МОРУС-КАМПАНЕЛЛА-БЭКОН: УТОПИ ЗОХИОЛУУД
Монсудар хэвлэлийн газраас Утопи гурван төр хэмээх бүтээлийг эрхлэн гаргасан билээ. Нийгэм, хүмүүнлэгийн ухааны салбарын зайлшгүй унших бүтээлд тооцогдох эдгээр бүтээлүүд уншигч биднийг өөрсдийнхөө тухай, хүний мөн чанарын тухай, ер нь ирээдүйд бид ямар нийгэмд амьдрахыг хүсээд байна вэ гэх бодол эргэцүүлэлд хөтлөх болно. Техник урьд хожид тохиож байгаагүй их хурдаар хөгжиж дэвшиж буй эрин цагт бид амьдарч байна. Биотехнологи, мэдээллийн технологи, хиймэл оюун ухаан, нано технологи, сансрын огторгуй судлалын салбарт шинэ шинэ нээлтүүд ар араасаа шил даран гарч байна. Мөн түүнчлэн хүн төрөлхтний амьдралыг үүрд өөрчлөхүйц үр дагавартай дэлхийн уур амьсгалын өөрчлөлттэй нүүр тулахад их ойртжээ. Тэгэхээр ирээдүйд ямар нийгэмд амьдрахыг хүсэж байгаа вэ? гэдэг асуулт бидний өмнө хэзээ хэзээнийхээсээ илүү чухал, хурцаар тулж ирсэн байж мэдэх юм. Иймд уншигч та бүхэндээ эл бүтээлийн тухай хүргэе.
“Утопи” хэмээх үг грек хэлний “ou-tуpos” буюу үгчлэн орчуулбал “Байхгүй газар орон” гэх үгээс гаралтай. Анх 1957 онд Томас Морусын ийм нэртэй, төр улсын тухай роман гарснаас хойш хүмүүнлэгийн ухааны салбарт энэ үгийг тухайн зохиогчийн амьдарч буй нийгмээс эрс ял- гаатай (тийм ч учраас нэг талаар эсвэл бүр нэн тэргүүнд шүүмжлэл хэмээн ойлговол зохих) төр улсын болон нийгмийн загвар төсөөллийг илэрхийлэх ойлголт болж хувирчээ. Уран зохиолын төрөл зүйлийн хувьд, ихэвчлэн утга зохиол-философийн холимог бүтээлд хамаарна. Ийм төрлийн бүтээлд утга зохиолын ба философи-онолын хэсгүүд харилцан адилгүй хувь харьцаагаар орж болох бөгөөд зарим тохиолдолд уран зохиолын-хүүрнэл, заримдаа философи-онолын шинжийг түлхүү агуулна.1 Энэхүү номд Томас Морусын 1517 оны бүтээл “Утопи”, Томас Кампанеллагийн 1602 оны бүтээл (бүр хожим 1623 онд анх хэвлэгдсэн) “Нарлаг төр улс” болон Фрэнсис Бэконы 1627 онд бичсэн “Шинэ Атлантис” хэмээх хүмүүнлэгийн ухааны аливаа салбарт гол төлөв хамт дурдагддаг, хүмүүнлэгийн түрүү үеийн гурван утопи бүтээл багтсан. Философич С.Молор-Эрдэнэ санал бол- гон, орчуулгыг өөрөө гүйцэтгэснээр эл бүтээлүүд ийнхүү анх удаа монгол уншигчдын хүртээл болж байна. Анх хэвлэгдсэн оноос нь харахад энэ гурван зохиол гурвуул сэргэн мандалтын үед бүтсэн нь илэрхий биз ээ. Сэргэн мандалтын үе хэмээх энэ нэр эртний Грек, Ромын үед хүрээд байсан оюун санааны ололт амжилтыг эргэн санагалзаж, сэргээхийг хүссэнээс улбаатай. Сэргэн мандалтын үеийг тодорхойлох гол онцлог бол хүний саруул оюун ухааны бүтээлч хүчинд гүн итгэх явдал. Энэ үеийн төлөөлөгчид байгалийн шинжлэх ухааны салбарт ч тэр, философийн салбарт ч тэр хожмоо Европт соён гэгээр- лийн үе эхлэх, ингэснээрээ та бидний мэдэх орчин үеийн ертөнц буй болох үндэс суурийг тавьсан билээ. Тэр цаг үеийн өөдрөг агаад шүүмжлэлт сэтгэлгээ энэ эмхэтгэлд багтсан гурван бүтээлийн аль алинаас нь (харилцан адилгүй илэрхийлэл, өөр өөрийн гэх өвөрмөц онцлогтой боловч) илт мэдрэгддэг бөгөөд дан ганц энэ чанараараа ч тэр, өнөөг хүртэл ач холбогдлоо алдаагүй яваа, зайлшгүй уншвал зохих бүтээлүүд юм. Үүнээс гадна эдгээр зохиолыг унших өөр олон шалтгааныг хойшид дурдах болно. Одоо харин энэхүү гурван зохиолч болон бүтээлүүдийг эхлээд нэг бүрчлэн танилцуулъя: Томас Морус: “Утопи” (1507) Томас Морус 1478 оны 2 дугаар сарын 7-ны өдөр Лондон хотноо шүүгчийн гэр бүлд төржээ. Оксфордын их сургуульд суралцаж төгсөөд, Лондоны янз бүрийн хуулийн сургуулиудад үргэлжлүүлэн суралцсаар дөнгөж 23 нас- тайдаа өөрөө лекц уншдаг болов.2 Улмаар 25 настайдаа Британийн парламентын гишүүн болсноор эзэн хаан VIII Генрих тэмүүлэл дүүрэн залуухан хуульч эрийг анх анзаарчээ. Дипломатаар ажиллаж, анхны үүрэг даал- гавруудаа амжилттай биелүүлсэн Морус удаж түдэлгүй ажил мэргэжлээрээ маш хурдан ахиж дэвшжээ. Эхлээд парламентын дарга, улмаар 1529 онд лорд канцлер болов. Морус энэ албыг гурван жил хашаад буусан юм. Энэ нь эрүүл мэндийн байдлаас шалтгаалсан байж болох ч хамгийн гол нь Английн эзэн хаан VIII Генрих “Супрематийн баримт бичиг” хэмээн нэрлэгдсэн баримт бичиг бат- лан, өөрийгөө англикан шашны тэргүүнд өргөмжлөх шийдвэр гаргасанд дургүйцлээ илэрхийлсэн хэрэг юм. Католик шүтлэгтний хувьд Морус 1534 онд эзэн хааны энэ баримт бичгийг хүлээн зөвшөөрөх, үнэнч шударгын тангараг өргөхөөс дахин татгалзсан тул урван тэрсэл- сэн хэрэгт унаж, эцэстээ 1935 оны 7 дугаар сарын 6-нд цаазаар авхуулжээ. Бусад тэрс үзэлтнийг айлгахын тулд түүний толгойг Лондоны цамхагт гүүрэн дээр өлгөж, нийтэд харуулсан юм. Тиймээс Морусыг өдгөө англикан болон ром-католик сүм хийдүүд цөм шашны үйл хэргийн төлөө амиа золиослогч, гэгээнтэн хэмээн хүндэлдэг. Морусын гол бүтээл “Утопи арал” 1516 онд буюу түүнийг харгис хэрцгий хөнөөгдөхөөс 19 жилийн өмнө олны хүртээл болж байжээ. Анхандаа латин хэлээр бичигдсэн уг зохиолын бүтэн нэр De optimo rei publicae statu deque nova insula Utopia буюу “Утопи нэрт шинэ арал ба хам- гийн сайн төрийн тухай”. Зохиол захидал хэлбэрээр бичсэн богинохон оршил хэсэг ба хоёр бүлэг бүхий гол хэсгээс бүрдэнэ. Зохиолд гарах түүхийг Морус санаанаасаа зохиогоогүй, харин өөр нэгний ярьсан түүхийг буулгаж бичсэн байдлаар зохиомжилжээ. Эхний хэсгээс Утопи арлын тухай Морус анх хэрхэн мэдэж авсан ту- хай өгүүлнэ. Албаны ажлаар Фламандад очоод байтал Петр Аэгид (оршил хэсэгт түүний тухай өгүүлжээ) гэх танил нь түүнд далай