Мүракамийн зохиолууд дахь феминизмийн тухай
Миеко Каваками Торгон цэргийн хороон даргын аллага номын зохиолчтой хийсэн ярилцлага
Мүраками Харүки 1949 онд Киото хотод төрсөн бөгөөд одоо Токиогийн ойролцоо амьдардаг. Түүний бүтээлүүд 50 гаруй хэлнээ орчуулагдаж, Франц Кафкагын нэрэмжит шагнал, Иерусалемын шагнал зэрэг дэлхийн хэмжээний олон хүндтэй шагналуудыг хүртсэн. Мөн түүний бүтээл, туурвилуудыг үнэлж Латви улсын Лиегийн их сургууль болон АНУ-ын Принстоны их сургуулиудын хүндэт профессороор өргөмжилсөн билээ.
Миеко Каваками 1976 онд Осака хотод төрсөн ба ажлын гараагаа хөгжмийн зохиолч, дуучнаар эхлүүлж, 2006 онд утга зохиолын ертөнцөд хөл тавьсан. Түүний анхны тууж My Ego, My Teeth and the World 2007 онд хэвлэгдэн гарсан жилээ Акүтагавагын нэрэмжит шагналд нэр дэвшиж, Шинэ залуу зохиолчдод зориулсан Цубоүчи Шоёо шагналыг гардан авсан. Даруй дараа жил нь Каваками Breasts and Eggs хэмээх богино туужаа хэвлүүлсэн. Түүний энэхүү бүтээл Японы утга зохиолын хамгийн нэр хүндтэй шагнал болох Акүтагавагын нэрэмжит шагналыг хүртэж, нэр хүндтэй зохиолч Ёоко Огавагаас сайшаалын үгс хүртсэн билээ. Кваками мөн Heaven, The Night Belongs to Lovers зэрэг зохиолууд бичсэнээс гадна хамгийн сүүлд Breasts and Eggs туужаа бүтэн роман болгон бичиж дуусгасан нь түүний бүтээлүүдээс анх удаагаа англи хэл дээр хэвлэгдэн гараад байна.
*
Миеко Каваками: Миний хувьд Торгон цэргийн хороон даргын аллага номын Мариэ Акигавагын дүр сонирхлыг минь их татлаа. Түүний хувь хүний тодорхойлолт нь хөхнөөсөөсөө шууд хамааралтай байсан нь бага зэрэг эвгүй санагдсан. Иймэрхүү асуудал таны өмнөх зохиолууд дахь залуу эмэгтэйчүүдэд огт хөндөгдөж байгаагүй. Dance Dance Dance номын Юүки, The Wind-Up Bird Chronicle номын Мэй Касахара нар надад маш ойр санагддаг юм. Гол дүрийн хүүрнэгчээс гадна, Мэй зохиолын туршид маш хүчирхэг илэрхийлэмж бүхий дүрслэгдсэн байдагт нь би их дуртай. Юүки, Мэй нар ч бас өөрсдийн хөх, бие галбир зэргийг огт ярьдаггүй атал Торгон цэргийн хороон даргын аллага-ын Мариэ...
Мүраками Харүки: Мариэ үүнд маш их ач холбогдол өгсөн гэж үү?
МК: Тийм, гэхдээ хэтэрхий их анхаарлаа хандуулсан гэж бодохгүй байна уу? Урьд өмнө огт уулзаж байгаагүй гол дүрийн залуутай хоёулхнаа үлдсэн даруйдаа хэлсэн үгс нь “Миний хөх дэндүү жижигхэн байгаа биз?” гэж хэлэхэд нь би үнэхээр гайхсан шүү. Түүний энэ донтолтын гэмээр сэдэл хаанаас гарч ирсэн бэ?
МХ: Энд тэндээс гэж хэлэхэд хэцүү, барьцгүй байна л даа. Ийм бодолтой эмэгтэйчүүд байдаг гэж бодож байна.
МК: Гэхдээ зохиолын гол дүр болон бүсгүй хоёрын харилцааны хувьд? Мариэ өөрийн хөхний тухай ярьж эхлэхэд нь хүүрнэгч залуугийн хариу үйлдлийн талаар та ямар бодолтой байсан бэ?
