Утга зохиол судлаач, зохиолч Набоковын уг роман тухайн үедээ дуулиан шуугиан тариад зогссонгүй, өдгөө хүртэл маргаан мэтгээн дагуулсаар байдаг нь зохиолын агуулгатай шууд холбоотой юм. Өсвөр насны охиныг уруу татаж, амрагаа болгосон хижээл эрийн наманчлал, эрээ цээргүй улангаслал, садар хомхой араншин олон хүний зэвүүцэл дургүйцлийг хүргэдгээс тэр юм. Энэхүү зохиолын херменевтик тайлалыг олон янзаар хийж болох нь үнэ цэнийг нь тодорхойлж байгаа хэрэг юм.

Удам судар сайтай, өндөр боловсролтой, утга зохиолын судлаач жентельмэн хүн өсвөр насны охид хараад тэгж тэчьяадан улангасах ямар учир шалтгаан байв гэж гайхан эргэлзэж эхэлдэг. Гумберт өсвөр насандаа Аннабелла гэх охинд ухаангүй дурлаж, сэтгэлийн шарх авсны улмаас ийм сэтгэцийн эмгэгтэй болсон байж болзошгүй гэсэн дүгнэлт хийдэг. Фройдын психоанализын онолоор бол маш амархан тайлбарлаж болно. Өнгөрснөөс үлдсэн ул мөр ирээдүйн амьдралд нөлөөлдөг гэх мэтээр. Үүнийг батлах мэт:
“Лолита, амьдралын минь гэрэл гэгээ, алдхан биеийн минь халуун илч. Нүгэл минь, сүнс минь...Тэгж яривал тэртээх нэгэн зун миний бие түүний өмнөх дүр болох нэгэн жаахан охинд дурлаагүй сэн бол ерөөс ямар ч Лолита гэж байхгүй байлаа.”х-21 гэж зохиол эхэлдэг. “ Аннабелла охины сүнс түүнийг нүгэлд унагасан хэрэг үү? Гэтэл Гумберт:
“Энэхүү өрөвдөлтэй дурдатгалаа эргэн санах бүрдээ би тэртээх зуны гялбаанаас насан туршийн амьдралд минь ан цав үүсэх суурь тавигдсан юм биш биз гэж өөрөөсөө асуудаг юм. Эсвэл тэр охиныг тэгтлээ шохоорхсон нь төрөлхийн завхай зайдан зангийн минь анхны шинж тэмдэг байсан ч юм болов уу гэж гайхширна”х-28 гэж байгаагаас үзвэл шалтгаан нөхцөл тун тодорхойгүй. Уншигч өөрөө л дүгнэж цэгнэхээс өөр аргагүй. Зохиолын сюреалист дүрслэлүүд гайхалтай уран бөгөөд, бодит байдал, хийсвэр төсөөллийн дунд уншигчийг аваачиж орхидог. Утга зохиол судлаач хүний хувьд ёгтлол, далд утга, бэлгэ тэмдэг, тайлахад бэрх нууцлаг өгүүлэмжээр зохиолоо хулдсан тул тийм ч амархан уншаад ойлгочиход бас хэцүү. “Үлисс бол урлагийн бурханлиг бүтээл” гэж Набоков хэлсэн удаатай. Чухам түүний ЛОЛИТА бол өөрөө урлаг юм. Чухам яагаад гол дүрийн баатар утга зохиол судлаач хүн байгаа нь санамсаргүй хэрэг биш. Гумбертийн хувьд ЛОЛИТА бол урлагийн бүтээл яахын аргагүй мөн. Хурьцлын таашаал жаргалаас илүү ЛОЛИТА-ийн юм бүхэн түүнд үгээр илэрхийлэх аргагүй гайхамшиг байдаг. Чухамхүү тэр тэнгэрлэг гоо “урлагийн бүтээл”-ийг зөвхөн өөрөө л эдэлж, эзэмших, хуял