Францын зохиолч, философич Альбер Камюгийн бичсэн нэрт романуудын нэг "Тахал" хэмээх бүтээлд өгүүлэгддэг үймээн самуун, эв нэгдлийн талаар "Vox" мэдээний сайтад нийтлэгдсэн Sean Illing, Robert Zaretzky нарын харилцан яриаг уншигчдадаа орчуулан хүргэж байна.

Өнгөрсөн оны эхээр, Ковид-19 цар тахал бидний амьдралыг нөмөрсөн үеэс эхлэн Франц философич Альбер Камюгийн бүтээлийн борлуулалт огцом өсчээ.
Бүтээлийн нэр “Тахал” бөгөөд өнгөц харахад нууцлаг тахалд бүслэгдсэн Алжирын эргийн нэгэн хотын тухай ил тод өгүүлэх мэт. Гэвч уг ном халдварт өвчний тухай хүүрнэсэн жирийн нэг түүх биш, харин бидний ахуй байдал, нэг нэгнийхээ өмнө хүлээсэн эрх үүргийн тухай нягт эргэцүүлэл билээ.
Гуравдугаар сард би “Тахал”-ын тухай бичихдээ романы гүнзгий утга учир, ач холбогдлыг ухахыг хичээсэн билээ. Тиймээс би энэ удаад, Хьюстоны их сургуулийн түүхч, философич Роберт Зарецкитай “Future Perfect”-ийн The Way Through хэмээх энэ хүнд бэрх цаг үед биднийг чиглүүлэх дэлхийн хамгийн агуу философийн болон оюун санааны уламжлалт тогтолцооны тухай богино хэмжээний подкастаар ярилцлаа.
Бидний ярилцлага “Тахал” романы ард нуугдах экзистенциал философи болон өнөөдөр бид үүнээс юуг суралцвал зохих тухай өрнөсөн юм. Бид өвчин зовлон, арьс өнгөний асуудал дэгдэж буй яг энэ үед роман дахь бэлэгдлийн чанартай утга агуулга, ёс суртахууны сургамжуудын талаар мөн ярилцсан. Түүнчлэн, коронавирусын цар тахал хэдий аймшигтай ч бидний эмзэг, сул дорой мөн чанар болон хүмүүс хоорондын холбоо хамаарлын тухай туйлын үнэнийг улам тодотгож буй тухай сонирхолтой яриаг хуваалцая.
Шон Иллинг: “Тахал”-ыг уншаагүй хүмүүст зориулан романы гол үйл явдлыг товчхон ярьж өгөөч?
Роберт Зарецки: “Тахал” романд Алжирын хоёр дахь том хот болох Оранд тахал өвчин дэгдэж буй тухай дүрсэлнэ. Хэдэн онд болж буй үйл явдал гэдэг нь тодорхойгүй агаад хотод гэв гэнэт л тахалд нэрвэгдэнэ. Хэн гэдэг нь үл мэдэгдэх нэгэн эрхэм хүүрнэж буйгаар зохиол эхэлдэг.
Зохиолч Камю нацистуудын эзлэлтэд байсан Франц орон гэх мэт элдэв “тахлын” нөлөөн дор амьдарч байсан хүний хувьд өөрийн туршлага, түүнчлэн сайн үйл бүхний дундаас хамгийн эрэлхэг нь хэмээн үздэг бусадтай зохицон амьдрахын ач холбогдлын тухай үзлээ энэ бүтээлдээ философийн талаас ч, утга зохиолын талаас ч илэрхийлэхийг хичээжээ. Уншигчид уг романаас Оран хотод дэгдсэн тахлын үеэр Риэ эмч болон бусад дүр хэрхэн эвлэлдэн нэгдэж буйтай танилцана. Нэгдэж чадсанаараа тэд тус тусдаа амин хувийн ашиг сонирхлоо хөөж яваа хүмүүсээс хэрхэн ялгарч, юуг олж авдаг вэ гэдэг тун сонирхолтой. Романы гол санаа бол чухам энэ.
