Жил бүрийн VI-р сарыг “Бахархлын сар” болгон тэмдэглэх уламжлал сүүлийн жилүүдэд улам эрчээ авсаар байна. Элдэв тоглоом, эвент, кино урлагт “Бахархлын” сарыг дэмжиж буйгаа илэрхийлэх солонгыг та бишгүй олон харсан байх.

Бидний тэмдэглэдэг бахархлын сар, бахархлын жагсаал нь ЛГБТИК+ соёл, түүнчлэн нийгмийн хандлагад хамгийн нөлөө бүхий АНУ-аас гаралтай. Одоогоос 51 жилийн өмнө буюу 1969 онд Стөүнваллын бослогоос эхэлсэн аж. 1969 оны зургаадугаар сарын 28-ны өглөө Стөүнвалл хэмээх гей бард байсан лесби, гэй, бисексуал, транс* хүмүүс цагдаа нарын ижил хүйстэн гэх хүмүүсийг баривчлах явдлын эсрэг тэмцсэн байна. Энэхүү тэмцэл нь ЛГБТИК+ нийгмийн түүхэн дэх хамгийн чухал үйл явдал гэж яригддаг бөгөөд АНУ төдийгүй дэлхий даяар хомофобиа үйлдлийн эсрэг, ЛГБТИК+ хүмүүс өөрсдийн эрхийн төлөө тэмцэх илэрхийлэл болжээ. Цагдаа нарын эсрэг өрнүүлсэн тэмцэл нь тун удалгүй тухайн гудамжийг бүхэлд нь хамарч хэдэн өдрийн турш үргэлжилсэн байна. Ийнхүү 1970 оны 6-р сарын 28-нд Стөүнваллын тэмцлийн 1 жилийн ойгоор “Кристофер гудамжийг чөлөөлсний өдөр” (Стөүнвалл бар нь Кристофер гудамжинд байрладаг байсан) хэмээх жагсаалыг Кристофер гудамжаас Централ Парк хүртэл зохион байгуулжээ. Энэхүү жагсаал нь бидний одоогийн мэддэг Бахархлын жагсаал юм. Стөүнваллын тэмцэл нь бахархлын сар, бахархлын жагсаалын үндсийг тавиад зогсохгүй ЛГБТИК+ хүмүүсийг хүчирхэгжүүлж, нийгэмд бид байгаа хэмээн илэрхийлж, тэгш эрхийг шаардах томоохон эхлэлийг тавьсан юм. Ийнхүү бахархлын жагсаал маань 50 жилийн дараа гэхэд бүх тивд тархаж сая сая хүмүүсийг хамарсан үйл ажиллагаа болжээ.

Энэ удаагийн нийтлэлээрээ бид уран зохиолын ертөнц дэх зарим нэг ЛГБТИК+ хүмүүсийн тухай болоод тэдгээрийн бүтээл дэх эл өгүүлэмжийн тухай товч хүргэе.

• Мишима Юкио

Япон улсын бахархал болж, үндэсний хэмжээнд олон арван шагнал хүртэн, Нобелийн шагналд хүртэл нэр нь дурдагдаж байсан Мишима Юкио ижил хүйстнээ сонирхдог байсан эсэх нь бага зэрэг эргэлзээтэй. Түүнийг гэй байсан гэх аргументийг эхнэр болон хоёр хүүхэд нь эрс няцаадаг ч гэлээ түүний зохиол бүтээлд тийм өгүүлэмж байх нь олонтаа. Мишимагийн бичлэгийн онцлогийн тухайд өдөөн хатгасан гэгдэхүйц ертөнцийг үзэх үзэл, тэнд гоо үзэсгэлэн, (ижил хүйстний) хүсэл тачаал, харгислал ямагт салшгүй уялдана. Энэ онцлогууд Мишимагийн анхны бүтээлээс эхлээд хамгийн сүүлчийнх хүртэл бүх бүтээлд нь янз бүрээр тусгалаа олоод зогсохгүй, амиа тэвчсэн арга хэлбэрээс нь илэрч харагддаг гэлтэй.

