“Монсудар” хэвлэлийн газраас жил бүр зохион байгуулдаг “Зуныг номтой өнгөрүүлье” аян энэ сарын 17-27-ны хооронд үргэлжилж байна. Тэгвэл эл аяны хүрээнд зун уншихад тохиромжтой, танд үлгэр жишээ, урам зоригийг мэдрүүлэх 10 баримтат бүтээлийг санал болгож байна. Эдгээр 10 номонд урам зориг бүхий түүхүүдээс гадна тоомжиргүй амьдрах, 21-р зуунд заавал мэдэх 21 сургамж, амьдралын тухай мэдэх хэрэгтэй зүйлс болон ажлаасаа хэрхэн баяр баяслыг мэдрэх зэрэг бидний өдөр тутмын амьдралд тохиолддог ч анзаардаггүй асуудлууд болон зайлшгүй тохиолддог зүйлсийг хөндсөн бүтээлүүд билээ.
АНУ-ын тэргүүн хатагтай асан Мишель Обама өөрийн амьдралын түүхээ бичсэн эл бүтээл танд урам зориг өгөх нь дамжиггүй. Жирийн нэгэн охиноос дэлхийн хамгийн олон хүний таашаалд нийцсэн эмэгтэй болсон түүний түүх хэн бүхэнд урам зориг, эрч хүчийг бэлэглэх болно.
Бидний амьдралд дүрэм бий юу? Тэгвэл бидний амьдралын дүрэм юу вэ? “Амьдралын 12 дүрэм” хэмээх ном шинжлэх ухааны судалгаанд тулгуурлан бидний амьдралын 12 дүрмийг жагсаажээ. Үлгэр домгийн ач холбогдол, романтик харилцаа, Библийн судрын өргөн цар хүрээг оролцуулсан лекцүүд нь дэлхийн олон сая хүнд хүрчээ.
Энэхүү Буйд газрын кафе “Яагаад” хэмээх хувь хүний хөгжлийн ном нь зохиолч Жон Стрелекигийн анхны бүтээл бөгөөд 2003 онд хэвлэгдсэн даруйдаа 35 хэлнээ орчуулагджээ. Хүний амьдралын зорилго, сэтгэл ханамж хийгээд түүнийг дагалдах мөнгө, эд хөрөнгө, алдар нэр, амжилт бүтээл, цөхрөл гутрал гэхчлэн өдөр тутам учирдаг зүйлсийн цогц хариулт, гаргалгааг эл ном эвлэгхэн агаад хөнгөхөн өгүүлэх болно.
Тоомжиргүй амьдрах бяцхан урлаг
Өдөр тутмын амьдралд хэрхэн тоомжиргүй амьдрах вэ, тоомжиргүй амьдрах нь юунд ямар ач холбогдолтой вэ гэх асуудлыг зааж, захирахаас илүүтэй чөлөөт бичлэгтэй, сонирхолтой баримтууд бүхий энэхүү ном танд үлгэр жишээ өгөх номын нэг мөн билээ.
"Sapiens" бүтээл бидэнд хаанаас ирснийг маань харуулсан. Харин "Homo Deus" ном ирээдүй маань ямар байх тухай төсөөллийг бидэнд өгсөн. Тэгвэл 21 дүгээр зууны 21 сургамж ном одоо цагийг судална.
Юваль Ной Харари биднийг өнөөгийн хамгийн тулгамдаад буй асуудлуудыг судалж сурвалжлах сонирхолтой аялалд авч гарах болно.
Цөмийн дайн, экологийн сүйрэл, технологийн эмх замбараагүй, огцом хөгжлөөс өөрсдийгөө хэрхэн хамгаалах вэ, худал хуурмаг мэдээллийн цар тахал, терроризмын аюул заналын тухайд бид юу хийж чадах бол, хүүхдүүддээ юу гэж зааж сургах хэрэгтэй вэ,
тэр энэхүү сэтгэл хөдөлгөм цоо шинэ номдоо чиг баримжаагаа алдмаар байнгын өөрчлөлтүүдийн өмнө хамтын хийгээд хувийн төвлөрлөө алдахгүй хадгалах асуудлыг юу юунаас илүүтэйгээр судалжээ. Бид өөрсдийн бүтээсэн ертөнцөө ойлгох чадвартай хэвээр үү?