Камю энэ санаагаа Декартын алдарт эшлэлд хариу болгохоор удаан тунгаасан мэт. Декарт бол “Cogito, ergo sum" буюу "Би сэтгэж байна, тийм учраас би оршиж байна” хэмээх алдарт эшлэлийг хэлсэн 17-р зууны үеийн суут сэтгэгч гэдгийг бүгд мэднэ шүү дээ. Камю романдаа “Хэрэв та хувь хүний эгоны талаар маргамаар байгаа бол мэдээж болно л доо. Гэхдээ би хувь хүний асуудлаас илүү нийтийн асуудлын тухай мэтгэлцэх сонирхолтой байна.” гэж хэлдэг. Эндээс харахад түүнийхээр бол “Би сэтгэж байна, тиймээс би оршиж байна” бус, харин “Би эсэргүүцэж байна, тиймээс бид оршиж байна” болж таарах нь.
Өөрөөр хэлбэл, хүнд цаг үед хүмүүс тулгарч, өрнөж буй зүйлийн эсрэг сөрөн зогсох хэрэгтэй. Ийн эсэргүүцэж “Үгүй ээ, ийм зүйл байж болохгүй” гэж хэлэх эхний алхам бол нүдээ нээж эргэн тойрноо хараад, тэр зүйлийг бусад хүмүүс ч бас үйлдэж буйг олж харах явдал. Тэр мөчөөс л утга учрыг олж авна. Жаахан хүнд сэдэв л дээ. Тухайлбал Жорж Флойдын үхлээс улбаалсан олон нийтийн эсэргүүцлийн хөдөлгөөнүүдийн тухайд энэ асуудал хэрхэн хөндөгдөж байгаа талаар ярьвал сэдвээсээ жаахан хазайчих болов уу?
Ш.И: Үгүй дээ, энэ асуудлыг хөндсөнд тань би харин ч баяртай байна. Өнөөдөр өрнөж буй энэ үйл явдлыг хүлээж авахад тань “Тахал” романаас ойлгож авсан бүхэн хэрхэн нөлөөлж байгаа вэ?
Р.З: “Тахал” роман зөвхөн Америкт одоо өрнөж буй энэ үйл явдлыг биш, 1947 оноос хойшхи хэдэн арван жилийн турш болж өнгөрсөн үйл явдлуудыг олон талаар урьдчилан таамагласан. Жишээлбэл хүний эрхийн төлөө хөдөлгөөн, эсвэл "Төмөр Хөшиг"-ний дарамт дор оршиж байсан Европ ч гэх мэт. Энэ бүхэн эцэстээ 1989 онд тохиосон эргэлтийн цэг болох Берлиний хана нурах, Зөвлөлтийн улсуудын задрах үйл явдалд хүргэсэн. “Тахал” роман бол гойд сайн үлгэр загвар, гэхдээ зүгээр ч нэг загвар бус, хүмүүсийн нэр хүнд, шударга ёсонд заналхийлж буй засгийн газрууд, хүчний байгууллагуудын үйлдэлд хариу үзүүлж буй олон хэлбэрийг харуулсан гойд сонирхолтой, иж бүрэн үлгэр дуурайл юм.
АНУ-д яг одоо өрнөж буй “Black Lives Matter” хөдөлгөөн л гэхэд Камюд их таалагдах байсан даа гэж би боддог юм. Гэхдээ Жорж Флойдын үхэлд зарим хүмүүсийн үзүүлж буй дэндүү хэтийдсэн хариу үйлдлийг хараад санаа нь зовних байсан биз. Энэ тухай тэрээр “Тахал” романы философийн зүүлт болох “The Rebel” гэдэг эсээндээ дэлгэрэнгүй тайлбарласан байдаг.
Уг бүтээлээрээ Камю үймээн самуунт эсэргүүцлийг хувьсгалаас ялгаж салгаж өгсөн. Эсэргүүцэл гэдэг бол хувьсгалын шинж чанар агуулдаггүй. Эсэргүүцэл үнэн хэрэгтээ харьцангуй тогтуун, хүлцэнгүй зүйл шүү дээ. Нэг ёсондоо хэн нэгэн хүн өөр нэг хүн юм уу эсвэл байгууллагад хандаж “Энд чинь зах зааг байх ёстой. Та надад ингэж хандаж болохгүй” гэж шаардлага тавихыг хэлнэ.
