"Өнгөний урлаг" номыг орчуулах төслийг санаачлагч, уран бүтээлч, багш Катя Бринкманнтай ярилцсан яриаг хүргэж байна.
– Танд энэ өдрийн мэнд хүргэе, хатагтай Бринкманн. Та чөлөөт уран бүтээлч, үүнийхээ зэрэгцээ сүүлийн хэдэн жил СУИС-ийн Дүрслэх, дизайн урагийн сургуульд (одоо Дүрслэх урлагийн академи болсон) “монументаль уран зургийн” хичээл зааж байсан. Иоханнес Иттений “Өнгөний урлаг” ном монгол хэлээр орчуулагдсан гарахад таны санал санаачилга үлэмж нөлөөлсөн. Түүний зэрэгцээ уг номд мэргэжлийн редактораар ажиллаж, туслалцаа үзүүлсэн. Та энэ номыг яагаад ингэж чухалчилдаг юм бэ? Бас Иоханнес Иттений тухай ярьж өгөөч?
Улаанбаатар хотноо Дүрслэх урлагийн сургуульд хоёр жил хичээл заахад минь Иоханнес Иттений бичсэн “Өнгөний урлаг” ном нэг ёсондоо ямагт хөтөч, гарын авлага минь болж байсан юм. Би ихэвчлэн натюрморт зураг зааж байсан ба өнгөтэй ажиллах ажиллагаа бол энэ сургалтын маань нэг чухал хэсэг юм.
“Өнгөний урлаг” ном бол өнгөний онолын суурь бүтээлийн нэг. 1961 онд анх хэвлүүлсэн энэ номдоо Иоханнес Иттен насан туршдаа хуримтлуулсан мэдлэг туршлагаа эмхэтгэж багтаасан. Арван хоёр хэсэгт өнгөний тойрог ба өнгөний долоон эрс тэс ялгарлын тухай түүний онол өнөөг хүртэл манайд урлагийн дизайны суурь болсоор байгаа ба өнгийг ойлгох чухал эх үндэс болдог. Номд буй олон тооны өнгөт хүснэгтүүд өнгөний онолыг ойлгомжтой тодорхой харуулах учир миний хичээлд маш их тус болсон. Насан туршдаа зураач, багшийн ажил хийж явсан Иттен урлагийн мэдлэгээ тодорхой ойлгомжтой болгох, тод томруун байдлаар бусдад түгээхийг ямагт эрмэлзэж ирсэн. Энэ номд шингэсэн гол онцлогуудын нэг бол чухам энэ шинж чанар. Энэ бүтээл бол цэвэр онолын ном биш, харин уран бүтээлч, бас дизайнер хүн бодит практикт шууд хэрэглэж болох өнгөний онол сургаал юм. Тиймээс ч энэ номд практик дасгал ажиллах заавар зөвлөмжүүд бас бий. Энэ номыг хичээлдээ ашиглахад үнэхээр үр дүнтэй байснаас гадна оюутнууд маань ч их сонирхсон. Тиймээс “Өнгөний урлаг” ном ийнхүү монгол хэлээр орчуулагдан гарч, оюутан бүр, сонирхсон хүн бүр бие даан унших, энэ номтой ажиллах боломж бүрдсэнд би маш их баяртай байна.
– Иттен эхэн үедээ ажиллаж байсан, саяхан 100 жилийн ой нь тохиосон Баухаус сургууль өдгөө архитектур, дизайн үйлдвэрлэлээрээ дэлхий дахинд танигдсан. Баухаусын ач холбогдол чухам юу вэ, яагаад өнөөг хүртэл ач холбогдол байр сууриа алдаагүй байгаагийн учир юу вэ?
Баухаус нь Дэлхийн нэгдүгээр дайны дараа тухайн үед гарч ирсэн шинэчлэгч олон урсгал хөдөлгөөний нэг болж анх байгуулагдсан нийгэм, улс төрийн асуудлыг үзэл баримтлалдаа багтаахыг зорьсон дизайны сургууль юм. Энэ сургууль нь урлаг ба гар урлалын хил зааг, түүнчлэн архитектур, театр, уран зураг, дизайн гэх мэт янз бүрийн салбарын хоорондын хил заагийг арилгаж, ингэснээрээ инстолляци, гүйцэтгэлийн урлаг гэх мэт урлагийн шинэ төрлүүд үүсэх үндэс суурийг тавьсан. Хэлэлцүүлэг, туршилтын ажиллагааг дэмжсэн сурган хүмүүжүүлэх шинэ үзэл баримтлалыг боловсруулсан. Зарим багш нь нар АНУ руу гарч, мөн гадаадын олон улс орноос оюутан сурагчид суралцах болсноор энэ сургуулийн онол сургаал дэлхий даяар түгсэн.
