Зохиолч Юдит Шаланский “Алдагдсан зүйлийн жагсаалт” номдоо эргэж ирэхгүй одсон зүйлсийн тухай өгүүлжээ. Энэ ярилцлагаараа бид хагацлаас үлдэх хөндүүр, хуучны Ардчилсан Герман улс хийгээд өнөө цагт юу алдагдан одож буй тухай ярилцлаа.
Та номдоо “Амьд байна гэдэг алдахын харууслыг мэдрэхийн нэр” гэж бичсэн. Үүнийг анх хэзээ ухаарсан бэ?
23 настайдаа би гэмтэл авсан юм. Нэг цагдаа намайг унадаг дугуйнаас угз татаж буулгахдаа өвдгийг минь бяцалчихсан. Гэхдээ тэр цагдаа үүнийгээ хүлээн зөвшөөрөхгүй мэлзэж, хэрэг үүсгэж шалгаа ч үгүй өнгөрсөн. Харин би хэд хэдэн хагалгаанд орж, гэмтэл минь арилшгүй үлдсэн. Тодруулж хэлбэл би гүйж чадахгүй болсон. Залуу хүн бүр ялагдаж дийлдэхгүй байхыг хүсдэг шүү дээ. Тийм болохоор энэ явдал өөртөө итгэх итгэлийг минь асар их сэвтээсэн. Гэхдээ ер нь хүн нас нэмэх тусам амьдралыг хохиролгүй, бүрэн бүтэн туулах магадлал багасдаг шүү дээ.
Өөр жишээ санаанд тань байна уу?
Хуучнаар Зүүн Германд хэвлэгдсэн биологийн номд гардаг нэг өгүүлбэрийг би харах бүрдээ шоконд ордог юм. “Төрөлт бол эх, хүүхэд хоёр дааврын хувьд салах үйл явц юм” гэсэн өгүүлбэр. Төрөх гэдэг бол шинэ зүйлийн эхлэл гэхийн оронд хүний амьдралд тулгарч байгаа эхний хагацал, салалт гэж тодорхойлсон байгаа юм. Аймшигтай! Гэхдээ нээрэн л үнэн. Амьдрал эхнээсээ л том хагацлаар эхэлдэг.
Та хагацал, хохирлыг даван туулахдаа хэр вэ?
Энэ номоо би таван жил бичсэн. Энэ хооронд эмэг эх минь нас барсан юм. Ээж минь эд хогшлыг нь цэгцлэхдээ надад ч хэлэлгүй эмээ, өвөө хоёрын гэрэл зургийн хальсуудыг бараг бүгдийг нь хаячихсан байж билээ. Үүнийг сонсоод би яаж цочирдсон гэж санана. Арай ч үгүй байлгүй дээ, би энд түг түмэн зураг цуглуулж, тэдгээрийн тухай бичиж суудаг. Гэтэл ээж минь тэнд зүгээр л хог руу шидчих гэж.
Тэр хальснууд яагаад тийм чухал байсан юм бэ?
Жишээлбэл Сочид амарч байх үеийн гэрэл зургууд байлаа. Ээж тэднийг хараад энэ хэдэн далдуу модны зураг л байна гэж бодсон биз. Харин би хар багаасаа дал модонд ухаангүй дуртай байлаа. Тэр олон зургуудын тухай, дал модонд яагаад дурладаг талаараа ямар зохиол бичиж болох байснаа бодож их удаан харамссан. Харин нэг найз маань ээж чинь яагаад тэр зургуудаас салахын түүс болсныг эргэцүүлбэл бүр ч сонирхолтой өгүүллэг болох юм биш үү гэдэг санаа өгснөөр би харамсахаа больсон. Эд юмс санаснаас ч илүү хүч нөлөөтэй байж мэдэх юм. Хүмүүс өөрийнх нь хувьд түүх дурсгалтай зүйлсээ цуглуулж, хадгалдаг биз дээ. Орчин үед юм бүр цахимжиж байгаа ч энэ хүсэл багасахгүй, харин ч ихэснэ.

Таны цуглуулсан судалгааны материалууд бүхэл бүтэн номын сан, архивын дайтай болжээ. Хүмүүс минималист байдалд тэмүүлж байгааг та мэдэх үү?
Мэдээж хэрэг, энэ бол хоёр талтай зүйл. Шинэ эд зүйл ямагт шинийг амлаж, урам сэргээж байдаг. Би ном авахдаа унших хүслээ, эсвэл унших ёстойгоо мартагнахын тулд худалдаж авдаг. Гэвч нэг, хоёр, гурав, бүр арван жил өнгөрсний дараа тавиур дээрх нөгөө ном маань улам төвөгтэй санагдсаар эцэстээ түүнээс салахын түүс болно. Бид нэг сарын турш хүнснээс өөр юу ч худалдаж авахгүй гэж төлөвлөнө, эсвэл нэг хувцас худалдаж авах бүрдээ нэгийг хаяхыг хичээцгээнэ.
