*Чикаго хотын нийтийн номын сангийн веб хуудаснаа нийтлэгдсэн Жумпа Лахиригийн ярилцлага*

Таны өгүүллэгтээ өгсөн гарчгууд энгийн хэр нь ээ тун оновчтой байдаг, ялангуяа ᠌᠋“Эмгэг зовуурийн хэлмэрч” хэмээх гарчиг. Бидэнд уг гарчгийн санааг анх хэрхэн олж байсан талаараа хуваалцаач? 

Ихэнх тохиолдолд өгүүллэгээ бичээд дундаа орохоос нааш гарчгийн санаа орж ирдэггүй юм, заримдаа бүр бичээд дуусчихсан хойно оо ч гарчиг хайх хэрэгтэй болдог. Харин Эмгэг зовуурийн хэлмэрч бол онцгой тохиолдол байсан л даа. Энэ гарчиг намайг юун тухай өгүүлэхээ мэдэхээс минь ч өмнө мэндэлсэн. Эхэндээ ердөө л Бостонд төгсөх ангийн оюутан байх үед маань санаанд минь орж ирсэн хоосон гоё үг төдий байлаа. Нэг өдөр би өмнө нь надад Бостон дахь олон байрнуудын нэгэн рүү нүүхэд минь сайхан сэтгэлээр тусалж байсан армен гаралтай найзтайгаа санамсаргүй таарсан юм. Бид хэсэг зуур хөөрөлдөхөөр саатаж, тэр надад маш олон орос өвчтөнтэй эмчид орчуулга хийн, эмнэлэгт ажиллаж байгаа талаараа хэлсэн. Дараа нь гэр лүүгээ харьж явах замдаа түүний хийж буй ажлыг нь тодорхойлох гэж хичээхэд Эмгэг зовуурийн хэлмэрч гэдэг хэллэг толгойд минь харван орж ирсэн хэрэг. Тэгээд цаасны тасархай дээр бичиж тэмдэглэж авах хүртэл бодлоос минь салахгүй эргэлдсээр л байсан. Би ч хааяа хааяа бичсэн зүйлээ олж хараад, тун давгүй гарчиг болох юм байна гэж боддог байлаа. Гэхдээ өгүүллэг маань тав, зургаан жилийн дараа л биеллээ олсон. 

Эмгэг зовуурийн хэлмэрч өгүүллэгийн түүвэр дэх өгүүллэгүүд ерөнхийдөө ямар нэгэн дүгнэлтээр төгсдөггүй. Харин уншигчид өөрсдөө дүгнэлтээ хийдэг. Та өгүүллэгээ хэрхэн төгсгөхөө яаж шийддэг талаараа бидэнтэй хуваалцахгүй юу?

Өгүүллэгүүд маань ур чадвараа хамгийн сайн гаргасан яг тэр цэгт л төгсдөг. Зүйрлүүлж хэлбэл, бичиж буй бүхэн минь аялал. Ер нь ч би гол дээгүүр тавьсан гүүр гэж бодох дуртай. Бичиж байх явцад идэвхтэйгээр ямар нэгэн зүйл зохиож ургуулж, бүтээхгүй байгаа тийм үе тааралддаг, тэгээд энэ нь нөгөө захад нь хүрэх гэж байгаагийн нэг дохио болдог юм. Бас өгүүллэгээ төгсгөх цаг болсныг илтгэдэг өөр тайлбарлахад тийм ч амаргүй далд дохионууд бий л дээ. Би өгүүллэгүүддээ аль болох хангалттай их боловсорч гүйцэх хугацаа өгөхийг хичээдэг. Зохион байгуулалтаас маань гарсны дараа алив юмсыг эргэн харах, цөөн хэдэн уншигчдын сэтгэгдлийг сонсохын тулд гэх үү дээ. Хэрвээ тэгээд ямар нэгэн дутуу зүйл олж харахгүй, өгүүллэгийн маань хэсгүүд зөв, бүрэн дүүрэн илэрхийлэгдсэн мэт санагдвал шинэ бүтээл рүүгээ ордог. 

Эмгэг зовуурийн хэлмэрч түүвэр дэх өгүүллэгүүд туйлын хурц гярхай, уран нарийн өнгө аястай. Тиймээс ч бичлэгийг чинь наснаас тань хол давсан ухаалаг хэмээн тодорхойлдог. Бидэнд таны өөрийн туршлага эдгээр бүтээлүүдэд хэрхэн нөлөөлсөн талаар бага зэрэг ярьж өгөхгүй юу?