Зохиолд хэлж буй бас нэг өнцөг гэвэл, нэр хүндийг маань эсвэл бүр амь амьдралыг маань булаахаар оролдож буй нэгнээс хүртэл бид хүнлэг сэтгэл олж харах хэрэгтэй гэж Камю үзжээ. Хийсвэрлэлд автаж, хувьсгалт үйлд оролцогсдын үнэ цэнийг мартан зүрх сэтгэлгүй нэгэн болж хувирах, болж буй бүхэнд бууж өгөх гэхчлэн хувьсгалчдын цаг ямагт өөрийн мэдэлгүй хийчихдэг үйлдлийг даган дуурайгч болох, аль эсвэл жинхэнэ хувьсгалч болох хоёрын дундах тэнцвэрийг олоход асар их хичээл зүтгэл шаардагдана.
Ш.И: “Тахал” романд бэлэгдлийн чанартай зүйл олон. Үүний нэг нь амьдралын абсурд мөн чанар. Зүв зүгээр байж байгаад гэнэт тахал дэгдэж байгаа нь өөрөө эмх замбараагүй, абсурд шинж чанартай үйл явдал. Бид цаг үргэлж амьдарч ирсэн хэмнэлээрээ л амьдарч яваа. Ердөө л бид ингэж амьдраад дадчихсан, тогтчихсон хэрэг. Үүнд ямар нэг тайлбар байхгүй. Ямар нэг зүйл баталж нотлох ч шаардлагагүй. Тайлбарлах гээд ч хэрэггүй.
Үүнтэй нэгэн адил бид ямар нэг тодорхой зорилгогүй оршихуйн энэ эргүүлэгт шигдсэн байгааг, энэ бүхний төгсгөл хэзээ нэг өдөр ирэх учиртайг олж харна. Харин энэ үнэнийг мэдсэний дараа ямар хариу үйлдэл үзүүлэх нь гол асуудал. "Тахал" романы бүх дүр нийгмийн харилцааны эрх үүрэг болон амин хувийн аз жаргал хоёрын хоорондох зөрчилтэй нүүр тулдаг. Сонголт хийх учиртай тэр л мөчид ямар шийдвэр гаргаж, хэрхэн хүлээн авч буйгаараа романы дүрүүд тодорхойлогддог.
Камю амьдарч буйгаа ч мэдрэхээ больсон, “гөлгөр хөшүүн” байдалд автсан нэгнийг гэнэтхэн цочоон сэрээж буй тахлын тухай зохиолдоо өгүүлжээ. Өнөө үед бид бүгд л цаанаасаа өгөгдсөн, тогтсон хэв маягаар амьдарч байгаа шүү дээ. Өдөр бүрийн амьдрал маань яг л тогтсон хэмнэл, цагийн хуваариар өрнөнө. Өөрөө өөрсдөдөө сайхан үлгэр зохиож, түүндээ хууртан амар тайван явцгаана. Гэтэл тахалт өвчин энэ бүх новшийн зүйлийг гэнэт хэмхчин орж ирж, улмаар бид одоо бүгдээрээ яг ижил нөхцөл байдалд орж, ямар нэг зүйл хийхээс аргагүй болчихлоо шүү дээ.
Зохиолын баатрууд ийм сонголттой хэрхэн нүүр тулдаг вэ?
Р.З: Тэгэхээр, зохиолын гол дүр Риэ эмчийн мэдэрч байсан бухимдлыг Фаучи эмч (АНУ-ын Цагаан Ордоны коронавирустэй тэмцэх багийн гишүүн) одоо бас мэдэрч байгаа болов уу. Зохиолд үхсэн харх бөөн бөөнөөрөө олдож, хүмүүс эхнээсээ хархнуудын нэгэн адил, хэдэн зууны туршид үзэгдээгүй шинж тэмдэг бүхий өвчнөөр өвдөж эхэлдэг.
Эцэстээ Риэ эмч “Би тахал дэгдсэн гэдэг үнэнээс зугтаж чадахгүй” гэж хэлдэг. Энэ талаар хотын удирдлагуудтай ярилцахыг хичээдэг ч тэд үнэнд итгэхээс татгалздаг. Бидний мэдэж байгаачлан хүмүүсийг амны хаалт зүү гэж уриалж
чадахгүй шалтгаан байгаа шиг, тэд ч бас үнэнийг зөвшөөрөхгүй байх үй олон шалтгаан бодож олох ба эдгээр шалтгаан бүгд улс төрийн шинж чанартай.
