1. Казүо Ишигүро - Намайг бүү явуулаач
Энэ зохиолыг дистопи хэмээх төрөлд хамааруулан авч үздэг. Романы үйл явдал 1970, 80 ба 90-ээд оны Англи оронд өрнөх авч тэрхүү Англи орон бидний мэддэгээс ондоо. Тэндхийн хүмүүс маш урт наслах агаад дундаж наслалт нь зуу хэдийнээ давжээ. Учир нь клонын аргаар өөрсдийн хувилбарыг бүтээж, хэрэгцээтэй цагтаа эд эрхтнийг нь сэлбэг болгон авдаг юм санж. Эдгээр клонууд “жирийн” хүмүүсээс алс тусгаарласан байранд, хаалттай газарт амьдарна. Ийм байрнуудын нэг, тун ч тав тухтай тансаг газар болохыг нь уншигчид тун удалгүй олж мэдэх Хэйлшэмд зохиолын Би баатар Кэти.Ш бүсгүйн хүүхэд ахуй болон бага залуу нас өнгөрнө. Ихэнх клонуудыг насанд хүрэв үү үгүй юу эд эрхтнийг нь авах тул тэд их сайндаа л гурав юм уу дөрвөн удаа эд эрхтнээ өгсний дараа үхнэ. Анхны удаа эд эрхтнээ өгөөд л амиа алдах нь ч бий. Гэвч клонуудыг “үхсэн” гэж ярихгүй, харин „to complete“ гэсэн үгийг хэрэглэдгээс харахад тэдний оршин буйн цор ганц утга учир нь эд эрхтний донор болоход оршдог нь илэрхий.
Клонуудын хувьд „асрагч“ болсноор амьдрах хоногийн тоогоо арай уртасгах боломж олдоно. Асрагч гэдэг нь бусдыгаа эрхтнээ өгөх үед нь хамт явж, арчилж сувилдаг клонууд юм. Кэти бол тэдгээр асрагч нарын нэг. Өөрийн түүхийг хүүрнэж эхлэх үедээ гучин нэгэн настай байх бөгөөд арван нэгэн наснаасаа хойш асрагчаар ажиллажээ. Гэвч тэрээр тун удалгүй өөрөө донор болох цаг ирж, тоотой хоногийн нас үлдсэний учир туулж өнгөрүүлсэн амьдралаа эргэн дурсана. Сэтгэл хөдөлгөхийн зэрэгцээ үймрүүлсэн энэ дурсамжаас бид Кэтийн хүүхэд ахуй болон бага залуу нас, Рут гэгч найз бүсгүйнх нь тухай, түүний найз Томмитой үүсгэсэн, урт удаан настай золгүй хайрын түүхийг, тодруулж хэлбэл он цагийн явцад олон гэнэтийн эргэлт туулсан хайрын гурвалжны тухай олж мэднэ. Клонууд үнэн хэрэгтээ сэтгэл оюуны хувьд “жирийн” хүмүүсээс ямар ч ялгаагүй байдаг нь Кэтигийн хүүрнэлээс тодорхой болдог Хайрлах, найзалж нөхөрлөх, хардах, ганцаардах гэхчлэн хүний мэдэрдэг бүхий л мэдрэмжийг тэд огтоос ялгалгүй мэдэрдэг ажээ. Цорын ганц ялгаа гэвэл тэд үр хүүхэдтэй болж чадахгүйн дээр хувь заяа нь хэрхэн төгсөх нь хэдийнээ зурагдаж шийдэгдсэн байдаг. Гэвч энэ бүхнийг өөрчлөх арга зам байдаг юм биш биз?