Гэхдээ?
Тэгэх боломжгүй.
Таны номд гарч буй алдагдсан зүйлс хоорондоо их ялгаатай юм. Өнгөрсөн зуунд устаж үгүй болсон Каспийн бар, Каспар Давид Фридрихийн “Грайфсвальдын боомт” нэртэй шатсан зураг, Сафпогийн шүлгүүд гээд л... Эдний хооронд ямар нэг уялдаа холбоо байгаа юу?
Алга болсон зүйлээс үлдсэн бүхэн, бас тэд юу өгүүлэхийг би хэзээнээс сонирхож ирсэн. Жишээлбэл Каспийн барыг гэхэд эртний Ромын үед цэнгэлдэх хүрээлэнд арслантай тулалдуулж байсан. Ингэснээр амьдрах нутаг нь өөр учир байгаль дээр хэзээ ч таарах учиргүй хоёр амьтан нүүр тулах болж. Хүмүүс л үүнийг хүссэн хэрэг. Тэр зэрлэг араатнууд хүний гарт орсны эрхээр хоорондоо тулалдаад зогсохгүй, үржилд орж үр төлөө үлдээхэд хүрсэн. Тэндээс надад нэг асуулт бодогдсон. Хоёр зэрлэг махчин араатан хэн нэгийгээ хөнөөхөөс аргагүй болж байгаа, аль эсвэл хоорондоо эвцэлдэн, цааш үржих чадваргүй, ердөө л хүний нүд хужирлах тавилантай үр төл төрүүлж байгаа хоёрын аль нь илүү аймшигтай вэ?
Та нэг өгүүллэгтээ зураглан дүрсэлсэн Грайфсвальд орчмын байгаль, энэ бар хоёрын хооронд ямар холбоо байна вэ?
Аль аль өгүүллэгт хүний дүр гарахгүй боловч барын ч, байгалийн ч амьдралд тодорхойлох үүрэгтэй оролцож буй учраас хүний тухай өгүүлнэ. “Грайфсвальд боомт“ өгүүллэгийн хувьд би хуучин хотын боомтын ундаалдаг, эхээсээ адаг хүртлээ гучин километр үргэлжлэх жижиг голын дагуу алхсан юм. Ингэхдээ байгалийг, тэнгэрийн өнгө, усны чимээ, соёолж байгаа үр жимс, бут сөөгөн дээр суугаа шувууд гэхчлэн нүдэнд харагдсан зүйлсийг зүгээр л яг хэвээр нь зураглаж бичихийг хичээсэн. Сэрж мэдрэх гайхалтай дасгал болсон шүү.

Хүмүүс ч ялгаагүй, хэн нэгний амьдралд оршихгүй атлаа оршин байх нь бий.
Тийм шүү. Тэр тусмаа жаахан хүүхдүүд сонсоогүй, хэлж өгөөгүй зүйлсийг гайхалтай мэдэрч чаддаг. Эцэг эх хоёр минь намайг бага байхад салж, хэн хэн нь дахин амьдрал зохиосон. Яагаад ч юм би хойд аавыгаа төрсөн эцгээ гэж бодож өссөн. Гэсэн атлаа л төрсөн аавынхаа тухай бүдэг бадаг санадаг байсан. Нэг л хоосон зай маш тод мэдрэгддэг байсан. Төрсөн аавтайгаа би бүр сүүлд уулзсан. Уг нь бид тун ойрхон амьдардаг байсан юм билээ.
Номоос тань уншихад та өөрийгөө ойр тойрныхны анхаарлаас нэлээн гадуур, ганцаардмал хүүхэд байсан гэж дүрсэлсэн байдаг. “Эргээд дурсахад би дандаа л ганцаараа байсан” гэх мэт. Энэ тухайгаа эргээд сөхөж бичсэн тань ямар нэг учир шалтгаантай юу?
Сэтгэлд үлдсэн олон гэмтэл, шархыг урлагаар арилгах боломжтой байдаг. Гэхдээ гагцхүү үүнтэйгээ сайтар зохицон амьдарч чаддаг бол шүү дээ. Орон гэргүй, очих газаргүй юм шиг мэдрэмж надад төрдөг байсан юм. Энэ мэдрэмж маань өнгөрсөн түүхгүй, үг хэлгүй нэгэн соёлтой холбоотойг номоо бичиж байх үедээ би ойлгосон.
Та үүгээрээ Ардчилсан Германы соёл, эсвэл аль нэг үеийн соёлыг хэлж байна уу?