Гэвч Риэ эмч бол зөвхөн үнэнийг өгүүлэгч нэгэн. “Манай хотод тахал тархаж байна, бид үүний эсрэг ямар нэг зүйл хийх ёстой”. Хүн төрөлхтөнд тайвшрал, аврал авчирдаг ямар нэг далдын хүч байхгүй гэх итгэл үнэмшлээсээ болоод түүний “ажил л бол ажил” гэсэн ёс суртахуун бэрхшээлтэй тулгарна. Өөрөөр хэлбэл тэрээр “би хийж чадах бүхнээ хамгийн сайнаараа хийх ёстой” гэж үзэх ба хүний амь аврах энэ л ажлаа хүн болж төрснийхөө утга учир болгож яваа нэгэн.
Түүнчлэн бид арабуудын ахуй амьдралын тухай нийтлэл бичихээр ирсэн Рамбер хэмээх сэтгүүлчтэй танилцдаг. Парисаас түр ирээд байсан Рамбер хатуу хөл хорионд орсны дараа хотод өдөр хоногийг гав ганцаараа өнгөрүүлнэ. Тэрээр Парист үлдсэн найз бүсгүй дээрээ буцаж очихыг хүсэн, хотоос гарах арга чарга хайна. Ингээд хэрэг явдал дөнгөж эхлэх үеэр буюу хотыг хаах шийдвэр гарсны дараахан мань эр Риэ эмчтэй уулзаж, эрүүл гэсэн тодорхойлолт хийж өгөхийг гуйн, үүний тусламжтай Парис руу буцах санаатай яваагаа хэлдэг. Гэвч Риэ “Чамд тийм бичиг хийж өгч чадахгүйг та мэдэж байгаа биз дээ” гэж хариулдаг. Уурссан Рамбер “Би энэ хотод ямар ч хамааралгүй хүн шүү дээ” гэхэд Риэ эмч “Одооноос эхлээд чи эндхийн хүн болсон” гэж тайван хариулдаг нь энгийн хэрнээ маш бодитой хариулт санагддаг юм. Хьюстонд дахиад хөл хорио тогтоох гэж буйтай холбоотойгоор би “Бид бүгдээрээ энэ газарт хамааралтай хүмүүс” гэх энэ үгийг өөртөө үргэлж сануулахыг хичээж байна.
Мөн Риэтэй нэг байранд амьдардаг, ажил хийдэггүй байх гэмээр Жан Тарру гэгч нууцлаг залуу бий. Тэр ямар нэг мэргэжилгүй, тогтсон ажилгүй. Хөл хорио эхэлсний дараа тэрээр Риэтэй уулзаад, ариутгалын баг бүрдүүлэх хэрэгтэй, үүнийг би хариуцаж ажиллая гэдэг. Яагаад ийм юм хийх болсны учрыг бид төд удалгүй ойлгоно; өсвөр насны хүү байхдаа шүүх хуралдааны танхимд аавыгаа даган очиж үзсэн нэг явдалтай холбоотой юм билээ л дээ.
Тарругийн аав шүүгч байсан бөгөөд сул дорой нэгэнд цаазын ял оноож буй үйл явцыг хүү харчихаж л дээ. Энэ бүхэн хүүд нэг л хий хоосон, барьцгүй мэдрэмж төрүүлж. Өсвөр настай Тарру хүү мөнөөх намхан нуруутай ялтан эрийн гадаад төрх, үйл хөдлөл бүрийг нэгд нэггүй ажиглахаас өөр ухаан сөхөөгүй болчхож: Зангиа нь хазайчихсан, хурууныхаа эхний үеийг хүртэл хумсаа мэрчихсэн, этгээд царайтай гэх мэт. Гэвч тэр эрийг Тарругаас өөр хэн ч ингэж харахгүй. Бүгд түүнийг хүн биш, хийсвэр зүйл мэт хүлээж авна. Тиймээс ч Тарру ингэж хэлдэг: “Хүн бүр тахлын халдвар тээж явдгийг би одоо тов тодорхой мэднэ, яагаад гэвэл энэ хорвоод үүнээс ангид хүн нэг ч, бүр ганц ч болов байхгүй. Тэгэхээр хэн нэгний нүүр лүү амьсгалж, тахал халдаачихгүйн тулд цаг ямагт өөртөө сэрэмж болгоомжтой явах ёстой.”
