Дэлхий дээр хамгийн их хайрлагдсан ба үзэн ядагдсан ном юу вэ ? Энэ бол яах аргагүй “Хунтайж” ном мөн.
Италийн философич, түүхч Никколо Макиавелли “Хунтайж” номоороо Сэргэн мандалтын үеийн оюун санаа болон улс төрийн сэтгэлгээнд тэсрэлт хийсэн байдаг. Үүгээрээ бүх цаг үеийн хамгийн агуу төдийгүй, хамгийн их маргаан дагуулсан бүтээл болгож чадсан юм. Уг суут бүтээл Монсудар хэвлэлийн газраас эрхлэн гаргадаг “Нийгмийн ухаан” цувралын II дэвтэр болж олны хүртээл болсон билээ.
Номын үзэл санаа ямар нэг уянгын халил, яруу сайхан үгсээр илэрхийлэгдээгүй. Харин төрийг хэрхэн гартаа авах вэ? Үүний дараа хэрхэн жолоодох вэ? Ард түмэнд хайрлагдахын тулд ямар зан авир хэрэгтэй? Улс төрийн заль мэх, авхаалж самбаа, хүнлэг зан, догшин хэрцгий байдал зэрэг чанаруудаар өөрийгөө цэнэглэж, улс орноо удирдах зэрэг асуултыг хөнддөг. Улс төрийн нарийн үйл хэргийг энгийн, ойлгомжтойгоор өгүүлж, Эртний Грекээс Сэргэн мандалтын үе хүртэлх 3000 жилийн түүхэн жишээгээр баяжуулан уншигчдыг уйдаахгүйгээр хүргэсэнд "Хунтайж" номын мөн чанар оршино.
Амьдралдаа заавал унших ёстой номуудын нэгд яах аргагүй тооцогддог уг гайхалтай номоос онцлох эшлэлүүдийг хүргэж байна.
📖Хэлсэн үг, өгсөн амлалтаа зөрчих аятайхан шалтаг хэзээ ч олдоно. Тийм жишээ олон бий. Тэгэхээр хэлсэн үг, өгсөн амлалтаа биелүүлэхгүй байхын тулд зальжин ухаан хэрэгтэй. Дараа нь биелүүлээгүйн шалтгаанаа бусдад итгүүлэхийн тулд бас ухаан хэрэгтэй юм.
📖Хунтайж хүн ариун цагаан шинж чанар бүхнийг өөртөө шингээсэн байх албагүй, харин шингээсэн мэт харагдах зайлшгүй шаардлагатай. Нэг зүйлийг зориглон нэмж хэлэхэд, ертөнцийн бүх сайн чанарыг өөртөө шингээсэн байх, түүнийгээ яв цав даган мөрдөх нь хортой, харин тийм дүр үзүүлдэг байвал хамаагүй дээр.
📖Хүмүүсийн нүдэн дээр өрөвч нинжин сэтгэлтэй, хэлсэн үгэндээ хүрдэг, өршөөнгүй, чин шударга харагдах хэрэгтэй бол дотроо эсрэг зан чанар хадгалж, шаардлага гарвал түүнийгээ гадагш гаргахад бэлэн байх ёстой.
📖Тэгэхээр Хунтайжийг харж сонсож байгаа хүн болгон түүнийг энэрэнгүй, үнэнч, шударга, хүнлэг чанартай юм байна гэж бодохоор байвал зохино. Хүмүүс ихэвчлэн хүнийг гадаад төрх байдлаар нь шинжинэ, хүн болгон хардаг атал жинхэнэ дүр төрхийг нь ойлгож мэдэрдэг нь тун цөөхөн.
📖Хунтайж хүн ард иргэдэд таалагдахааргүй ажил хэргийг бусдад даалгах, харин тэдэнд таатай байх ажил хэргийг өөрөө гүйцэтгэдэг байх ёстой гэсэн зарчим юм. Маш зальжин аргаар ард иргэдийн хайрыг татна гэсэн үг.
📖Араатан амьтадтай, тухайлбал арслан, үнэг хоёртой Хунтайж адил байх ёстой болж байгаа юм. Арслан хавхнаас айдаг бол үнэг чононоос айдаг, тэгэхээр хавхнаас холуур гарчихдаг байхын тулд үнэг шиг, харин чоныг айлгадаг байхын тулд арслан шиг байх хэрэгтэй. Дандаа арслан шиг байдаг хүн хавхыг анзаарахгүй байж болох билээ.
📖Дээрэм тонуул, аллага зэрэг эмх замбараагүй байдалтай энэрэнгүй зангаар тэмцэх боломжгүй. Тодорхой хэмжээний харгислал хэрэгтэй. Учир нь эмх замбараагүй байдлаас болж хүн ам тэр чигээрээ зовж шаналдаг бөгөөд үүнтэй энэрэнгүй аргаар тэмцэх боломжгүй.
📖Үүнтэй холбогдон Хунтайжаа хайрладаг байх, түүнээс айдаг байх хоёрын аль нь дээр вэ? гэсэн маргаан дэгдэж болох юм. Хайрладаг ч, айдаг ч байвал нэн сайн гэж ярилцдаг ч хайр, айдас хоёр хоорондоо нийцэмж муутай болохоор нэгийг нь л сонгохдоо хүрвэл айдсыг нь сонгох хэрэгтэй.
📖Хүмүүс ер нь бусдынхаа ач тусыг мэддэггүй, тогтворгүй зан чанартай, хоёр нүүр гаргаж хууран мэхлэх сонирхолтой, аюулаас айж, олз омогт дурладаг зэрэг төрөлхийн араншинтай байдаг. Тэд өөрийн Хунтайжийнхаа төлөө амь нас, үр хүүхэд, эд хөрөнгө, эцсийн дусал цусаа ч хайрлахгүй үнэнч байна хэмээн ам өгдөг атлаа цагаа тулахаар тэр даруй нүүр буруулан одно.
📖Манай энэ цаг үед хэлсэн үгээ биелүүлэхгүйг аль болох хичээж, хэрэгтэй хүндээ алтан молиго үмхүүлж чаддаг хүмүүс л агуу хэргийг бүтээх болсныг амьдралын туршлагаараа би мэдэх болсон билээ. Ийм Хунтайж нар, эцсийн эцэст, шударга ёсыг барьж явсан эздээс илүү амжилт олжээ.
📖Өнөө цаг үед хаа нэгтээ хэн нэгэн Хунтайж аж төрөн амьдран сууж байна. Тэрээр цаг тутам үнэнч, шударга царайлж, ариун үйлсийг номлох бөгөөд хүмүүс ч түүнийг хорвоогийн хамгийн ариун амьтан хэмээн бодно. Үнэн хэрэгтээ тэр жинхэнэ хоёр нүүртэй дайсан билээ. Миний бие түүнийг танихын дээдээр таних ч нэрийг нь дурдахаас татгалзаж байна. Гэвч мань эр ариун номлолыг даган мөрдсөн бол аль эрт сүр хүчээ, эсвэл төр улсаа алдах байсан гэдгийг хэлье.
СЭТГЭГДЭЛ