Нобелийн шагналт зохиолч, философич Альбер Камюгийн ”Тахал” романыг “Монсудар” хэвлэлийн газар шинээр орчуулан гаргалаа. Дэлхийн уран зохиолын сонгодог бүтээлд тооцогддог энэ роман тэртээ 1947 онд анх хэвлэгдэж байсан боловч Ковид-19 цар тахал дэгдсэнээс хойш дэлхий дахины уншигчдын анхаарлыг татсан нэн “шинэ” бүтээл болж хувирсан билээ. Цаг үеийн аливаа асуудлыг үймж шуугиад өнгөрөх бус ул суурьтай хандаж, уншиж судалж, ухаж эргэцүүлэх нь ухамсарт хүний хандлага. “Тахал” роман цар тахал дэгдэж эхэлсэн 2019 оны хавраас Итали, Франц, Герман болон өөр олон орны хамгийн эрэлттэй, борлуулалттай номын тоонд эргээд багтах болсны гол учир ч энэ. “Монсудар” хэвлэлийн газар цаг үеийн асуудал хөндсөн, нийгэмд болон уншигчид ач холбогдолтой бүтээлүүдийг шилж сонгон уншигчдадаа цаг алдалгүй хүргэхийг зорьж ирсэн. Тийм ч учраас дэлхийн даяар ид уншиж буй уг зохиолыг уншигчдад чанартай, шинэ орчуулгаар хүргэхээр богино хугацаанд шаргуу ажилласны дүнд энэхүү ном уншигчдын гар дээр очлоо.

Чухам яагаад энэ цаг үед “Тахал” романыг унших ёстой вэ? Камюгийн “Тахал” бол давагдашгүй гай зовлонд унахаараа хүмүүсийн гаргадаг янз бүрийн ааш авирыг харуулсан нийгмийн сэтгэл зүйн судалгаа төдийгүй уран зохиол талаасаа ч хосгүй бүтээл. Үл итгэн өөрийгөө хуурах, балмагдаж сандрах, айж түгших, хоригдож тусгаарлагдах, хүмүүс олноороо үхэж үрэгдэн буй “шинэ хэвийн байдал”-д аргагүйн эрхэнд дасан зохицох гээд л... Тахлын энэ бүх үе шат, та бидний үүнд гаргаж буй хариу үйлдэл, ааш аягийг Камю урьдаас харсан мэт нэгд нэггүй, яв цав төсөөлж бичсэн нь гайхалтай. Тахал гарахад хүмүүс янз бүрээр хүлээж авна. Зарим нь сөрөн тэмцэж, зарим нь амиа бодон зугтаж, зарим нь эвлэрэн бууж өгнө. Тахлаас ашиг хонжоо хайх нэгэн ч бий.  Зохиолд гарах энэ олон янзын дүрүүдээс хүн бүр өөр өөрийгөө олж харах болов уу? Нөхцөл байдлыг ийнхүү хөндлөнгөөс харсны эцэст  айж тэвдэх бус эрүүл саруул ухаанаар хандаж эхлэх нь лавтай. Сэтгэл хөдлөлөөр бус, саруул ухаанаар харахад юмс арай өөр харагддаг. Гарц гаргалгаа олж харах, адаглаад айдас хүйдэстэй өдрүүдийг уужуу тайван, утга учиртай өнгөрүүлэхэд алдарт Камюгийн суут бүтээл тус нэмэр болох нь гарцаагүй.

Мөн “Тахал” романыг нацистуудын эрхэнд ороод байсан Франц орны шаналант ахуй байдлыг битүү ёгтолсон бүтээл ч гэж үздэг. Гэвч энэ бол ердөө нэг л өнцөг бөгөөд хүний амьдрал, оршихуйн суурь асуудлуудыг хөндсөн энэбүтээлийг хэрхэн тайлахаа уншигч бүр өөрийнхөөрөө шийдэх буй за.


Хэвлэлийн газрын тухай

“Монсудар” хэвлэлийн газар  нь Монголын анхдагч бөгөөд тэргүүлэгч хэвлэлийн газар бөгөөд 1998 оноос хойш тасралтгүй үйл ажиллагаа явуулсан, өргөн сэдвийг хамарсан 70-80 шинэ ном, бүтээлийг жил бүр нийтийн хүртээл болгодог.  Үүний зэрэгцээ “нийгмийг соён гэгээрэлд хөтлөх” эрхэм зорилгынхоо хүрээнд “Соён гэгээрлийн өдрүүд”, “Зуныг номтой өнгөрүүлье” зэрэг нийгэмд эерэг өөрчлөлт авчрах арга хэмжээнүүдийг тогтмол зохион байгуулдаг.

СЭТГЭГДЭЛ

Your email address will not be published. Required fields are marked *

/