тэнгисээр аялагч, эрдэмтэн Рафаэл Хитлодеус хэмээх эрийг танилцуулдаг. Тэрээр нэг удаа аялж явахдаа төр, нийгмийн байгууллаараа дэлхийн аль ч улсыг дагуулахгүй хол орхисон Утопи хэмээх аралд очсон тухайгаа Антиверпэн хотод нэгэн өдрийн үдээс хойхон Морус, Аэгид хоёрт ярьж өгч буйгаар зохиол үргэлжилнэ. Өргөн мэдлэгтэй Хитлодеус яагаад эзэн хаад, гүнтнүүдийн дэргэд шадарлан зөвлөдөггүй тухай (Ноёд дээдсийн өргөө гүн ухааныг багтаах зай үгүй) Английн ял шийтгэлийн хууль, сангийн бодлого, хувийн өмчийн байгуулал гэх мэт сэдвээр халуун яриа өрнөсөөр нэгдүгээр бүлэг дуусна. Утопи арлын тухай хүүрнэсэн Хитлодеусын жинхэнэ яриа, мэдээлэл хоёрдугаар бүлэгт гарна. Газар зүйн байрлалаас нь эхлээд төр засгийн хэл- бэр, цэрэг арми, нийгмийн байгуулал, өмсдөг хувцас хунар, эр эмийн харилцаа, өвчтөнийг хэрхэн асарч сувилдаг гэхчлэн Утопи арлынхны аж амьдралыг уг бүлэгт нэгд нэггүй дүрсэлжээ. Энэхүү номд багтсан бүтээлүүд дундаа Морусын энэ зохиол хамгийн өргөн хүрээтэй, дэлгэрэнгүй, нягт нямбай боловсруулж бичсэнд тооцогддог. Тэрээр орчин үеийн улс төрийн утопи романыг ийнхүү төлөвшүүлж, хожмын үеийн зохиолчдын хувьд (Платоны Politeia болон зарим талаар Августины De civitate dei бүтээлүүдийн хамт) голлох тулгуур, чиг баримжаа болсон билээ.
Томмазо Кампанелла: “Нарлаг төр улс” (1602)
Томмазо Кампанелла 1568 оны 9 дүгээр сарын 15-нд (одоогийн Италид, тухайн үед Испанийн эзэн хааны мэдэлд байсан) Калабрия нутгийн өмнөд хэсгийн Стило хэмээх тосгонд төржээ. Дөнгөж 15 настайдаа тэрээр католик шашны доминиканчуудын нийгэмлэгт сайн дураараа элсэн орж, шавилан суралцсаар санваартан, улмаар шашны судлаач, эрдэмтэн болсон юм. Калабрия мужийн нийслэл Козенца хотод байх үед нь гүн ухааны болон эмпирик үзэл баримтлалаараа католик шашны сүм хийдүүдтэй ямагт зөрчилддөг Бернардино Телезио түүнд ихэд нөлөөлжээ. 1591 онд 33 настай байхдаа, ту- хайн үед шашны ахиж дэвшиж яваа эрдэмтэн болчхоод байсан Кампанелла “тэрс үзэл гаргасны” улмаас баривчлагдсан боловч золоор суллагдаж, шинэчлэгч үзэл санаа бүхий бүтээлүүдээ хэсэг ч болов үргэлжлүүлэн туурвих боломж олджээ. Гэвч энэ үйл хэрэг нь 1599 онд дуусгавар болох нь тэр. Учир нь түүнийг Калабрия дахь Испанийн засаглалаас урван тэрсэлсэн хэрэгт татлаа. Асар олон удаа эрүүдэж шүүсэн ч эрс хатуу зогссон тэрээр амьдралынхаа 27 жилийг шоронд өнгөрүүлсэн юм. Гэхдээ түүнд нэг том аз тохиосон нь Кампанеллагийн нийтлэл, бүтээлүүдийг сонирхон уншдаг, дэвшилтэт үзэлтэй Испанийн хаант засгийн зарим нөхөд санаа тавьсны хүчинд шоронд ямар ч болов ажлаа үргэлжлүүлж, уншиж судалж, бичиж туурвих боломж олджээ. Ингээд тэрээр 1602 онд утопи төр улсын тухай “Нарлаг төр улс” хэмээх