Хүн төрөлхтөн өнгөрсөн түүхээ давтахыг бус харин түүнээс салж ангижрахын тулд ийнхүү судалдаг. 

Нийгмийн агуу том хувьсгалын хувьд үнэн зөв байгаа аливаа зүйл, өдөр тутмын амьдралын түвшинд ч мөн адил үнэн байдаг. Шинэ байшин бариулж буй залуу хос барилгачдаас байшингийнхаа урд талд нь сайхан ногоон зүлэг ургуулахыг хүсэж болно. Яагаад ногоон зүлэгтэй болмоор байна вэ? ‘Учир нь зүлэг сайхан шүү дээ’ гэж тэд мэдээж тайлбарлах биз. Тэд яагаад ногоон зүлэгтэй болохыг хүссэн гэж та бодож байна? Үүний ард ч түүх бий.

Чулуун зэвсгийн үеийн анчид түүвэрлэгчид агуйнхаа үүдэнд өвс ногоо тарьдаггүй байсан. Афины Акропол, Ромын Капитол, Иерусалимын эртний сүм, Бээжингийн хориотой хот зэрэг газар хэзээ ч зочдоо ногоон зүлэг дээр угтаж байсангүй. Хувийн эдлэн болон улсын байгууллагуудын үүдэнд ногоон зүлэг байршуулах санаа анх дундад зууны үеийн Франц, Английн язгууртнуудын цайз харшаас үүдэлтэй. Орчин үеээс энэхүү заншил гүнзгий суурьшиж, хүндлэлийн бэлгэ тэмдэг болжээ.

Ногоон зүлгийг арчилж хамгаалахад газар хөрсөөс гадна маш их хөдөлмөр шаардлагатай. Ялангуяа автомат зүлэг хяргагч, усалгааны багажууд бий болохоос өмнө ихээхэн хөдөлмөр шаарддаг байв. Зүлэг ногоог сайтар арчилж хамгааллаа гээд хүртэх ашиг үнэндээ байхгүй. Янзалж тэгшилсэн зүлгийг мал идэж дураар гишгэлэх учир тэнд мал бэлчээх ч боломжгүй. Ядуу тариачдад бол зүлэг ургуулж арчлах ч цаг байсангүй. Харин нямбай тэгшилж янзалсан зүлгийг хэн ч хуурамчаар дуурайлгах боломжгүй язгууртны байр суурийг илтгэх зүйл гэж үздэг байж. Дэргэдүүр нь өнгөрсөн хүмүүст ‘Би бол баян бөгөөд хүчирхэг. Том эдлэн газартай. Тийм ч учраас ийм сайхан ногоон зүлэгтэй’ гэж хэлж байгаатай адил байжээ. Зүлэг байгууламж том, нямбайлан зассан байх тусмаа тухайн гүрэн улс илүү хүчирхэг гэсэн утгыг илтгэнэ. Хэрэв та нэгэн эрхэм язгууртныд айлчилтал, тэдний ногоон зүлэг байгууламж нь хэр тааруухан байвал та тэр хүний ядруухан явааг ойлгоно.[1]

Үнэтэй ногоон зүлгийг чухал тэмдэглэлт өдрүүд, нийтийн үйл ажиллагаанд зориулан бэлдэж, бусад цагт зүлэг засдаггүй байжээ. Өнөөг хүртэл орд харш, засгийн газрын барилга, төрийн харьяаны байр гэх мэт олон газарт ‘Зүлгэн дээр бүү гишгэ’ гэх тэмдгүүд харагддаг байлаа. Миний анхны сургууль Оксфордын коллеж сайхан ногоон зүлэг бүхий талбайтай бөгөөд жилийн ганц л өдөр биднийг тэрхүү зүлэг дээгүүр гишгэж суухыг зөвшөөрдөг сөн. Өөр бусад өдөр ариун ширэгт хөл тавьсан хөөрхий оюутныг ер өршөөхгүй шүү дээ.

Хаадын орд харш, гүнгийн цайз хэрэм нь зүлэг ногоог эрх мэдлийн бэлгэ тэмдэг болгож орхижээ. Орчин цагийн сүүлчээр хаад унаж, гүнгүүд цаазаар авхуулсан ч шинэ ерөнхийлөгч, шинэ сайдуудад ногоон зүлэг нь өвлөгдөж ирсэн юм. Шугам шиг шиг жигд эгнэсэн, сэлмийн ир шиг жирийсэн ногоон зүлгээр парламент, дээд шүүх, ерөнхийлөгчийн өргөө, төрийн бусад байшин барилгууд өөрсдийн эрх мэдэл, сүр хүчийг улам бүр илэрхийлэх болжээ. Мөн үүнтэй адилаар спортын ертөнцөд ч ногоон зүлэг газар авав. Олон мянган жилийн турш хүн төрөлхтөн мөс, цөл гээд янз бүрийн гадаргуу дээр тоглож ирсэн атал сүүлийн хоёр зууны турш чухал спортын тэмцээнүүд тухайлбал хөл бөмбөг, теннис зэрэг нь ногоон зүлгэн дээр тоглогдох болсон. Мэдээж зохих мөнгийг нь гаргаж чадсан нөхцөлд тэр шүү дээ. Рио де Жанейрогийн ядуусын хороололд Бразилын ирээдүйн хөл бөмбөгчид элс шороон дээр янз бүрийн бөмбөг өшиглөөд л явж байгаа. Харин хотын баян дүүрэгт баячуулын хөвгүүд нарийн нягт зассан зүлэг ногоон дээр хөл бөмбөг өшиглөнө.