Аль алийг нь болов уу. Багадаа амьдарч байсан тосгоны маань үүх түүх эртний нэгэн язгууртан овгийнхонтой олон зуун жилийн турш салшгүй холбоотой явсан. Гэвч тэр үед энэ тухай хэн ч ам нээдэггүй байлаа. Яагаад гэвэл язгууртан, гүнтнүүдийн үе улирч хоцорсон цаг шүү дээ. Хамтрал нэгдэл байгуулагдаж, хуучны шилтгээн шатаж, өнгөрсөн түүхтэй уялдах авцалдах зүйл нэг ч үгүй болсон үе. Социализм ялалтаа тунхаглахын тулд цаг хугацааг тэгээс эхлүүлэх ёстой болсон юм.
Ардчилсан Герман улсын соёлын төв болж асан Бүгд найрамдах улсын ордныг арав гаруй жилийн өмнө эрүүл мэндэд хортой асбест оролцуулж барьсан шалтгаанаар яах ийхийн зуургүй нураасан. Ардчилсан Герман улсын өв, түүхтэй харьцаж байгаа энэ байдал мөн л түүхийг үгүйсгэж буй өөр нэг үе шат мөн үү?
Өнөө үед Берлинд хамаатуулж ярих дуртай түүх гэвэл Пруссийн үе болж. Яг энэ талбай дээрх хотын шилтгээнд байрлаж байгаа Хумбольдтын музейд дэлхийн өв соёлыг дэлгэн танилцуулна гэлцэж байна. Энэ талбайтай холбоотой өч төчнөөн түүхийг арилгаснаа одоо бүх дэлхийн соёлыг энд харуулснаараа цагаатгах гэнэ. Хөх инээд хүрмээр!
1989 онд Герман оронд гарсан түүхэн үйл явдалд энэ барилга ямар ач холбогдолтой байсан юм бэ?
Ардчилсан Герман улс Баруун Германтай нэгдэх тухай шийдвэр энэ ордонд гарсан. Намын хурлаас эхлээд эгэл ардын үдэшлэг, төрөл бүрийн уулзалт лекц гээд хотын бүх арга хэмжээ болдог нэг ёсны соёлын ордон байлаа. Асбесттай байна уу, үгүй юу хамаагүй, энэ барилгыг нураасан нь алдаа. Уг нь энэ барилгыг хотын шинэ шилтгээнтэй холбох янз бүрийн төлөвлөгөө яригдаж байсан юм билээ. Эсвэл Брауншвайг мужийнхан шиг шийдэж болох л байсан: Тэд хуучин шилтгээнээ сэргээн засаад, худалдааны төв болгосон юм. Ухаалаг шийдэл шүү. Хэрэгцээ гэдэг чинь өнөө цагийн ноёрхол мөн биз дээ.
Таны анзаарч буйгаар өнөө үед алдагдаж буй зүйлс юу байна вэ?
Би Берлинд амьдардаг. Газар, зай талбай өдөр бүр алдагдсаар байна. Байсхийгээд л би шинэ эхэлж буй барилгын өмнө гайхаш тасарч зогсох юм. “Үгүй энд чинь хов хоосон байсан биз дээ. Хүмүүс минь дээ, та нарт энэ л дутаа юу!” гэж боддог. Гэхдээ юу юунаас илүүтэй хүмүүс бид байгалийг юу болгон хувиргаж байгаад эмзэглэдэг. Амазоны хөндийд асар том усан цахилгаан станц барьж байна. Укермаркийн хөндийг нэг төрлийн ургамал дагнасан тариалангийн газар болголоо. Тэгсэн атлаа бид ямар сайхан үг бодож олсныг хар л даа: Биологийн олон янз байдал. Тэр олон янз байдлыг бодитой аваад үзье л дээ: Өдөрт дор хаяж нэг төрөл зүйл бүрмөсөн устаж байна. Дэлхий дээр 7,6 тэрбум хүнтэй зэрэгцэн ердөө 3000 бар амьдарч байна шүү дээ. Өөрсдийгөө дэлхийн хэсэг хэмээн үздэг, тийм ч болохоор дэлхийг эзэгнэх гэдэггүй соёл, ард түмэн одоо ч бий. Гэхдээ тэд ч бас устана. Нуулгүй хэлэхэд энэ тухай бодох төдийд бүр сэтгэлээр уначихдаг юм.

Тэгвэл улс төрийн шинэ хүчин, шинэ нам гарч ирэх ёстой юм болов уу?
Үгүй дээ, үүнийг өөрчлөхийн тулд улс төрийн бус, оюун санааны хөдөлгөөн хэрэгтэй гэж би улам бүр итгэх болсон. Өнгөрсөн түүхээс харсан ч тэр улс төрийн системээс шашин илүү хүч нөлөөтэй байдаг.
