Хүүхдийн ном унших хүслийг өдөөх, унших чадварыг дээшлүүлэх зорилго бүхий “Сургуулийн номын сан” төсөл 28-р сургуультай хамтран нээлтээ хийлээ. Эл төслийн хүрээнд сургуулийн номын санг чанартай, сурагчдын нас, сэтгэхүй, хэрэгцээнд нийцсэн, сонголт сайтай унших ном болон бусад материалаар хангах, ном сан, танхимыг сайжруулж тохируулах, хүүхдийн ном унших дадлыг дэмжих зорилготой төсөл билээ.
Тэгвэл энэхүү төсөл ахлах, дунд, бага ангиудад гурван жилийн хугацаанд зохион байгуулагдана гэв. Уг төслийг нээж ““Номын сан” санаачлагч, 28-р сургуулийн захирал Л.Отгонсүрэн үг хэллээ.
“Энд хүрэлцэн ирсэн эрхэм хүндэт хүмүүс, мөн манай төслийн хэрэглэгч хүүхдүүддээ баярлалаа. Өнгөрсөн оны өдийд буюу арванхоёрдугаар сарын сүүлчээр “Манай сургууль жинхэнэ номын сантай болох юм сан” гэх хүслээ гурван хэвлэлийн газар хүргүүлсэн юм. Уг хүсэлд маань “Монсудар” хэвлэлийн газар нааштай хариу өгсний үр дүнд энэ төсөл эхэлсэн.
Бид номоо авчихлаа, гоё номын сантай боллоо гэхээс илүү өөр чухал зүйл үүний ард байгааг олж харсан юм. Энэ төслийн ачаар номын сан, ном тойрсон ажилчид, багш, сурган хүмүүжүүлэгч бидний номын талаарх ойлголт ч өөрчлөгдөж эхэлсэн юм.
Энэ төслөөр зөвхөн манай сургууль гоё номын сантай боллоо гээд дуусна гэж байхгүй шүү. Бид энэ соёлыг цааш түгээн дэлгэрүүлэх ажлыг эхлүүлж байна. Энэхүү төслийг цаашдаа Монгол даяар түгээн дэлгэрүүлэхээр зорих болно” хэмээн ярилаа.
Төслийн зөвлөх Менсерт Берт сэтгэгдлээ мөн ийн хэлээ.
“Би үнэхээр догдолж байна. Номын сантай болох хүсэлтийг бид 28-р сургуулиас авсан юм. Хүсэлтийн дагуу сургуулийн номын сантай нь танилцахад Л.Отгонсүрэн захирал гунигтай нүдээр над руу харсан юм. Тэр цагаас хойш төслийн багийнхан маань аялалдаа гарсан даа. “Бид уншигч” ТББ байгуулаад, Монголд байгаа бүх төрийн бус байгууллага, “жинхэнэ” үйл ажиллагаатай номын санг бий болгоё гэсэн санаатай ажиллаж эхэлсэн. Бидний гол зорилго бол сайн номыг хүүхдүүдэд хүргэх мөн хүүхдийг унших, суралцах таатай орчныг бүрдүүлэх, түүнээс гадна багшийг номтой ажиллуулж сургах юм. Энэ төсөл зөвхөн нэг удаагийн ажил биш байнгын үйл хэрэг байх болно. Бид энэ төслийн арай өөрөөр хийж эхэлж байна. Номын санд нь биш хүүхдэд илүү ойр байх үүднээс анги бүрт номоо байрлуулна. Хүүхэд номын сангаас суралцаж, эрэл хайгуул хийдэг газар байхыг зорьж байна. Мөн багш нар номыг хэрхэн ашиглах тал дээр мэдлэг бага байх нь бий. Бид энэ тал дээр туслахаар зориод байна.
