЛИЙН НУУЦ: Гуравдагч ертөнцийн орон үсрэнгүй хөгжилд хүрсэн түүх 1965-2000” номын нээлт болж, уншигч бидний гар дээр ирсэн билээ. Уг ном нь Сингапурын анхны ерөнхий сайд Ли Куан Югийн дурдатгал бөгөөд тэрээр энэ номдоо Сингапурыг хэрхэн улсын дайтай улс болгож, капиталист болон коммунист хөгжлийн загварыг эс хайхран өөрийн онцлогтой өвөрмөц замаар улс орноо хөгжүүлсэн тухайгаа өгүүлжээ. Ингээд уншигч та бүхэнд уг номын орчуулагч Н.Монголмаатай хийсэн ярилцлагаа хүргэе.
Энэ номыг яагаад орчуулах болсон талаар яриагаа эхэлье.
-Би Тайланд улсын нийслэл Бангкок хотноо нэгэн олон улсын байгууллагад ажиллаж, тэнд амьдарч байхдаа энэ номыг 2013 онд “Asia books” номын дэлгүүрээс худалдан авч уншсан юм. Учир нь Сингапурын хөгжлийн нууцыг дэлхий нийт, ялангуяа Ази тивийн олон орон сонирхон судалж туршлагаас нь суралцаж, хуулбарлаж, зарим нь тодорхой хэмжээнд амжилт олсон байдаг. Ли Куан Ю-г ерөнхий сайдын ажлаа өгснийх нь дараа олон орны ерөнхий сайд нар түүнийг зөвлөхөөр урьж, санал зөвлөмжийг нь сонсдог байсан юм.
Тиймээс надад цаг зав бага байсан ч гэлээ энэ номыг маш их сонирхож, шимтэж уншсан. Би анх англи хэл дээр уншаад үүнийг орчуулах юмсан, монголчууддаа уншуулах юмсан гэсэн хүсэл оргилсон. Ингэж яваад “Монсудар” хэвлэлийн газартай холбогдож албан ёсны эрхтэйгээр монгол хэлнээ орчуулсан нь миний хувьд маш их баяртай үйл явдал болж байна.
Та Ли Куан Ю удирдагчийн ямар үзэл баримтлал, бодлоготой хамгийн их санал нэгдсэн бэ?
-Ли Куан Ю бол хүндэлж биширмээр, гайхалтай мундаг удирдагч. Мөн чадварлаг туслахууд, нөхдөөр багаа бүрдүүлсэн хүн.
Тэр авлигатай тууштай, зоригтой, чанга хатуу тэмцсэн. Засаглалын дээд түвшинд гардаг том хэмжээний авлигалыг таслан зогсоохын төлөө тууштай тэмцэж чадахгүй л юм бол авлигалтай тэмцэх гэх нь цагийн гарз гэж энэ номдоо бичсэн байна. Энэ зарчмыг өөрөө ч тууштай хэрэгжүүлж, авлига авсан нь нотлогдсон бол найз нөхөр гэж харж үзэж байсангүй, хууль, шүүхийн процесст хөндлөнгөөс оролцолгүй явж ирж. Засгийн газар дахь авлигал бол нийгмийн хорлонт дайсан гэж жигшдэг соёлыг нийгэмдээ бий болгожээ.
Авлига авсан гэж гүтгэгдсэн, эсвэл хэвлэлд бичигдсэн бол тухайн улс төрч өөрийгөө буруугүй гэдгээ шүүхээр тогтоолгох ёстой гэсэн хандлагыг улс төрчдийн дунд, нийгмийнхээ дотор төлөвшүүлжээ.
Түүнчлэн Сингапурын амжилтын бас нэг чухал зарчим бол эдийн засгийн хөгжлийн үр шимийг ард иргэддээ шударгаар хуваарилах явдал гэж тайлбарлажээ. Гэвч хөгжлийн үр шимийг шударгаар хуваарилна гэдгийг халамж тараах гэж томьёолсонгүй. Сингапур халамжийн бодлогоос харин ч татгалзсаар ирж. Зөвхөн хүмүүсийг тогтвортой ажлын байртай болгох, ажил хийж буй хүн бүрийг хуримтлалтай болгох, айл өрх бүрийг орон сууц, хувьцаа эзэмшигч болгох, эрүүл мэнд, боловсролын чанар, амьдрах орчныг дэлхийн түвшинд аваачих зэргээр бодит өөрчлөлтөөр хөгжлийн үр шимийг ард иргэддээ хүртээсэн байгаа юм.
Сингапурын хөгжлийн нууцаас бидэнд жаахныг ч болтугай тайлж өгөхгүй юу?
