Ярилцлагаа эхлэхээс өмнө шинэхэн номоо “өлгийдөн” авч буй танд баяр хүргэе. Энэхүү бүтээл нь Монсудар хэвлэлийн газартай хамтран гаргаж буй таны хэд дэх бүтээл вэ? Өмнө нь ямар, ямар бүтээлүүд дээр ажиллаж байсан бэ?
За баярлалаа. Зөвхөн Мүраками Харүкигийн романы орчуулгын гэхэд 3 дахь томоохон бүтээл юм даа. Өмнө нь та бүхэн сайн мэдэх мянга гаруй хуудастай 1Q84 гурамсан роман, “Өнгөгүй Тазаки Цүкүрү ба түүний эргэлийн он жилүүд” роман мөн миний орчуулгаар хэвлэгдсэн. Одоо энэ роман гэхэд түүний хамгийн сүүлд хэвлүүлсэн хоёр дэвтэр том бүтээл байна. Миний утга зохиолын орчуулгын дийлэнх бүтээл АДМОН –д хэвлэгдсэн байдаг. Хамгийн анхны бүтээл 1997 онд хэвлэгдсэн Шиба Рёотарогийн “Тал нутгийн тэмдэглэл”-ээс эхлээд “Япон өгүүллэг туужууд”, “Хайрын ааш”, “Гэнжийн туульс”-ийн хоёр дэвтэр байна, Монсудар хэвлэлийн газартай олон жил түншилж байна. Ер нь утга зохиолын орчуулга харьцуулсан соёл судлалын нэг хэлбэр байдаг. Тэгэхээр япон хэлээр эх хэлнээс нь орчуулж байгаа утга зохиолын орчуулгаар дамжуулж Монсудар хэвлэлийн газар бидний дунд миний судалгааны чиглэлээр томоохон сэжим үүсэж бий болсон гэж үзэж болох юм. Хавтас дизайнаас эхлээд японы утга зохиолыг ойлгох, мэдрэх тодорхой хэмжээний түвшинтэй болсон тул надад ажиллахад төвөгтэй биш байдаг.Би ер нь олон тийш савчаад байдаггүй нэг юмандаа үнэнч хүн л дээ /инээв/
Энэхүү бүтээл нь хэвлэгдэн гарсан даруйдаа л Япондоо гэхэд 1.3 сая хувь борлогдож, дэлхийн олон хэлнээ хөрвүүлэгджээ. Манай уншигчид ч маш богино хугацаанд эх хэлээрээ унших боломжтой болж байна. Энэ номыг анх орчуулах болсон шалтгаан нь юу юм бол?
Миний хувьд түүний томоохон романуудыг орчуулаад ирэхээр аяндаа түүнийг уншдаг, түүний дотоод сэтгэл рүү гүнзгий орох, гаргасан бүтээлүүдийг нь цаг алдахгүй уншдаг нэг ёсны фэн нь болж ирдэг юм байна. Тэгээд энэ роман маш сайн бүтээл байна гэдэг нь аяндаа ойлгогдоод намайг хатгаад зүгээр суулгахгүй байсан, Монсударынхан эрхийг нь аваад ажил эхэлсэн. Энэ дашрамд хэлэхэд Мүраками Харүки зохиолчийн хувьд хувь хүнд орчуулгын эрхээ өгдөггүй, тухайн улсын нөлөө бүхий хэвлэлийн газраар дамжуулахыг хүсдэг. Энэ роман баялаг өгүүлэмжтэй, ер нь роман гэдэг ганцхан сэдвээр хол явдаггүй байх, олон сэдэв хоорондоо хэрж байж бүтдэг зүйл биз ээ. Ганц жишээ хэлэхэд муу гэгч зүйлийн мөн чанар, хэлбэр, хэмжээс энэ хорвоод өөрчлөгдөж байна гэдгийг зохиолч 1Q84 гурван боть романаараа харуулж өгсөн гэж боддог. Өөрөөр хэлбэл тэр муу гэгч зүйл улам л далдын далд, маш сайн хавхаг тагтай болж, тэндээс нь суга татаад гаргаад ирэхээр вирүс шиг мутацид ордог гэдгийг энэ романдаа харуулсан гэж би боддог юм. “Торгон цэргийн хороон даргын аллага” зохиол сэдэв, зохиомжийн баялаг агууламжтай бүтээл. Тэгэхээр та Мүракамигийн хэд хэдэн бүтээл дээр ажиллаж байсны хувьд энэ зохиолчийн ерөнхий бичлэгийн хэв маяг, онцлогийн талаар ярьж өгөөч. Ер нь анзаараад байхад Мүракамигийн бүтээлүүдэд залуучууд түлхүү дуртай, түүнийг шимтэн уншдаг нь анзаарагддаг.