тачаалаар тайлах гэсэн улангаслал нь түүнийг нүгэлд унагажээ. Урлагийн гоо зүйн хил хязгаарыг гэтэлж, бусармаг зүйл үйлдсэн нь гаж донтон юм уу, эсвэл урлагт илбэдүүлсэн цөхрөл шаналал юм уу гэдгийг тааж мэдэхэд бэрх. Зохиолд урлаг, уран зохиол, театрын тухай эшлэл, өгүүлэмж, эргэцүүлэл бишгүй нэг таарна. Гумберт, Лолита хоёр “Илбэдүүлсэн анчид” зочид буудалд анх очдог, дараа нь Лолита “Илбэдүүлсэн анчид” нэртэй жүжигт тоглодог зэргээс харвал тэр нэг талаар илбэдүүлсэн шаналант хүн болж харагдаж байгаа юм. Гумберт нимфхэнд ухаангүй дурлаж, түүний биед гэнэ сэрэггүй байдлаар хүрэх арга зам хайж, сэтгэлийн там эдэлж байгаагаа мэдэгдүүлэхгүй, хар сэр авахуулахгүй гэж хичээж байгаа боловч Лолита аль хэдийн учрыг мэдсэн төдийгүй түүнийг өөртөө илбэдэж байжээ гэдэг нь Лолитаг хүүхдийн зуслангаас очиж авах үед:
“-Та бид хоёрыг нууц амраг болсон гэж ээж мэдвэл ёстой галзуурах байх даа.
-Ээ, тэнгэр минь, Лолита. Яаж ийм юм ярьж болдог юм бэ?
-Та бид хоёр чинь нууц амраг биз дээ, тийм үү?” х-168 гэж Лолита ичиж эмээлгүй ил шулуухан хэлж байгаагаас харагдана.

Цэвэр ариун, онгон дагшин гэж бодож явсан Лолита аль хэдийн бэлгийн амьдралд хөл тависан байсныг:
“Лолитагийн хувьд хурьцал үйлдэх гэдэг бол насанд хүрэгчдийн мэддэггүй өсвөр насныхны нууц амьдралын салшгүй хэсэг аж.” Х-195 гэх өгүүлбэр нотолно. Гэтэл хойд эцэгтэйгээ амрагийн харилцаатай болсон охиныг сургуулийн орчинд, багш нар нь бэлгийн амьдралын талаар ямар нэг ойлголтгүй, үе тэнгийхнээсээ хоцорч яваа гэж тодорхойлох нь нийгмийн зүгээс үзүүлэх хайр халамж ямар ч үр өгөөжгүй, бодит амьдралтай нийцдэггүйг харуулж байна. Ээж нь охины таагүй харилцаа, өөрийнхөө эрхшээлд байлгах гэсэн дарамт шахалт нь зөрүүд охиныг буруу зам руу түлхжээ. Ерөөс энэ зохиолд өсвөр насны охидын эмзэг, мэдрэмтгий, тогтвогүй сэтгэл зүйг маш гярхай нарийн үзүүлсэн байдаг. Гумбертийг жигшин зэвүүцэхээсээ өмнө охидынхоо сэтгэл зүйг ойлгож, нээлттэй дотно байх юм бол ямар нэг гаж донтны золиос болох, буруу замаар орохоос аварч болох юм шүү дээ. Зөвхөн Гумбертийн хүүрнэлээр өрнөх зохиолыг Гумбертийн нүдээр бус уншигч өөрөө нэг эргэцүүлж бодвол, текстийн далд утгыг чадах хэрээр тайлах гэж оролдвол арай өөр дүр зураг харагдана. Гумбертийн хувьд Лолитагийн өсвөр насны гоо үзэсгэлэн л хамгийн эрхэм дээд “урлагийн оргил бүтээл”. Нас биед хүрэхээс нь үхтлээ айж, тэгээд л бүх дуусах, урлагийн гоо сайхан нь утгагүй болох айдас