Монсудар хэвлэлийн газраас эрхлэн гаргадаг Утга зохиол цувралын №36-д хэвлэгдэн гарсан “Багт хүний наманчлал” роман нь дээрх дурьдсан санааг илүү бататгах мэт. Зохиолын тухайд төлөвшлийн романы шинжийг агуулах бөгөөд гол баатар болох Кохан (“би” хүүрнэгч) ихийг эргэцүүлж боддог, өршөөлгүй, ил шулуухан зантай эр хэрхэн том хүн болж, насанд хүрч буй тухайгаа хүүрнэн өгүүлнэ. Зохиолын баатар маань бэлгийн сонирхлоо мэдэрч, дур хүсэлтэйгээ харилцан, зохицуулж сурах шаардлага гарч ирснээс улбаатай дотоод зөрчлийн тухай ч мөн өгүүлэх аж.

Кохан сургуульд байхдаа залуу харчуулд нүд унагадаг байснаа дурссан хойно тэрээр зохиолын хоёрдугаар хагаст Соноко гэх бүсгүйтэй хайр сэтгэлийн холбоо үүсгэх гэж хичээсэн ч амжилт үл олсон тухайгаа бичжээ. Бүсгүйг чин сэтгэлээсээ хайрладаг атлаа, тэр хайр нь бэлгийн дур хүсэлтэй нь үл огтлолцсонд гэрлэх гэсэн хүсэл нь ердөө энгийн амьдралд хөл тавих гэсэн оролдлого төдий байж гэсэн дүгнэлтэд хүрнэ. Хүүрнэгчийн өөртөө эргэлзэж тээнэгэлзэн, төөрөлдсөн байгаагаа тунгааж буй  нь их хурц. Түүний дүгнэлтээр бол эмэгтэй хүнийг биширч шүтдэг, тэр байтугай дотроо буй эмэгтэйлэг шинж, анимагаа мэддэг, тийм ч учраас хэзээ ч тэднийг хүсэхгүй, таашаалын объект хэмээн харж чадахгүй. Эл өгүүлэмж нь орчин үеийн ижил хүйстэн залуугийн бэлгийн чиг хандлагын тухай гэхээс илүүтэй өнөө цагийн эр хүйстний чиг хандлагын ердийн байдлыг харуулсан гэхэд хилсдэхгүй.

• Томас Манн

ХХ зууны эхний хагаст төрөн гарсан, үргэлжилсэн үгээр туурвигч герман хэлт зохиолчдын хамгийн нөлөө бүхий гол төлөөлөгч нь Томас Манн юм гэж хэлж болно. Түүнийг ижил хүйстэндээ татагдах бэлгийн чиг хандлагатай байсныг нас барсных нь дараа олны хүртээл болсон өдрийн тэмдэглэлүүдээс нь өдгөө бид нэгэнт мэдэх болсон билээ.

Түүний алдарт тууж “Венец дэх үхэл” нь монгол уншигчдын сонорт хэдүйн хүрсэн бөгөөд Бахархлын сарыг тохиолдуулан уншихад илүүдэхгүй зохиол юм. Туужийн гол баатар Густав фон Ашенбах алдар нэртэй, түүгээр ч барахгүй зохиол бүтээлээ үнэлүүлэн язгууртны хэргэм зэрэг хүртсэн тавь гарч яваа бэлэвсэн герман эр бөгөөд Мюнхен хотноо хангалуун чинээлэг аж төрнө. Венецэд ирээд удаагүй байхад 14 орчим насны, ар гэрийхэн нь Тадзио хэмээн дуудах нэгэн польш хөвгүүн Ашенбахын нүдэнд тусаж, төгс төгөлдөр, бурханлаг гоо сайхны амьд биелэл мэт санагджээ. Ёс суртахуун, өөрөө өөрөөсөө ичиж зовох сэтгэлдээ хүлэгдсэн Ашенбахын хувьд Тадзиод ойртон дотносох, эл мэдрэмжээ зоргоор тавих боломжгүй атал үзэсгэлэнт хөвгүүний барааг нь ч болов харж явахын хэрээр энэ хотоос явах ч чадалгүй болно.

