Уран зохиол бол амьдралын тусгал юм. Тиймээс энэ төрлийн ном хүүхдэд амьдралын мөн чанар, хүн хоорондын харилцаа, сайн хийгээд муу, сайхан ба муухайн тухай баялаг ойлголтыг өгдөг. Уран зохиол шимтэн уншдаг хүүхэд ирээдүйд аливаа асуудалтай тулгарахдаа барьц алдалгүй даван туулах боломжтой байдаг билээ.
Багаасаа олон номын баатруудтай хамт адал явдлуудтай учирч, тэднийхээ аз жаргал, зовлон шаналлыг хуваалцаж өссөн хүүхэд бусдыг энэрэн хайрлах сэтгэлтэй, эрүүл хүчтэй сэтгэхүйтэй бие хүн болж төлөвшдөг. Тиймээс та хүнлэг, ёс суртанхуунтай иргэнийг өсгөн хүмүүжүлэхийг хүсч байгаа бол хүүхдээ ном, тэр дундаа уран зохиолын номтой нөхөрлүүлээрэй.
Энэ зун бяцхан уншигчид маань уншиж амжвал зохих уран зохиолын номуудыг танилцуулж байна.
1. ПИППИ ЦУВРАЛ
Зохиолч Астрид Линдгрений Пиппи хэмээх дүрсгүй хүүхдийн талаар өгүүлдэг цуврал зохиол дэлхийн уран зохиолын 100-н шилдэг бүтээлийн нэгээр нэрлэгддэг. Астрид Линдгрен өөрийн охиноо хүнд өвчтэй байх үед урам өгөхийн тулд ярьж өгдөг байсан түүхээ 1944 онд гар бичмэл болгосноор анх Пиппи цуврал уншигчдын хүртээл болох боломж бүрджээ.
“Урт оймст Пиппи”, “Пиппи завиар аяласан нь”, “Пиппи Така Тукагийн оронд” хэмээх гурван дэвтрээс бүрдэх энэхүү цуврал маш дүрсгүй хүүхдийн талаар өгүүлдэг боловч хүүхдэд өөртөө итгэлтэй байх, биеэ дааж сурахын чухлыг ойлгуулна.
Мөн нөгөө талаас томчууд өөрсдөө ч мэдэхгүй хүүхдийнхээ ертөнцийг таньж мэдэх, амьдралаас сургамж авах боломжуудыг хааж байдгийг өгүүлсэн байдаг.
Урт оймст Пиппи - Шведийн жижигхэн тосгонд гэрийн тэжээмэл сармагчин, морь хоёрынхоо хамт амьдардаг есөн настай бяцхан охин Пиппи насаараа аавынхаа хамт тэнгис далайгаар хэсүүчлэн амьдарсан бөгөөд хэрэтрхий эрх дураараа, хүмүүжилгүй гэмээр зантай. Тэр хөрш айлынхаа Томми, Анника хоёртой сайн найзууд бөгөөд тэдэнтэйгээ хамт өдөр бүрийг адал явдлаар дүүрэн өнгөрүүлдэг.
Пиппи завиар аяласан нь - Пиппи Томми, Анника хоёр найзын хамтаар хөгжилтэй зүйлс хийж, ямар ч дүрэм журамд баригддаггүй өөрийн чөлөөт ертөнцөд хэрхэн адал явдал бүтээж байгааг өгүүлдэг. Тэгтэл удаан хугацаанд эзгүй байсан Пиппигийн ааваас захиа ирснээр тэд Така Тукагийн орныг зорино.
Пиппи Така Тукагийн оронд аяласан нь - Сүүлийн цувралд Пиппигийн аав ямар учраас халуун орны арлын хаанаар өргөмжлөгдсөн тухай болон Пиппиг аралдаа урьж, гүнжээр өргөмжлөх болсон тухай сонирхолтой түүхийг өгүүлж, Пиппи найзуудын хамт алс холын арлыг зорьж байгаа тухай өгүүлнэ.