Зохиолын ертөнц рүү нэвтрэн орох цор ганц үүд хаалга бол Кэтигийн дотоод ертөнц, дурсамж, бодол эргэцүүлэл юм. Энэхүү роман нь Ишигүрогийн бусад бүхий л зохиолын нэгэн адил хүний оршихуйн асуудлыг мөн хөнджээ. Романы баатрууд нь жинхэнэ хүн гэж эс тооцогдох клон байх тусмаа энэ асуудлыг улам ч гүн хөндөж байна. Намайг бүү явуулаач өнөө цагт хүн төрөлхтний өмнө нээгдээд буй биотехнологийн өргөн боломж, нээлтүүдэд бодлогогүй хөнгөн хандаж хэрхэвч болохгүйг Ишигүро ил шулуухан, ой тойнд буутал сануулсан юм.
2. Габриель Гарсиа Маркес - Тахлын үеийн дурлал
Хайрын хамгийн өндөр дээд, хүндлэм байдлыг ч, адгийн, шившигтэй байдлыг ч, залуусын хайр дурлал, идэр насныхны бас өтөл насныхны хайр дурлалыг ч таны өмнө дэлгэн харуулах зохиол бол Нобелийн шагналт зохиолч Габриель Гарсиа Маркесын "ТАХЛЫН ҮЕИЙН ДУРЛАЛ" роман юм. Агуу уран зохиол гэдэг ямар нэгэн түүхийг хүүрнэх бус, харин бүхэл бүтэн хийсвэр “ертөнцийг” бүтээдэг төдийгүй хүмүүний уран сэтгэмжийг өдөөн дэврээж, оюун бодлыг ундруулан төрүүлдэг. Энэ зүйрлэлд шууд утгаараа дүйж очих зохиол, зохиолчид байдгийн тоонд Г.Г.Маркес болон түүний "Тахлын үеийн дурлал" эн түрүүнд багтах нь маргаангүй.
3. Жумпа Лахири - Эмгэг зовуурийн хэлмэрч
Энэтхэг гаралтай Америкийн зохиолч Жумпа Лахиригийн “Эмгэг орчуулагч” ном анх 1999 онд хэвлэгджээ. Үүнээс хойш дэлхий даяар 15 сая хувь борлогдсон бөгөөд алдарт Пулитцерийн утга зохиолын шагнал, Хэмингуэй сангийн 2000 оны PEN Awards зэрэг шагналуудыг хүртэж байсан алдартай зохиол юм. Мөн The New Yorker’s сэтгүүл оны шилдэг шинэ ном, Опра Уинфригийн шилдэг 10 номын жагсаалтад багтсан байдаг.
Зохиогч нь өөрөө Энэтхэг Америк гаралтай учраас өөрийгөө Энэтхэг эсвэл Америк гэж аль нэгээр нь тодотгож чаддаггүй, бусад цагаачдын адил багаасаа л “хоёр бие хүн шиг” амьдрах дарамтыг мэдэрдэг байжээ. Энэ нь ч зохиолуудад нь тусгалаа олж хайрлаж хайрлагдах гэсэн хүний мөн чанар хийгээд өөрийгөө таньж мэдэх үйл явцын эрчлээнд үүсэх Энэтхэг, Америк соёл хоорондын зөрчилдөөнийг түлхүү өгүүлсэн байдаг. Түүний өгүүллэг бүрд хүний амьдралд үргэлж тохиолддог боловч ухаж хөндөхөөс зайлсхийдэг бодит асуудлуудыг ил болгосон агаад үгүйсгэл, гэмшил, бэрхшээл болон итгэл алдарсан түүхүүд өрнөнө. Эдгээр дүрүүд, үйл явдлууд нь үнэнтэй дэндүү ойрхон тулд уншигч та тэдний амьдралыг өөр дээрээ тусган гүн гүнзгий мэдэрнэ, бас ойлгоно. Пулицерийн шагнал хүртсэн энэхүү зохиол нь дараах 9 богино өгүүллэгээс бүрдэнэ.