Томас Манн энэ туужаа бичихдээ олон зохиол бүтээлийнхээ нэгэн адил хувиын амьдралаасаа сэдэл санаа авчээ. Тухайлбал Ашенбах, Томас Манн хоёр хоёулаа алдар нэртэй, уран бүтээлийн олз омог арвин яваа зохиолчид бөгөөд уйгагүй шаргуу хөдөлмөр, хатуу зарчимч зангийнхаа ачаар энэ өндөрлөгт хүрч чадсан. Нийгэмд тогтсон хэв маягаас гажихгүйг хичээж явдаг тэдэнд ижил хүйстнээ таашаан сонирхдог гэдгээ нууж, тас хорих нь, эцэстээ чухам энэ л хандлагынхаа улмаас ихэд шаналж зовдог гэх мэтчилэн.

• Трүмэн Капоти

Тиффани дахь өглөөний цай” зохиолоороо монгол уншигчдад хэдүйн танигдсан зохиолч Трүмэн Капоти өөрийгөө гэй гэдгээ огт нуулгүй, “нээлттэй”, ил тод нэгэн байв. Түүний амраг хайртуудаас онцлох хүн гэвэл Смит коллежийн уран зохиолын профессор Ньютон Арвин юм. Капоти түүнд зориулан “Өөр дуу хоолойнууд, өөр өрөөнүүд” (Other voices, Other Rooms) зохиолоо туурвижээ.

Гэвч зохиолч амьдралынхаа дийлэнх хугацааг мэргэжил нэгт анд болон амраг Жак Данфитай өнгөрүүлжээ. Жак Данфи хожим нь “Суут ухаантан: Трүмэн Капотитой амьдарсан он жилүүдийг дурсахуй” (Dear Genius ..." A Memoir of My Life with Truman Capote) номдоо өөрсдийн харилцааны тухай ний нуугүй бичжээ. Түүний мэдэх, түүний хайрладаг байсан Капоти харилцаагаа нандигнадаг мөн амжилтаар дүүрэн нэгэн байсан ч, харилцаанаас нь тусдаа авч үзвээс согтууруулах ундаа болоод мансууруулах бодист донтсон нэгэн байсныг онцолжээ. Хоёр өөр амьдралаар амьдарч байсан Капотигоос Данфийн амьдрал бүр ч илүү хол тусдаа байж. Заримдаа харилцаагаа аврахын тулд хэсэг зуур тусдаа байх ч гэсэн Данфи “Капотиг ууж, идэхийг л харж шаналах зурвас үе” хэмээн тодотгожээ.

Зохиолч, соёлын түүх судлаач Пол Байдингийн хэлсэнчлэн, дэлхийн II дайны дараах жилүүдэд урьд өмнө хориотой байсан эрчүүд хоорондын хайр сэтгэлийн сэдвийг олон улс орны уран зохиолд илүү хөндөх болжээ. Трүмэн Капотигийн зохиолоос гадна хэд хэдэн зохиолыг онцлон дурьджээ. Энэ үзэгдэл хийгээд дөнгөж дуусаад буй дайны хооронд тов тодорхой хамаарал байна хэмээн Байдинг үзсэн юм. Тэрээр: “Дайны үе бол эрчүүд ойртож дотносох үе гэсэн үг. Ингэснээр эр хүний туршлага мэдрэмж, өвөрмөц шинжийг хүлээн зөвшөөрөх хандлага улам ихсэж, тэр бүхний дүнд эрчүүд өөр нэг эрд юм уу, эсвэл өөр хоорондоо сэтгэл татагдан, бэлгийн таашаал авах нь асуудлыг хэчнээн эрүүл саруул ухаан, үнэн шудрагаар харлаа ч яах аргагүй гарч таарна” гэжээ.


• Виржиниа Вүүлф

Сассексын Уз голд живж амиа хорлосон, XX зууны хамгийн нөлөө бүхий эмэгтэй зохиолч Виржиниа Вүүлф энэ жагсаалтад яах аргагүй орох ёстой. Феминизмийн тухай маш нягт, боловсронгуй бичигдсэн Вүүлфийн “Өөрийн гэсэн өрөө” эсээ 2016 онд анх удаа монгол хэлнээ орчуулагдсан билээ. Тэрээр хүний ухамсрыг дүрслэх шинэ арга барилаа туршсан Хатагтай Дэллоуэй (1925), Гэрэлт цамхаг тийш (1927) хэмээх авангард бүтээлүүдээсээ гадна егөөдөлт намтар хэлбэртэй Орландо (1928) романаараа нэрд гарчээ.

