Швецарийн алдарт зураач, багш, зохиолч Иоханнес Иттены “Өнгөний урлаг” ном монгол хэлний хөрвүүлэгдээд буй. Тэгвэл тус номын нээлтийн үйл ажиллагааг СУИС-ДУА-тай хамтран амжилттай хийж өндөрлөө.
Нээлтийн арга хэмжээг нээж СУИС-ын ДУА-ийн захирал, номын орчуулагч Д.Уранчимэг нээж уншигчдын гарт очиж буй “Өнгөний урлаг” номыг яагаад унших ёстой талаар сэтгэгдлээ хэллээ.
Тэрбээр “Хоёр, гурван жилийн өмнө ХБНГУ-ын монументаль уран зургийн багш Катиа Бринкманныг бид Монголд урьж багшлуулж байлаа. Тэр хугацаанд Катиа Бринкманн “Танай дүрслэхийн сургуульд мэргэжлийн ном байдаггүй юм байна. Гадна дотнын мэргэжлийн номыг монгол хэл рүү орчуулбал яасан юм бэ” гэсэн санал тавьж байлаа. Энэ саналыг Гёте Институт, “Монсудар” хэвлэлийн газарт алдарт зураач, нэртэй багш Иоханнес Иттены “Өнгөний урлаг” номыг монгол хэлнээ орчуулах саналыг тавьсан юм.. Иоханнес Иттен энэ бүтээлээ хоёр янзаар хэвлүүлсэн байдаг. Нэг нь бидний харж байгаа энэ сурах бичиг. Өнөөх нь үүнээс арай томоор буюу зураач, судлаачдын бүтээлийг хавсаргасан илүү дэлгэрэнгүй хувилбар нь бас бий.
Энэ ном зураач, дизайнер, судлаач, мэргэжлийн хүн бүрийн ширээний ном байх ёстой гэж бодож байна. Энэ номд Эртний Грекийн урлаг, эртний Ромын урлагаас эхлээд Дундад зуун, Сэргэн мандалтаас орчин үеийн урлагт хүртэл өнгөний талаар жишээ авч тайлбарласнаараа давуу талтай.
Энэ номын дасгалын ном гэж үзэх ч боломжтой. Өнгөний тухай ойлголтууд болон өнгөний зохицол, үл тохирох өнгө гэж юуг хэлдэг юм гэх мэт олон талын мэдлэгийг багтаажээ. Бүтээл дээр байгалийн гэрэл тусахад уг өнгө, заншил өнгө гэж ямар өнгийг хэлж буй, гэрэл тусахаар энэ өнгө хэрхэн өөрчлөгдөх гэх мэт нарийн дасгалууд ч бий. Энэ номыг дөрвөн жил уншаад л орхидог биш мэргэжлийн хүмүүст насан туршийн ширээний ном болно. XX, XXI зуунд дэлхий дахинд өөрчлөлт, шинэчлэлтийг авчирсан, шинээр гарах өнцгүүдийг ойлгуулж өгсөн ном юм” хэмээн ярилаа.
/Дүрслэх урлагийн Аакадемийн захирал Д.Уранчимэг/
Мөн “Монсудар” хэвлэлийн газрын захирал Р.Энхбат өөрийн сэтгэгдлээ хуваалцсан билээ.
“Өнгө гэдэг уран бүтээлчдийн мэдэх ёстой, унших ёстой суурь онол байх. Гэхдээ ийм ном өдийг хүртэл хэвлэгдэж гараагүй байна гэдэг сонирхолтой бас харамсалтай явдал. Энэ номыг орчуулах явц хүнд байсан. Орчуулах хүн эхэндээ олдоогүй. Орчуулах сонирхолтой хүн байсан ч завгүй байдаг ч юм уу, орчуулагч олдохгүй байлаа. Тэгээд сургуулийн захиралд “ Чи орчуул” гээд л тулгачихсан. “Өнгөний урлаг” номыг мэргэжлийн бус хүн ч уншсан ойлгоно.
Авьяастай байсан ч гэсэн онолоо заавал мэдэх хэрэгтэй.