түүнийг зовоож байдаг. Яагаад чухам өсвөр насны охин гэж онцгойлон шүтэх юуны учир билээ? Аливаа гоо сайханд төгс төгөлдөрийн оргил гэж буй. Чухам тэр оргилдоо хүрэх аваас эргээд үнэ цэн нь буурч эхэлнэ. Эс төгсөх буюу тэр л оргилийн өмнөх мөч урлагийн дээд гоо сайхан гэсэн санаа урган гарч ирнэ. Оргон зугтсан Лолитаг мөрдөж мөшгөсөөр олж очих үед, айлын эхнэр болсон цүдгэр гэдэстэй Лолита угтдаг. Үүнийг хараад:
“Одоо бол түүнээс минь, миний цагтаа тэгж их царай алдан гуйж явсан тэр хөөрхөн нимфхэнээс минь нил цэцгийн үл мэдэг сэнгэнээ болоод намар цагийн нимфхэний хатаж унаж буй навчсын цуурай л үлдэж хоцорчээ. Тэр бол цайрах тэнгэрийн доорх улаан хүрэн навчис, гол цөөрөм бүхий алсын ойн наахан хатаж хоцорсон шарилж дотор нь ганц хүрэлзгэнэ хорогдон үлдсэн улаан жалгын эрэг дээрх цуурай байлаа...” Тиймээ, нөгөө урлагийн гоо сайхнаас цуурай л үлдэж. Энэ үг Гумберт Лолитаг урлагийн бүтээл гэж үзэж байсны бас нэг баталгаа юм.
Ёс суртахууны хэм хэмжээг тогтоох гэж уйларснаас зүгээр л урлагийн гоо зүйг мэдэрч уншвал яасан юм бэ?
Бичвэрийнх нь цаадах далд утга, ёгт санааг тайлах гэж зүдэхийн хэрэггүй зүгээр л үгээр наадах, үгийн урлагийн гайхамшгийг мэдрүүлж буй зохиолын жигд хэмнэл, элин халих мэт уран дүрслэлүүд, хүний сэтгэлийг эмзэглүүлж буй тэр агшнуудыг мэдрэх л хангалттай биз ээ. Уран зохиол бол ямар нэгэн үүрэг хүлээдэг бус урлагийн гоо зүйг мэдрүүлэхэд оршино гэдгийг бодолцож үзвэл хэн ч гэсэн уншиж таашаал эдлэх зохиолын нэг юм.
Анх энэ роман анх Д.Бүдболдын орчуулгаар гарч байснаас хойш энэ орчуулгын шинэ хувилбараар уншихад таатай сайхан байлаа. Шинэ хувилбар гэхийн учир нь хуучин орчуулга дээр орхигдсон дутуу өгүүлбэр санааг нэмж оруулах, найруулгыг яруу сайхан болгох, үг сонголтыг чадмаг ашиглах гээд нэлээд хүч хөдөлмөр зарж сайжруулсан байна. Орчуулгын редактор Н.Жавхлан болон ариутган шүүгч нар хичээл зүтгэл гаргажээ. Набоков өөрөө орос, англиас гадна франц, итали, герман хэлтэй учир гадаад орчуулгад их ач холбогдол өгч өөрөө нягталж шалгадаг байсан тухай дурдагдсан байдаг. Орчуулгыг оршуулга болгосон өнөө үед хэрвээ Набоков өөрөө монгол орчуулгыг уншиж үзэх хувь тохиол байсан бол монголын дуун хөрвүүлэгч нарт сэтгэл хангалуун байх байсан биз ээ гэж бодно. Монгол хэлний хүч чадал нь өөрсдөө хэрэглэж чадвал ямар агуу болохыг манай хуучин цагийн нэрт орчуулагчид батлан харуулсан билээ.
Тэмдэглэлийг бичсэн: Хөх Толбот Д.Төмөр-Очир
СЭТГЭГДЭЛ