“Монсудар” хэвлэлийн газраас Монголд анх удаа “Солонгос-Монгол, Монгол-Солонгос”, “Япон-Монгол, Монгол-Япон”, “Хятад-Монгол, Монгол-Хятад” цахим толь бичгүүдийг бүтээж худалдаанд гаргалаа.

Эдгээр цахим толь бичиг нь тус хэвлэлийн газрын “Солонгос-Монгол, Монгол-Солонгос”, “Япон-Монгол, Монгол-Япон”, “Хятад-Монгол, Монгол-Хятад” өврийн толь бичгүүдийн нэмж засварласан II дах хэвлэл дээр суурилсан, эдгээр хэлийг сурч буй хүмүүст зориулсан хураангуй толь бичгүүд юм.

“Солонгос-Монгол, Монгол-Солонгос” цахим толь бичиг нь 62070 гаруй толгой үг, 80030 жишээ, хэлц, 100030 орчуулга, дүрмийн болон хэрэглээний 2450 нарийвчилсан тайлбартай бол “Япон-Монгол, Монгол-Япон” нь 47500 толгой үг, 27100 жишээ, хэлц, 81100 орчуулга, дүрмийн болон хэрэглээний 1650 нарийвчилсан тайлбартай ажээ.

Харин “Япон-Монгол, Монгол-Япон” цахим толь бичиг нь 26800 толгой үг, 15200 дэд толгой үг, 3000 хэлц үг, хэвшмэл хэллэг, зүйр цэцэн үг, 20850 жишээ үг, 75000 гаруй орчуулгатай юм.

Үүгээр ч зогсохгүй тооны нэрс, жин хэмжүүр, он, сар, өдөр, хялбар дөхөм яриа, Япон Монгол хоёр улсын баяр ёслол, тэмдэглэлт өдөр зэргийг тухайлан оруулсан хавсралт, ханз үсэг тус бүрийн ард хаалтанд Хирагана үсгээр тэмдэглэсэн дуудлага тус тус хийж өгчээ.

Цахим толь бичиг тус бүр нь хэрэглэх дэлгэрэнгүй тайлбартайгаас гадна Монгол хэлний тусгай нэр үгсийг эдгээр хэлээр орчуулан тайлбарлажээ.

Мөн “Хятад-Монгол, Монгол-Хятад” цахим толь бичиг нь ханз үсгүүдийг гараараа зурж хайх боломжтой бөгөөд Хятад орчуулгууд нь ардаа галигтай юм байна.

iOS 5.0 болон түүнээс хойш гарсан үйлдлийн системтэй iPhone, iPad дээр ашиглах боломжтой “Солонгос-Монгол, Монгол-Солонгос”, “Япон-Монгол, Монгол-Япон”, “Хятад-Монгол, Монгол-Хятад” цахим толь бичгүүдийг App Store-оос нэг л удаа татаад насан туршдаа хэрэглээрэй.

Мэдээ бэлтгэсэн Э.Мөнхзагар

СЭТГЭГДЭЛ

Your email address will not be published. Required fields are marked *

/