Урин дулаан цаг ирж та гэр бүлтэйгээ хамт аялал зугаалгаар явах гэж байна уу? Тэгвэл энэ удаад тэрхүү амралтыг тань сонирхолтой, хөгжилтэй өнгөрөөхөд тусалж, амт нэмэх хүүхдийн номуудыг хүргэж байна.
Миний судалж тоглох ном
Хэрэв та хаа нэг тийшээ амарч зугаалахаар салхинд гарах гэж байгаа бол “Миний судалж тоглох ном”-ыг авч явахаа мартаж болохгүй шүү. Янз бүрийн тоглоом болон туршилт бүхий энэхүү ном нь цагийг зөв ашиглах зугаатай арга болно. Номд багтсан 150 гаруй санааг гэртээ, зуслан дээрээ, ойд, хөдөө хаана ч хийх боломжтой бөгөөд гарын доорх материал ашиглаж болохоороо онцлогтой. Модны холтос яагаад иржгэр байдаг юм бол? Модон дээр цаасаа тавиад будвал ямар хэлбэртэй байх бол? Газар доор юу нуугдаж байгаа бол? Боргоцойгоор бүтээл урлаж болох болов уу? Шоргоолж хаашаа явж байна вэ? Бороон дуслаар зураг зурж мэдэх үү? Энэ мэт хөгжилтэй туршилт хийнгээ хамтдаа байгаль дэлхийтэй танилцан, юмс үзэгдлийг ажиглаж мэдэхэд энэ ном хамгийн их туслах болно шүү.
Гэдэс нь өлссөн авгалдай
"Гэдэс нь өлссөн авгалдай'' ном нь авгалдай хэрхэн үзэсгэлэнт эрвээхэй болж буй тухай өгүүлнэ. Ном доторх содон зургууд, бяцхан авгалдайн идэж нүхэлсэн хуудаснууд дээрх хүүхдэд ойлгомжтой, товчхон өгүүлэмж, давтамжит үг хэллэгээр дамжуулан шинэ үгс, өнгө, дүрс, тоо гэх мэт маш олон зүйлийг нэгхэн номоос сурч болно гээд бод доо.
Харин энэ номыг зун хэрхэн, яаж унших вэ?
Зуны улиралд янз бүрийн амьтан ихэсдэг. Энэ үед хөдөө эсвэл ойд явж байхдаа хүүхдэдээ эрвээхэйг нүдээр харуулан ном дээрхийг ярилцсанаар хэрхэн эрвээхэй төрдгийг сонирхолтойгоор мэдэж болох юм шүү.
Ойд зурж сурах ном
Хүүхдүүд үзэж харсан зүйлээ зурах тун дуртай байдаг шүү дээ. Харин зуны улиралд зурах зүйл бүр ч ихэсдэг. Янз бүрийн амьтад, цэцэг навч, мод, ургамал гээд л . Ялангуяа ой модонд очвол бяцхан багачуудад урьд өмнө хараагүй зүйлээ харж, сониучирхах зүйл ямар их гээч. Тэр болгоноо хичээнгүйлэн зурах гэж хичээсэн ч заримдаа санаснаар болдоггүй үе бий. Гэхдээ “Ойд-зурж сурах ном” нь зурах аргыг маш ойлгомжтойгоор алхам алхмаар харуулсан тул тун хялбар аргаар зурж сурах болно. Ойд харсан шувуу, өхөөрдөм туулай, өргөстэй зарааг энэ номд зааснаар амархан гэгч зураад сурчихна.
Мөн хамгийн эхлээд нар сар зурах бол номын төгсгөлд чоно, буга гэх мэт зурахад бэрх амьтдыг хүртэл зурж чаддаг болсон байх болно. Ингэснээр таны хүүхэд цаашид сайн зураач болох алхам тавигдах ч юм бил үү.
Зун- Хайлтын ном
Улаанбаатар хотын зун хэрхэн, яаж, өнгөрдөг вэ? Ялангуяа энэ зун өвчний улмаас болоод хүүхдүүд маань аав ээжийгээ дагаад Улаанбаатар хотоороо хүссэнээрээ явж чадахааргүй болсон. Тэгсэн ч “Зун” хайлтын номоор дамжуулаад маш олон зүйлийг мэдэж болно. Зуны улиралд хүмүүс юу хийдэг, ямар хувцас өмсдөг, юу идэж уудаг, аялагч нар хаагуур аялах дуртай бол гэх мэтчилэн олон сонирхолтой зүйлсийн талаар ярилцаж, зуны улирлын талаар мэдэж авна. Номд гарах хүмүүсийн үйл явдал, зураглал тун хөгжилтэй болохоор таны хүүхдэд сонирхолгүй санагдаж, уйдна гэж байхгүй шүү. Харин ч өөрөө зургаас шинэ зүйл олж хараад, шинэ түүх зохиогоод ярьж гарна шүү дээ.
Хотынхон тун завгүй, бужигнасаар л байна. Тэнд жуулчид хоттой танилцаж явна. Бабу, Бобо хоёр шинэ найзууд хайхаар гарлаа. Цэцэгээ хүүхдээ түрсээр төв шуудан орохоор явж байна. Харин Базараа, Туяа хоёр хамт гүйдэг болжээ. Цацаа өдөржин л ном уншина. Өндөр өвөөгийн тахианууд зөндөө дэгдээхэйтэй болсон байна. Сүхбаатарын талбайд рок хамтлагийн тоглолт болж байна гэх мэт олон сонирхолтой зүйлсийг энэхүү номоос хайж олоорой.