v Түр зуурын асуудал
v Ноён Пирзада оройн зоог барихаар ирсэн нь
v Эмгэг орчуулагч
v Жинхэнэ жижүүр
v Тачаангуй
v Хатагтай Сений гэрт
v Адислагдсан байшин
v Биби Халдарын эмчилгээ
v Гурав дахь буюу сүүлчийн тив
4. Оэ Кэнзабүро - Хувийн асуудал
Нобелийн шагналт зохиолч Оэ Кензабүрогийн Хувийн асуудал роман 1964 онд анх хэвлэгдэн гарч, гарсан даруйдаа Шинчёоша утга зохиолын шагналыг хүртэн, уншигч шүүмжлэгчдээс өндөр үнэлгээ авсан юм. Хагас намтарчилсан энэхүү бүтээл нь зохиолчийн бүхий л зохиол, туурвилаас дэлхий даяар хамгийн их алдаршсан нь бөгөөд дэлхийн олон орны хэлнээ хөрвүүлэгджээ. Тус романд 27 настай, сургуульд байхаас нь эхлээд бүгд л Шувуу хэмээн хочлох болсон бэлтгэл сургуулийн багш нэгэн залуугийн тухай өгүүлдэг.
Эхнэр нь төрөхөөр эмнэлэгт хэвтэж байх зуур Шувуу хотоор тэнэж яваагаар уг зохиол эхэлнэ. Эцэг болсон хүний хувьд магадгүй хэзээ ч аялж чадахгүй гэдгээ мэдэж байсан ч гэлээ тэр Африк руу аялах хүсэлдээ хөтлөгдөн газрын зураг худалдан авч, автомат тоглоомууд бүхий зугаа цэнгээний газраар хэсүүчлэн, харьж явах замдаа нутгийн танхай залуусын зодоон цохионд хүртэл өртөнө. Маргааш өглөө нь нэгэн эмч Шувууд, хүү нь тархины ивэрхий хэмээх тун ховор тохиолддог гажигтай төрсөн тул удаан наслахгүй байх магадлал маш өндөр гэдгийг, хүсвэл тусгай мэргэшсэн эмнэлэгт үзүүлж, хагалгаа хийлгэж болох тухай мэдэгдэнэ. Гэвч хүүхэд хэвийн өсөж бойжно гэдэг нь үндсэндээ боломжгүй ажээ. Энэ гунигт мэдээ Шувууг маш хүнд дотоод зөрчилд унагаж орхино. Учир нь, тэрээр дотроо, “тун удалгүй “Мангас хүүхэд” хэмээн нэрийдэх хөгжлийн бэрхшээлтэй энэ хүүхэд аль болох хурдан үхэх нь бүгдэд дээр” хэмээн шийддэг.
5. Сабахаттин Али - Арьсан хүрэмтэй Мадонна
“Арьсан хүрэмтэй Мадонна” Туркийн алдарт зохиолч Сабахаттин Алигийн сод бүтээл билээ. Номд Раиф Эфэндигийн дотоод сэтгэлийн ээдрээ, хайр дурлал, дурсамжийг өгүүлнэ. Ном хоёр гол дүрийн хайр сэтгэл, өдөр тутмын амьдралаас гадна дотоод сэтгэлийн хувирал, эргэцүүлэл, бодлыг нарийн хүүрнэснээрээ онцлог.
Энэ романы ерөнхий санаа, зохиолчийн “Ертөнцийн хамгийн эгэл боргил, хамгийн өрөвдмөөр, тэрчлэн хамгийн мулгуу хүний сэтгэл ч гайхаж мэлэрмээр нарийн түвэгтэй байдаг юм байна!.. Бид яагаад үүнийг ойлгохоос ингэтлээ зугтаж, хүн гэгчийг ойлгох, үнэлж дүгнэх ер маш амархан гэж боддог юм бол?” гэсэн хоёр өгүүлбэрт нуугдаж буй биз.
6. Томас Манн - Венец дэх үхэл
Томас Манн энэ туужаа бичихдээ олон зохиол бүтээлийнхээ нэгэн адил хувийн амьдралаасаа сэдэл санаа авчээ. 1911 онд гэр бүлээрээ Венецэд амраад ирснийхээ дараа бичсэн энэ туужийн гол дүрд зохиолчийн хувийн амьдралтай холбоотой зүйлс олон талаар тусгалаа олсон байдаг. Тухайлбал, Ашенбах, Томас Манн хоёр хоёулаа алдар нэртэй, уран бүтээлийн олз омог арвин яваа зохиолчид бөгөөд уйгагүй шаргуу хөдөлмөр, хатуу зарчимч зангийнхаа ачаар энэ өндөрлөгт хүрч чадсан. Хэн хэн нь гэрлэж явсан гэдэг нь хангалуун сайхан амьдарч яваа ажил хэрэгч хүмүүсээс өнгөн дээрээ бол огтхон ч ялгаагүй амьдран, нийгэмд тогтсон хэв маягаас гажихгүйг хичээж явсныг илтгэнэ. Гэвч тэр хоёр дотооддоо бол хүмүүс хийгээд орчлон ертөнцийг уран бүтээлчээр хардаг гоо зүйн мэдрэмж цогцолсон хүмүүс. Түүнчлэн Манн ч , Ашенбах ч аль аль нь ижил хүйстнээ таашаах сонирхдог ч үүнийгээ зоргоор нь тавихыг өөртөө тас хорьдог ч эцэстээ чухам энэ л чиг хандлагаасаа болж ихэд шаналж зовдог. Ашенбахын дүр үнэхээр амьд, том томруун, бодитой санагддаг нь зохиолч ба зохиолын баатар хоёрын энэ ижил төстэй талуудтай холбоотой нь маргаангүй. Гэсэн хэдий ч энэ туужийг дан ганц хувийн намтар төдийгөөр ойлговол эндүүрэл болно. Бүхий л агуу зохиолчдын нэгэн адил Манн зохиол бүтээлээ өөрт тохиолдсон явдал, амьдралаасаа санаа авч бичсэн. Бүхий л агуу зохиолын нэгэн адил Венец дэх үхэл ч мөн хувийн шинж чанартай өгүүлэмжээс хол илүү халин гарсан билээ.
7. Маргарет Этвүүд - Шивэгчний үлгэр
"Би 1984 оны хавар нэгэн зохиол бичиж эхэлсэн нь анхнаасаа Шивэгчний үлгэр гэдэг нэртэй байгаагүй. Зохиолоо ихэнхдээ шар хуудастай тэмдэглэлийн дэвтэр дээрээ гараараа бичиж дараа нь түрээсийн Герман бичгийн машинаараа гар бичмэлээ хуулж бичдэг байсан. Герман бичгийн машин гэсэн нь би тухайн үед Баруун Германд амьдарч байсантай холбоотой. Тэр үед Зөвлөлтийн эзэнт улс хүчтэй хэвээр байв. Берлиний хана ч нураагүй байсан үе л дээ. Гэхдээ тавхан жилийн дараа нураана гэж хэн мэдэх вэ. Ням гараг бүр Зүүн Герман дуу чимээгээр дохио өгч хэр ойрхон байгаагаа сануулдаг байлаа. Би үргэлж сонор сэрэмж, анир чимээгүй, эсвэл хэн нэгэн намайг дагаад ч байгаа юм шиг мэдрэмж авдаг байснаа санаж байна. Эдгээр мэдрэмжүүд миний бичиж буй зохиолд шингэсэн."
хэмээн номын зохиолч Маргарет Этвүүд "Нью Йорк Таймс" сонинд хэвлүүлсэн эсээндээ дурдсан байдаг. Дээрх эсээг эндээс дэлгэрэнгүй уншаарай.