энэхүү бүтээлээ бичиж дуусгажээ. Кампанеллагийн бүтээлүүдээс өдгөө хам- гийн их алдаршсан уг бүтээл бүр хожим, 1623 онд л анх удаа хэвлэгдсэн юм. Үүнээс хойш гурван жил өнгөрсний эцэст түүнийг төр улсаас урвасан хэргийг цагаатгажээ. Тэрээр Францын элчин сайдын тусламжтайгаар Ромоос зугтан Францын хилээр нэвтэрч, Парис хот дахь Гэгээн Якобын хийдэд очин, шашин төрийн эрх дархтай томоохон зүтгэлтэн кардинал Ришельегийн нөмөр нөөлөг, хамгаалалтад оржээ. Кампанелла тэнд 13 жил амьдарсны эцэст 1639 оны 5 дугаар сарын 21-ний өдөр ертөнцийн мөнх бусыг үзүүлжээ. Энэ хийдэд амьдрах хугацаандаа тэр бээр гүн ухаан, шашны олон бүтээл туурвисан ч энд бүгдийг нь дурдах аргагүй юм. Кампанеллагийн “Нарлаг төр улс” зохиолд Томас Морусын “Утопи” зохиол шиг дэлгэрэнгүй, уран зохиолын ерөнхий өгүүлэмж байхгүй. Харин түүний оронд эхлэл хэсэгтээ хэдэн товч мэдээлэл өгөөд л гүйцээ. Уг тайлбараас гоститальчуудын (өвчтөнийг асрах зорил- готой шашны нийгэмлэг) удирдагч эр далайн их аянаас саяхан ирээд буй Генуя хотын нэгэн адмиралтай хуучилж буйг бид олж мэднэ. Ингээд л шууд гол сэдэв харилцан яриагаар эхэлж, нарлаг төр улсын газар зүйн байрлал, хот төлөвлөлтийн тухай сэдвээр ярилцана. Уг хот Табробана (буюу өнөөгийн Шри Ланка улсыг грекээр ийн нэрлэдэг) хэмээх арал дээр оршдог ажээ. “Утопи” зохиолын ерөнхий өгүүлэмжид цухас дурдагддаг энэхүү нэрийг сонгож авсан нь санамсаргүй тохиолдол бус, харин Томас Морусыг зориудаар сануулсан битүү ёгтлол болох нь дамжиггүй бөгөөд уг зохиолыг Кампанелла сайтар уншиж танилцсаны баталгаа мөн. Нарлаг төр улсын гадаад байдлыг зураглан өгүүлсний дараа эхлээд албан байгууллагууд, тэдгээрийн хариуцдаг ажил үүргийг, улмаар нийгмийн байгуулалт, дотоод бодлого, хууль шүүхийн тухай, гадаад бодлого, цэрэг арми болон эцэст нь шашны асуудлыг Морусын зохиолд гардагтай төстэй байдлаар сэдэвчлэн авч үзсэн байдаг. Кампанеллагийн эл зохиолыг уншихад хоёр зүйл гойд анхаарал татна: Нэг талаас шашны хувраг хүн атлаа Кампанелла нарлаг төр улсын иргэдийн сексийн амьдрал, ёс суртахууны дүрэм журмыг дүрслэн өгүүлэхэд онцгой анхаарал хандуулсан байдаг нь сонирхолтой. Нөгөөтээгүүр бүр сэргэн мандлын үед ч хүртэл эргэлзэж, тээнэгэлзэм мухар сүсэг хэмээн тооцогдож асан, бусад салбарт Кампанеллагийн илэрхийлж явсан дэвшилтэт үзэл санаатай илт тэрсэлдэхүйц зурхайн зарчмуудад итгэдгээ зөвтгөж батлахаар нэн их хичээж зүтгэсэн хачирхалтай. Энэхүү эмхэтгэлд багтсан гурван бүтээл дотроосоо “Нарлаг төр улс” хам- гийн радикал, хамгийн үймрүүлж самууруулам бүтээл гэдэг маргаангүй бөгөөд зохиолыг уншсаны эцэст ийм улсад хүн амьдрахыг үнэхээр хүсэх болов уу үгүй юү хэмээх эргэлзээ төрж ч магад.