Малчны хотонд-буддаг ном
Бид бүгд л аяллаар явахдаа зургаа даруулах дуртай байдаг шүү дээ.Харин тэрхүү дурсамжтай зургаа энэхүү номын хамгийн эхний хуудас дээр наагаарай.
Энэхүү номд аав ээжтэйгээ хамт аялалд гарч буй Заяа хүү нагац ахындаа очиж үеэлүүдтэйгээ тоглохоор тун ч баяртай явна. Зам зуурт таарах уул уснаас эхлээд хөдөө очиход нь түүнийг угтах нохой, хурга, адуун сүрэг гээд л бүх зүйл түүний сонирхлыг татна.
Энэ номыг уншсанаар хөдөө зун ямар байдаг, малчид зуны улиралд юу юу хийдэг талаар сурахаас гадна хуудас бүрийн зургийг будаж болох учир зурж, будах чадвар ч сайжрах юм. Хэрэв зун малчин айлд очсон бол энэ номоо авч яваад бодит байдалтай нь харьцуулаад будсан ч болно. Мөн яг л Заяа хүү шиг малчин айлаар зочилсон тухай өөрийнхөө түүхийг зураад бичсэн ч болно шүү.
Яагаад: Малчны хотонд
Зуны улиралд зарим хүүхдүүд хөдөө явж, малчдын амьдралтай танилцдаг билээ. Энэ үед нь үзэж, харсан зүйлийг нь илүү ойлгомжтой болгохын тулд “Малчны хотонд” ном туслах болно. Хөдөө яваагүй хүүхдэд ч гэсэн ном уншаад хараагүй зүйлээ мэдэх боломжтой бөгөөд малчин айл, таван хошуу мал, сүү цагаа идээ болон жилийн дөрвөн улиралд малчид юу хийдэг талаар, Яагаад малчин айл хоёр гэр барьдаг вэ?, Яагаад хоточ нохойтой байдаг юм бол? Сүү цагаан идээг яаж хийдэг вэ? гэх “Яагаад” гэж гайхдаг бүхнээ мэдэж авахад нь хүүхдэдээ туслаарай.
Яагаад: Ургамлын амьдрал
“Ургамлын амьдрал” номыг уншсанаар ургамал ч гэсэн амьтай, тэд байснаар хүрээлэн буй орчин минь эрүүл цэвэр агаартай байлгахад тусалдаг гэдгийг мэдэж, байгаль дэлхийгээ хайрлах, хамгаалах талаар суралцах болно. Хүүхэд бүхний гайхдаг “Байшингийн дээвэр дээр яагаад цэцэг ургасан байдаг юм бэ?, Зөгий, эрвээхэй гэх мэт амьтан яагаад цэцгэн дээр суудаг юм бол? Яагаад ургамал амьд юм бэ?” гэх мэт бидний тэр болгон хариулж чаддаггүй маш олон асуултын хариуг энэхүү номоос олох болно шүү. Мөн хамтдаа мод, цэцэг, ногоо тарихдаа уншвал илүү сонирхолтой байх болов уу . Номоо уншиж байгаад цэцгээр хатаамал хийгээд хадгалсан ч болно шүү.
Цөөхүүл ч гэсэн бидний индианчууд
Энэ номд Лалли хэмээх индиан охинд тохиолдсон хөгтэй, хөгжилтэй, уйтай олон олон адал явдлууд гарах болно. Тэрээр нэг ном дээр бичсэн Морзын кодыг өдөр шөнөгүй цээжилдэг. Гэвч хожим энэ нь худал зохиомол зүйл болохыг мэднэ. Ингэснээр тэр томчуудад эргэлзэх бөгөөд ямагт өөрөө бүгдийг туршиж үнэн, худлыг мэдэхийг хичээнэ. Ингэх явцад аав ээж, багш нартайгаа үл ойлголцолд хүрдэг.
Номд гарах Лалли охин үнэхээр сониуч бөгөөд элдэв янзын сонирхолтой зүйл ихийг туршиж үздэг. Ер нь энэ номыг уншсан хэн ч түүнийг дуурайх сониуч зан хөдлөх байх. Тиймээс зуны улиралд хүүхдүүд маань ээж аавтайгаа хамт салхинд гарахдаа түүний хийсэн туршилтуудыг дуурайж мөн номд гарах аялагч шиг майханд амьдарч болно. Энэ ном дээр омгийн индианчууд гардаггүй ч гэсэн үсэндээ өд зүүгээд нүүрэн дээрээ будаг түрхээд тэд нар шиг дуугарч индианчууд болон тоглож ч болох юм.
Олж мэд: Амьтад
Амьтдын тухай тоо баримт, хамгийн хамгийн амьтдын тухай энэ номоос уншаарай. Хамгийн хурдан, хүчтэй, хамгийн өндрөөс эхлээд хамгийн жижиг амьтад хүртэл өөр өөрийн гэсэн онцлогтой. Аварга торхон далайн хөвд нь 2300 гаруй жил амьдардаг бөгөөд энэ нь хамгийн урт насалдаг сүүн тэжээлт амьтан болох бөгтөр халимын амьдрах хугацаанаас дор хаяж 10 дахин урт хугацаа юм. Голиат хэмээх аалзны эмэгчин нь 170 грамм буюу дундаж хэмжээтэй алимтай дүйцэхүйц жинтэй байдаг ба эрэгчин нь арай жижиг гэх зэрэг сонирхолтой бүхнийг энэхүү олж мэдээрэй.
Мөн энэ номоос мэдэж авсан амьтантайгаа аялж байхдаа тааралдах ч юм бил үү. Гэхдээ зөвхөн монголд байдаг амьтдын талаар биш болохоор бүр ч илүү сонирхолтой байж мэднэ шүү.
СЭТГЭГДЭЛ