Бид үр хүүхдэдээ хайртай гэдгээ хорвоод мэндэлсэн цагаас нь эхлэн өөр өөрсдийнхөөрөө илэрхийлж байдаг. Харин тэд маань “хайр” гэгч зүйлийг хэрхэн ойлгодог бол?

Хүүхэд өсч томрохын хэрээр асуудаг асуултууд нь хүндэрсээр, тодорхой насанд хүрмэгцээ тайлбарлахад ч хэцүү зарим сэдвээр асууж эхэлнэ. Жишээ нь хайрын тухай... Энэ сэдвээр хүүхдийнхээ насанд тохирсон тайлбар өгөх нь аав ээжүүдийн хувьд чухал үүрэг боловч яаж гэдгээ мэдэхгүй, барьц алдах нь элбэг. Тэгвэл аав ээжийн үүргээ хариуцлагатайгаар биелүүлэхэд тань туслах номуудыг танилцуулж байна. Хайрын тухай өгүүлэх хүүхдийн номууд...

ҮЕРХЭЛ, ХАЙРЫН ТУХАЙ

  • Хайрын тухай надад яриач

Хүмүүсийн ярьдаг тэр жинхэнэ хайрын эзнийг бусдаас юугаар нь ялгах юм бол? Дүр төрх нь зүрх рүү шууд харван ормогцоо л хэвд цутгасан юм шиг яв цав таарчхаад, байрыг нь өөрчилж ч, бүрмөсөн устгаж ч болдоггүй юм болов уу? Эцэст нь сая нэг жинхэнэ хайртайгаа учрах үед хүн яаж ч чадалгүй өмнө нь сөхөрдөг хэрэг үү..?

Энэхүү номыг нэгэн цагт загвар өмсөгч байсан эмэгтэй өөрийн амьдралаас сэдэвлэн, үзэж туулсан бүхнээ тусган бичжээ.

Түүний номоос уншигч олон гоо үзэсгэлэнгээ гайхуулж, нэгэн үе од болон гялалзаж явсан загвар өмсөгчдөд тэрхүү замнал нь дуусах үед ямар сэтгэгдэл төрдөг, энэ гял цал ертөнцийн сүүдэр нь хаанаа оршдог, загвар өмсөгчид бусдад гаднаасаа хэрхэн харагддаг ба үнэн хэрэгтээ ямар хүмүүс байдгийг унших болно. Мөн эдгээр бүх зүйлийн ард өрнөх хайрын түүхээр дамжуулан өсвөр насны хүүхдүүдэд хайр дурлалын үнэ цэн юунд оршдог, ер нь хайр дурлал гэж байдаг эсэх гэх мэт олон асуултанд хариулт өгөхийг зорьсоноороо энэ бүтээл онцлог юм.

БАЙГАЛЬ ДЭЛХИЙ, АН АМЬТНАА ХАЙРЛАХ ХАЙРЫН ТУХАЙ

  • Модны нууцлаг амьдрал

Мод ой санамжтай, хоорондоо мэдээлэл солилцдог, өвдөлтийг мэдэрдэг, тэр бүү хэл наранд түлэгдэж, бас үрчлээтдэг гэнэ. Жишээ нь, царс мод өөр хоорондоо химийн үнэрт бодисоор харилцах аж. Мод шавжийн дайралтад өртвөл үнэрт дохио илгээх ба эргэн тойрных нь мод тэр мэдээг хүлээн авмагцаа минутын дотор зэвсэглэн, шавжийг үргээх тусгай гашуун бодис ялгаруулдаг ажээ.

Ой судлаач Петер Вуоллебены Модны нууцлаг амьдрал хэмээх ном 2015 онд анх Герман улсад худалдаанд гарснаасаа хойш дэлхийн 35 орны хэлээр орчуулагдан, Нью-Йорк Таймсын бестселлер бүтээл болсон юм.