Та нарын харж байгаачлан бид хүүхдүүдэд зөвхөн ном өгөхгүй. Бид хүүхдэд номд дурлах хүслийг өгмөөр байна. Бид зөвхөн ном өгч байгаа мэт харагдаж магадгүй. Гэхдээ бид ирээдүйдээ том хөрөнгө оруулалт хийж байна. Та ч бас энэ бүхний нэг хэсэг байж болно” хэмээн ярилаа.
Энэхүү төслийн ахлах зөвлөх, Япон улсын иргэн Кеичи Сато өөрийн судалгааг мөн танилцуулав.
“Энэхүү сургуулийн бага ангид 1200 гаруй хүүхэд суралцдаг. Бид тэднээс номд дуртай байдал, хэр их ном уншдаг, ном уншихад юу тусалдаг талаар судалгаа авсан юм. Үүнийгээ Японы нөхцөл байдалтай харьцуулсан дүгнэлтээр харуулъя. Энэхүү судалгааны эхний асуултад хүүхдүүдийн 60-аас дээш хувь нь “Ном унших дуртай” гэж хариулсан байна. Хоёр дахь асуултад 70-аас дээш хувь нь “Уншдаггүй” болон “Сард 1-2 ном уншдаг” гэж хариулсан байна. Японд хийсэн судалгаагаар нэгдүгээр ангийн хүүхэд сард 7-8 ном уншдаг. Дунджаар зургаан ном уншдаг. Эдгээр ном нь гэхдээ хүнд биш уншихад амар ном байдаг гэдгийг дурдах хэрэгтэй байх. Дараа нь хүүхдүүдээс “Ном унших дадалд хэн нөлөөлдөг вэ” гэсэн асуултыг тавьсан. Японд гаднын нөлөөгөөр буюу номын сан, багш гэрийнхэн нь унш гэж дэмжиж, дадал болгоход анхаардаг. Гэтэл манайд хийсэн судалгаагаар хүүхдийн ихэнх нь унших номоо өөрсдөө авдаг. Номын санчаар 3,7 хувь нь дэмжлэг авсан байна.
Энэ судалгаанаас харахад хүүхдэд ном унших хэрэгцээ байна гэж харж байна. Энэ сургуульд хийсэн аргачлалаа бид бусад сургуульд мөн ашиглах төлөвлөгөөтэй ажиллаж байна” хэмээн ярилаа.
Уг төслийн удирдагч Адмон группын захирал Р.Энхбат өөрийн сэтгэгдлээ хуваалцлаа.
“Энэхүү төслийн нээлт болж байгаад би хувьдаа баяртай байна.
Багш нар манай төсөлтэй хамтарч байж л энэ төсөл амьтай болох учир багш нар илүүтэй ажиллах шаардлагатай болох байх. Одоо сайхан сонсогдож байгаа боловч маш махруу ажил өрнөх нь ээ. Манай төслийн гаднын мэргэжилтнүүдийг хараад “Мундаг юм” гэж бахархаж байлаа. Хоосноос эхлээд өнөөдрийг хүргэлээ. Бодитой юм шүү гэдгийг харуулах боломж гаргаж ирлээ шүү дээ. Унших дадал бол насан туршийн боловсрол.
Хүүхэд багадаа ном унших дуртай байсан ч төгсөөд ахиж ном харахаа больчихсон болох жишээ бий. Ном уншиж, бичиг үсэг тайлагдах биш номоос өдөр тутамдаа өөрт хэрэгтэй зүйлүүдээ авч чаддаг болох тийм л зорилго бидэнд бий. Номын сан нь хичээлтэй холбогдож, хичээлийн сэдвийг гүнзгийрүүлж, өргөтгөх хэлбэрээр бид энэ төслийг хэрэгжүүлж байна” хэмээн ярилаа.
Мөн нээлтийн үйл ажиллагааны дараа 28-р сургуулийн сурагчид “Хараацай ба хэдгэнэ” зохиолоос сэдэвлэн бэлдсэн жүжгээ толилуулсан билээ.
СЭТГЭГДЭЛ