Фрэнсис Бэкон: “Шинэ Атлантис” (1627)
Фрэнсис Бэкон 1561 оны 1 дүгээр сарын 22-нд Лондон хотноо улс төрд нэр нөлөө бүхий эртний англи язгууртан гэр бүлийн хүү болон мэндэлжээ. Хуульчийн мэргэжил эзэмшээд төрийн албанд орж, яг л зуун жилийн өмнөх Томас Морусын нэгэн адил ажил мэргэжлийн замналаар хурдан ахиж дэвшсэн нь түүний гарамгай авьяас чадлаас гадна гэр бүлийнх нь танил тал, нэр нөлөөтэй ч холбоотой байлаа. 1597 он гэхэд л Бэкон нийтлүүлсэн эсээнүүдээрээ сэхээтэн, оюунлаг хүрээнд танигдсан бай- лаа. 1617 онд лордын тамга сахигчаар томилогдсон нь түүний улс төрийн карьерын эхлэл байсан бөгөөд үүнээс нэг жилийн дараа (Морусаас яг 91 жилийн дараа) эзэн хаан I Якобын лорд канцлер болж дэвшив. Гэвч тэрээр мөн л Морусын нэгэн адил энэ албыг удаан хашсангүй: 1620 он гэхэд авлигын асуудалтай холбоотой шуугиан дэгдсэнээр улс төрийн бүх албанаасаа огцорчээ. Бэконыг буруутгасан эдгээр үндэслэлийн зарим нь зохиол, зарим нь үнэний хувьтай байжээ. Нэн эмзэглэн гомдож, нийтийн өмнө нэр төр нь сэвтсэн Бэкон Лондоноос ба- руун хойд зүгт орших Горамбюри руу нүүн ая тухтай төвхнөж, үлдсэн амьдралаа бичиж туурвих, философи, шинжлэх ухаанд зориулжээ. Тэрээр үүнээс хойш зургаан жилийн дараа, 1626 оны 4 дүгээр сарын 9-ний өдөр хорвоогийн мөнх бусыг үзүүлжээ. Анх латин хэлээр бичигдсэн, хараахан дуусгаж амжаагүй “Шинэ Атлантис” хэмээх утопи төр улсын зохиол түүнийг нас барснаас хойш нэг жилийн дараа хэвлэгдэв. Фрэнсис Бэкон өдгөө аливаа бүх мэдлэгийн үндэс хийсвэр сэтгэлгээнээс бус, мэдрэхүйн ажиглалт, танин мэдэхүйгээс эхтэй хэмээн үздэг Британийн танин мэдэхүйн онол5 хэмээх философийн үзлийн үндэслэгчдийн нэг, чухал төлөөлөгч хэмээн тооцдог. Морусын “Утопи” зохиолын нэгэн адил Бэконы “Шинэ Атлантис” бүтээлийн ерөнхий өгүүлэмж тун дэлгэрэнгүй. Дан ганц уран зохиолын үүднээс авч үзвэл, энэхүү эмхэтгэлд багтсан гурван бүтээл дундаас (гүйцэд бичигдэж амжаагүй хэдий боловч) хамгийн амжилттай сайн бол- сон ч байж магадгүй. Морус ба Кампанеллагийн нэгэн адил Бэкон ч мөн адил Платоноос урам зориг, сэдэл ав- даг байсны дээр зохиолоо “Шинэ Атлантис” хэмээн нэрлэхдээ анх Платоны хоёр ч харилцан ярианд (Timaios ба Kritias) дурдагдаж байсан Атлантисын домогтой битүү ёгтлон холбосон нь илэрхий. Кампанеллагийн “Нарлаг төр улс”-тай харьцуулахад Бенсалемийн оршин сууг- чид (зохиолд гарах, Номхон далайн хаа нэгтээ оршдог гэх арал ийм нэртэй ажээ) өнөөгийн уншигчдад төдий л этгээд хол санагдахгүй, харьцангуй танил байна. Үүний гол учир нь Бэконы дэлгэрэнгүй дүрслэн бичсэнчлэн, Бенсалемийн иргэд Христийн шашинтай бөгөөд гагцхүү