Жон П.Стрелекигийн амьдралын утга учрын тухай өгүүлэх Буйд газрын кафе “Яагаад” ном 100 гаруйхан хуудастай. Хэмжээний хувьд ч жижигхэн, гарын алганд багтахаар...
Гэхдээ л энэ номтой бүтэн 4 хоног “зууралдлаа”. Яагаад ингэж удсан шалтгаанаа хойно дурдах бөгөөд олон зүйл нуршихаасаа өмнө тухайн номыг уншихаар төлөвлөж буй хүмүүст бяцхан зөвлөгөө өгөхийг хүслээ.
Зөвлөгөө
- Хэдий жижигхэн, цөөн хуудастай ч гэлээ энэ номыг “машиндаж” унших хэрэггүй. Унших явцдаа яагаад тэгж болохгүйг нь ойлгох болов уу. Учир нь асуулт бүрээр нь бодож тунгаан, уншвал энэ ном таны амьдралыг өөрчилж мэднэ.
- Ингэхдээ уншихаасаа өмнө жижиг тэмдэглэлийн дэвтэр, цаас болон бал, харандаа бэлдэж тавибал зүгээр шүү. Унших явцдаа асуулт бүрд хариултаа, тухайн үеийн сэтгэгдлээ бодон тэмдэглээд яваарай. Харин эхний асуултыг уншиж дууссаныхаа дараа тэмдэглэлээ эргүүлэн харж намуухан хөгжмийн аянд кофе уунгаа тухайн асуултынхаа тухай дахин нэг бодоод үзээрэй. Гэхдээ ердөө гуравхан асуулт шүү.
Дэлхий тэнхлэгээ эргэж, цаг хугацаа урсан өнгөрсөөр, бид толгой өөд татах сөхөөгүй ажилласаар л... Ингэхдээ хэчнээн үнэ цэнтэй цаг хугацаа дэргэдүүр чинь урсан өнгөрч, алсарч байгааг тэр бүр анзаардаггүй. Түм түжигнэж бум бужигнасан энэ бүхнээс хэсэгхэн зуурын завсарлагаа авч өөрийгөө, эргэн тойрноо ажиглан хараад үзээрэй. Зүгээр ч нэг харах бус гуравхан асуултад хариулах гээд үзээрэй. Магадгүй, энэ асуултад хариулахын тулд зарим нь хэдхэн хором зарцуулах байх. Харин заримд нь нэг өдөр, бүтэн хоног, бүр 7 хоног ч бодож эргэцүүлэх шаардлага гарч мэднэ.
Номын эхлэл, өрнөл төгсгөлийн тухай яриад хэрэггүй байх. Харин гуравхан асуултад хариулж үзье.
Та энд яагаад ирсэн бэ?
Та үхлээс айдаг уу?
Та амьдралдаа сэтгэл хангалуун байдаг уу?
Сүүлийн өдрүүдэд санаанаас гарахгүй болсон асуулт бол яагаад энд ирсэн талаар маань биш, харин хүн төрөлхтөн ямар үүрэгтэй тухай юм. Ялаа, шумуул ямар хэрэгтэй юм бэ? гэх хүмүүсийг олонтоо сонсож байлаа. Тийм ч учраас хүн төрөлхтөн өөрөө ямар хэрэгтэй юм гэх бодолд автсан хэрэг л дээ. Идэш тэжээлийн суваргаас хэдийн хэтрээд явчихсан, бүр дээр нь эзэрхээд суучихсан хүн төрөлхтөн байгалийг сүйтгэж, ан амьтдыг устгахаас өөрөөр ямар “гавьяа” байгуулсан гэж.
Тэгвэл үүний амьдралд арай ойр, надад илүү хамаатай асуудал бол би яах гэж, яагаад энд ирсэн юм бэ? гэх-өөрөөсөө асуух асуулт.
Энэхүү номыг унших явцдаа энэ л асуултыг хэдэн арван удаа өөрөөсөө асуулаа. Тэр бүрд тодорхой хариулт олдоогүй юм. Харин уншиж дуусаад бодож суухдаа л хариултаа олж билээ.
Унших явцдаа тэмдэглэл хөтлөөрэй гэсэн маань ч ийм учиртай юм. Өөрийн ирсэн шалтгааныг олсон гэж хэлэхэд хэцүү ч олон жилийн өмнө мартагдаад байсан зорилго, тэмүүллээ санасандаа би туйлын баяртай байна. Тэрхүү зорилго тэмүүллээ энэ удаад дурдахаа түр азная. Ямартаа ч би тодорхой зорилготойгоор л энд ирсэн юм шүү дээ.
Та үхлээс айдаг уу?
Залуучуудын хувьд энэ бол хамгийн хачирхалтай, бас сонин асуулт байж болох юм. Бид үхлийн тухай өдөр тутамдаа бодоод байдаггүй. Бараг л мөнх юм шиг амьдардаг. Санадаг, сэтгэдэг, гомдоодог. Гэхдээ та маргааш үхчихвэл яах вэ? Үр хүүхдэдээ юу үлдээсэн бэ? Дутуу орхисон зүйлс юу байна вэ? Энэ л үед ирсэн зорилгынхоо төлөө хичээх, тэмүүлэх ёстойг ойлгох болно. Гэхдээ амьдрал энгийн байхдаа жаргалтай байдгийг мартаж болохгүй шүү. Зорилгынхоо төлөө бүхнийг мартан зүтгэ гэсэн санаа биш. Харин зорилгынхоо төлөө алхахдаа өнөөдрөөрөө амьдар л гэх гэсэн юм.
Дээрх хоёр асуултад хариулж, бас хариулсан шигээ амьдарч чадвал тэр л таны гурав дахь асуултын хариу байх болов уу.
Өмнө нь дурдсанчлан би номын тухай биш, ном унших явцдаа өөрийнхөө савны хэрээр хутгаж авсан зүйлсээ л уншигч тантай хуваалцаж буй юм шүү.
Амьдралд зориулсан орчлонгийн хөтөч Буйд газрын "Яагаад" кафе номыг унших “хөтөч” нь та болоосой хэмээн энэхүү сэтгэгдлээ бичлээ. Авах гээхийн ухаанаар хандана биз ээ.
С. Ууганбаяр
СЭТГЭГДЭЛ