МХ: Таны юу гэж байгааг ойлгож байна аа. Гэхдээ Мариэ өөрийн биеийн эрхтэн, хөхний тухай залуугаас асууж байгаа нь тэрээр залууг бэлгийн хамтрагч мэтээр харахгүй байгааг л харуулах гэсэн юм. Улмаар тэдний харилцааны цаад мөн чанарыг анзаарвал Мариэ түүнтэй ямархуу харилцаа тогтоохыг хүсэж байгааг шууд ойлгоход дөхөм байх болов уу. Миний бодлоор бол Мариэ тиймэрхүү зүйлсийн талаар нээлттэй ярилцаж болох хэн нэгнийг эрж хайж байсан гэж бодож байна. Хэрвээ хэн нэгний хувьд цаашдын хоорондын харилцаа нь бэлгийн хамтрагчаас хэтрэхгүй мэт санагдаж байвал мэдээж хэн ч өөрийнх нь хөх жижигхэн байгаа талаар яриад эхлэхгүй гэдэгт бид ижил байр суурьтай байх гэж бодож байна л даа.
МК: Би таны санааг ойлгож байна. Гэхдээ бас эсрэгээрээ, Мариэ яриаг ингэж эхлүүлснээр харин ч бүр илүү залууг өдөөн хатгасан шинжтэй санагдаж болох юм. Харин таны өгүүлж буйгаар бол энэ нь харин ч тэдний харилцааны өдөөн хатгах өнгө аясыг нь үгүй хийж, цаад мөн чанар, өгүүлэмж нь юу вэ гэдэгт нь ач холбогдол өгөх хэрэгтэй гэж ойлголоо?
МХ: Тийм ээ. Улмаар Мариэ болон хүүрнэгч хоёрын энэ нууцлаг харилцаа романы гол хүчин зүйл болж байгаа юм л даа. Тэдний харилцан яриагаар зохиолын хүүрнэлд шинэ асуудал дэвшүүлж байгаа юм.
МК: Өөрөөр хэлбэл, энэхүү харилцан яриагаар дамжуулан уншигчдад гол дүрийн хүүрнэгчийг ямар зан араншинтай, хувь хүн болохыг нээн харуулж байгаа юм байна.
МХ: Яг тийм. Арван хоёр настай охин өөрийнхөө хөхний талаар нээлттэй ярилцаж болох тийм залуу.
МК: Тэгэхээр таны зохиолуудад дүрслэгддэг эмэгтэйчүүдийн нийтлэг байдаг хэв шинжийн тухай өөр нэгэн асуулт эндээс гарч ирж байна л даа. Миний эмэгтэй найзууд надад, “Чи Мүракамийн зохиол дахь эмэгтэйчүүдийн дүрслэлийг хүлээн зөвшөөрдөг болохоор түүний зохиолуудад дуртай юм уу?” гэж их асуудаг. Таны зохиолууд дахь эмэгтэйчүүдийн дүрслэл нь эрэгтэй, эмэгтэй уншигчдыг заримдаа тавгүйтүүлээд байх шиг.
Эрэгтэй дүрүүд ихэнхдээ өөрсдийн дотоод ертөнцөд үл ухамсарлахүйд тэмцэлдэж байхад эмэгтэйчүүд нь бодит ертөнцөд тэмцэлдэхэд хүрээд байх шиг.
МХ: Тийм гэж үү? Яагаад?
МК: Бодит амьдрал дээрх эмэгтэйчүүдтэй ойр дүрслэгдсэн үү, үгүй юу гэдгээс илүүтэй тэдний зохиол дахь үүрэг гэх юм уу. Жишээ нь, түрүүн ярьж байсанчлан ямар нэгэн шинэчлэлийг урин дуудсан бэлгэ тэмдгийн төдий ч юм шиг.
МХ: Тэд ямар нэгэн шинэ зүйлд гол дүрийн хүүрнэгчийг хөтөлдөг гэж үү?
МК: Яг тийм. Тэд яг хүүрнэгчийг дахин төрөхөд замд нь хүргэж өгч байгаа мэт. Эмэгтэйчүүдийг ямар нэгэн гарц, шинэ боломж, хувьсан өөрчлөгдөхийн бэлэг тэмдэг мэтээр авч үзэх нь элбэг байдаг шүү дээ.
МХ: Тийм ээ, мэдээж. Тиймэрхүү илэрхийлэмжийг харж байна.
МК: Тэр өөрчлөлтүүд дунд, хэрэв эмэгтэй хүн эсрэг хүйсийнхээ хүүрнэгчтэй хамт тодорхой нөхцөл байдалд хамт байгаа тохиолдолд хамгийн түрүүнд бэлгийн хамтрагчийн байр сууринд тавигдахаас өөр аргагүй байдалд ороод байх шиг. Олон уншигч эмэгтэйчүүд зөвхөн эмэгтэй хүн болохоор өдөөн хатгасан хэв маягаар дүрслэгдэх ёстой мэт байдаг талаар маргах байх л даа. Би энэ тухай таны бодлыг сонсмоор байна.