Библийн сударт бичсэн дэг жаяг, ёс суртахууны ойлголтуудыг ёс суртахуун сул, толгойг нь эргүүлж урвуулахад хялбар европчуудыг бодвол илүү гүн гүнзгий ухамсарлан ойлгож, илүү үр дүнтэй дагаж мөрддөг хэмээсэнтэй холбоотой. (Бенсалемийг зохиолын хүүрнэгч нэгэнтээ “сахиусан тэнгэрүүдийн улс” хэмээн нэрлэсэн байдаг.) Нэг талаас гэвч Бэкон өмнөх хоёр зохиолчоос илүү радикал эсвэл илүү алсын хараатай байсан гэлтэй. Ялангуяа бенсалемчуудын хувьд шинжлэх ухаан, судал-гаа шинжилгээ хэр чухал үүрэгтэй буйг аваад үзэхэд ийм бодол эрхгүй төрнө. Эмпирик судалгаа, шинжлэх ухааны талд бат зогсож, шимтэн дурлагч хүний хувьд Бэкон дэлхийг ч өөрчилж чадах орчин үеийн шинжлэх ухааны асар их хүчин чадлыг тухайн цаг үеийнхээ ихэнх сэтгэгчээс хавьгүй сайн таамаглан харж чаджээ. Тийм ч учраас Бэкон зохиолдоо Бенсалемд нэг ёсны байгалийн шинжилгээ судалгааны институт байгуулагдсан буй- гаар бичжээ. “Саломоны байгууллага” буюу арлын ор- шин суугчид Библид гардаг ертөнцийн эзэн газар дэл- хийг бүтээсэн тухай түүхээс үүдэн нэрлэдэгчлэн “Ажлын зургаан өдрийн байгууллага” нь судалгаа шинжилгээний аяллууд зохион байгуулахын зэрэгцээ Бэкон болон тухайн үеийн сэтгэгчдийн мөрөөдөхөөс цаашгүй зүйл буюу судалгаа шинжилгээний харьяа байгууллагуудтай ажээ. Гурван зохиол болон зохиолчдын тухай ийнхүү товч танилцууллаа. Морус, Кампанелла, Бэкон нар утопи төр улс, нийгмийн тухай өөрсдийнх нь төсөөлөл хэзээ нэгэн цагт бодит амьдралд биеллээ олно хэмээн итгэдэг байсан болов уу? Эдгээр (тун ч сонирхолтой) бүтээл дан ганц сонирхол зугаа хөөж уншихад зориулагдсан хэрэг огтхон ч биш. Өөр өөрийн амьдарч байсан нийгмээ шүүмжлэхийг гурван зохиолч гурвуул давхар нэг зорилгоо, магадгүй бүр эн тэргүүний зорилгоо болгосон юм. Ийм шүүмжлэлийг ил шулуун хэлнэ гэхэд ямар том аюулд хүргэж болохыг Морус, Кампанелла хоёр өөрийн биеэр мэдэрсэн шүү дээ.
Эл гурван зохиолч аливаа нийгмийн эрмэлзэн тэмүүлбэл зохих хөгжлийн зүг чигийг баримжаагаар боловч ийнхүү зааж өгсөн билээ. Сэргэн мандалтын үе бол эртний Грек, Ромын оюун санааны идеал руу эргэн тэмүүлсэн цаг үе хэмээн өмнө дурдсаныг уншигч та бүхэн санаж буй биз ээ. Тэр үед Христийн шашинт дундад зууны үеийн оюун санааны амьдрал, нийгмийн байгуулал алдаа дутагдалтай болох нь мэдрэгдэж, илүү сайн сайхан хуучны идеалыг эргэн сэргээхийг хүмүүс хүсэж байв. Түүнчлэн нийгмийнхээ тухайн үеийн нөхцөл байдлаас татгалзсанаар оюун санаа чөлөөлөгдөж, урьд хожид байгаагүй цоо шинэ төсөөллийг бүтээх орон зай гарч ирсэн юм. Ингээд уншигч та бүхэн зохиолоо тухлан уншиж, таалан болгооно уу!
Монсудар редакц
СЭТГЭГДЭЛ