2. ДЭВИД ВОЛЛИАМСЫН НОМУУД
Дэвид Воллиамс бол английн хүүхдийн шог хошин зохиолч юм. Түүний номууд орчин үеийн хүүхдүүдэд зохицсон хэв маягаар бичигдсэн байдгаараа онцлог. Түүний бүтээлүүдийн гол ач холбогдол нь нийгмийн хүнд, хэцүү асуудлуудыг хошин хэлбэрээр дүрсэлсэнд байх ба үүний ачаар уншигч хүүхдэд хүний амьдралын хүнд асуудлуудыг хөнгөнөөр ойлгох боломж олддог.
Хайртай дотны хүмүүсээ алдах, мөнгө байх ба байхгүйн зовлон, гэр бүл салалт, гадуурхал гэх мэт хэцүү боловч бодит үнэнг хүүхэдтэйгээ ярилцахаас зүрхшээдэг, тэр бүр боломж гардаггүй, хүссэн ч хэрхэн эхлэхээ мэдэхгүй байгаа бол та эхлээд Дэвид Волиамсын номуудаас хүүхдэдээ уншуулаад үзээрэй. Эдгээр номууд танай гэр бүлд ярилцах боломжийг нээж өгч тусална.
Гангста эмээ
Гангста эмээ анх 2011 онд уншигчдын хүртээл болж, түүний дараа 2013 онд дэлгэцийн бүтээл болсон байдаг. Уг ном эмээ, өвөөгөө үргэлж хөгшин байсан мэтээр төсөөлж, тэднийгээ уйтгартай, хоцрогдсон гэж үздэг хүүхдүүдийн ойлголтыг залруулахад томоохон тус болно.
Бен хэмээх хүүгийн эмээ үргэлж байцайтай хоол иддэг, нүдний шилтэй буурал үстэй нэгэн байлаа. Тэр яг л ерөтнцийн бүх эмээ нарын сонгодог жишээ мэт. Харин Бен баасан гараг бүр эмээгийндээ үлддэг бөгөөд үүндээ тун дургүй. Гэвч нэг л өдөр эмээ нь ч бас өөр шиг нь хүүхэд байсан, тэр бүү хэл маш олон нууцлаг хэргийн эзэн болохыг олж мэднэ. Энэ үеэс хүү эмээгээ өөрөөр харж, илүү дотно байхыг чухалчилдаг боловч эцэстээ ертөнцийн жамаар хагацахаас өөр аргагүй болно.
Зохиолч тун хошин өнгө аясаар хүний сэтгэлийн нарийн нандин мэдрэмжүүдийг илэрхийлсэн нь уг номын гол онцлог юм.
Тэрбумтан хүү
Энэхүү номд аавтайгаа хамт амьдардаг Жоё хэмээх хүү болон түүний найз нөхөдтэй болох гэсэн “тэмцлийн” тухай өгүүлдэг.
Уг нь Жоё маш баян бөгөөд түүнийг аз жаргалтай болгох маш олон зүйлийг эзэмшдэг. Хувийн кино театр, боулингийн газар, бүр орангутан сармагчин хүртэл бий. Тэр дөнгөж 12 настай хэр нь насандаа баймааргүй их хөрөнгөтэй. Гэсэн ч жаргалтай байж чадсангүй. Яагаад гэвэл түүнд нэг ч найз байгаагүй юм...
Энэхүү ном хүүхдэд мөнгө хүний амьдралд хэр үнэ цэнтэй болох, мөнгө ба аз жаргалын мэдрэмж хоорондоо хэр холбоотой болохыг ойлгуулна.
3. ГЭСЭР
Гэсэр бол монголын эртний баатарлаг тууль билээ. Уг туульд Хурмаст тэнгэрийн хүү Гэсэр үймээн самуунтай цагт орчлон дэлхийг амаржуулан төвшитгөхөөр бууж ирээд, муу бүхнийг дарж байгаа тухай өгүүлдэг.
Уг тууль эрт цаг үеийн домгийн сэтгэлгээ, шашны ойлголт, бэлгэдэл зүй маш ихээр шингэсэн бүтээл тул эртний ёс заншил, харгис хэрцгий дүрслэлүүд олон өгүүлэгддэг. Тэр хэвээр нь орчин цагийн хүүхдэд ярих, уншуулах боломжгүй тул хүүхдийн номын Жангар редакцаас бяцхан уншигчдадаа зориулан шинээр зохиомжлон найруулсан билээ.