Цагаан ордны ногоон зүлэг

Цагаан ордны ногоон зүлэг


Энэ бүхнээс харвал улс төрийн эрх мэдэл, нийгмийн байр суурь, эдийн засгийн нөөц баялгийг ногоон зүлгээр тодорхойлох болсон гэмээр. XIX зуунд хөрөнгөтнүүд зүлэг ногоог арчлах тал дээр гаршсанд гайхах зүйл алга. Эхэндээ зөвхөн банкны эзэд, хуульчид мөн үйлдвэрийн эзэд хувийн тансаг байшин барилгадаа ногоон зүлэг тарьдаг байв. Харин Аж үйлдвэрийн хувьсгалын ачаар дундаж давхарга ихэссэнээр, зүлэг хадагч, автомат усалгааны хэрэгцээ өсөн нэмэгдэж улмаар олон сая айл гэнэт гэрийнхээ гадна ногоон зүлэгтэй болцгоов. Баян айлын тансаглалд тооцогддог байсан цэвэрхэн ногоон зүлэг дундаж төвшний айлын энгийн хэрэглээ болсныг Америкийн захын хорооллоос харж болно.

Энэ бүхний улмаас хотын захын сүмийн ёслолд ч нэг шинэ заншил нэмэгджээ. Учир нь ням гаригийн сүмийн өглөөний цуглааны дараа хүмүүс сүмийн зүлэг ногоог янзалж арчилдаг болсон аж. Та гудамжаар алхах зуураа айлуудын зүлгийн хэмжээ чанарыг хараад тухайн айлын хөрөнгө чинээ, байр суурийг бэлхнээ хэлж чадах байх. Хашаа талбайдаа ногоон зүлэггүй байх нь хөршөөсөө дор орж буй хэрэг болсныг нуух юун. Одоогоор Америкт эрдэнэ шиш, улаан буудай, талбайн зүлэг үйлдвэрлэл (ургамал, бордоо, өвсний машин, ус шүршигч, цэцэрлэгч) зэргийн дараа орох хамгийн их өргөн дэлгэр тархсан тариалалт бол айл гэрийн зүлэг болжээ. Жил бүр тэрбумаар тооцогдох долларыг гэрийн хашааны зүлэг тариалалтад зарцуулж байна.[2]

 

Луарын хөндий дэх Шамборын ордны ногоон зүлэг. Тус ордныг VI зууны эхээр I Франсуа хаан бариулжээ. Ногоон зүлгийн солиорол эндээс эхлэлтэй.

Ногоон зүлэг зөвхөн европчууд болон америкчуудын дон болж үлдсэнгүй. Зарим хүн Францын Луарын хөндийн алдарт ногоон зүлгийг очиж үзээгүй ч Америкийн ерөнхийлөгчид Цагаан ордны зүлгэн дээр зогсон үг хэлэхийг, шийдвэрлэх хөл бөмбөгийн тэмцээнүүд ногоон талбайд тоглогдохыг, хүүхэлдэйн киноны дүр Хомер Симпсон, Барт Симпсон хоёр хэн нь өвсөө хадахыг шодон маргалдахыг харсан нь лавтай. Дэлхийн хаана ч хүмүүс ногоон зүлгийг хүч чадал, мөнгө хөрөнгө, алдар нэртэй холбон боддог болсон аж. Тийнхүү ногоон зүлэг хаа сайгүй тархаж, одоо исламын ертөнцийн төвийг хүртэл эзэлжээ. Катарт шинээр баригдсан Исламын шашны урлагийн музейн гаднах зүлэг Багдадын Харун ар-Рашидын ногоон зүлгээс илүүтэй XIV Луйн Версалийн ордны ногоон зүлгийг санагдуулам юм. Америк компаниас загварыг нь гаргасан, Арабын цөл дунд байрлах, 80,000 метр квадрат гаруй талбайтай уг ногоон зүлгийг мөнх ногоон байлгахад маш их хэмжээний цэвэр ус шаардагддаг. Мөн Доха, Дубайн захаар дундаж орлоготой айлууд өөрсдийн зүлэг ногоогоор бахархаж байна. Цагаан өмсгөл, хар хижабыг нь үл харгалзвал Ойрх Дорнод бус Америкийн төвийн мужуудад байгаа мэт сэтгэгдэл төрөхөөр ажээ.

Ногоон зүлгийн талаарх товч түүхийг уншаад танд мөрөөдлийнхөө байшингийн урд хашаанд ногоон зүлэг ургуулах бодол төрж болох юм. Мэдээж хэрэг, танд сонгох эрх бий. Та европын язгууртнууд, капиталист баячууд, Симпсоныхны түүчээлсэн уламжлалт соёлыг дагалгүй, Японы чулуун цэцэрлэг эсвэл бүр шинэ бүтээлээр урд хашаагаа чимж бас болно шүү дээ. Энэ бол түүхийг судлахын хамгийн шилдэг шалтгаан юм. Ирээдүйг зөгнөхийн тулд бус, харин өнгөрснөөс өөрийгөө чөлөөлж өөр хувилбараар хувь заяагаа төсөөлөхийн тулд түүхийг судалдаг. Мэдээж энэ бүхэн төгс эрх чөлөө биш, түүнчлэн бид түүхийн нөлөөнөөс зугтаж чадахгүй 


СЭТГЭГДЭЛ

Your email address will not be published. Required fields are marked *

/