МХ: Би сайн ойлгосонгүй…Зохиолын нэг чухал хүүрнэгч биш гэж үү?
МК: Маш олон эмэгтэй дүрүүд ердөө зохиолын гол хүүрнэгч эрэгтэйн бэлгийн дур хүслийг хангах зорилготой мэтээр дүрслэгддэг тухай л гэх гээд байна. Нэг талаараа таны бүтээлүүд дэх төсөөлөл дүрслэлүүд маш баялаг хил хязгааргүй өгүүлэмжүүд бий хэдий ч эрэгтэй дүрүүд болон эмэгтэйчүүдийн хувьд тэдний харилцаа, зохиол дахь байр суурийг яг адилхан түвшинд авч үзэж, тийм гэж хэлэх боломжгүй. Эмэгтэй дүрийн хүүрнэгч харьцангуй бие даасан, хувь хүнийхээ хувьд өөрийгөө илэрхийлдэг ч гэлээ тэдний өгүүлэмж дүрслэл эрэгтэй гол баатрын цаашдын адал явдалд золиос болох тохиолдлууд бий. Тэгэхээр асуулт маань Мүракамийн зохиолд яагаад эмэгтэйчүүд гол өгүүлэмжээс ангид үлдэж, орхигдох нь элбэг байдаг вэ?
МХ: Аан за, одоо ойлголоо.
МК: Та энэ талаар өөрийн байр сууриа илэрхийлээч.
МХ: Миний хариулт тийм ч таатай биш байх болов уу гэхдээ миний зохиолын дүрүүдийн аль нь ч ийм боловсронгуй биш гэж бодож байна. Хамгийн чухал нь энэ хүмүүс, эрэгтэй эмэгтэй хүмүүс хоёулаа өөрсдийн амьдарч буй ертөнцтэй хэрхэн уялдан оршиж буй хамаарал юм. Харин ч би аль болох оршин байгаагийн утга учир, ач холбогдол, далд утга зэрэгт хэт анхаарахгүй байхыг хичээдэг. Түрүүн хэлсэнчлэн, би хувь хүний шинж бүрийг голчилдоггүй. Эрэгтэй ч бай, эмэгтэй ч бай.
МК: Анхан.
МХ: 1Q84 номын хувьд эмэгтэй дүр дээр илүү анхаарч ажилласан. Аомамэ бол Тэнгогын хувьд маш чухал, Тэнго ч мөн Аомамэд чухал. Тэдний үйл явдал хэзээд нийлэхгүй байгаа боловч зохиолын гол утга учир нь тэдний бие биедээ тэмүүлэх тэмүүлэлд нь байгаа юм. Тэд хоёулаа гол дүрийн баатрууд. Зохиолын хамгийн сүүлд нь тэд учирдаг. Хоёр зүйл нэг болон нэгддэг. Төгсгөл хүртэл ямар ч эротик өгүүлэмж байхгүй. Тийм болохоор тэд зохиолыг өргөн утгаар бүхэлд нь эн тэнцүү авч явж, хүүрнэж буй нэг шугаман дээрх адилхан дүрүүд гэж хэлэх байна.
МК: Таны урт зохиолуудад ихэнхдээ ямар нэгэн том хэмжээний хүчин зүйлүүдийн эсрэг тэмцлийн тухай өгүүлдэг шүү дээ. The Wind-Up Bird Chronicle зохиолд Тору, Күмико Окада нар Нобору Ватаяагын эсрэг, 1Q84 зохиолд Аомамэ, Тэнго хоёр хүчирхэг чөтгөрийн гэмээр хүчний эсрэг. Энэ хоёр зохиолын хувьд эрэгтэйчүүдийн үл ухамсарлахуйн ертөнцөд хийж буй тэмцлийн талаар ижил төстэй зүйл нь юу вэ?
МХ: Тэгж хэлбэл мэдээж тийм л дээ. Түгээмэл хүйсийн эрх, үүргийг нь эсрэгээр дүрсэлсэнтэй холбоотой байж магадгүй л дээ. Та феминист байр сууринаас үүнийг юу гэж харж байна вэ? Би өөрөө сайн хэлж мэдэхгүй л байна.

