Ф.М.Достоевский эл номондоо мөрийч хүн мөрийтэй тоглоомын хэрхэн харж буй хийгээд тоглохын төлөөх тэвчихийн аргагүй хүсэл, хүлээлт, хүчтэй сэтгэл хөдлөлийг маш нарийн дүрсэлжээ.

Жишээлбэл, “Би хоёр өрөө дамжин рулетийн танхимд орж явахад алт, мөнгөн зоосны жингэнэсэн чимээ дуулдахад бараг шөрмөс татчих болж, хамаг бие бадайрч билээ” (х. 328) хэмээжээ.

Мөрийтэй тоглоомд донтсон нэгэн “тогтолцоог эвдэж чадна” гэж итгэх итгэл эсвэл өөрийгөө бусдаас доогуур байгааг мэдэрч буй хүнд мөрийтэй тоглоом ямар нэгэн байдлаар давуу эсвэл онцгой байх боломж олгодог байж мэднэ. Энэ нь ч Алексейгийн хувьд үнэн болж таарсан юм. Энэ тухай,

“Тэгээд Баденд байхдаа нэг л орой эзэнтэн залууд халагдаж буйгаа дуулгачхаад, шуудхан тэр оройдоо нөгөөх рулет рүүгээ явлаа даа. Зүрх цохилоод, догдолж байна гэж жигтэйхэн. Үнэндээ мөнгө зоосонд хармын сэтгэл хоргодсонгүй. Нэг л хүсэл, мөрөөдөлд автаад байлаа. Юу гэвэл, энэ Хинце мэтийн хахир харамчууд, тэр сүрхий, дарга даамлууд, Баден хотын баймгай сайхан хатагтай нар цөмөөрөө одоо миний хожих гэж байгаа их мөнгө зоосны өмнө биширч, намайг гайхан магтаж, миний л тухай, миний адал явд- лыг ярьж, шагшин бахдаж байгаасай гэсэн хор шар намайг бүрэн эзэмдээд байсан юм. " (х. 327).

Эдгээр мэдрэмжүүд заримдаа эрсдэл хүлээх хандлага эсвэл хувийн шинж чанартай хослон илэрдэг аж.

“Уг нь тэгээд л гарах ёстой байтал нэг л хачин мэдрэмж төрөөд, хувь тавилангийнхаа янзыг үзье, бие хүнээр зүйрлэвэл, хамрыг нь сөргөөж өдөөд, цохдож тавлаад, хэлээ гаргаж дооглоё гэж бодогдоод явчихлаа шүү!!” (х. 49).

“Энэ бол Достоевскийн мөрийтэй тоглоомонд ханддаг хандлагын гол цөм юм. Достоевскийн дүрүүд дэх оршихуйн тэмцлийн нэг хэлбэр” хэмээн судлаач Лиетрбарров тайлбарласан байна.

Мөрийтэй тоглоомд донтсон хүмүүс өөрийгөө “тогтолцоог эвдэж”, үр дүнг урьдчилан таамаглаж чадна гэх зэргээр янз бүрийн алдаатай, өрөөсгөл ойлголттой болсон байх нь бий. Тэгэхдээ “Бүх зүйл өөрийнх нь хяналтад байна” гэх хуурмаг төсөөлөлд төөрч, өөрийн чадвар, эсвэл өөрийн зохиосон олон "дүрэм", арга барилаа ашиглан ялах магадлал өндөр хэмээн хэтрүүлэн үнэлдэг. Түүнчлэн тоглоомын үр дүнг урьдчилан таамаглах аргагүй, зөвхөн тохиолдлоор тодорхойлогддог гэдгийг тэд хүлээн зөвшөөрч чаддаггүй.

“Санамсаргүй олон хожил, хожигдлын давтамжийг аваад үзэх юм бол бүхэн цогц систем биш юм аа гэхэд таахад хэцүү, ямар нэг дэс дараа хожих магадлал байгаа юм шиг төсөөлөгдөөд байв.” (х. 48).

Мөрийтэй тоглоомд донтсон хүмүүсийн нэг сонгодог шинж бол "ид шидийн" сэтгэлгээ юм. Өөрөөр хэлбэл, тэд тодорхой үр дүнд хүргэнэ гэх хүчтэй таамаглал, онгод, тодорхой зан үйлийг дагаж мөрдөх нь амжилтад хүргэнэ гэх зэрэг ямар ч үндэслэлгүй итгэл үнэмшил өвөрлөсөн байдаг.

"Хүнээс мөнгө зээлчихсэн юм. Өрөө бушуухан төлөх л гэсэн юм. Рулет тоглож, их мөнгө зайлшгүй хожно гэсэн тэнэг, хачин санаа дотроос хатгаад л баларлаа. Яахлаараа надад тийм санаа бодол төрснийг мэдэх юм алга. Би зүгээр л хожно гээд итгэчихсэн.” (х. 62).

Мөрийтэй тоглоомын донтнууд ихэвчлэн тоглоомын сөрөг үр дагаврыг багасгаж, эсвэл тоглох зан үйлээ зөвтгөн бодож, түүндээ үнэмшдэг.