Тэрбээр ойн мэргэжилтнээр ажилласан олон арван жилийнхээ арвин баялаг туршлагаас энэ номдоо уудлан, уншигч олонд ойн ертөнцийг цоо шинэ өнцгөөс дэлгэн харуулсан байдаг. Ой модны тухай шинэ мэдээ мэдээлэл, уран сэтгэмж дүүрэн энэ номд байгалийн гайхамшгийг ер бусын, гайхширал төрүүлэм байдлаар дүрслэн өгүүлсэн нь мод, ой, түүнчлэн байгаль ертөнцийг бүхэлд нь хайрлан хамгаалах сэдлийг өгнө.

  • Моаби

“Моаби” нь байгаль хүн хоёрын шүтэлцээг нэгэн модны түүхээр өгүүлсэн сонирхолтой бүтээл юм. Дэлхийн хамгийн хөгшин мод амьтан болоод хүний түүхийг өгүүлэхдээ байгалиа хамгаалахыг уриалж байгаа тухай өгүүлдэг.

Зохиолд дүрслэгдсэн Моаби бол Африкийн хамгийн том мод юм. Мод амьтай, хүн шиг ярьдаг гэж төсөөлбөл олон зуун жил насалсан өвгөн мод бидэнд юу ярих бол? Динозавр хэзээ үүссэн, анхны шувуу гарч ирсэн тухай, бас тэд хүмүүстэй хэрхэн харилцаж байсан тухай гээд их зүйл ярих байх даа...

  • Хилэн хар

“Хилэн хар” нь 1877 онд хэвлэгдэж, 50 сая хувь борлогдсон бөгөөд бүх цаг үеийн хамгийн их борлуулалттай номнуудын нэгт зүй ёсоор багтдаг.

Хүмүүсийн харилцааны чухал хэсгүүдийг морьд болоод эздийн харилцаагаар төлөөлүүлэн уран яруу илэрхийлсэн уг зохиол нинжин сэтгэл, хайр энэрэл, хүндлэлийн үнэ цэн хийгээд амьдралын нугачааг зориг тэвчээрийн хүчээр даван туулж буй сэтгэл хөдөлгөм түүхийг өгүүлнэ. Зохиол хилэн харын аз жаргалтай бага насаар эхлэх бөгөөд цаашид адармаатай идэр насны адал явдлуудаар үргэлжилж, эцэст нь эх нутагтаа эргэн ирж буй баярт мөчийг дүрслэн харуулсан байдаг.

Анна Сьюэлл өөрөө уг зохиолоо зөвхөн хүүхдэд зориулаад зогсохгүй тухайн үеийн морьдын эзэд, сургагч нарт, түүнчлэн амьтанд хайртай хүн бүрд зориулан бичсэн хэмээн хэлж байсан удаатай. Уг зохиолыг хэдэн зууны турш үнэ цэнээ алдахааргүй үнэт бүтээл юм хэмээн BBC агентлаг тодорхойлсон байдаг.

НАЙЗ НӨХӨРЛӨЛИЙН ХАЙРЫН ТУХАЙ

  • Харри Поттер

Нөхөрлөл бол Харри Поттер цувралын амин сүнс гэхэд хилсдэхгүй. Учир нь өнчин хүү Харригийн хувьд найз нөхөд нь гэр бүл болж, түүнд хайр энэрэл, хамгаалал, дэмжлэгийг мэдрүүлэгч эх үүсвэр болдог. Хогвартст учирч, хамтдаа жинхэнэ нөхөрлөлийг бий болгосон Харригийн найзууд бол түүний хувьд өөрөө сонгосон гэр бүл нь бөгөөд амьдралын бүхийл сорилтыг даван туулах хүч нь байсан юм. Түүнийг төрүүлсэн аав ээж нь үгүй болж, ойр төрлийн хамаатан садангүй хоцорсон ч үнэнч найз нөхөд, тэдний зориулдаг хайр байсан учраас амьдралд нь тохиолдсон хүнд хэцүү сорилт бүрийг даван туулж чаддаг.