МК: Ихэнхдээ эрэгтэй гол дүрийн хүүрнэгчдийн тэмцэл нь дотооддоо, үл ухамсарлахуйн түвшинд явагддаг бол эмэгтэйчүүдийн тэмцэл зөвхөн бодит байдал дээр өнгөцхөн өрнөдгийг хэлээд байна л даа. Жишээ нь, The Wind-Up Bird Chronicle номд Нобору Ватаяагын амьсгалах төхөөрөмжийг салгаснаар түүнийг хөнөөж, шийтгэлээ хүлээдэг. Харин 1Q84 номд Аомамэ Удирдагчийг хөнөөдөг. Мэдээж зохиол нэг бүрдээ хүйсийн эрх тэгш байдлыг баримтлан бичиж, шударга ёсыг уран зохиолд бүрэн шингээх үүрэг биш хэдий ч эдгээр номуудыг феминист өнцгөөс харж уншвал “За энд дахиад нэг эмэгтэй өөрийнхөө амьдралыг нэг эрэгтэйн зорилгыг биелүүлэх ажилд золиосоллоо” гэж бодоход хүргэж байна.
Маш олон эмэгтэйчүүд бодит амьдрал дээр амьдрахын аргагүй нөхцөл байдлууд тулгардаг. Жишээ нь бэлгийн хүчирхийлэлд өртсөн тохиолдолд өөрөө өдөөн хатгасан хэрэгт орох гэх мэт. Эмэгтэй хүний бие махбод нь түүний амьдрал нуран унах шалтгаан нь мэт буруутгагддаг. Магадгүй ингэж бодож байгаагүй эмэгтэйчүүд байж болох ч гэлээ энэ нь нийгмээс эмэгтэйчүүдийг өөрсдийн мэдрэмжүүдийг “хав дарарахад" хүргэж, мухардалд оруулдаг. Тийм ч учраас эдгээр асуудлууд уран зохиолд ч хөндөгдсөөр, дахиад л нэг эрэгтэй хүний хүсэл зорилгыг гүйцэлдүүлэхэд ашиглагдах хэрэглүүр болоод өнгөрдөг хэвшмэл ойлголт мэт давтагдсаар байдаг нь харамсалтай.
МХ: Миний хувьд уран зохиол дахь ямар ч давтамж нь тохиолдлын чанартай байж болно гэж бодож байна. Дор хаяж, би хэзээ ч тиймэрхүү зүйлсийг санаатайгаар бичдэггүй. Магадгүй зохиол өөрөө цэвэр үл ухамсарлахуйн түвшинд боловсорч, тийнхүү биеллээ олдог байж болох юм.
Булзааруулах гэсэн юм биш шүү, гэхдээ надад ямар нэгэн яг тогтсон бичлэгийн хэв маяг гэж байхгүй. Норвегийн ойг жишээ аваад үзье л дээ, Наоко, Мидори хоёр ухамсарт болон, үл ухамсарт хоёр оршихуй аль алинтай нь тэмцэлдэж байдаг. Нэгдүгээр биеийн эрэгтэй хүүрнэгч тэр хоёр эмэгтэйд хоёуланд нь татагдсан байдаг. Үүнээс болж тэр эрэгтэйн ертөнц хоёр тийш тас татагдахад хүртэл тулдаг. Бас After Dark, зохиолын хүүрнэл бүхэлдээ эмэгтэй хүүрнэгчийн өнцгөөс түүний эрмэлзлээр хөглөгдөж, хөтлөгдөн хөвөрдөг. Тийм болохоор би эмэгтэй дүрүүд маань үргэлж бэлгийн хүслийг гүйцэлдүүлэгч, гол баатарт туслагч хэн нэгэн байдаг гэдэгтэй санал нийлэхгүй. Хэдийгээр би бичсэн мөр бүрээ санахгүй ч гэлээ тэдгээр эмэгтэйчүүд бүгд миний дотор үлддэг. Норвегийн ой номын Рейко, Хацүми нар шиг, одоо ч бодоход миний сэтгэл өвдөж байна. Эдгээр эмэгтэйчүүд миний хувьд ердөө зохиолын нэгэн хэрэглэгдэхүүнүүд биш. Дүр тус бүр өөрсдийн нөхцөл байдлаа бүтээдэг. Би шалтаг тоочиж байгаа юм биш шүү. Ердөө мэдрэмж, туршлагаа хуваалцаж буй минь л энэ.
МК: Би таны хэлж байгааг ойлгож байна. Би өөрөө зохиолч хүний хувьд, таны мэдрэмж гэж нэрлэж буй зүйлийг мэдэж байна. Мөн нөгөө талаас, уншигчид бидний энэ ярилцлагаас унших арга барил талаас ямар бодолтой үлдэх бол гэж бодож байна.