ДУА-ыг цаашдаа ирээдүйтэй, ухаалаг уран бүтээлчдийг бэлдэх байх гэж найдаж байна”хэмээн ярилаа.
/Адмон группын захирал Р.Энхбат/
Хамгийн төгсгөлд номыг орчуулах санааг дэвшүүлсэн ХБНГУ-ын зураач, багш Катиа Бринкманн уншигчтайгаа цахимаар мэндчилгээ дэвшүүлсэн билээ.
“Би Монгол улсад олон очиж байсан. Анх аялах гэж очоод дараа нь багшилсан. Тус сургуульд хоёр жил зочин багшаар ажиллаж, монументаль уран зургийн хичээл заажээ. Өнгө миний ажил, уран бүтээлд маш чухал үүрэгтэй. Хичээл дээрээ үзэл санаагаа ойлгуулах, зурагт жишээнүүдийг харуулахын тулд Иттены “Өнгөний урлаг” номыг байнга жишээ болгон ашигладаг байсан юм. “Өнгөний урлаг” ном бол өнгөний онолын суурь бүтээлийн нэг. 1961 онд олны хүртээл болсон энэ ном одоо ч ач холбогдлоо алдаагүй байна. Насан туршдаа зураач, багш хийж байсан Иттен өөрийн мэдлэгээ тодорхой, ойлгомжтой болгож, тод томруун байдлаар хүргэхийг ямагт хичээж ирсэн. Энэ номыг ганц онолын ном гэж сануузай. Энэ бол уран бүтээлч, дизайнер хүн бодит практикт шууд хэрэглэж болох өнгөний онол сургаал бөгөөд уран сайхны дизайны үндсэн ойлголтыг өгнө.
Өнгө эргэн тойронд буй өнгөнөөс хамаарч харилцан адилгүй нөлөөлөл үүсгэдэг. Өөр хоорондоо эсрэг тэсрэг байх тусмаа тэдгээрийн эрс тэс ялгарлын нөлөө ихэсдэг: Эдгээрийг Иттен өнгөний 7 эрс тэс ялгарлын тухай онолдоо ангилж, тодорхойлж тайлбарлаж өгсөн.
Энэхүү номын бас нэг сайн тал гэвэл өнгөний хүснэгт бүхий жишээ зургуудтай.. Энэ зургуудыг харахаар номд өгүүлж буй онол, бичвэрийг ойлгоход хялбар дөхөм болж, бичвэрүүд нь харин жишээ зураг, өнгөний хүснэгтийг ойлгоход дэм болно.
Өнгөний зүй тогтол, өнгөний илэрхийлэх боломжийн тухай мэдэж авснаараа хүн өөрийгөө нэг талаар тэлж, баяжуулдаг гэж би боддог. Нэг ёсондоо өнгөтэй ажиллах олон боломж бололцоог шинээр нээж өгөх багаж зэвсэгтэй болно гэсэн үг.
Тиймээс “Өнгөний урлаг” ном ийнхүү монгол хэлээр орчуулагдсан гарсанд би маш их баяртай байна.
Энэ ажилд гар бие оролцсон хүн бүрд, тэр тусмаа Монсудар хэвлэлийн газрын захирал Р.Энхбат, редактор Б.Ундрах, Гёте институтийн Михаэль Хайнст болон энэхүү бүтээлийг орчуулсан Дүрслэх урлагийн академийн захирал Д.Уранчимэг нарт маш их баярлалаа!
Удахгүй Монголд очиж, дүрслэх урлагийн хичээлээ ахин заах боломж олдоно гэж найдаж байна! Бүгдэд нь чин сэтгэлийн мэнд хүргэе! Та бүхэнтэй тун удахгүй ахин уулзах буй за!” хэмээн уншигчдадаа мэндчилгээ дэвшүүлээ.
Нээлтийн үеэр “Өнгөний урлаг” ном 30 хувийн хямдралтай борлуулагдсан билээ.
/ХБНГУ-ын зураач, багш Катиа Бринкманн/
СЭТГЭГДЭЛ