Багш нарын бүрэлдэхүүн маш өргөн байснаас шалтгаалан Баухаусын сургалтын агуулгын чиглэл дотроо ялгаатай, олон өнгө төрхтэй байв. Иоханнес Иттен 1919-1923 оны хооронд Ваймар хот дахь Баухауст багшилж байсан бөгөөд түүний боловсруулсан бэлтгэл курсийн сургалт баухаусын эхэн үеийг голчлон бүрдүүлж байв. Уламжлалт урлагийн академиудын заншил ёсоор оюутнуудад ямар нэгэн загвар дүрс өгөн, хуулж зуруулахын оронд Иттен тэднийг өөрийн гэсэн субьектив мэдрэмжтэй байх, бүтээлчээр дүрсэлж зурахыг нь зоригжуулж дэмжсэн юм. Хичээлийг шинэ арга хэлбэрээр явуулснаараа тэрээр дүрслэх урлагийн дизайны үндсэн хуулиудыг зааж сургахыг зорьсноос гадна оюутнуудад бүтээлч чадвараа хөгжүүлэх замыг нь засаж өгсөн юм. Түүний сурган хүмүүжүүлэх үзэл баримтлал өнөөг хүртэл барууны ертөнцийн уран зургийн сургалтад, ялангуяа дизайны үндсийг заахад нөлөөтэй хэвээр байна.
– Та өөрийгөө жаахан танилцуулаач. Өөрийнхөө уран бүтээлийн талаар юу хэлэх тань сонирхолтой байна?
Бүтээлүүд маань ямагт дүрслэлийн хэрэглүүрүүдтэй, өнгө ба өнгө тавилтын чанартай, хийсвэрлэл ба объектив байдлын хоорондох харьцаатай ажилласан ажиллагаанаас бүтдэг. Миний зургууд бодит бус, абстракт шинжтэй, гэхдээ үзсэн хүн тухайлбал гэрлийн цацраг, тууз эсвэл хөгжмийн хэмнэл гэх мэт ямар нэгэн холбоо хоршил олж харна.
Монголд ажиллаж амьдарсан хугацаа миний зургуудад бас өөрчлөлт авчирсан. 2017 онд би Монголын байгаль хийгээд гэрлийн өнгө, хэлбэр дүрс, түүнчлэн монгол гэрийн доторх өнгөлөг тод өнгөнүүд, бүтэц зохион байгуулалтаас санаа авч, гэхдээ тэдгээрийг шууд дуурайн харуулахгүйгээр илэрхийлсэн цуврал цаасан ажил хийж эхэлсэн. 2020 онд нэгэн урлагийн фестивальд оролцох үедээ би говийн элс шорооноос авч, тэдгээрийг акрил будагтай зэрэгцүүлэн бас нэг өнгө будаг болгож ашигласан. Ингэснээр миний зургуудад өнгөний шинэ хөг бий болж байгаа юм.
Вальдкрайбург хотын галерейд гарсан “Саруул тал” (2021 оны 10 сарын 1-нээс- 11 сарын 21 хүртэл) нэртэй үзэсгэлэндээ би цаасан ажлуудаасаа гадна анх удаа зураач хүний өнцгөөс Монгол авсан гэрэл зургуудаа дэлгэж тавьсан. Энэ мэтчилэн миний ажлын арга барилд ямагт шинэ сэдэв, шинэ талбарууд үүсэж хөгжиж байдаг.
Заримдаа маш том хэмжээтэй зотон дээр ажиллахаас гадна бас орон зайд баригдаж ажиллана. Жишээлбэл ямар нэг газарт зориулан ханын зураг юм уу хивс урлаж, аль эсвэл зургуудаа дижитал зургийн монтаж, эвлүүлэг хэлбэрээр хотын орон зайд хувиргаж шилжүүлдэг.
– Та 2013 онд Монголд анх ирснээсээ хойш олон ч удаа ирсэн. Тэр ч бүү хэл монгол хэл сурсан шүү дээ. Монгол орон яагаад таны сэтгэлийг ингэж их татсан юм бэ?
Анх удаа Монголд жуулчилж ирсэн аялал надад удтал арилшгүй үлдэх гүн сэтгэгдэл төрүүлсэн болохоор би энэ улс, энэ улсын соёлыг идэвхтэй судалж, байнга холбоотой байдаг болсон юм. Ерөөсөө Монголын өнгө аяс бүхэлдээ, - ургамал мод багатай уужим цэлгэр нутаг, гэрэл, ээлжлэн солигдох өнгө, бас хүн хоорондын харилцаа надад гүн сэтгэгдэл төрүүлсэн. Түүнчлэн монгол гэрийн доторх тод өнгөлөг байдал, хээ хуар болон үндэсний хөгжим ч гайхалтай санагдсан.
Дараа дараагийн аяллаар ирэхдээ, бас Улаанбаатарт удаан хугацаагаар саатахдаа би өөр олон янзын өнгө төрхийг харж, энэ улсын олон талтай танилцсан.