Таны хэлж буй санаануудаас би нэгэн чухал санааг олж харж байгаа нь, таны бодлоор эмэгтэйчүүд зөвхөн хүйсийн тодорхойллоос ангид оршиж, хөндөгдөж буй сэдвийн өгүүллийг огт өөр зүгт чиглүүлэн авч явж болдог юм. Ийм ээдрээтэй асуудлуудын хариултыг би зөвхөн уран зохиолоос олж авч чадна. Сайн эсвэл муу, эерэг эсвэл сөрөг гэсэн хоёрхон заагаар ялгаж салгах гэж хүчлэхийн оронд өгүүлэгдэж буй хүүрнэлийг өөрийн минь нэг хэсэг мэт дотроосоо олж нээх нь миний хийж чадах зүйл билээ.
МХ: Яг тийм. Би эрэгтэй, эмэгтэй хүмүүсийг өөр өөрийн онцлог шинжтэй гэж боддог. Нөгөө хэвшмэл улиг болсон бодол шиг санагдаж магадгүй ч өөр өөр шинжүүдтэй учраас нэг нь нөгөөдөө тусалж, дутууг нь нөхөж, дэмжсэнээр л аж төрдөг. Заримдаа энэ нь хүйсийн эрх, үүргээ солилцоход ч хүргэж болно шүү дээ. Тэр нь мэдээж хувь хүнээс, тухайн нөхцөл байдлаас, үүнийг жам ёсны байдаг л зүйл гэж харж байна уу, үгүй юу зэргээс шалтгаалах байх гэж бодож байна. Хүйсийн ялгаатай байдлыг эсрэгцэл мэтээр үзэж байна уу эсвэл уялдаа холбоотой, тэнцвэрт байдлын нэг хэсэг гэж харж байна уу гэх мэт.
Магадгүй бид өөрт байхгүй зүйлээ нөгөөгөөрөө дүүргэх гэсэндээ эсвэл бие биеийгээ үгүйсгэх гэсэндээ ч биш. Миний хувьд бол, үнэхээр ээдрээтэй, адармаатай асуудлуудын хариултыг би зөвхөн уран зохиолоос л олж авдаг. Сайн эсвэл муу гэдгийг баталж нотлох гэж бус, өгүүлэн хэлэх буй зүйлсээ миний нэг хэсэг гэдгийг өөрийнхөө дотроос олдог. Би сэтгэн бодогч, шүүмжлэгч эсвэл хүний эрхийн тэмцэгч биш. Би ердөө зохиолч төдий. Хэн нэгэн зохиолуудыг минь тодорхой нэгэн “изм”-ийн хувьд нийцэхгүй, дахиад илүү боловсруулах ёстой байж гэвэл миний хийж чадах зүйл бол чин сэтгэлээсээ уучлалт гуйх болно.
МК: Зохиолч Raymond Chandler –ын хүнд зохиолууд дахь эмэгтэйчүүд ихэнхдээ эрэгтэй хүний өмнө хүлээсэн үүрэг, даалгавартайгаар дүрслэгддэг. Бидний уншсан ном зохиолууд хожмоо бичгийн бүтээл туурвихад нөлөөгөө үзүүлэх нь бий. Заримдаа тэдгээр номд дүрслэгдэж буй эмэгтэйчүүдийн тогтсон хэв маяг ямар нэгэн байдлаар таны өөрийн бүтээлүүдэд тусгалаа олдог биз.
Гэхдээ таны бичсэн бүх эмэгтэйчүүдийн дундаас надад хамгийн тод дүрслэгдэн үлдсэн нь Sleep(The Elephant Vanishes, 1993) хэмээх богино өгүүллэгийн хүүрнэгч. Эмэгтэйчүүдийн бичсэн эмэгтэйчүүд, эрэгтэйчүүдийн бичсэн эмэгтэйчүүд гээд маш олон эмэгтэйчүүдийн тухай уншиж байсан ч өнөөдрийг хүртэл Sleep өгүүллэгт гардаг шиг тийм эмэгтэйтэй таараагүй л байна. Энэ бол үнэхээр гайхамшигтай амжилт бүтээл шүү.
МХ: Тэр өгүүллэг анх the New Yorker сэтгүүлд хэвлэгдэж байсан үед би Америк оронд огт танихгүй зохиолч байсан. Уг өгүүллэгийг уншсан ихэнх хүмүүс Мүраками Харүки гэж эмэгтэй хүн гэж бодож, маш олон эмэгтэйчүүдээс талархлын үгстэй захидал хүлээж авч байсан шүү. Тийм зүйл болно гэж огт төсөөлөөгүй.