Гэхдээ шашин бас л нэг ноёрхлын тогтолцоо шүү дээ.
Бүрэн санал нийлнэ. Гэвч сүйдэлгүй хамгийн удаан тэсдэг барилга байгууламж гэвэл сүм хийд болон бөмбөгнөөс хоргодох байр. Соён гэгээрлийг дээдэлдэг хүмүүсийн хувьд уур хүрмээр сонсогдох биз. Хамгийн утгагүй нь юу гээч: Чухамдаа соён гэгээрлийн ачаар бид энд хүрсэн.
Дэлхий ертөнцийн тухай нэлээн тодорхой мэдэж авсандаа бид соён гэгээрэлд талархах ёстой.
Хүмүүс хэтэрхий ихийг мэддэг болж, харин мэдлэгээ яах ёстойгоо мэдрэхээ байсан юм болов уу?
Хүн төрөлхтний мөнхийн сэдэв шүү дээ: Аливаа нэг зүйл бидэнд хэчнээн чухал байсныг нь алдсан хойноо мэддэг. Заавал үхэж байж диваажинд очдог юм биш. Энэ байгаа маань ч диваажин.
Та номдоо “Үхлийг өдөр бүр бодож амьдарна гэдэг хамгийн том утопи” гэж бичсэн. Яагаад?
Яагаад гэвэл өөрийгөө мөнх бус гэдгийг өдөр бүр санах боломжгүй. Төв талбайнхаа голд оршуулгын газартай нэг тосгонд би очиж байсан юм. Үхэгсдээ амьдралынхаа яг дунд байрлуулсан хэрэг шүү дээ. Гал тогооны өрөөнийх нь цонхоор хүүгийнх нь булш шууд харагдаж байдаг нэг эмэгтэйтэй ярилцаж үзсэн. Үхэгсдээ чандарладаг манай герман соёлоос эрс тэс, асар хол зөрүүтэй. Тэгэхээр нэг асуулт гарч ирнэ: Мөнх бусыг ямагт санаж амьдрах, эсвэл ор тас мартахын аль нь дээр вэ?
Магадгүй аль алийг нь зэрэгцүүлэх ёстой юм болов уу?
Тийм шүү. Үхэгсэдтэйгээ ойр амьдардаг тэр тосгоныг хараад би цочирдохын зэрэгцээ сэтгэл ихэд хөдөлсөн. Өнөөдөр бид өвөг дээдсээсээ их холдсон. Магадгүй бид өөрсдийгөө нэг том зүйлийн нэгээхэн хэсэг гэж боддоггүй нь үүний харгай биз. Бид ямагт цаг хугацаа надтай хамт шинээр эхэлнэ гэж боддог. Гэтэл овог аймгийн соёлууд харин хүн ердөө л үхэгсэд хүртэл өөрийн байр сууриа эзэлсэн нэгэн том гинжин хэлхээний нэг хэсэг гэж үздэг. Та олон хүн цугласан үдэшлэг дээр “Элэнц эмээгийнхээ тухай ярьж өгч чадах уу?” гэж асуугаад үзээрэй. Мэдэх хүн цөөхөн байх болов уу. Гэтэл энэ зуур сэтгэлийн гэмтэл хүний ДНК-д бичигддэг, нэг үгээр бол дурсамжууд дамжин өвлөгддөгийг баталчихлаа шүү дээ.

Дурсамжууд тэгэхээр алдагддаг болж таарав уу аль эсвэл үгүй юү?
Наад тухай чинь би толгойгоо гашилгаж сууна даа. Юмс алдагддаг юм уу эсвэл үгүй юү? Бүхэл бүтэн ард түмнийг хядсан гашуун түүхийг бодохоор энэ асуулт хүртэл уур хүрэм санагдах биз. Одоохондоо би юу гэж хариулах вэ гэхээр: Тийм ээ, юмс алдагддаг. Гэхдээ үгүй болсон бүх зүйл ямар нэг хэлбэрээр энд оршин байдаг.
Эх сурвалж: https://sz-magazin.sueddeutsche.de/literatur/wir-glauben-immer-mit-uns-beginnt-die-zeit-neu-86251
---------------------------------------------------------------------------------------------------------------------------
Монсудар хэвлэлийн газар, Goethe-Institut Mongolei-ийн тэтгэлэгтэйгээр монгол хэлээр хэвлэгдсэн гарсан зохиолч Юдит Шаланскийн 'Алдагдсан зүйлийн жагсаалт' номын орчуулагч Б. Ундрах танилцуулж байна.
СЭТГЭГДЭЛ