Гэсэн хэдий ч монгол түмний ёс суртахуун, хүмүүжил, хэл ярианы чухал өв болсон бүтээлийн үндсэн чиг шугам, утга санааг алдагдуулахгүй байхыг хичээсэн.
Мөн эх зохиолд бидний мэдэх зарим улс орнууд үлгэр домгийн ертөнцтэй зэрэгцэн дүрслэгддэг тул утга санааг илүү ойлгомжтой байлгах үүднээс анх удаа Гэсэр туулийн газрын зургийг зохиомжлон бүтээж, хавсаргаснаараа онцлог.
4. МОНГОЛЫН НУУЦ ТОВЧООН
Өв соёл, уламжлалаа хүүхэд залууст таниулах хэрэгтэй гэж бид үргэлж ярьдаг ч хэрхэн хүргэх арга замаа олж чаддаггүй. Харин Монголын нууц товчоон бол Монгол үндэстний эртний сод туурвил билээ. Эл бүтээлийг орчин үеийн хүүхэд залуус уншихад дөхөм болгохын тулд хүүхдийн номын Жангар редакцаас үг хэллэг болоод утга агуулгыг хялбаршуулан, шинэчлэн найруулж, бүрэн зурагжуулсан байдаг. Ингэхдээ нэг талаас түүхийн чиг шугамыг нь алдагдуулахгүйг, нөгөө талаас тодорхой бус, ойлгомжгүй хэсгүүдийг уран сэтгэмж, уран найруулга ашиглан нөхвөрлөн зохиомжилохыг хичээсэн юм.
Монголын нууц товчоон бол хүүхэд залууст үр өгөөжтэй олон сургамж, зан чанар, үйл явдлын хэлхээс учир тэр бүгдийг үнэт зүйл хэмээн үзэж, хэсэг тус бүрд онцлон шигтгэсэн. Мөн бүтээлийн өгүүлэх цаг нь дайн байлдаан хүний амьд байх үгүйг шийдэж байсан үе ч гэлээ Чингис хаан хэмээх хувь хүний ямар зан чанар, арга ухаан дэлхийн талыг эзлэхэд хүргэснийг илүү чухалчлан харуулахыг зорьсон.
Тиймээс энэхүү ном хүүхдийн дур сонирхолд нийцсэн, Чингис хааны хийсэн олон дайн тулаанаас илүүтэй, хувь хүнийхээ хувьд эрхэмлэж асан үнэт чанар, итгэл үнэмшлийг тайлбарласан, мөн тэр үеийн монголчуудын өв соёлын утга учрыг тодотгон харуулсан бүтээл юм.
5. ЖАНГАР
Монгол ардын аман зохиолыг өнгө бүрээр гэрэлтсэн нэгэн сүрлэг эрдэнэсийн уул хэмээвээс Жангар нь тэрхүү уулын оргилд заларч, ертөнц даяар өөрийн өнгөт сайхан гэрлийг түгээж буй, нийт монгол туургатны оюуны соёлын үнэт өв юм.
Хүүхдийн номын Жангар редакцаас Халимагийн нэрт яруу найрагч Б.Басанговын 1940 онд эмхэтгэсэн 12 бүлэг Жангарын эхийг баримтлан, ойрад-халимаг аялгаас орчин цагийн монгол хэлний халх аялгад шинэчлэн буулгаж, хүүхдэд зориулан хялбаршуулсан Жангар бүтээлийг гаргасан байдаг.
Тууль нь уран сайхны хэтрүүлэл, уран сэтгэмж ихтэй тул хүүхдийн ургуулан бодох чадварыг сайжруулах, үг ярианы баялагийг нэмэгдүүлэх гэх мэт олон талын ач холбогдолтой. Түүнчлэн саад бэрхшээлийг хэрхэн даван туулахыг сургамжлах төдийгүй эр зориг, тэсвэр хатуужил, нөхөрлөлийн үнэ цэнийг ойлгуулдаг. Тиймээс хүүхдээ багаас нь туультай танилцуулж, үг дүрслэл бүрийг харилцан ярилцах нь өв соёлоо таниулах бас нэгэн боломж юм.