Зохиолч Ж.К.Роулингийн Харри Поттерын цувралаараа дамжуулан уншигчдад өгсөн бас нэг чухал санаа бол бид өсч том болохын хэрээр найз нөхдийн нандин үерхлээ хэвээр нь авч үлдэх, хадгалан авч явах нь улам бүр хэцүү болдог ба найз нөхөд чинь алдаа гаргасан ч уучилж, ядаж л бага боловч ойлгож хүлээж авах нь үерхэл нөхөрлөлийн утга учир болно. Тэгж чадвал илүү гүн бат нөхөрлөл бий болдог гэдгийг ойлгуулсан явдал байв.

  • Чик

Волфганг Херндорфын “Чик” роман 2010 оны 9 сард худалдаанд гарсан цагаасаа хамгийн амжилттай борлогдсон хүүхдийн зохиолуудын нэг болж, дэлхийн 20 гаруй хэлнээ орчуулагдсан билээ. Уг роман олон шагнал хүртсэн төдийгүй сургуулийн сурагчдын заавал унших зохиолын жагсаалтанд ч багтсан. Мөн худалдаанд гарсанаасаа хойш 6 жилийн дараа кино болон дэлгэцнээ гарсан байдаг.

Зохиолд сургууль дээрээ гадуурхагддаг Майк хүүгийн өнцгөөс ертөнцийг харж, түүний найз Чиктэйгээ өнгөрүүлсэн нэгэн зун адал явдлын талаар дүрслэн өгүүлнэ.

Уг зохиолд дунд сургуулийн сурагчдад тулгамддаг асуудлууд, шохоорхол, нөхөрлөл зэрэг тойрч гарах аргагүй хамгийн чухал бүхэн тусгагдсанаас гадна өсвөр насны хүүхдүүдийн сэтгэлзүйг чадмаг дүрсэлсэнээрээ онцлог юм.

  • Эмил ба мөрдөгчид

Германы зохиолч Эрих Кэстнерийн “Эмил ба мөрдөгчид” зохиол бол хүүхдэд зориулсан дэлхийн анхны детектив роман юм. Энэ роман 1929 онд хэвлэгдсэнээсээ хойш өдгөө дэлхийн 60 гаруй хэлнээ орчуулагдаад байна.

Уг зохиолын үйл явдал нь гоёчилж зассан уран зөгнөлийн орчинд бус, тухайн үеийн Берлин хотод өрнөхөөс гадна, амьдралд байх бодит дүрүүдийн талаар өгүүлдгээрээ тухайн цаг үеийнхээ бусад зохиолуудаас онцгой. Түүнчлэн романд ёс суртахууны сургаалыг ил тод тулгалгүйгээр, дүрүүдийн үйл хэргээр дамжуулан харуулсан нь гайхалтай шийдэл болсон юм.

Эмил хүү эмээ дээрээ зочлохоор галт тэргээр явж байхдаа ээжийнхээ эмээдээ өгөөрэй гэсэн мөнгийг хулгайд алддаг. Ингээд мөнгөө буцаан олохын тулд хулгайчийг хэрхэн мөрдөж буй тухай адал явдалт сэтгэл хөдөлгөм түүх юм. Үүний тулд Эмил бусад хүүхдүүдтэй нэгдэж, тэднээс тусламж авна. Харин тэдгээр хүүхдүүд өөр хоорондоо эрс ялгаатай олон янзын зан араншинтай ч шинэхэн танилынхаа алдсан мөнгийг олж өгөхийн тулд хамтдаа хариуцлагатайгаар, бие биеэ нөхөж, гайхалтай мөрдлөгө явуулдаг. Угтаа энэ зохиолд зөвхөн алдсан зүйлсийг олох тухай бус, харин энэ бүх адал явдлын эцэст Эмил хүүгийн олж авсан олж авсан үнэ цэнтэй сурамжийн тухай өгүүлдэг юм.

