“Монсудар хэвлэлийн газар”, “Гёте Институт”-тэй хамтран зохион байгуулсан “Монголоос алдагдсан зүйлсийн жагсаалт” уралдаанд гутгаар байр эзэлсэн орчуулагч, зохиолч Д.Дашмөнхтэй ярилцсан яриаг хүргэж байна.
-Сайн байна уу? Шагнал авсанд тань баяр хүргэе. Анх энэ уралдааны талаар хэрхэн мэдсэн бэ?
Энэ уралдааны талаар анхлан “Монсудар” хэвлэлийн газрын вэб хуудаснаас уншсан. Тус уралдааны сэдэв нь сонирхолтой байсан болохоор оролцохоор шийдсэн дээ.
-Таны бүтээл монгол туулийн тухай бичигджээ. Анх санаагаа хэрхэн олж байв?
Энэ бүтээлээ би өмнө нь биччихсэн байсан юм. Бичих сэдэл маань их холоос улбаатай. Удмынхаа түүхээс хүүрнэх учиртай болох нь. Хөгшин аав маань Мажарын Цээпил гэж өргөн магнайтай, нүд хөмсөг сайтай, дөрвөлжин эрүүтэй янхигар цагаан буурай байсан. Хөгшин аавын маань хоймрын авдран дээр байдаг жаазтай зургууд дунд нэгэн хуучны гэрэл зураг байдаг байлаа. Тэр гэрэл зураг дээр монгол дээл өмссөн сахалтай орос хүн, товшуур барьсан туульч болон өвдөг дээрээ бичгийн самбар тавьж, үзэг атган, дээлээ сугалдаргалсан эр гурав байдаг юм. Одоо бол энэ гэрэл зургийг интернетээс хайгаад үзэж болно. Аав надад тэр үзэг атгасан хүнийг зааж "Хөгшин аавын чинь аав" гэж хэлж өгсөн юмдаг. Үнэхээр тэр хүн хар үстэй л болохоос хөгшин аавтай минь зүйргүй адилхан харагддаг.
Бүр хожим аав надад тэр гэрэл зургийг Хэл зохиолын хүрээлэнгийнхэн Оросын Ленинградын архиваас гар бичмэлийн хамт хуулбарлаж авчирсныг учирлаж тайлбарлаж, гуйж явж, хуулбарлаж аваад өвөөд өгсөн гэдгээ, энэ гэрэл зургийг Бурдуков Парчин туульчаар "Бум эрдэнэ" туулийг хайлуулж Мажар бичээчээр бичүүлж байх үеэрээ сүүдэрлэсэн гэдгийг, өвөөгийн маань аав нутаг усандаа алдартай бичээч байсан гэдгийг ярьсан юм.
Ер нь бол Бурдуков "Дань хүрэл", "Бум эрдэнэ" гэхчилэн 3-4 тууль цаасан дээр бичүүлж авсан бололтой байдаг. Тэр бүгдийг Мажар бичээч бичиж өгчээ. Тиймээс ч би туурийнхаа өмнө "М.Цээпилд өргөв" гэж зүүсэн байгаа. Хөгшин аав маань цагтаа нутаг орондоо дарга даамал хүртэл хийж явсан боловсролтой, ажилч хөдөлмөрч хүн байсан гэлцдэг. Хөгшин аавыгаа таалал төгссөнөөс нэлээн хойно хүртэл би түүнийг аавын минь төрсөн эцэг биш гэдгийг мэддэггүй байсан. Өвөө маань намайг балчир ахуйд нас барсан ч дүр төрх нь одоо ч цээжинд минь тодхон байдаг юм. Би багадаа Бум эрдэнэ, Хан харангуй гэхчилэн туулиудыг уншсан л даа. Энэ бүхэн л нийлж тархинд минь боловсорч явсаар энэхүү постмодерн туурийг бичихэд хүргэсэн хэрэг. Санааг нь арваад жилийн өмнө сэрсэн боловч саявтар л завдаж бичсэн юм.

-Таны бүтээлийн сэдэв, бичлэг гээд тун сонирхолтой өрнөсөн ч арай хурдан дуусчих шиг? Үргэлжлүүлж бичих санаа бий юу?
Энэ туурийг би зөвхөн өвөөгөө санан дурсаж бичсэн төдийгүй биднээс хором хормоор холдон одож буй өв уламжлал, эрдэм мэдлэг, монголын түүхийн гэрэлт агшнуудыг санаж бичсэн юм л даа.
Бид даяаршиж байна гээд латин кирилл үсэгнүүд дунд зэрэмдэглэгдэж, хэрүүл хараалын тамлагыг дуу урлаг гэж солиорч, үндэсний соёл боловсрол, уран зохиол, урлагийн өв уламжлал, ур чадвараа гээгээд байна. Хувь заяаны даажигналаар монголчууд өв уламжлал, соёл урлагийн үнэт зүйлсээ дотроосоо бус гаднаас хайдаг болж байх шиг. Алдагдсан зүйлс...
Монгол тууль дэлхийн бусад улс үндэстнийхээс давж гарна уу гэхээс дутахгүй байх. Гэхдээ миний даруухан туурь туулийн тухай бус монгол бичгийн гайхамшиг, монгол бичээчийн ур чадвар, монголын гайхамшигт баатарлаг туулийг бидэнд ирэхэд тэрхүү ур чадвар хэрхэн тус дэм болсон тухай чадан ядан өгүүлсэн болохоор яриагаа үүгээр хязгаарласан нь зөв болов уу. Учир иймээс зохиолоо үргэлжлүүлэн бичих ч жаахан утгагүй санагдах юм. Тэгээд ч зохиолыг ургуулан сэрж төсөөлөх нь уншигчид олддог гайхамшиг бус уу.
-Баримтат уран зохиол төрлөөр урьд нь та “Эзэн хааны аяга” болон олон өгүүллэг бичиж байсан. Цаашид баримтат уран зохиолын төрлөөр зохиол бичих төлөвлөгөө бий юу?
Зохиол бүтээлээ бичих эгзэг нь таарахаар л бичдэг. Хүсэл санаа хоёр бол тоймгүй. Харин амилах нь хэдийг бүү мэд.
-Та “Алдагдсан зүйлсийн жагсаалт” номтой танилцсан байх. Энэ бүтээлийн талаар сэтгэгдлээ хуваалцаач?
Би тэр номыг уншиж амжаагүй байна. Маш сонирхолтой ном гэж дуулсан, уншихаар захиалчихсан байгаа. Тиймээс хэлэх юм маруухан байна.
Та уралдаанд шалгарсан бүтээлийг эндээс уншаарай.
СЭТГЭГДЭЛ