6. ПИНОККИО
Пиноккиогийн адал явдал нь үнэнч шударга байдал, хайр энэрэл, эр зоригийн талаар сургадаг билээ. Хэдий тун дэггүй хүүхдийн тухай өгүүлдэг ч уг зохиол уншигч хүүхдүүдэд бусдад уруу татагдах, буруу үлгэр дуурайлал авах нь өөрт хор уршигтай болохыг ойлгуулдаг.
Зохиолд Жеппетто хэмээх худалдаачин, найз Антионогоос нэгэн ярьдаг хэрчим авч, түүгээрээ модон хүүхэлдэй урладаг. Тэгээд түүнийгээ өөрийн төрсөн хүү мэт санаж Пиноккио хэмээх нэр хайрлана. Харин Пиноккио маш сахилгагүй, эрдэм ном сурах тун дургүй бөгөөд хамгийн сонирхолтой нь худал хэлэх болгонд нь модон хамар сунаж урт болдог байв.
Гэсэн ч тэр байнга худал хэлж, үргэлж хэрэг төвөг тарина. Бүгд л өөрөөс нь хулгайлж, хумслан эсвэл хуурч мэхлэн, барьцаалж, эсвэл илжиг болгон хувиргахаар шийдсэн дэлхий ертөнцөд тэрээр амьдарна. Ийм байхад Пиноккио сайн хүүхэд болохыг хэчнээн хүссэн ч чадна гэж үү?!
7. ХИЛЭН ХАР
Хилэн хар нь 1877 онд хэвлэгдэж, 50 сая хувь борлогдсон бүх цаг үеийн хамгийн их борлуулалттай номнуудын нэг билээ.
Уг номд хүмүүсийн харилцааны чухал хэсгүүдийг морьд болоод эздийн харилцаагаар төлөөлүүлэн уран яруу илэрхийлсэн байдаг. Мөн нинжин сэтгэл, хайр энэрэл, хүндлэлийн үнэ цэнэ хийгээд амьдралын нугачааг зориг тэвчээрийн хүчээр даван туулж буй сэтгэл хөдөлгөм түүхийг өгүүлдэг.
Анна Сьюэлл зохиолыг зөвхөн хүүхдэд зориулаад зогсохгүй тухайн үеийн морьдын эзэд, сургагч нарт, түүнчлэн амьтанд хайртай хүн бүрд зориулан бичсэн гэж өөрөө хэлж байсан удаатай.
8. МАРГАД ЭРДЭНЭ ХОТЫН ШИДТЭН
Шар тоосгон замаар явсаар Маргад эрдэнийн хотод очиж байгаа Элли охины тухай өгүүлдэг уран зөгнөлийн энэхүү зохиол нь Александр Волковын хамгийн алдартай бүтээлүүдийн нэг юм.
Эгэл жирийн нэгэн охинд тохиолдож байгаа ер бусын адал явдлаар зохиолч хүүхдийг төсөөллийн ертөнцөөр аялуулж, ид шид гайхамшигт автуулж, уншигч хүүхдэдээ төлөөлүүлэн бодох боломжийг олгодог. Мөн шинжлэх ухаан болон бодит байдлыг танин мэдэхэд зохиолын утга санаа агуулгаа чиглүүлсэн нь үе үеийн уншигчдын хамгийн дуртай, сонирхолтой зохиолуудын нэгийг бий болгосон юм.
9. ӨВГӨН ТЭНГИС ХОЁР
Эрнест Хемингуэй энэ тууждаа нэг талаас байгаль, хүн хоёрын үргэлжийн мөнх тэмцлийг харуулсан бол нөгөө талаас цөхрөл, итгэл найдварын тухай өгүүлжээ. Америкийн алдартай зохиолчийн амьд ахуйдаа хэвлүүлсэн хамгийн сүүлчийн бүтээл болох энэ туужаас Хемингуэйн алдар нэрд хүрсэн учрыг олж харах боломжтой.