  • Дууч хөвгүүд

Испанийн зохиолч Элена Алонсо Фрайлийн 2015 онд бичсэн ''Дууч хөвгүүд'' номд дуу хөгжмөөр холбогдсон хоёр хүүгийн тухай өгүүлдэг. Дэлхийн хоёрдугаар дайны үед аялан тоглолт хийж яваад гэртээ харих аргагүй болж, Австрали тивд бүрмөсөн үлдсэн Венийн найрал дууч хөвгүүд, тэдний дунд байсан Густав хэмээх хүүгийн сэтгэл догдлом түүхийг хожим нь Начо хэмээх Испани хүү олж сонсдог. Ингээд хоёр өөр цаг хугацаа, хоёр өөр газарт амьдарч буй энэ хоёр хүүгийн амьдралын тухай зэрэгцүүлэн өгүүлдэг нь уг зохиолын сонирхолтой тал юм.

Үерхэл нөхөрлөлийн тухай өгүүлдэг ихэнх зохиолд сайн найзууд нөхөрлөлийнхөө хүчээр хамтдаа хэцүү бүхнийг даван туулж буй тухай өгүүлдэг бол “Дууч хөвгүүд” зохиолд найз нөхдөөр дутагдах мэдрэмж ямар байдгийг, үүнийгээ даван туулж, өөрчлөхийн тулд бид юу хийж чадахыг өгүүлдгээрээ бусдаас онцгой.

Густогийн түүхээс Начо ихийг ойлгож, аливаа бэрхшээлийг даван туулах хүч тэнхээг авдаг нь номын хамгийн чухал санаа болно. Нэг үгээр Начо Густавын түүхээс айдас, ганцаардлаа даван туулах урам зориг авдаг. Үе үе бид эргэн тойрноо, бүх зүйлийг хар бараанаар хардаг боловч үнэн хэрэгтээ энэ бүхэн нүдээ хангалттай сайн нээж, юмсыг томоор, уужуу тайвнаар хараагүйгээс л болдог гэдгийг энэ бүтээл уншигчдад ойлгуулна.

  • Цөөхүүл ч гэсэн бидний Индианчууд

Марион Ашард энэхүү бүтээлдээ томчуудын гаргадаг нийтлэг алдааг хошин, сонирхолтой байдлаар дүрсэлсэн байдаг. Тэрбээр хүүхэд сахилгагүйтэл, бүтэлгүйтэл бүрээсээ ямар нэгэн шинэ зүйл сурч, мэдэж авдаг боловч түүнийг нь томчууд төдийлөн ойлголгүй төвөгшөөх хандлагатай байдгийг дүрсэлсэн байна.

Зохиолд Лалли хэмээх индиан охинд тохиолдсон хөгжилтэй, уйтай олон янзын адал явдлууд хөвөрнө. Лалла бол америкийн уугуул иргэдийн соёл, ёс заншлыг бишрэн, хүндэлдэг, дүрэлзсэн халуун хүсэл мөрөөдлөөр дүүрэн охин юм. Тэрбээр Черокий дайчин болохыг мөрөөддөг ба сайн найз Пэтигийн хамт олон адал явдлыг туулдаг. Тэдгээр адал явдлуудын заримыг аюултай гэхэд ч багадмаар.

  • Даашинзтай хөл бөмбөгчид

Аав, ах хоёрынхоо хамт уйтгартай хотхон дахь уйтгартай дүүргийн уйтгартай байшинд амьдардаг Дэннис хүү 12 настай. Тэрбээр сургуулийнхаа хамгийн алдартай охинтой нийлж, хөгжилдөхийн тулд эмэгтэй дүрд хувиран сургуульдаа очсоноос болж үүссэн хөгжилтэй, хүндрэлтэй асуудлуудын тухай энэ номд өгүүлнэ. Дэннисийг бага байхад аав ээж хоёр нь салсан бөгөөд тэрбээр ээжийнхээ дутагдсан орон зайг нөхөхийн тулд өөрийн эрхгүй хичээж, чухам үүнээсээ болж хүндхэн байдалд ордог юм. Гэсэн хэдий ч сайн найзынхаа сэтгэлийн дэм, хөлбөмбөгийн багийнхныхаа дэмжлэгтэйгээр тулгарсан асуудлаа хэрхэн даван туулж буйг энэ зохиол харуулдаг.