"НЯН ГЭДЭГ ЧИНЬ БАЙГАЛИАС ЗАЯАГДМАЛ ЗҮЙЛ. ХАРИН ҮҮНЭЭС БУСАД НЬ, ТУХАЙЛБАЛ ЭРҮҮЛ МЭНД, ЗӨВ ШУДАРГА ЗАМ, ХЭРВЭЭ ХҮСВЭЛ ЦЭВЭР АРИУН БАЙДАЛ Ч ХҮРТЭЛ ЦӨМӨӨРӨӨ ХУВЬ ХҮНИЙ ХҮСЭЛ ЗОРИГИЙН ҮР ДҮН, ТЭР ТУСМАА БҮР ХЭЗЭЭ Ч УНТРААЖ БОЛОХГҮЙ ХҮСЭЛ ЗОРИГИЙН ҮР ДҮН ЮМ ШҮҮ..."
Ш.И: Хэрвээ “Тахал” романд ямар нэг ёс суртахууны философийн тухай өгүүлж буй гэвэл, үүнийг дараах үгэнд зангидаж болох юм: анхаарал хандуулах, анзаарах чадвар. Энэ үг Камюд хэр үнэ цэнтэй гэж та бодож байна?
Р.З: Камю ажил олгогч, банк, их дэлгүүр гэхчлэн өнгөн дээрээ таныг сонсож байгаа мэт царайлах ч ямар хариулт өгөхөө дотроо аль хэдийн шийдчихсэн, эсвэл зүгээр л юу гэж хариулвал тохиромжтой тухай бодож суудаг хүмүүсийн тэр “анхаарал халамж”-ийг хэлээгүй болов уу. Камюгийн хэлэх гэсэн санааг өөр нэгэн Франц философич Симон Вейл - өөрийн амьдралд буй бусад хүнд орон зай, боломж олгохын төлөө өөрийгөө үгүйсгэх буюу decreation гэж тодорхойлжээ. Үүнийг л Камюгийн “Тахал” романы дүрүүд ойлгож хүлээж авдаг. Риэ болон Тарруг энэ л санаа зоригжуулах бөгөөд тэд биширч бахдахгүй байхын аргагүй хэмжээнд өвчтөнүүддээ анхаарал халамж тавьж, асарч тойлдог.
Ш.И: Бид өөрсдөө цар тахалтай нүүр тулаад буй энэ цаг үед, “зовлон, шаналал болон хагацлын өмнө цаг ямагт хүчгүй, сул дорой байдаг нь бидний мөн чанарт бий” гэсэн Камюгийн үгийг онцлон хэлмээр байна. Үүнээс хэн ч зугтаж чадахгүй. Ингээд бодохоор бид бүгд хохирогч бөгөөд Камю ч биднийг үргэлж хохирогчийн талд зогсдог байгаасай гэж үздэг байсан. Хэрэв тэгж чадах юм бол, бид жинхэнэ хүнлэг нийгэм буюу Камюгийн тодорхойлсноор “жинхэнэ амьдралд ойр эзэнт гүрнийг” бүтээж чадна.
Р.З: Ёстой сайхан хэллээ, Шон. Бид тэгж чадвал үнэхээр ер бусын зүйл болно. Тарру шүүх танхимд аавтайгаа байсан үеэ, түүнээс хойш тахлын гар хөл болохгүйг хичээсээр ирсэн тухайгаа Риэд ярьдаг хэсэг бий дээ. Тахал дээд цэгтээ хүрэхийн зэрэгцээ хоёулаа ядарч туйлдахын туйлд хүрээд байсан үе. Тарру өөрийн түүхийг ярьж дууссаны дараа Риэ “нөхөрлөлдөө зориулаад жаахан цаг гаргацгаая” гэж хэлдэг. Ингээд тэд Газар дундын тэнгист, Алжирын эрэг рүү сэлэхээр явцгаадаг. Үг дуугүй, анир чимээгүй хэсэг л дээ. Хэн хэн нь үг дуугүй.
Энэ бол энэ зохиолд гардаг хамгийн үзэсгэлэнтэй хэсгүүдийн нэг. Хүнлэг ёсон, аюул занал, хүсэл эрмэлзлээ нэгтгэх замаар өөр хоорондоо амьдралаараа холбогдож буй энэ л дүр зургийг төсөөлж бодох надад үнэхээр гайхалтай санагддаг.
Үнэмшилгүй сонсогдож магадгүй л дээ, гэхдээ яг одоогоор би ийм л болчихоод байна.
Подкастыг эх хэл дээр нь сонсохыг хүсвэл энд дараарай.
СЭТГЭГДЭЛ