Юу нь тэгтлээ их залуучуудын сонирхлыг татаад байна вэ?
Би сая сэдэв зохиомжийн баялаг агууламжтай гэж хэллээ. Энэ романыг анх бичихдээ Мүраками гурван зүйл дээр тулгуурласан байдаг. Торгон цэргийн хороон даргын аллага гэсэн сонсголонтой ч гэмээр энэ үгс Мүракамигийн толгойд нэг л сайхан өглөө сэв хийтэл орж ирсэн гэдэг. Тэгээд энэ үгс хагас жил үү, бүтэн жил үү эсвэл бүр хоёр жил үү түүний толгойноос салахгүй байж тэндээ архи мэт нэрэгдсэн бололтой юм.Толгойд нь зурсхийх болгонд эмзэглэл, өөр мэдрэмж төрөөд л яваад байж. Бас Мүраками хэзээ ч юм тэмдэглэлийн дэвтэртээ ямар ч тодорхой зорилгогүйгээр “Тэр жилийн тавдугаар сараас хойтон жилийнх нь эхэн хүртэл хавчиг хавцлын амтай ойрхон уулан дээр би амьдарсан билээ.”гэсэн мөрүүдийг бичээд хадгалсан байж. Түүнийг харах бүр тэр өгүүлбэр ямар нэг зүйлийг нэхээд байх шиг болно. Бас Үэда Акинари (1734-1809) “Харүсамэгийн үлгэр” зохиолын “Хойт насны хувь тавилан” (миний орчуулгаар “Хайрын ааш” түүвэрт буй) зохиолд Мүраками залуу байхын дуртай, үүнээс сэдэвлээд нэг юм бичих сэн гэх хүсэл байж. Олон жил зурсхийх бүрт хойш тавиад л явж.Энэ гурван санаан дээрээ дөрөөлж энэ романаа бичсэн бололтой юм. Түүнтэй зохиолч Каваками Миэко хийсэн ярилцлага дээр бичсэн байсан. Яг л гурван найз уушны газар уулзаж байгаа юм шиг л дуу алдацгаагаад хуучилж суугаа юм шиг л байсан байх.Энэ гурван хүчин зүйл дээр тулгуурлаад Мүракамигийн худлын /зохиол хэмээх/ систем ажиллаж эхэлсэн. Систем гэдэг зүйл ерөөс нэг л хөдөлж орхивол тийм ч амар зогсдоггүй эд шүү дээ. Гэхдээ Мүраками Харүкигийн нэг онцлог бол бичихээсээ өмнө хүлээ гэдэг зарчим хүчтэй байх шиг надад санагддаг. Түүний томоохон бүтээлүүд 7 жилийн давтамжтай гардаг гэж хэлж болох юм. Энэ долоон жилийн дотор юу бичих вэ гэхээсээ илүү юу бичиж болохгүй вэ гэдгээ тунгаадаг байх. Өөрөөр хэлбэл хүлээх явдал. Бичихгүй байна гэдэг аль болох их зүйлийг өөрийн дотоодод хуримтлуулах, дотоод ертөнцөө баяжуулах, шинэ санаа идейгээр чигжих, заримдаа бүүр хахуулах энэ бол зохиолч хүний / мэргэжлийн зохиолч хүний / маш чухал хөдөлмөр болов уу. Нэг сайхан өглөө үзгээ шүүрч аваад мэдрэмжээ хэлхээд туучхаж болохгүй байх л даа. Зохиолчийн дотоод ертөнцийг юу баяжуулж байдаг вэ гэдгийг бодох л асуудал. Нөгөө талаар ийм “хүлээлт” ийн явцад миний ойлгож мэдсэнээр тэр бичих гэж буй цаг үе, нийгмийн талаар маш сайн анализ хийж байдаг. Би нэлээн хэдэн жилийн өмнө түүний Иерусалимын утга зохиолын шагнал аваад хэлсэн үг болох “Хана ба өндөг”-ийг монгол хэлнээ орчуулж байсан. Тэр системийн зураглал хийгээд зогсохгүй шинэ системийн зураглал хийдэг, культ, терроризм, бэлгийн мөлжлөг, дэлхийн аюулыг зураглаад түүнийгээ утга зохиол хэмээх хэлбэрт зөөж аваачиж тавьдаг тухайгаа хэлсэн юм. Мүраками “Би 29 насандаа гэнэт л зохиол бичье гэж шийдлээ. Тэр үед яаж зохиол бичих аргыг мэддэггүй байсан юм. Гэтэл надад сэр хийтэл бодогдсон зүйл юу вэ гэхээр хөгжим гоё тоглохтой л адил юм биш үү гэж. Хөгжим сайн тоглоход юу чухал вэ гэхээр сайн ритм, сайн зохирол, сайн аялгуу л хэрэгтэй шүү дээ гэж. Зохиол яагаад ийм байж болохгүй вэ гэж бодогдсон” гэж бичсэн байдаг. Тэр бас үгийн тухай хэчнээн хүчирхэг үг байлаа ч, хэчнээн гоё үг байлаа ч өөрийнхөө бие дотроос шувтарч сааж гаргаагүй л бол тэр цаг үетэйгээ хамт хийсэн оддог, алга болдог зүйл, гоё үгэнд итгэдэггүй тухайгаа ярьсан байдаг. Түүний үгийн сонголт надад /орчуулагчийн хувьд/ хөвөнд боосон чулуу биш харин чулуун дотроос гарсан хөвөн шиг сонин төсөөлөгддөг. Чулуу хагараад дотроос нь хөвөн гарвал чулуужсан хөвөн болох уу, аль эсвэл чулуун хөвөн болох уу би мэдэхгүй, гэхдээ л тийм нэг содон шинж байдаг юм. Түүнээс гадна Мүракамигийн зохиолыг, орчуулгуудыг уншихаар хамгийн түрүүн надад буудаг юм гэвэл худлыг /зохиолоо/ бодитой юм шиг тултал нь, үнэн болтол нь зураглаж бичдэг тэр чадвар байдаг. Түүнийгээ ойлгомжтой үгээр бичээд сайн метафороор илэрхийлж, ашигтай алгоритм үүсгэж байдаг л гэж би дүгнэмээр байна. Энэ нь түүний фэнүүдэд сонирхолтой байдаг биз дээ бодвол. Ерөөс хэн сайн бодож чадна тэр ашигтай гаргалгааг бий болгож байдаг. Номын хавтаснаас харахад л ямар нэгэн далдын зөн урин дуудах шиг мэдрэмж төрж байсан.
Зохиолоо орчуулах явцад жинхэнэ “амт шимт” авч, зохиолдоо орох үед танд ямар мэдрэмж төрсөн бэ?