МК: Sleep өгүүллэгээр та анх удаа эмэгтэй хүний өнцгөөс харж бичсэн гэж бодож явдаг минь зөв үү?
МХ: Тийм ээ. Тийм байх шүү.
МК: Та эмэгтэй хүний өнцгийг барьж авч бичихэд хүргэсэн хүчин зүйлс байсан уу? Эсвэл зүгээр өөрөө л хөврөн гараад ирсэн үү?
МХ: Би тэр өгүүллэгийг Ромд амьдарч байхдаа бичсэн. Яг ч хямралд орсон гэж хэлэхэд хэцүү ч Норвегийн ой ном Японд шилдэг борлуулалттай номын жагсаалтыг тэргүүлж% хэвлэл мэдээллээр үүсгээд байсан шуугианаас болж нэлээд цухалдаад байсан юм. Тэр бүгдээс холдож, өөр ертөнц руу зугтмаар болоод байсан үе. Би бага зэрэг сэтгэл гутралд орж, юм бичих ямар ч боломжгүй болоод Италид очиж хэсэг нам гүм байсан. Харин нэг л өдөр, юм бичих асар их хүсэл төрж, TV People, Sleep гэх хоёр өгүүллэгийг бичсэн дээ. Хавар болж байсан санагдана.
MK: Алийг нь эхлээд бичсэн бэ? TV People үү?
МХ: Эхнийх нь TV People байсан байх аа. MTV сувгаар Lou Reed –ын нэг бичлэгийг үзээд, сэтгэл хөдөлсөндөө нэг суултаар л бичиж дуусаад, Sleep өгүүллэгийг эмэгтэй хүүрнэгчийн үүднээс бичсэн. Тухайн үед мэдэрч байсан бүхнээ илэрхийлэхэд тэр хамгийн зөв санагдаж байсан юм. Тухайн үеийн нөхцөл байдлаас, өөрөөсөө ч холдмоор байсан болохоор магадгүй эмэгтэй хүний нүдээр хүүрнэсэн байх. Миний санаж байгаагаар тэр өгүүллэгийг ч мөн маш хурдан бичсэн.
MK: Тэр өгүүллэг үнэхээр өөлөхийн аргагүй. Унтаж чадахгүй байна гэдэг үхэл гэж байдаггүй ертөнцөд амьдрахтай адил. Түгшүүр, сэтгэл зовнилын уртад үүссэн хүндрэл зэрэг нь эмэгтэй хүний амьдралын төгс жишээ гэж бодож байна. Богино өгүүллэг учраас хэдхэн өдөрт бичиж дууссан болов уу гэж бодож байна?
МХ: Тийм, гэхдээ хянаж янзлахад долоо хоног орчим болсон.
MK: Би Sleep өгүүллэгийг мөр мөрөөр судалж нэлээн хэдэн өдрийг өнгөрүүлж байснаа санаж байна. Үнэхээр өмнө нь хэзээ ч тийм эмэгтэйн талаар уншиж байсангүй. Эмэгтэй хүний хувьд, ийм нэгэн “шинэ эмэгтэй”-тэй бичгээр танилцсан нь үнэхээр сэтгэл хөдөлгөж байсан. Тэгээд тэр эмэгтэйг дүрслэн бичсэн нь эрэгтэй хүн байсан гэдгийг мэдээд бүр их гайхсан. Тэрхүү өгүүллэгийг унших нь үнэхээр сайхан үе байсан шүү.
Таны зохиолууд дахь бүх дүрүүдээс, энэ өгүүллэгийн эмэгтэй миний хувьд хамгийн сайн нь гэж хэлмээр байна. Феминистийн үүднээс, би энэ дүртэй танилцсанаас хойш, таны бүтээлүүдэд итгэх маш их итгэл үнэмшлийг олж авсан гэж хэлж болох байх. Өөрөөр хэлбэл, таны бичвэрүүдэд, холбож бичсэн үгсүүдэд нь итгэх гүн итгэл үнэмшилтэй болсон гэмээр...та зохиолч Grace Paley-ын өгүүллэгүүдийг Япон хэлнээ орчуулсан болохоор түүнтэй холбоотой байж болох л юм.
Зохиол бүтээлүүдэд минь гарч байгаа эмэгтэйчүүдийг нэг хэсэг болгон авч хэлэлцэж болох хэдий ч миний хувьд, тэд бүгд бие даасан, хувь хүмүүс. Би тэднийг эрэгтэй эсвэл эмэгтэй гэж харахаасаа өмнө хүн гэж хардаг.