“Даашинзтай хөлбөмбөгчид” уншигчдад хүсэл мөрөөдлийнхөө төлөө хичээх л юм бол алвиваа үүд хаалга үргэлж нээлттэй байдаг, тиймээс шантрах хэрэггүй гэдгийг ойлгуулна. Түүнчлэн, томчуудын буруу гэж үздэг зарим зүйлс угтаа тийм ч буруу биш байж болдог ажээ. Мөн хүн бүрийн нийгэмд харагдах байдал, үүрэг хариуцлага болон далд нуугдсан хүсэл өөр байх боломжтой юм. Энэ мэт өсвөр насны хүүхдүүдийг бие хүн болж төлөвшихөд туслах олон зүйлсийг сургамжтай боловч хөгжилтэй, энгийнээр ойлгуулдаг учраас энэхүү ном зөвхөн өсвөр насны хүүхдүүд гэлтгүй эцэг эхчүүдэд хүүхдээ илүү сайн ойлгох, хэсэг хугацааг инээд хөөртөйгөөр өнгөөрөх боломж олгоно.

  • Гулливерийн аялал

Одойчууд болон аварга биетэй хүмүүсийн орон үнэхээр байдгийг мэдэх үү? Аялалын тань төлөвлөгөөнд бичигдэх, очиж үзэх гайхалтай газрын тоонд зүй ёсоор багтана гэдэгт итгэлтэй байна.

Ирландын шог зохиолч, яруу найрагч Жонатан Свифт өөрийн хамгийн алдартай бүтээл “Гулливерийн аялсан түүх” зохиолоо 1726 онд бичсэн байдаг. Уг зохиол тухайн үеийн нийгэм, хүмүүсийн хандлага харилцааг шүүмжилсэн далд ёгт агуулгатай байв. Харин үүнийг нь Германы зохиолч Эрих Кестнер хүүхдэд зориулан шинэчилж бичсэн нь одоо бидний өгүүлж буй “Гулливерийн аялал” юм. Эрих Кестнерийн уг зохиолд Гулливер одойчууд болон аварга биетэй хүмүүсийн оронд очиж байгаа тухай өгүүлэх ба тэдгээр том жижиг биетэй хүмүүсээр төлөөлүүлэн хорон санаа, атаа хорсол, сайхан сэтгэл, итгэл гэх мэт хүний олон янзын ааш авирын тухай өгүүлдэг.

  • Үхлийн хөдөлгүүр

Аюул заналаар дүүрэн ирээдүйн, асар том хөдөлгүүрт хотууд амьд үлдэхийн тулд нэг нэг рүүгээ дайран тэмцэлдэнэ. Лондон хот нэгэн жижиг хотын араас нэхэж байх үед Том хэмээх залуухан дагалдан эзгүй талд орхигдон үлдэнэ. Тэнд хиймэл эд эрхтэнтэй айдас хүргэм нэгэн түүнийг ангуучилж эхлэх ажээ...

“Үхлийн хөдөлгүүр” хэмээх сонирхолтой зохиолыг анх 2001 онд Английн зохиолч Филип Рийв туурвижээ. Харин 2018 онд Кристиан Ривэрс найруулж, 128 минут үргэлжлэх дэлгэцийн уран бүтээл болгосон байдаг. Энэхүү зохиолоос уншигчид байгаль дэлхий, ан амьтнаа хайрлан хамгаалахын чухлыг болон бусадтай тэмцэлдэхгүй энх тайван, эв найрамдалтай амьдрах хэрэгтэйг ойлгодог. Мөн нөхөрлөл, гэнэн цагаан хайр дурлалын үнэ цэнийг өгүүлдэг юм.