Түүний бүтээлүүдийг анх орчуулахад бүүр 2013 онд шүү дээ, 1Q84 гурамсан романы орчуулга дээр би өөрөө өөртөө асуулт тавьж байсан юм. Утга зохиолыг орчуулах процесс өөрөө яг юу юм, ерөөс орчуулна гэдэг боломжтой юу, яавал боломжтой болох юм, орчуулгын бүтээлүүд өөрөө иргэний утга зохиолд ямар нөлөөтэй болох, нийгмийн сэтгэл зүйд хэрхэн нөлөөлдөг юм гээд. Тэр үед миний хувьд Самүэл Смайлсийн “Өөртөө туслах ухаан”, Фүкүзава Юүкиичигийн “Эрдмийг эрхэмлэхүй”, Шиба Рёотарогийн “Тал нутгийн тэмдэглэл”, “Оросын тухай” гэх мэт түүхэн баримтат-уран сайхны болон, нийгмийн сэтгэл зүйн зохиолын орчуулгаас Мүрасаки Шикибүгийн “Гэнжийн туульс” хэмээх дэлхийн анхны хүүрнэл зохиол болох цэвэр утга зохиол руу урваж тэргүүн дэвтрийг нь 2008 онд хэвлүүлсэн, туршлагагүй орчуулагчдын хажууд бол туршлагатай орчуулагч гэгдэж байсан үе л дээ. Гэхдээ л орчин цагийн сүпер романчийн 1000 хуудастай энэ номыг, дэлхийд олон сая фэнтэй, ид нэрд гарч яваа том зохиолчийн том бүтээлийг зориглож барьж авч байсан тул сүрдэж байсан болохоор л ийм асуултуудыг өөртөө тавьж байсан байх. Тэгээд яах вэ дээ, зохиолчийн санааг боломжит дээд хязгаараар баттай ойлгож байж түүнийгээ монгол хүнд эвтэйхэн ойлгомжтой буулгах, зохиолчийн өөрийнх нь хөг аялгуу, оюуны ёжлол, цанхаархал, дамшиглалыг хөл алдахгүйгээр мэдэрч буулгах, хэл болон соёлын үзэгдлээр нь дамжуулж утга зохиолын орчуулгын нормативыг сайн барьж орчуулах, уугуул эх зохиолыг нь монгол хэлээр дахин бүтээхэд чөмгөө дундартал сууж байж бүтдэг юм гэдгийг өөрийн биеэрээ ойлгож туулсан. Одоо бол илжиг модон худрагандаа гэгчээр ертөнцийн бүхий л явдлыг арагш тавиад орчуулгын ажилдаа шамдаж байна даа. Ер нь орчуулгын ажил тэр дундаа утга зохиолын орчуулгын ажил нэг их түхэлзээд хаахраад байх ажил биш шүү дээ, яс сууж байж гараас гардаг, хариуцлагатай, үнэнч хүний л хийх ажил. Миний үндсэн мэргэжил, бас Япон улсад Токиогийн боловсрол, соёлын их сургуульд 5 жил суралцсан боловсрол, мэдлэг, чадвар дадал маань том бүтээлд хөл алдахгүй хэмжээнд намайг аваачсан байх. Миний бүтээлүүд дээр багш маань хамтарч ажиллаж зөвлөдөг. Японы Азийн их сургуулийн хүндэт профессор, монголч эрдэмтэн Койбүчи Шиничи багш маань юм. Энэ зохиолын хувьд миний таньдаг Мүраками, намайг таньдаг түүний роман л угтсан. Танил хөг аялгуу, танил баясгалантай гоё чимхэлт, танил дуу алдалт бас танил зовлон. Үг өгүүлбэр бүрээрээ сэтгэл зүрх рүү орсон гоё ёо ёо. /инээв/ Мүраками романаа бичихдээ нэг төсөөллийн шугам сэрт хийтэл түүнд ороод ирдэг, түүнийгээ уран шувуу үүрээ засах мэт хэлтэрхий хэлтэрхийгээр нямбай гэгч нь цаг хугацаа зарцуулан байж өрж босгодог юм шиг байна.Түүнийгээ сурмаг гэгч нь уншигчдад тайлбарлаж өгөхийг бодно. Тархи толгой руу нь шингээж бат суухаар амттай зураглана даа. Маш уйгагүй, маш ухаалгаар. Бас хүнлэг, найрсаг, ялдам зөөлөн байхгүй бол болохгүй гэдгийг тэр тун сайн мэднэ.Би л өөрөө ойлгож байвал болоо гэсэн байдлаар ер хандахгүй, надад чамд, Жоржд, Дулмаад гээд дэлхийд тархан суусан фэнүүддээ зориулж шүү дээ. Рихард Штраусын “ганц хогийн шүүрийг ч би хөгжмөөр илэрхийлж чадна” гэсэн бардамнал Мүраками дээр “ харсан бүхнээ би үгээр зураглаж чадмуу” гэсэн цанхаархалаар солигдоод байна уу даа гэмээр. Эсхүл орчин цагт бүгд ухаалаг утсаар зураг дараад тайлбарлаж чадаж буйтай мөчөөрхөөд ч байгаа юм шиг зурагладаг тийм зохиолч, гэхдээ сонирхолтойгоор. Иймэрхүү л мэдрэмж надад төрдөг.Өнөөдөр ч тийм л байна.