Joy at Work- Баяр баясал авчрах ажлын эмх цэгц
Зохиолч Мэри Кондогийн “Баяр баясал авчрах ажлын эмх цэгц” хэмээх ном шинээр хэвлэгдлээ. Бид их ажилд дарагдсанаар ойр тойрон дахь ажлын эмх цэгцээ алддаг. Энэ ном зөвхөн орчин тойрны эмх цэгцийн тухай бус ажлаа хэрхэн эхнээс нь эмхлэх үү, орчин тойрны хүмүүсийн харилцаа болон цагийн хуваарь, шийдвэр гаргах зэрэг олон зүйлсийг тусгажээ.
Кики, Жакс хоёр
Монгол уншигчдад, нөлөөлөл, итгэл найдвар бэлэглэсэн “Амьдралыг өөрчлөх эмх цэгц ба түүний гайхамшигт ид шид” номын зохиолч Мари Кондо эмх цэгцийн тухай ойлголтыг хүн бүрд таниулахыг хичээн ажилладаг билээ. Тэрээр хүүхэдтэй болсныхоо дараа эмх цэгцийн ойлголтыг хүүхдүүдэд зориулан хүргэхээр шийджээ.
Миний сайн мэдэх зүйлс
Дэлхийн хамгийн алдартай хөтлөгч Опра Уинфригийн бичсэн эл ном хэн бүхэнд урам зориг өгөх бүтээл мөн билээ. Бүтээлч хүч, хүний зүрх сэтгэлийг сонсон суралцагч, хүсэл мөрөөдөлдөө хүрч амьдрахын үлгэр жишээ гэдгээр Опра Уинфритэй эн зэрэгцэх нь үгүй. Өнгөрсөн хугацаанд тэрээр энэ төрлийн нэвтрүүлгүүд дотроос хамгийн өндөр рейтинг бүхий ток шоу бүтээж, өөрийн гэсэн телевизийн сувгийг нээн Америкийн цорын ганц хар арьст тэрбумтан болсон ба Харвардын их сургуулийн хүндэт диплом болон АНУ-ын ерөнхийлөгчөөс Эрх Чөлөөний одонгоор шагнагдаж байсан билээ.
Өөрийгөө олсон амьдрал
Энэхүү номд хэрхэн мөнгө олох, баяжих тухай бус мөнгө хүний амьдралд ямар байр суурь эзэлдэг, мөнгөнд хэрхэн хандах ёстой, мөнгө амьдралыг өөрчлөх түлхүүр болж байгаа тухай зохиолч өөрийн амьдралын туршлагаас өгүүлдэг. Магадгүй та энэ номоос "ажил хийхийн" утга учир, сайн сайхныг ойлгож, эсвэл Азийн орнуудад ядуурал ямар хэмжээнд байгааг, бүр мөрийтэй тоглоом тоглох ямар байдаг тухай ч мэдэж болох юм.
Тэрслүү охидод зориулсан бяцхан түүхүүд
Энд өгүүлэх бүхэн итгэл найдвар дүүрэн зүрх сэтгэл дэлхийг өөрчлөх хүчтэйг нотлон харуулна. Эдгээр хатан зоригт эмэгтэйчүүдийн түүх охидыг урам зоригоор бялхааж, гоо үзэсгэлэн гэдэг нас үл харгалзан өөр өөрийн өнгөтэй оршин байдгийг ойлгуулж, залуу охидыг гайхшруулах болно. Номыг уншсан хүн бүр хүсэл тэмүүлэл, сониуч зан, өгөөмөр сэтгэлээр дүүрэн явах нь жинхэнэ амжилт, аз жаргал гэдгийг олж мэдээсэй. Амьдралынхаа үнэ цэнтэй хором мөч бүрд аз жаргалтай байж, шинийг эрэлхийлж явах хэрэгтэй гэдгээ битгий мартаарай.
СЭТГЭГДЭЛ