"Ер нь мөрийтэй тоглоомоор мөнгө олоход муу нь юу юм бэ, наймаанаас дор гэж үү?! Яах вэ, зуун хүнээс нэг нь л хождог нь үнэн. Тэр нь надад ямар хамаатай биш!” (х. 24).

Алдсаныхаа араас "даагаа нэхэх" нь мөрийтэй тоглоомд донтсон хүмүүсийн бас нэг сонгодог шинж чанар бөгөөд энэ нь ихэнхдээ " Алдсан мөнгөө эргүүлж хожиж авахгүй бол амьд яваад яах юм?!" (х. 226) гэх мэт бодол санаа, үгээр илэрнэ.

Мансууруулах бодист донтсон хүмүүсийн нэгэн адил мөрийтэй тоглоомын донтнуудад өөрөө тоглохоо хянах, хязгаарлах, болих нь бараг боломжгүй гэмээр хэцүү байдаг.

“Маргааш өдөр нь эмээ ёстой хувхайртлаа хожигдож, хамаг мөнгөө алдсан гэнэ. Эмээгийн мэтийн ааш араншинтай хүн энэ байдалд нэгэнт л орчихвол, өндөр цастай уулнаас жолоодлогогүй чаргаар гулсан буухын адил, доошлох тусмаа улам л хурдлаад, зогсож чаддаггүйн адил болох нь угаасаа тодорхой, мэдээжийн хэрэг шүү дээ!” (х. 239).

Тэд эргэн тойрон дахь бусад бүх зүйлээ огоорон, зөвхөн мөрийтэй тоглоомд санаа зовдог боловч ил хор хөнөөлийг үл харгалзан үргэлжлүүлсээр байдаг.

"Ер нь, арван нэгэн цаг болохын үед рулет сахиж үлддэг хүмүүс бол хамгийн улайрган, яахаас ч буцахаа байсан, хамгийн хэнээтэй мөрийчид л байдаг юм. Тэд бол рашаан усанд орох биш, зөвхөн л мөрийтэй тоглох гэж ирсэн, өөр ямар ч зорилгогүй, эргэн тойрондоо юу болж байгааг ч анзаарч хэрэгсдэггүй, өглөөнөөс аваад шөнө болтол өндийлгүй сууж тоглосоор, зунжин намаржин энэ газар байж байдаг донтнууд л даа. Болдог сон бол, тэднүүс үүр цайтал шөнөжин сууж тоглоод ч сэтгэл нь ханахгүй гэмээр. Гэхдээ тэднүүс шөнийн арван хоёр цагт рулет хаагдахад аргагүй нэг ширээнээс ховхорно доо. Ихэнх тохиолдолд, за ер нь бараг л дандаа, баахан мөнгөө алдаад гонсойж, гол нь харласан хүмүүс уйтайхан тарцгаах нь ердийн үзэгдэл. Тоглоомын газраа хаахын өмнөхөн, шөнийн арван хоёр цаг дөхүүлээд, ахлах шүүгч-нярав: “Les trois coups, messieurs!”87 гэж зарладаг юм. Чухам тэрхүү сүүлчийн гурван тоглолт дээр хордсон, улайрсан, цөхөрсөн, донтсон хүмүүс халаасаа гөвж, юу байснаа тавьж алддаг нь бараг л зүй тогтол гэмээр ээ.” (х. 264).

Мөрийцөх дон донтогчийг олон сөрөг үр дагаварт хүргэж болзошгүй бөгөөд ноён Астлигээр дамжуулан бид мөрийтэй тоглоом Алексейгийн амьдралыг хэчнээн их сүйрүүлснийг харж болно.

"Та амьдрал ахуйгаа эгт нь хаясан төдийгүй өөрийн болон нийгмийн эрх ашгаас урваж, иргэний болон хувь хүнийхээ үүрэг хариуцлагыг умартаж, өөрийн нөхдөөс хөндийрч (танд уг нь олон найз нөхөр байсан юм шүү!) хөсөрч, өгөрч байна! Мөрийтэй тоглож, мөнгө хожих гэснээс өөр танд өмнөө тавьсан зорилго, тэмүүлэл алга. Та өнгөрснөө санан дурсах, нандигнан эрхэмлэх чадвараа ч алдсан байна.” (х. 334).

Ф.М.Достоевский тус бүтээлдээ мөрийч хүний ерөнхий шинж чанаруудыг тун нарийн дүрсэлснээс гадна " тоглоомын газар бүхий рашаан сувиллын нөхцөл байдал, үйл явдлын талаар уран тансаг бичжээ. Рулетыг хэрхэн тоглодог, дүрэм журам, тоглогчид болон ажилтнууд хэрхэн аяглаж загнадаг болоод мөнгө алдах, хожих үеийн мэдрэмжийг маш нарийн ширийн, ойлгомжтойгоор зураглажээ. Түүнчлэн мөрийтэй тоглоомд хорхойтой янз бүрийн өнгөлөг дүрүүдийг нүдэнд харагдахуйц тод дүрсэлсэн байна.