Эдгээр сайхан мэдрэмжүүдээс гадна орчуулах явцад тулгарч байсан хүндрэл, бэрхшээлүүдээс дурдвал?
Энэ зохиолын нэг онцлог гэвэл бас л 1Q84 романы нэгэн адил бодит ба бодит бус ертөнцийн зааг дээр зохиолын гол баатар ирж очиж байдаг. Энэ хоёр ертөнцийн зааг хил хязгаар тун ч нимгэн, ялангуяа уншигчдын тархи толгой яг л төвлөрч уншихгүй бол болдоггүй тийм онцлогтой, тийм бүтэцтэйгээр Мүраками хийсэн. Дээр нь 1Q84 романд гардаг бодит бус ертөнцийн бодгалиуд little people –үүд “утас ээрэх мэт” хөдөлгөөнийг үг дуугүй, ярихгүйгээр үйлдэж байдаг бол энэ роман дээр яриад, хар хэллэгээр бол “жавжлаад” сууж байдаг. Идеи гэдэг нэртэй, 60 см өндөртэй, бас болоогүй торгон цэргийн хороон даргын төрхтэй, сэлэм унжуулчихсан хий бод. Хөгшчүүд ярьдаг даа тэр хий юм чинь хачин өнгө хоолойгоор ярьдаг юм гэнэ лээ гэж. Хачин өнгө хоолойгоор ярина. “Таануус”, “тэгнэ гэж байхгүй”, “мань нь” гэхчлэн өвөрмөц үг хэллэгтэй, танхайдуу, орчин цагийн нийгмийн шинжлэх ухааны ойлголтуудыг өнөөгийн төвшинд ярина. Үүнийг буулгахад жаахан төвөгтэй байлаа. Зохиолд гардаг бодит хүмүүсийн үг яриаг буулгадаг байсан бол одоо хий сүг, хийбодын өвөрмөц яриаг буулгах болж байгаа юм. Үүгээрээ онцлог юм уу даа. Гэхдээ энэхүү санааны ертөнц нь бодит бус ертөнцийн дүр атлаа, заримдаа бодит энэ ертөнцийн дахин нэг өөр дүр ч гэмээр, давхар метафор гэж үүнийг хэлэх байх аа.Ер нь Мүраками Харүкигийн зохиол хэмээх худлын үйлдвэрлэл шинэ технологи, шинэ түүхий эд, шинэ бүтээмжээр ямагт хувирч өөрчлөгдөж, баяжиж байдгаараа онцлогтой л доо. Зохиолд гарч буй далдын, жигтэй зүйлс уншигчдын сонирхлыг татах нь гарцаагүй.
Зохиолын “амин сүнс” нь таныхаар юу вэ? Уншигчид энэ зохиолоос ер нь юу “олж авах” вэ?
Энэ романыг толь гэж бодвол та өөрийгөө заавал олж харах болно. Чиний хувь заяаг эргүүлээд байгаа зүйл чиний хувь тавилан гэхээс илүү хаа нэгтээ буй бурхан ч биш, чиний өөрийн үйл лай ч биш, эсвэл заяа тавилан ч биш, харанхуй нүх шиг нийгэм гэдгийг олж харах болно. Тэр нийгэм чамайг заримдаа зовоохгүй ч бас заавал жаргаана гэсэн теорем байхгүй, харин чиний өмнөөс хувь заяаг чинь шийдээд байдаг гэдгийг олж мэдэх болно.Энэ зохиолд “нүх” хэмээх өгүүлэмж онцгой байртай байгаа юм.
Та одоо ямар бүтээл дээр ажиллаж байна вэ?
Энэ роман 2 дэвтэртэй, үүнийгээ дуусгах бодолтой. Бас дэлхийд нэрд гарч яваа THE HU хамтлагийн Гэрэг цомгийн 13 дууг япон хэл рүү орчууллаа. Хөгжмийн зохиолч Б.Дашдондогийн уран бүтээлүүдийн орчуулга дээр ажиллаа.
/Өдрийн сонины 2020.03.16-ны дугаараас/
СЭТГЭГДЭЛ