Түүний Орландо романыг хувийн амьдралтай нь холбож үзэхээс өөр аргагүй. Учир нь Виржиниа Вүүлф эл романаа өөрийн амраг хайрт Вита-Саквилл-Уэст болон түүний сурвалжит, язгууртан гэр бүлийн амьдралаас сэдэвлэн туурвижээ. Вита Вүүлфээс арван насаар дүү бөгөөд үргэлжид эмэгтэй гэх хүйсээсээ болж өв залгамжлахад асуудал тулгарч буй тухай ярьдаг байсан нь магад түүний агуу эсээ бичихэд хөшүүрэг болж өгсөн нь лавтай. Хоёул эр нөхөртэй байсан ч гэлээ 1920-иод оны дийлэнх хугацааг хамтдаа өнгөрүүлж, хайрын захидал бие биедээ илгээдэг байжээ. Хожим Витагийн хүү ээжийнхээ болоод Вүүлфийн захидлын тухайд “Утга зохиолын ертөнц дэх хамгийн урт хийгээд уярмаар хайрын захидал” хэмээн онцолсон байдаг.

Хоёр бүсгүй амраг хосын харилцаагаа дуусгавар болгохоор шийдсэн ч гэлээ Виржиниаг нас барах хүртэл тэд найзууд хэвээр байсан юм. Тэдний харилцаанаас сэдэвлэсэн жүжиг 1992 онд гарсан бөгөөд сүүлд 2018 онд “Вита, Виржиана хоёр” хэмээн кино болгож, найруулагчаар Чаня Буттон ажиллажээ.

Кэтрин Мэнсфилд бол Виржиниа Вүүлфээс гадна англи хэлээр бүтээлээ туурвидаг, XX зууны хамгийн нөлөө бүхий эмэгтэй зохиолчдын нэг байсан билээ. Уламжлалт бус хэр нь сонирхолтой өгүүллэгүүдээрээ Мэнсфилд англи өгүүллэгийн уламжлалд шинэ чиглэлийг авчирсан юм. Үүний адилаар түүний намтар, хувийн амьдрал ч мөн тухайн үеийнхнийгээ гайхшируулж, түүгээр ч үл барам барьц алдуулж байв.


• Кэтрин Мэнсфилд

Сургуулийн найз Ида Бэйкэртэй тогтоосон харилцаанаасаа Мэнсфилд өөрийн таамаглаж байсан зүйлээ бататган мэдэж авав. Тэрээр бисексуал бөгөөд эрчүүдийн сонирхохын сацуу эмэгтэйчүүдэд ч мөн адил татагдаж байлаа. 18 нас хүрээд төрсөн нутаг Шинэ Зеланддаа ирсэн түүнд амьдрал хэтэрхий баригдмал давчуу санагдсанд эсэргүүцэл хэмээн этгээд содон хувцаслаж, олон эрчүүд, эмэгтэйчүүдтэй холбогдон янаг амрагийн явдал үүсгэж байлаа. 

Гэр бүлийн нэр төрөө цэвэр байлгана хэмээн Мэнсфилдийг Лондон руу явуулсанд их хотын амьдралыг бүрэн утгаар нь эдэлж байсан ч хүсээгүй жирэмслэлттэй нүүр тулж, хүүхдийн эцэг өөртэй нь гэрлэхээс татгалзаж, аргагүйн эрхэнд өөрөөсөө 11 ах хүнтэй суусан ч хуримласан шөнөө л түүнийг хаячихсан гэдэг.

Адармаатай амьдрал, хувь тавилангийн эргүүлгэд бүрэн орсон Кэтрин Мэнсфилдийн өгүүллэгийн түүврийг Монсудар хэвлэлийн газрын Утга зохиол цувралын №23-т хэвлэсэн буй.


СЭТГЭГДЭЛ

Your email address will not be published. Required fields are marked *

/