ГЭР БҮЛЭЭ ХАЙРЛАХ ХАЙРЫН ТУХАЙ

  • Хархтай бургер

Дэвид Воллиамсын “Хархтай бургер” ном анх 2012 онд хэвлэгдсэн бөгөөд тэр даруйдаа өсвөр үеийнхнийг байлдаг дагуулж, хамгийн их борлуулалттай хүүхдийн номуудын нэг болсон юм.

Хайртай үхэр зусгаа алдаад удаагүй байсан Зои охин нэгэн өдөр харх олж, түүнийгээ яг л өмнөх амьтан шигээ хайрлах болжээ. Гэтэл түүнд зохицуулах маш олон асуудал гарах нь тэр. Зоид өнөөх хархаа ааш муутай хойд ээж болон хорон санаатай бургер бэлтгэгчээс хамгаалах хэрэгтэй болно.

Зои охин болон түүний гэр бүлийн амьдралын түүхээр дамжуулан хөгжилтэй, адал явдалтай бас хөнгөн гунигтай түүхийг энэ ном өгүүлнэ.

  • Аранзал дарвуул

“Аранзал дарвуулт хөлөг” нь 1923 онд бичигдсэн адал явдалт, романтик зохиол юм. Уг зохиолд хүний хүсэл мөрөөдөл, итгэл найдварын хэзээ ч дуусашгүй хэлхээг өгүүлэхийн зэрэгцээ, жинхэнэ хайр дурлал ба түүний мөн чанарыг уран яруу илэрхийлсэн байдаг.

Загасчдын жижигхэн тосгонд охин Ассолын хамт аж төрдөг бэлэвсэн эр Лонгрен амь зуулгаа залгуулахын тулд модоор сийлсэн тоглоомон онгоц хийж зардаг. Харин Ассол охин нэг л өдөр хаа нэгтээгээс аранзал дарвуулт хөлөгтэй ханхүү ирж өөрийг нь авч явна гэж үнэн голоосоо итгэнэ. Гэтэл язгууртан гаралтай хүү Артур Грей хэрцгий эцгээсээ зугтан, тэнгис далайгаар аялж яваад худалдаачны хөлгийн ахмад болж, Ассолын тосгонд ирэх үедээ охинд сэтгэл алдарна. Тэр нутгийнхнаас охины хүсэл мөрөөдлийг сонсоод түүнийг нь бодит болгохыг хүсдэг. Өөрийгөө хараахан олоогүй яваа хүүхэд багачуудад төдийгүй хүсэл мөрөөдлөөсөө өөр замаар алхаж яваа насанд хүрсэн хүмүүс ч уншихад тохиромжтой сайхан түүхийг энэ ном өгүүлж чадна.

  • Лотте Луизе хоёр

"Лотте Луизе хоёр" хэмээх зохиолыг анх 1949 онд Германы зохиолч Эрих Кестнер туурвижээ. Харин 1950 онд Герман хэл дээр бүрэн хэмжээний уран сайхны кино болж, үүний дараа Энэтхэг, Япон, Солонгос, Литва, Перс, Америк, Польш, Мексик, Бразил болон Англид дэлгэцийн бүтээл болгосон байдаг. Ийнхүү нийт 21 удаа кино, нэг удаа шоу нэвтрүүлэг болон хүүхэлдэйн кино хэлбэрээр олонд хүрчээ. Үүгээрээ энэхүү зохиол орон орны хүүхдүүд төдийгүй бүх насны хүмүүсийн хайртай бүтээл болсон билээ.

Лотте Луизе хэмээх ихэр охид нэгэн зуслан дээр танилцаж өөсрдийгөө эгч дүүс болохыг мэддэг. Ингээд тэд ээж аавыгаа эргэн нийлүүлэхийн тулд төлөвлөгөө зохион, гэр лүүгээ харихдаа хоорондоо солигджээ. Харин тэдний гэр бүлээ эргэн нийлүүлэх гэсэн оролдлого, үүнд хүрэх замд тохиолдох хөгжилтэй адал явдлуудын талаар зохиолд өгүүлдэг.

СЭТГЭГДЭЛ

Your email address will not be published. Required fields are marked *

/