Мэдээж хэрэг би, өсөж хүмүүжсэн ерөнхий орчноо нэлээд их дүрслэн бичдэг.  Би Шинэ Англид Бенгал цагаач эцэг эхийн гар дээр өсөж, бараг л амьдралынхаа бүх хугацааг АНУ-ын Зүүн эрэг дээр өнгөрөөсөн. Эцэг эх маань энэ улсад бүрэн дүүрэн харьяалагддаггүй гэдгийг би үргэлж л мэдэрдэг байлаа. Тэдний хэрхэн мэдэрдгээс бас олон жилийн туршид тэдэнд хандаж ирсэн хандлага, аль алинаас нь болоод гэх үү дээ. Эцэг эхийн маань жишээ, тэдний Бенгал найзуудын хүрээлэл намайг ер нь харь нэгэн байх ямар байдаг талаар сонирхоход хүргэж, бас эмзэглүүлдэг байв. Би ч өөрийгөө мөн зарим нэг талаараа  гадаад хүн гэдгээ мэддэг байсан. Хэрвээ хүн хаа нэгтээ байхдаа гэртээ байгаа мэт бүрэн дүүрэн мэдрэхгүй л бол өөр ямар нэгэн газартай үнэхээр холбоотой эсэх нь хамаагүйгээр харь нэгэн шиг л санагддаг гэж би боддог юм. Хэдийгээр би эцэг эхийн маань мэдэрч, санаж бэтгэрдэг шиг тийм хүйн холбоогоор Энэтхэгтэй холбогдоогүй боловч Америкт өнгөрүүлсэн хүүхэд насанд минь яг л шилний цаанаас харж байгаа мэт тийм зүйлс, миний бүрэн дүүрэн ойлгодоггүй зүйлс ч байсан. Бас гэр бүлтэйгээ хамт Энэтхэгт айлчилж очихдоо ч үүнийг олж харсан, бид тэнд бүрэн дүүрэн харьяалагддаггүй болохыг. Гэр бүлийн маань үүх түүхийн бүхий л шинж талуудыг хоёр газрын хооронд эргэлдэж байгаагаар дүрсэлж болно. 

Таны бичлэгийн хэв маягийг Е.М.Форстероос авхуулаад В.С.Найпул болон Филипп Рот хүртэл маш олон зохиолчидтой харьцуулсан байдаг. Таныг зохиолч болон хөгжихөд хамгийн чухал нөлөө үзүүлсэн зохиолчид хэн байв? Бас ямар номууд байв? 

Маш олон зохиолчид, өөр өөр цаг үед өөр өөр байдлаар надад урам өгөн зоригжуулж бас нөлөөлж байлаа. Ер нь ямар нэгэн агуу зохиолчийг олж нээх, эсвэл өмнө нь танилцаад өнгөрсөн нэгнээ дахин шинээр нээх нь амьдралын маань хамгийн гүн утга учиртай, сэтгэл догдлуулам үйл явдал байдаг. Би бүр бага байхаасаа л уран зохиолд шимтэн дурласан, хэрвээ тэдгээр бусад зохиолчдын үлгэр жишээ байгаагүй бол магадгүй би ганц ч үг бичихгүй байх байсан болов уу. Би анх нухацтайгаар зохиол бүтээл туурвиж эхлэх үедээ Жеймс Жойс, Антон Чехов, Фланнери О’Коннор болон Габриэль Гарсиа Маркез нарын өгүүллэгүүдийг судалдаг байлаа. Бас тухайн үед Владимир Набоков, Виржиниа Вүүлф нарын зохиолчид ч чухал нөлөө үзүүлсэн. Харин одоо ч амьд мэнд байгаа Уильям Тревор, Мавис Галлант гэсэн хоёр зохиолчид үүрд өртэй гэж боддог. Сүүлийн үед бол Томас Хардигийн зохиолоос түлхүү уншиж, түүний увдисанд илбэдүүлчхээд байгаа шүү. 

Та яаж өгүүллэгүүддээ цөөн хэдэн оновчтой үгээр нэг соёлыг нөгөөгөөс ялгасан Америк болон Энэтхэгчүүдийн талаарх төгс дүрслэлээ бодож олж, ашигладаг вэ?

Бичиж байх явцад л ороод ирдэг юм. Зориуд эрж хайгаад байдаггүй л дээ. Тэд нэг л мэдэхэд өөрсдөө урсаад ороод ирдэг гэх үү дээ. 

Эмгэг зовуурийн хэлмэрч түүвэр, манай Нэг ном, Нэг Чикаго жагсаалтад Гургалдайг хөнөөхүй, Миний Антониа, Бахархал ба бардамнал, Наран дахь үзэм гэх мэт номуудын хамт орсон. Бүх л Чикагочуудын унших ёстой номын жагсаалтад өөрийнхөө ном багтсаныг мэдэхэд танд ямар сэтгэгдэл төрсөн талаар бидэнтэй хуваалцахгүй юу? 

Ийм хүчирхэг, шилдэг, тэсвэр тэвчээртэй зохиолчдын дунд багтах нь үнэхээр том нэр төрийн бас туйлын эгэл даруу хэрэг байлаа. Би Чикаго хотыг, ном унших болон уран зохиолын ач холбогдлыг ийм том хүрээнд, хотынхоо хэмжээнд таниулж,  тэмдэглэн дэмжиж байгаад нь маш том баяр хүргэмээр байна. Дэлхий даяар маш олон ямар ч утга учиргүй, хор хөнөөлтэй үйл ажиллагаанууд тогтмол явагдаж байгаа ийм үед ялангуяа энэ нь тайтгаруулам, бас магтууштай хэрэг шүү. 

СЭТГЭГДЭЛ

Your email address will not be published. Required fields are marked *

/