Хүүхдээ шинжлэх ухаанд дурлуулах нь угтаа таны бодож байгаа шиг хүнд хэцүү зүйл биш. Гэрийнхээ номын санг шинжлэх ухааны номуудаар баяжуулах, хүүхдээ шинжлэх ухааны сонирхолтой хөтөлбөрт хамруулах, гар доорх зүйлсээр бяцхан туршилтууд хийж үзэх гэх мэтээр амьдралын орчноо багахан өөрчлөхөд л дорвитой нөлөө үзүүлж чадна. Мөн хүүхдийнхээ хоббигоор дамжуулан шинжлэх ухааныг сонирхох сонирхлыг төрүүлж, шинжлэх ухаан, эрдэмтдийг хүндлэн бишрэх сэтгэгдлийг бий болгоорой. Хүүхдэдээ инженерчлэл, одон орон, хими, экологи гээд шинжлэх ухааны салбар бүрээс танилцуулах нь зүйтэй. Байгалийн аливаа үзэгдэл, шинжлэх ухааны үйл явцын талаар хүүхэд өөрийнхөөрөө бодож, сэтгэн, өөрөө өөртөө асуулт тавих, үүндээ өөрөө хариулт олох боломжийг олгох, харин та аав ээжийн хувиар туслаж, өдөөж өгөх нь чухал. Үүний тулд хэрэгжүүлж болохуйц зарим хялбар арга замуудаас танилцуулж байна.
1. БАЙГАЛЬТАЙ ТАНИЛЦАХ
Хамтдаа байгальд алхаж байхдаа бид хүүхдээ хүрээлэн буй орчинтой танилцуулж байдаг. Энэ үеийг ашиглан хүүхдийнхээ сониуч занг өдөөх боломжтой. Байгальд байхдаа хүүхдэд өөрийн эрхгүй шинжлэх ухаанч асуултууд төрдөг ба энэ нь гэр бүлээрээ ярилцах гайхалтай шалтгаан, орчныг бүрдүүлж өгнө.
Явган аяллын үеэр л гэхэд фотосинтез, ургамал хэрхэн идэж, амьсгалж, ургадаг тухай зэрэг сонирхолтой ярианы сэдэв олон тааралдана. Үүнээс гадна маш олон амьтдын төрөл зүйл, шувуу, шавьжийг харж болно. Тэдгээрийн гэрэл зургийг авч үлдсэнээр дараа хамтдаа илүү гүнзгийрүүлэн судлах ч боломжтой. Байгальд гарах нь хүүхэд өөрөө ч мэдэлгүй шинжлэх ухааны талаар сониучирхах, суралцах нэг боломж юм.
2. ХОББИГ НЬ ШИНЖЛЭХ УХААНТАЙ ХОЛБОХ
Таны хүүхдэд ямар нэгэн хобби байдаг бол түүнийх нь ард байгаа шинжлэх ухааны учир шалтгааныг тайлбарлаж өгөх хэрэгтэй. Ингэснээр дуртай зүйлээр нь дамжуулан сонирхлыг нь төрүүлэх юм. Шинжлэх ухаан огт сонирхдоггүй байлаа ч өөрийнх нь дур сонирхолтой зүйлсд хэрхэн нөлөөлөөд байгааг олж харах юм бол хүүхэд өөрийн эрхгүй сонирхож эхлэдэг. Жишээлбэл, бейсболд дуртай хүүхдэд бейсболын бөмбөг хэрхэн орон зайг туулж, таталцлын хүч бөмбөгний чиглэлд хэрхэн нөлөөлдөг болохыг тайлбарласан дүрс бичлэг үзүүлж болно. Харин видео тоглоомд дуртай бол тоглоомын систем, програм хангамжийг боловсруулахад шаардагдах цахилгаан дохио, кодчилолын талаар ярилцах боломжтой.
3. ШИНЖЛЭХ УХААНТАЙ ХОЛБООТОЙ КИНО ҮЗЭХ
Хэрэв хүүхэд тань шинжлэх ухааныг нэг их ойшоон сонирхдоггүй, танай гэр бүл шинжлэх ухаантай тийм ч ойр биш бол та хүүхэдтэйгээ хамт шинжлэх ухааны сэдэвтэй кино үзэж болно. Үүнд тусалж чадахуйц олон арван уран сайхны болон баримтат кино бий.
Ялангуяа сүүлийн үед сансар огторгуй, хүрээлэн буй орчны талаар сонирхолтой, чанартай кино цөөнгүй гарах болсон учир тэдгээрээс туршиж үзэх бүрэн боломжтой. Харин сонголтоо хийхдээ хүүхдийнхээ насанд тохируулахаас гадна сонирхлыг нь харгалзан үзэхэд гэмгүй.
4. ШИНЖЛЭХ УХААНТАЙ ХОЛБООТОЙ АСУУЛТ АСУУХ
Шинжлэх ухаан гэдэг нь гайхширах, асуулттай тулгарах, мөн тэдгээр асуултууддаа байж болох хариултуудыг бодож боловсруулж үзэх үйл явц юм. Хүүхдэдээ энэ үйл явцыг зааж өгөх, бүтээлчээр сэтгэхийн сайхныг мэдрүүлэхийн тулд үргэлж асуулт, хариулт өрнүүлж байх хэрэгтэй. Ингэснээр хүүхэд аливаад өөрийн хэмжээнд хариулахыг оролдох, юмсыг судлан шинжлэх сонирхолтой болно. Чухамдаа энэ л шинжлэх ухаанд хамгийн чухал хүчин зүйл юм.
Тухайлбал, та хүүхдэдээ тэнгэр яагаад цэнхэр байдгийг зүгээр л тайлбарлаж өгөхийн оронд эхлээд хүүхдээсээ тэнгэр цэнхэр байгаагийн учрыг юу гэж бодож байгааг нь асууж болно. Түүний бодлыг анхааралтай сонсоод, яагаад тэгж бодох болсоныг нь асуугаарай. Үүний дараа өөрийнх нь бодол зөв, буруу алин болохыг олж мэдэх ямар боломжууд байдаг, тэдгээрийг хэрхэн ашиглаж болохыг ойлгуулж, яаж хэрэгжүүлэхэд нь чиглүүлж туслаарай.
5. ӨӨРСДИЙН ГАРААР ТУРШИЛТ ХИЙХ
Хүүхэд өөрөө шинжлэх ухааныг бий болгож байна гэж ойлговол дуртайяа сонирхож, эхлэдэг. Гэртээ гар доорх зүйлс ашиглан, хүүхдийнхээ хамт туршиж үзэх боломжтой шинжлэх ухааны бяцхан туршилтуудыг үзүүлж, тайлбарласан ном, цахим хуудас, бусад эх сурвалжууд олон байдаг.
Та хүсвэл эхлээд өөрөө туршилтаа хийж үзүүлээд, дараа нь яагаад ийм зүйл болсон тухай хүүхдийнхээ бодлыг асууж, эргээд өөрөө тайлбарлаж өгөх замаар ч хийж болно. Харин хүүхдээ шинжлэх ухааны ном унших, хамтдаа туршилт хийж үзсэний төлөө шагнаж болохгүй гэдгийг анхаараарай. Учир нь хүүхэд мэдлэг олох нь өөрөө үнэ цэнтэй зүйл юм гэдгийг ойлгож авах нь зүйтэй.
СЭТГЭГДЭЛ