8. Ф.М.Достоевский - Гэмт хэрэг ба ял шийтгэл
Ф.М. Достоевскийн "Гэмт хэрэг ба ял шийтгэл" роман нь дэлхийн уран зохиолын оргил бүтээлүүдийн нэгд зүй ёсоор тооцогддог. Уг роман нь Тургенев, Толстой зэрэг агуу зохиолчдын бүтээлээ хэвлүүлж байсан, тэр үеийн Оросын утга зохиолын нэр хүндтэй хэвлэл болох "Русский Известник" сэтгүүлийн 1866 оны I-XII сарын дугааруудад цувралаар хуваагдан гарч, дараа нь ном болон хэвлэгджээ. Зохиол 1866 онд анх хэвлэгдэн гарсан даруйдаа утга зохиолын ертөнцийг шуугиулж шүүмжлэгчид, онолчдыг гайхшируулсан юм. Хүний сэтгэлийг татах тайлагдашгүй нууцлаг чанараа өдий хүртэл хадгалсаар байгаа энэхүү бүтээл XIX зуундаа төдийгүй XX зуунд ч тэр, зөвхөн Оросоор хязгаарлагдахгүй бүх дэлхийн үргэлжилсэн үгийн зохиолуудын дунд ээдрээтэй, сэтгэл догдлуулсан, нэг үгээр хэлбэл хамгийн шилдэг нь гэж үнэлэгдсээр хоёр зууныг нэгэнтээ элээжээ.
9. Казүо Ишигүро - Өдрөөс үлдсэн зүйл
Казүо Ишигүрогийн хамгийн алдартай, "Бүүкэрийн шагнал"-т Өдрөөс үлдсэн зүйл роман 1989 онд анх Их Британи улсад хэвлэгдэн гарчээ. Хожим 1993 онд энэхүү зохиолоор дэлгэцийн уран бүтээл хийж, гол дүрийг Энтони Хопкинс бүтээсэн нь Оскарын наадамд 8 төрлөөр нэр дэвшин, кино урлагийн сонгодгуудын нэгд тооцогдох болжээ. Нобелийн шагналт Их Британий зохиолч Ишигүрогийн романууд өдгөө дэлхий дахинаа 40 гаруй хэлээр орчуулагдсан байдаг.
Зохиолд анхандаа нөлөө бүхий язгууртан лорд Дарлингтоны эзэмшилд байгаад, сүүлд нь дэлхийн хоёрдугаар дайны дараа чинээлэг америк бизнесмен Фаррадейгийн мэдэлд очсон Дарлингтон Шилтгээн эдлэнгийн албандаа туйлын үнэнч шаргуу зүтгэдэг даамал Стивенс болон түүний аж амьдрал, ажил төрлийн тухай голлон өгүүлнэ.
10. Орхан Памук - Шинэ амьдрал
Тэрээр уншсан номынхоо нөлөөгөөр хүнд дурлаж, их сургуулиасаа хөндийрч, Истанбулаас холын хотуудын зүг дуусашгүй аян замд гарна. Түүнтэй хамт энэ аян замд хот дамжин тэнүүчлэх уншигч гол дүрийн унших номоос илүүтэй түүнд тохиолдох адал явдлыг мөрдөн, уйтгар гуниг, аймшигт явдлын гүнд нэвтэрнэ. Хар цагаан зурагттай цайны газар, бичлэг үзүүлдэг автобус, замын осол, улс төрийн хуйвалдаан, хүн амины хэрэг, салбар дэлгүүрүүдийн бүлэглэл, галзуу солиотой таамаг, цаг шиг зарчимч тагнуулууд, хуучны алдагдмал эд зүйлсийн яруу найраг, хөдөө газрын уур хилэнгийн тухай өгүүлэх энэ гайхамшигт аян зам, Орхан Памукийн орчин үеийн уран зохиолын хамгийн онцгой төлөөлөгчдийн нэг болохыг батална. Нэг талаас Амьдрал, Хосгүй мөч, Үхэл, Бичиг, Ослын нууцын, нөгөө талаас хүүхэд ахуйн зурган роман, үзэгдээд өнгөрөх Хүслийн Дагина, Данте, Рилькегийн шүлгийн тайлал болох ер бусын роман. Амьдрах, унших хоёрын уулзвараас эх авах, хуудас бүрдээ улам бүр баяжих сэтгэл догдлом аян замын түүх.
СЭТГЭГДЭЛ