Монголд амьдрах миний хувьд олон талаараа томоохон сорилт байсан л даа. Гэхдээ л тэнд өдөр бүр сонирхолтой өнгөрч, хувь хүний хувьд ертөнцийг минь тэлж баяжуулж өгдөг.
Энд, Герман дахь өдөр тутмын амьдралын минь яг эсрэг тэсрэг зүйл олон. Малчин айлд зочилж очиж, хөдөө саатахдаа би бүр их дуртай. Өдөр хоног өнгөрөх тусам би монголын соёлыг илүү сайн танилцаж, Улаанбаатарт өрнөж буй олон өнгө төрхтэй, идэвхтэй урлаг соёлын амьдралыг ихэд сонирхож ажиглаж байна. Монголд чухам яагаад татагдах болсон шалтгаанаа яг цохож хэлж чадахгүй ч гэлээ энэ улсад очих хүсэл минь унтраагүй, харин ч эсрэгээрээ: Тэндхийн амьдралд “шумбаж орох” хүсэл минь улам ч нэмэгдсээр байна.
–СУИС-д хичээл заах танд ямархуу санагдсан бэ? Монгол оюутнуудтай ажиллах ямар байв?
Оюутнуудтай ажиллах тун ч сэтгэл хөдөлгөм үйл явдал байсан, байсаар ч байх болно. Эхэн үедээ бол хичээл маань би оюутнуудыг, оюутнууд намайг сониучирхах, хоорондоо алгуурхан ойртож танилцах маягаар эхэлсэн, миний монгол хэлний мэдлэг ч тэр үед тааруухан байлаа.
Юун түрүүнд би оюутнууд маань яаж ажилладаг, ямар суурьтайг мэдэж авах, түүнчлэн би өөрийнхөө зүгээс өгөх мэдлэг, туршлагаа ямар хэлбэрээр өгвөл тэдэнд сонирхолтой байх вэ гэдгийг эргэцүүлж бодох хэрэгтэй болсон. Нэг талаас би өөрийнхөө мэдлэгийг тэдэнд дамжуулж, шинэ сэдэл, түлхэц өгөхийг хүссэн. Нөгөөтээгүүр тэдэнд ямар нэгэн шинэ зүйлийг зүгээр л хүчээр тулгах бус, харин болгоомжтой ажигласны дараагаар санал болгож, өөр өөрийнхөө замыг хайх эрэлд нь хөтөч, туслагч болохыг хүссэн дээ.
Монгол оюутнууд насны хувьд бага залуу, бас нарийн тодорхой даалгаварт дасаж сурсан байдаг. Гэхдээ үүнийхээ зэрэгцээ нээлттэй, сониуч, шинэ зүйл хүлээж авахдаа бэлэн байдаг. Энэ надад тун сонирхолтой байсан. Би ч өөрөө тэдний уламжлал заншлын тухай, урлагт хандах хандлагын талаар гэхчлэн олон зүйлийг тэднээс сурч авсан. Занабазарын нэрэмжит музейг хамтдаа үзэж, тэнд буй урлагийн бүтээлүүдийг би тэдэнд бус, тэд харин өөр өөрсдийнх нь өнцгөөс надад тайлбарлаж байсан үе сайхан дурсамж болж үлджээ. Зарим оюутнуудтай одоо ч холбоотой байгаадаа баяртай явдаг.
– Та одоогоор эх нутагтаа, Берлинд байгаа. Монголд хэзээ ирэх вэ? Ойрын жилүүдэд хувийн болон уран бүтээлийн ямар төлөвлөгөөтэй байна вэ?
Удахгүй Монголд түр хугацаагаар ч болов ахин очих боломж гарах болов уу гэж найдаж байна. Ирэх жилийн зуны эхээр би эндээ, Берлинд барилга дээр урлаг бүтээх нэгэн төсөлд зориулан том хэмжээтэй ханын зураг зурах ажилтай. Түүнийхээ дараа Монголд очиж нэг жил, магадгүй түүнээс ч удаан хугацаагаар ажиллаж амьдрах хүсэлтэй байгаа. Одоогоор би Берлин дэх урландаа бас л том хэмжээтэй зургууд дээр ажиллаж байна. Монголд очоод цаасан ажлуудаа үргэлжлүүлж, гэрэл зургийн төслүүдээ урагшлуулж, „Spirit of Gobi - 2020“ наадамд эхлүүлж байсан ландшафтын ажлаа ахиад барьж авна даа. Бас мэдээж хэрэг монгол хэлнээ орчуулагдсан Иттений өнгөний онолын номоороо хичээлээ үргэлжлүүлэн заах боломж олдвол их баярлах болно. Өөр ч олон санаа оноо байна даа.
СЭТГЭГДЭЛ