МХ: Би яг ч тэгж бодохгүй байна. Надад Grace Paley-ын бүтээлүүд маш сонирхолтой санагдаж байсан болохоор л орчуулахаар шийдсэн. Түүнийг харин бүтээлүүддээ эмэгтэйчүүдийг хэрхэн дүрсэлж байгааг нь тийм ч нарийн анхаарч бодоогүй. Sleep өгүүллэгийг бичиж байхдаа тухайн нөхцөл байдалд орсон эмэгтэй хүн ямар байдалтай байх талаар л бодож бичсэн. Тухайн үед хүүрнэгч нь зүгээр л эмэгтэй хүн болж таарснаас эмэгтэй хүний оюун санааг дүрслэх гэж онцгойлсон юм байхгүй.
МК: Эмэгтэй хүний тухай бичих явцад тухайн хүүрнэгчийн өнцгөөс уншиж буй эрэгтэй, эмэгтэй уншигчдад аль алинд нь хүүрнэгчээ илүү үнэмшилтэй, жинхэнэ эмэгтэй хүн гэдгийг нь бататгах гэсэн янз бүрийн аргууд байдаг л даа. Энэ өгүүллэгт тэдгээр ятгах гэсэн оролдлогуудын аль ч хэлбэр нь байгаагүй.
МХ: Өгүүллэгийн төгсгөлд, орой болсон хойно эмэгтэй машинаа усан боомтын ойролцоо байрлуулах тэр үед л хүүрнэгч маань эмэгтэй гэдэгт бат итгэлтэй болсон. Хоёр залуус түүнийг тойрч зогсоод, машиныг нь хойш урагш нь савлуулж эхлэх чинь аймар шүү дээ.
MK: Эрэгтэй байсан ч гэсэн аймар байх байсан гэдэгт итгэлтэй байна гэхдээ мэдээж эмэгтэйчүүдийн хувьд илүү айж болох л юм.
МХ: Ямар ч өнцгөөс харсан бай, би хүүрнэгчийнхээ хүйсийг голлож биш энэ бол хүн гэдэгт нь л анхаарч бичсэн.
MK: Яг тийм. Хүүрнэгч нь нэгдүгээрт хүн байх, хүнд л байх шинж чанарууд эмэгтэй хүнд шингээсэн нь хүнийг нь анхаарч унших орон зайг олгож байгаа нь, тэр өгүүллэгийн эмэгтэй хүүрнэгчийг надад илүү тод гэрэлтүүлж байгаа юм шиг санагдаж байна. Би хэзээ ч тийм эмэгтэйн тухай уншиж байсангүй. Та маш сайхан хэллээ.
МХ: Одоо эргээд бодоход хэрвээ эхнэр нь эмч, нөхөр нь гэртээ байж, шөнийн цагаар унтаж чадахгүй хоолоо хийж, угаалга хийдэг байсан бол болох байж гэж бодлоо. Хэрэв тэгж бичсэн бол бас их сонирхолтой байх байж л дээ.
MK: Тухайн гэр бүл хүүтэй байсан нь их чухал гэж бодож байна. Тэр эмэгтэй хүүг төрүүлсэн шүү дээ. Улмаар аавынх нь хэзээ ч хуваалцаж чадахгүй нандин мэдрэмжүүдийг ээжид нь өгдөг байх.
МХ: Түүнд бас нөхөртөө тээж явдаг гомдол байдаг. Тийм чимээгүй гомдол зөвхөн эмэгтэйчүүдэд л байх шиг санагддаг.
MK: Тэр мэдрэмж чинь гомдлоор хязгаарлагдахгүй асар өргөн утгатай юм байдаг шүү. Ямар ч байсан тийм зүйл байдаг нь гарцаагүй.
МХ: Тийм. Заримдаа гэртээ байж байх үед гэнэтхэн ард минь ирчихсэн, өрөө рүү нэвчин орж ирэх нь мэдрэгддэг.
MK: Би тэр зүйлсийг хэзээд оруулж ирэхэд бэлэн байдаг шүү. Ихэнх гэр бүлд гомдол цөхрөл гэдэг урсаад ороод ирдэг үер мэт зүйл. Гомдол, цөхрөлийг нь та гэхдээ үсэг үсгээр нь үгчлэн бичээгүй харин анхааралтай уншиж буй уншигч өөрөө ч мэдэлгүй олж мэдэрч байсан. Эмэгтэй Анна Каренина номыг уншиж байгагаар дүрсэлсэн байсан нь их гоё.