-Ли Куан Ю олон жил засгийн газрыг удирдахдаа ямар ч хувийн шуналгүй, тодорхойлсон зарчим, зорилгодоо үнэнч байж, урт хугацааны тогтвортой хөгжлийн үндсийг тавихын төлөө ажилласан байдаг. Яг үнэндээ бол энэ номыг уншсаны дараа Сингапурчууд ийм мундаг удирдагчтай байсан ямар азтай хүмүүс вэ гэсэн бодол өөрийн эрхгүй төрж байлаа.
Сингапурын хөгжлийн жор, нууцыг Ли Куан Ю өөрөө цөөн хэдэн үгээр тодорхойлсон байдаг.
Юуны түрүүнд энэ бол засгийн газрын сайд нарын, ажил хариуцсан хүний чадвар, тэднийг дэмжин ажилладаг төрийн албан хаагчдын чадвар, чанар гэж бичжээ.
Хамгийн чадвартай хүмүүсийг сайд, удирдах албан тушаалд томилж, мэдлэг чадварыг дээдлэх зарчмыг нийтийн албанд тууштай баримталжээ.
Ли Куан Ю хэзээ ч аливаа асуудалд өнгөц хандаж, богино хугааны улс төрийн ашиг хонжоо олох гэсэн, эсвэл хэсэг бүлгийн ашиг сонирхолд нийцүүлсэн шийдлээр аргацааж байсангүй. Тэрээр үргэлж үндэсний эрх ашиг, ард иргэдийн эрх ашиг, урт хугацааны, тогтвортой хөгжлийг чухалчилж байсан хүн.
Энэ асуултанд бүрэн дүүрэн хариулт өгнө гэвэл номыг бүтнээр нь ярих хэрэг гарах учраас ингээд зогсъё. Тэгээд ч уншигчид маань өөрсдөө нууцыг тайлж мэдвэл илүү сонирхолтой, үр өгөөжтэй болов уу гэж бодож байна.
Мэдээж та номыг орчуулж байх явцдаа Монгол улсаа харьцуулж үзсэн байх. Бидэнд Сингапуртай адилхан хөгжин дэвших боломж хэр байна гэж бодогдсон бэ?
Сингапур 60 жилийн өмнө дорой буурай хөгжилтэй, газрын баялаг байтугай ундны цэвэр ус ч үгүй жижигхэн хот-улс байсан. Гэтэл манайд газрын баялаг, нөөц боломж, өргөн уудам газар нутаг, тусгаар тогтнол, эрдэнэт мал сүрэг гээд үндэсний үнэт зүйл асар их байна. Тиймээс бидэнд дутагдаж байгаа зүйл бол ердөө л эх оронч сэтгэлгээ юм шиг санагдсан.
Энэ номын орчуулагчийн хувьвд манай уншигчдад хандаж та юу хэлэх вэ?
-Манайхан энэ номыг унших зууртаа монголчуудын өнөө цаг үеийн байр байдал, цаашид хөгжихэд юу дутагдаад, юу болохгүй байна вэ гэдгийн талаар давхар бодож эргэцүүлэх нь гарцаагүй. Монгол улсад нүүрлээд байгаа, монголчуудын өмнө тулгараад байгаа асуудлын мөн чанарыг томоор нь харж, ойлгоход энэ ном чухал хувь нэмэр оруулах байх гэж бодож байгаа.
Улс орон, ард иргэдийнхээ төлөө шударга, чадварлаг, үр ашигтай ажилладаг Засгийн газар хэний ч төсөөлж байгаагүй амжилтад хүрсэн Сингапурын туршлага хүн бүрт нэгийг бодогдуулж, хоёрыг ухааруулах биз ээ.
Монголчууд бид удахгүй томоохон улс төрийн сонголт хийнэ. Дараагийн ерөнхийлөгчөө сонгоно. Түүний дараа ч олон удаа сонголт хийнэ. Бид өөрсдийнхөө яаж явж ирснийг бусад улс орон яаж хөгжиж ирсэнтэй харьцуулаад алдаа оноогоо шүүн тунгааж, цаашид энэ улс оронд хариуцлагатай, ёс зүйтэй, авлигалаас ангид, хэн нэгний эсвэл хэсэг бүлгийн ашиг сонирхлоос хол улс төрийг улам хүчтэй шаарддаг, нэхдэг болох хэрэгтэй болж байна.
Ли Куан Ю гуайн энэхүү дурдатгал уншсан хүмүүсийнхээ оюун мэдлэгийг улам баяжуулж, илүү гэгээлэг ирээдүйг хүссэн зориг, эрмэлзлийг нь бадраах болтугай гэж ерөөе.
Цаг зав гарган ярилцлага өгсөн танд баярлалаа. Цаашдын ажилд тань амжилт хүсье.
СЭТГЭГДЭЛ