Куба загасчин өвгөн Сантьяго наян дөрвөн хоногийн турш нэг ч загас бариагүй ажээ. Өвгөнтэй цуг загасчилдаг хөвгүүний эцэг эх хоёр ийм олон хоногийн турш загас барьж чадаагүй Сантьягог заяа нь хаяасан амьтан гэж үзээд, хүүгээ өөр загасчинд туслуулах болсон юм. Өөрт туслах хүнгүй ганцаар завиндаа суун далай тэнгисээр загасчлахаар явсан Сантьяго өвгөн энэ наян тав дахь өдөр аз нь гийх байх хэмээн горьдно. Өвгөн тэр өдөр үнэхээр загас барилаа. Барих барихдаа урьд өмнө нь хэзээ ч агнаж байгаагүй тийм том марлин загас барив. Завинаас нь ч урт, лунзгар том энэ загасыг туслагч хүүгийнхээ хамжлагагүйгээр агнах өвгөнд тийм амар байсангүй. Загасанд чирэгдэн далайн тэнгисээр гурван өдөр, гурван шөнө явсны эцэст Сантьяго өвгөн хашир ухаан, тэвчээр, шантрашгүй зангийнхаа ачаар олзоо агнаж чадна. Гэхдээ энэ ан тийм ч өөдрөгөөр дуусдаггүй.
Зохиолд өвгөн Сантьяго, түүний залуу найз хоёр бүх хүн төрөлхтнийг бэлгэднэ. Агуу хүч, гоо сайхан болон өвгөнд учруулсан аюул заналаас нь харахад том загас харин байгалийн бэлгэдэл юм. Сантьяго хэмээх хувь хүний хувь тавиланг бус, харин өдрөөс өдөрт амьд гарах гэж тэмцэх хүн төрөлхтний хувь тавиланг олж харж болно.
10. АМЬТНЫ ФЕРМ
1930-аад оноос Барууны ертөнцийн олон зохиолч Марксизмд талтай хандах болжээ. Фашизмыг эсэргүүцэх үзэл Эдийн засгийн их уур амьсгалтай хосолж, коммунист дэглэмийн доорх амьдралын жинхэнэ нүүр царайг олж харахад садаа болсон юм. Зөвлөлт Холбоот Улсад ч эрүүл сэтгэлгээний дуу хоолой дарагдаж, улс төрийн эрхшээлд оюунлиг сэхээтнүүд бүрнээ автах болсон энэ үеийг даван туулахад амаргүй байлаа.
Амьтны ферм хэмээх энэ номд орчин үеийн нийгэм, улс төрийн шударга бус хэв маягийг амьтдаар төлөөлүүлэн дүрсэлсэн байдаг. Хэзээ ч ханаж цадахгүй бөгөөд ичгүүр сонжуургүй дарлан мөлжигч гахайнууд болон тэдэнд хууртаж ханадаггүй гэнэн тэнэг амьтад...
11. БЯЦХАН ХУНТАЙЖ
Осолдож, төөрсөн нисгэгч, эгэлгүй бяцхан хүү хоёрын нөхөрлөлийн үнэ цэнийг өгүүлэх "Бяцхан Хунтайж" зохиол нь бүх насны уншигчдын сэтгэл зүрхэнд хүрч чадсан бүтээл юм. Цэцэн мэргэн, ид шидийн гэмээр гайхамшигт энэ ном оршихуйн утга учир, хайр энэрлийн хүчийг ойлгуулах болно.
Бяцхан хунтайж энэ дэлхий дээр биш, бага гараг Б 216-д амьдардаг байжээ. Тэр гараг нь бургилж буй хоёр галт уул, сөнөсөн нэг галт уултай, бяцхан хунтайжаас арай томхон гараг юм. Орчлон хорвоод цор ганц байдаг хэмээн итгэж, хайрлан хамгаалдаг цэцгээ орхиод гарсан тэрээр олон гарагаар аялж, ван ноён, худалдаачин, архичин, дэнлүү асаагч, газарзүйч зэрэг хүмүүстэй уулзаж, эцэст нь дэлхийд ирсэн аж.
Энэ зохиол нь Антуан де Сэнт-Экзюперийн бусад зохиолуудтай огт адилгүй бөгөөд энгийн, ойлгомжтой дүрслэлийн цаана ёгт, гүн гүнзгий утга агуулга нуугдаж буй.
СЭТГЭГДЭЛ