МХ: Анна Каренина. Мөн л нөхөртөө гомдол тээж амьдрахын сонгодог жишээ. Магадгүй Толстой хувийн амьдралд нь, унтаж буй өрөө рүү нь гэтэх тэр мэдрэмжийг мэдэрсэн болов уу.
MK: Та маш олон эрэгтэй дүрүүдийг дүрслэн бичиж байснаас цаашдын бүтээлүүддээ Торгон цэргийн хороон даргын аллага номын Мэншики шиг бага зэрэг нууцлаг, онцгой уншигчдыг “өө, энэ ч шинэ юм байна шүү” гэж уулга алдуулам эмэгтэйг дүрслэх болов уу?
МХ: Би өмнө бичиж байснаасаа өөр цоо шинэ дүрүүд, хүмүүсийг бүтээсээр л байна. Эмэгтэйчүүдийг ч мөн адил. Жишээ нь Шоко Акигава, гол хүүрнэгч биш хэдий ч миний бодлоор бол миний бүтээж байсан хамгийн онцгой дүр тэр. Түүнд нэг тийм гэж хэлэхийн аргагүй онцгой зүйл бий. Би түүний тухай илүү ихийг олж нээмээр байна. Одоогоор бол ердөө гаднаас нь л хальт харсан төдий.
MK: Би түүнийг ямар номууд уншиж байгаа бол гэдгийг сонирхож байна. Орных нь хажуу тавиур дээр нь ямар номууд өрөөстэй байгаа бол? Түүний хувьд хамгийн хүнд, шүд зуун уншиж дуусгасан “хатуу самар” нь ямар ном байсан болоо? Гэдгийг мэдэхээс тэсэж ядаж байна. Ядаж л тэр одоо ном бариад суухдаа юу уншихаар суугаа бол?
МХ: Romance of the Three Kingdoms мэтийн баатарлаг тууль байж магадгүй.
MK: Тэгвэл ч Шоко хатуухан самар байх нь ээ дээ. Зарим зохиолд эмэгтэй дүрийн үс, хувцас зэргийг нь маш нарийн дүрсэлдэг дээ...Raymond Chandler жишээ нь эмэгтэйг анх харсан мөчдөө толгойноос нь хөл хүртэл маш нарийн дүрсэлдэг. Таны бүтээлүүдэд харин эмэгтэйчүүдийн хувцаслалт нь илүү дурдагддаг. Эмэгтэйчүүдийн хувцас загварын мэдээллээ хаанаас олж авдаг вэ?
МХ: Бодол санаанд орж ирснээр нь л буулгадаг. Би тиймэрхүү зүйлс судалж мэдэх гээд цаг гаргаад суудаггүй. Эмэгтэй дүрээ бодож байхад л өмссөн хувцас нь аяндаа ороод ирдэг. Харин бодит амьдрал дээр би эмэгтэйчүүдийн хувцаслалтыг их ажигладаг. Би дэлгүүр хэсэх дуртай гэж хэлж болно.
MK: “Tony Takitani” (Blind Willow, Sleeping Woman, 2002) хэмээх дүрийн эхнэр нь дэлгүүр хэсэх дэврүүн хүсэлтэй, үүнээсээ болж автомашины ослоор өнгөрдөг шүү дээ. Хувцасны тухай бодох бүрдээ сандарч, чичирдэг хэсэгт би маш их дуртай. Хоёулаа ярилцаж байх хугацаанд би таны зохиолд дүрслэгдсэн хоорондоо огт адилгүй олон эмэгтэйчүүдийн талаар бодож байлаа л даа. Би хувьдаа эмэгтэй хүмүүсийн хоорондоо огт адилгүй гэж боддог. Гэхдээ мэдээж, эмэгтэй хүнийг дүрслэн бичиж бүтээнэ гэдэг түүний тухайн хүүрнэлийн гол хүчин зүйл гэж бодохгүй байна.
МХ: Үнэнийг хэлэхэд, би үүнд ямар нэгэн тогтсон хэвшмэл шинж байгаа гэж бодохгүй байна. Миний зохиолуудад гарч байгаа эмэгтэйчүүдийг нэг хэсэг бүлэг болгон авч хэлэлцэж болох хэдий ч миний хувьд, тэд бүгд бие даасан, хувь хүмүүс. Би тэднийг эрэгтэй эсвэл эмэгтэй гэж харахаасаа өмнө хүн гэж хардаг.
*
The above interview has been translated from Japanese by Sam Bett and David Boyd.
*
Эх сурвалж: Literary Hub.
СЭТГЭГДЭЛ