Монсудар хэвлэлийн газрын хүүхдийн номын Жангар редакцаас зохион байгуулж буй “Том асуулт” нэртэй хүүхдийн номын зураачдын зургийн үзэсгэлэн өнөөдрөөс дэлгэгдэж байна. Үзэсгэлэнгийн үеэр хүүхдийн ном болоод “хүүхэд” хэмээх сэдвийг тойрсон олон төрлийн яриа хэлэлцүүлэг өрнөнө. Мөн үзэсгэлэнд оролцож буй зураач нарын зүгээс хүүхдийн номын зураг зурах сонирхолтой хүмүүст зориулсан воркшоп зохион байгуулах ажээ.

Энэхүү үзэсгэлэн зураач Б. Төрмөнхийн зурсан хүүхдийн номын зургуудаар нээлтээ хийлээ. Нээлтийн үеэр Монсудар хэвлэлийн газрын захирал Р. Энхбат: Өнөөдөр манай хэвлэлийн газрын арваад жилийн өмнөөс бүтээн гаргасан хүүхдийн номуудын зургийн хэсгээс та бүхэнд хүрч байна. Энэ арга хэмжээний үеэр хэд хэдэн зураачийн бүтээлүүдийг цувралаар нийтэд дэлгэн үзүүлэхийн хажуугаар зурагт ном, хүүхдийн ном гэдэг ойлголтыг эцэг эхчүүдэд илүү ойлгуулах үүднээс яриа хэлэлцүүлгийг өрнүүлнэ. Эцэг эхчүүд бид хүүхдээ өөрийнхөө хүслээр байлгахыг хүсдэг. Харин хүүхдийн хүсэл сонирхол огт өөр байдаг. Үүнээс үүдэн эцэг эхчүүд ба хүүхдийн хоорондох зөрчил эхэлдэг. Бид энэ 21 хоногийн хугацаанд хүүхдээ дагах уу? эсвэл хүүхэд эцэг эхчүүдийн хүслээр байх нь зөв үү? гэх асуултын хүрээнд ул суурьтай ярилцана хэмээлээ.


Харин зураач Б. Төрмөнх:

Хүүхдийн хүмүүжил, боловсрол гэдэг ойлголтыг зөвхөн цэцэрлэг сургуульд суралцан олж авах мэдлэг төдийгөөр дүгнэх нь эндүүрэл юм. Хүүхдийг хүмүүжүүлэх, хүүхдээ ойлгох гэдэг маань эцэг эхчүүдийн зүгээс асар их хүчин чармайлт гаргах ажил. Бидний хувьд хүүхдээ ойлгох гэдэг “том асуулт”-д хариулах үүднээс энэхүү үзэсгэлэнг гаргаж байна хэмээн өгүүлэв.

Мөн нээлтийн үеэр Жангар редакцын эрхлэгч Б. Батцэцэг зурагт ном, зурагтай номын ялгааны тухай ярьж, хүүхдэд зурагт номыг хэрхэн уншиж өгөх талаар зөвлөгөө өглөө. 

Энэхүү үзэсгэлэн 3-р сарын 1-нээс 3-р сарын 21-ний хооронд Интерном номын дэлгүүрийн төв салбарын 2 давхарт байрлах 4450 кофе шопод зохион байгуулагдах ба Жангар редакцын зураач нарын бүтээлүүд тавигдах юм.

Үзэсгэлэнгийн талаар дэлгэрэнгүйг эндээс хараарай.

СЭТГЭГДЭЛ

Your email address will not be published. Required fields are marked *

/