“Мөрийч” сэтгэл судлалтай холбогдох нь

“Мөрийч” зохиол ба Достоевскийн эхнэртээ бичсэн захидлууд нь орчин үеийн сэтгэл судлал, мөн эл салбарын дадлагажигчдад ихээхэн хамааралтай. Нэгдүгээрт, энэ роман сэтгэцийн эмч нарт мөрийтэй тоглоомын дон, түүний шинж чанар, үр дагаврын талаар илүү нарийн ойлгох сайн эхлэл болдог. Мөрийтэй тоглоомын дон нь сэтгэцийн эмгэг судлалын хүрээнд харьцангуй тодорхой бус, бүдэг ойлголт байсаар ирсэн нь магадгүй олон арван жилийн турш түүнийг тойрсон ойлголтуудын хоёрдмол чанар, носологийн төөрөгдлийн үр дүнд бий. Сэтгэцийн эмч нар энэ "далд" донг үл тоомсорлож хэрхэвч болохгүй, үл тоомсорлох ч ёсгүй. Учир нь энэ дон тэдний анхаарч эмчилдэг олон эмгэгтэй хавсарч илэрдэг бөгөөд хэрэв оношлохгүй, эмчлэхгүй удвал өвчтөн, түүний гэр бүл, нийгэмд олон сөрөг үр дагавар, дарамт учирч тун болзошгүй аюултай. Бүх сэтгэцийн эмч наанадаж мөрийтэй тоглоомын донг илрүүлэх, үнэлэх үндсэн мэдлэг, чадвартай байх ёстой (Жорж 2011). Их Британийн сэтгэцийн эмч нар энэ асуудалд онцгой анхаарал хандуулах ёстой хэмээн дараах жагсаалтыг гаргажээ.

• Их Британид 250000 орчим мөрийтэй тоглоомын донтон байдаг;

• Түүнчлэн үүнээс арав дахин их хүн ирээдүйд мөрийтэй тоглоомын асуудалтай болох эрсдэлтэй ангилалд багтаж байна;

• Мөрийчийн ойрын наймаас арав орчим хүн мөрийтэй тоглоомын уршгийг дам амсаж байдаг;

• Их Британид мөрийтэй тоглоомын эрх зүйн эрх чөлөөт зохицуулалт бий. Алсын зайн (утас, телевиз, онлайн) мөрийтэй тоглоомын салбар хурдацтай хөгжиж буйгаас гадна тус улсад удахгүй хэд хэдэн"Лас Вегас загварын" казино байгуулагдана. Эдгээр хүчин зүйлс мөрийтэй тоглоомтой холбоотой асуудлуудыг улам хурцатгах болно гэдгийг олон улсын бүх нотолгоо харуулж байна.

• Залуучууд, эмэгтэйчүүд, үндэсний цөөнхүүд мөрийтэй тоглоомын донд онцгой өртөмтгий байдаг.

Хоёрдугаарт, “Мөрийч” ба Достоевскийн эхнэртээ бичсэн захидлуудыг мөрийтэй тоглоом болон түүний үр дагаврын талаар эмнэлгийн болон эмнэлгийн бус мэргэжлийн сургалтуудад өргөнөөр ашиглавал үр дүнтэй болох нь ажиглагджээ. Учир нь энэ роман мөрийний дон түүний гол шинж чанар, үр дагавруудыг энгийн бөгөөд хурц, тодорхой харуулж чаддагаараа ердийн сурах бичгүүдээс илүү ач холбогдолтой. Достоевский эл зохиолдоо мөрийтэй тоглоомд донтолтын хэрхэн таних хийгээд сэтгэл хөдлөл, зан үйлийн талаас болон мөрийчийн хувийн амьдрал, нийгэм, гэр бүлийн байдалд үзүүлдэг янз бүрийн нөлөөллийг үнэн бодитоор тун баялаг дүрсэлжээ. Үүн дээр мөн Достоевскийн эхнэртээ бичсэн захидлууд амьдралаа дэнчин тавьж мөрийтэй тоглох, түүнийгээ хянах чадваргүй байх, гэм буруу, ичгүүрийн мэдрэмж авч байсан нь өөрийн амьдрал, санхүү, гэр бүлд хэрхэн нөлөөлж байгааг цогцоор нь харуулсан билээ.

Эцэст нь, Достоевскийн зохиолтой хараахан танилцаж амжаагүй уншигчдад хэлэхэд "Мөрийч" болон түүний захидлууд таныг "амтандаа оруулж", илүү өргөн, гүн гүнзгий ертөнцөд “уруу татна” гэж найдаж байна. Түүний хэд хэдэн бүтээл сэтгэцийн эмгэгийн тухай баялаг, үнэн бодит, сэтгэл хөдөлгөм, нарийн төвөгтэй дүрслэлийг агуулдаг агаад энэ сэтгүүлд судалсанчлан уг чанар нь "орчин үеийн эмч нар сэтгэцийн эмгэгийн тухай судлахад дөхөм болгох ач холбогдолтой(Beveridge 2009)” гэжээ.

СЭТГЭГДЭЛ

Your email address will not be published. Required fields are marked *

/