Ардын хувьсгалын 100 жилийн ойд зориулж, Монсудар хэвлэлийн газраас “Ардын хувьсгал: Үзэл санааны түүх” номыг уншигчдын хүртээл болгосон билээ. 1921 оны Ардын хувьсгалыг өнөөг хүртэл бидний төдийлөн харж байгаагүй, цоо шинэ өнцгөөс үзүүлсэн гэдгээрээ онцлог энэ номын төслийг Монсудар хэвлэлийн газрын ерөнхий захирал Р.Энхбат санаачилж, зохиогчоор нь Б.Дөлгөөн, Б.Батбаатар, М.Бямбасайхан нар ажиллажээ.

Ардын хувьсгалын уг үндэс, нийгмийг үндсээр нь өөрчлөх үзэл санаа хаанаас эхэлж, хэрхэн бидэн дээр ирсэн тухай өгүүлсэн уг бүтээлийн талаар тус номын хамтран зохиогч, ерөнхий редактор, төслийн удирдагч Болдбаатарын Дөлгөөнтэй ярилцлаа. Улс төр судлаач, олон улсын харилцааны түүхч мэргэжилтэй тэрээр 2016 онд өөрийн “Бодит байдал: Монголчуудын өнгөрсөн ба одоо” хэмээх номоо бичиж хэвлүүлсэн төдийгүй Монсудар хэвлэлийн газраас эрхлэн гаргасан “Хунтайж”, “Хуулийн амин сүнс”, “Эрх чөлөөний тухай” номууд дээр орчуулгын редактор, тайлбар толийн зохиогчоор ажиллаж байсан юм.

-       Шинэ бүтээлээр тань уулзаж байгаад таатай байна. Номын хамтран зохиогч, ерөнхий редакторын хувьд энэ ном ямар онцлогтой талаар яриагаа эхлэх үү?

Юун түрүүнд уншигчдадаа Ардын хувьсгалын 100 жилийн ойн баярын мэнд хүргэе. Тэмдэглэлт өдөр нь өнгөрсөн байж болох ч үзэл санаа нь өнгөрөөгүй шүү дээ.

“Ардын хувьсгал: Үзэл санааны түүх” бүтээл нь үйл явдлын дарааллаар, он сар тоочсон, нэг нам эсвэл хэсэг бүлэг хүмүүсийг магтан дуулсан нуршуу уйтгартай түүхийн ном биш юм аа. Машин мотороор хөдөлдөг шиг аливаа түүхэн үйл явдал үзэл санаагаар л хөдөлдөг. 

Тэгэхээр бид 1921 оны Ардын хувьсгалд нөлөөлсөн хүчин зүйлс, үзэл санаа яг хаанаас эхэлж, хэрхэн бидэн дээр ирэв хэмээх асуултыг хүн төрөлхтний соёл иргэншлийн түүхийн үүрийн гэгээ буюу одоогоос 2500 орчим жилийн өмнөх үе хүртэл эрж хайсан юм.

-       Тэгэхээр энэ ном түүх болон философийн бүрэн хэмжээний зурагт нэвтэрхий толь болсон харагдаж байна. Хэн бүхэнд унших хэрэгтэй ном шиг санагдлаа?

Тийм шүү. Бид эртний Грек-Ромын үеэс XX зууны монголчууд хүртэлх хүн төрөлхтний түүхийг элсний ширхэг мэт нарийвчлан дурандсаны үндсэн дээр тэдгээрийн харилцан шүтэлцээ, логик холбоосыг нь эл номдоо тусгасан.

Тиймээс ч хүн төрөлхтнийг хувьсгал хийхэд хүргэсэн, дэлхийг өөрчилсөн үзэл санаа, хамгийн сонирхолтой, сэтгэл хөдлөм дайн тулаан, иргэний дайн, урвалт, төрийн эргэлт, хөшигний цаадах улс төр, далд хуйвалдаан зэргийг өгүүлэхээс гадна шашин, этнологи, нийгэм-соёлын антропологи, урлагийн түүх, дүрслэх урлаг, үндэстнүүдийн сэтгэлгээний онцлог, газар зүйн их нээлтүүд, философийн сор бүтээлүүдийг (зохиогчдын хамт) он дарааллын товчоон, график зургууд, схем, уран зургууд, гэрэл зургуудаар дамжуулан энгийн ойлгомжтой хэл найруулгаар тайлбарласан билээ.

-       Үзэл санааны түүх гэхээр хамрах орон зай, цаг хугацааны тухай дурдаж болох уу?

Эртний Грекийн ардчилал, Ромын бүгд найрамдах улс, Дундад зууны үеийн улс төрийн сэтгэлгээ, Сэргэн мандалтын үе, Шашны шинэчлэлт, Английн хувьсгал, Америкийн хувьсгал, Францын хувьсгал, Оросын хувьсгал, Ардын хувьсгал (мөн хувьсгалын дараах он жилүүд) гээд энэ ном нийт 2500 орчим жилийн хугацааг хамарна. Өөрөөр хэлбэл эртний Грекийн ардчилал нь бүх зүйлийн эхлэл болж цаг хугацаа, орон зайгаар өртөөлөн цуурайтсаар Монголын тал газрыг туулсан гэхэд болно. Тэгэхээр 2500 орчим жилийн түүхийг 250 орчим хуудсанд базна гэдэг амаргүй ажил байсан.

-       Энэ номыг зөвхөн мэргэжлийн хүмүүс гэлтгүй хүн бүр яагаад унших ёстой талаар ба сэтгэгдлээ хэлэх үү?

Нэн түрүүнд “Монсудар” хэвлэлийн газар уншигчдадаа бодсон гэдгийг хэлэх хэрэгтэй. Аливаа хэцүү, ойлгомжгүй мэт санагддаг зүйлсийг утга, чансааг нь алдагдуулалгүй байж болох хамгийн энгийн, ойлгомжтой хэлээр нийтэд хүргэх нь бидний туйлын зорилго байсан. “Агуу санааг энгийнээр” хэмээх үг бидний гол зарчим байв. Ингэхийн тулд нэр томьёоны асуудал хамгийн их хөндөгдөж номд олон удаа дурдагдсан улс төрийн, философийн болон шашны нэр томьёог тайлбар толь хэсэгт дэлгэрэнгүй тайлбарласан билээ.

Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан гаргасан уг ном танд монголчуудын төдийгүй хүн төрөлхтний түүх, соёл иргэншил, философи, урлаг, нийгмийн талаар цогц мэдлэг өгөх болно.

Айл, албан байгууллага бүрийн номын санд байвал зохилтой ном...

СЭТГЭГДЭЛ

Your email address will not be published. Required fields are marked *

/