Надин Гордимерын “хот, хөдөөгийн амрагууд”-ын өгүүлэх түүх буюу сүүлчийн апартеид дэглэм
Африк гаралтай зохиолч, Нобелийн шагналтан Надин Гордимерыг (1923-2014) “City Lovers” өгүүллэгээр нь анх танин мэдэж байлаа. Холливүүдийн алдартай кино найруулагч Quentin Tarantino-гийн “Django Unchained” киног хэдэн жилийн өмнө үзээд боол бүсгүй Broomhilda-гийн дүр ихэд сонирхол татсан тул африк зохиол уншъя гэж анх удаагаа бодон, интернэтээс хайж байснаа санаж байна. Хайлтаар Надин Гордимерийн олон арван зохиол гарч ирснээс “Сity Lovers”, “Country Lovers”, “Face to Face”, “Oral History”, “Six Feet of the Country”, “Burger’s Daughter” гэх өвөрмөц нэрсийг дэвтэртээ бичиж авчхаад “Сity Lovers”, “Country lovers” буюу хот хөдөөгийн амрагуудыг нь уншихаар сонгож байв. Тухайн үед үйл явдлыг нь л сонирхож уншсан болохоор сэтгэлд үлдсэн юмгүй л хоцорсон санагдана. Харин өнөөдрийн тухайд бол, англи эхээс хоёронтоо, монгол хэлээрээ нэг нэг удаа уншсаны хойно Надин Гордимерийг үнэхээр онцгой, нандин зохиолч юм даа хэмээн тунгааж сууна. Ахиж унших бүрд өөр өөр сэдэл шинээр өгч байдаг зохиолыг сайн гэж дүгнэж болмоор санагддаг. Энэ хоёр өгүүллэг дээр тулгуурлан уг зохиолчийн бүтээлийн гол санааг ойлгохыг хичээж, танихгүй нийгмийн тухай хайхран сонирхсон нь энэ билээ. Надин Гордимерийг эх оронч үзэлтэйн дээр шударга бус зүйл, ялгаварлан гадуурхалтын эсрэг дуу хоолой зохиол бүтээлээс нь цуурайтаж байдаг хэмээн тодорхойлсныг саяхан олж уншсан юм. Монсудар хэвлэлийн газраас түүний “Зургаан тохой газар” өгүүллэгийн түүврийг орчуулан гаргасан билээ. Энэхүү түүврээс “Таатай уур амьсгал, нөхөрсөг оршин суугчид”, “Зургаан тохой газар”өгүүллэгүүд үнэхээр л сайхан санагдсан.
Уран зохиолын бүтээл дэх улс төрийн сэдэв бол сайхан зохиолын дундуур тасхийсэн буун дуу лугаа хэний ч анхаарлын гадна үлдэхгүй, балмад зүйл юм. Би тийм л муухай юмны талаар ярих гэж байна. Роберт Браунин
НАДИН ГОРДИМЕР ЯЛГАВАРЛАХ ҮЗЛИЙН ТУХАЙ БАЙЖ БОЛОХ ХАМГИЙН АЯДУУ ХЭЛБЭРЭЭР ХҮҮРНЭДЭГ
“City Lovers” буюу “Хотын амрагууд” зохиолд хоёр л гол дүр бий. Үйл явдал зохиолын баатар доктор фон Лейнсдорфын гэрт голдуу өрнөнө. Ер нь бол үйл явдал гээд нэрлэчих сүйдтэй өрнөл ч үгүй явсаар төгсгөл хэсэгтээ шүүх, цагдаа гэж жаахан бужигнаснаа тэгсгээд дуусчихдаг. Гэхдээ энэ өгүүллэг тэр үеийн апартеид (Арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзэл. 1948-1994 он хүртэл Африкт хэрэгжсэн) дэглэмийн тухай ямар ч илүүц тайлбар, сунжирсан хүүрнэл, гоёчилсон дүрслэлийн шаардлагагүйгээр уншигчдад ойлгуулчхаж байгаагаараа онцлог юм. Нөгөөтэйгүүр зөвхөн нийгмийн анги давхаргыг ч биш эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн хооронд оршдог тайлбарлахад төвөгтэй нарийн нандин харилцааны элэментүүдийг уялдуулаад өгчихсөн болохоор утга уянга, гоо зүй, үнэн гэх уран зохиолын гол шалгууруудаа гээсэнгүй. Тиймээс чамин гэж тодотгохоос ч аргагүй.

Зохиолын гол дүр доктор фон Лейнсдорф бол туршлагатай геологич хүн бөгөөд дэлхийгээр хэрэн хэсч чулуу, нүүрс хайж явсаар хувийн амьдралаа умартсан нэгэн. Тэрээр Африкийн нэгэн хотын уул уурхайн компанид мэргэжилтнээр ажиллаж, гадаад иргэдийн суурьшдаг хотхонд амьдраад сүүлийн хэдэн жилийг өнгөрөөжээ. Энэ үеэр байрныхаа эсрэг талын супермаркетын кассан дээр зогсдог африк охинтой танилцана. Хар арьстай хүмүүсийг үйлчилгээний байгууллагад ажиллахыг зөвшөөрөөд удаагүй байсан тул энэ ажил нь түүний хувьд зол гэхэд болно. Яагаад гэвэл охины ээж угаалгын газар ажилладаг, есөн хүүхэдтэй эмэгтэй. Охин доод давхаргаас гаралтай, хар арьстан. Түүнд зохиолч нэр өгсөнгүй, тиймээс охин л гэж ярихаас өөр аргагүй байна. Лейнсдорфыг залуу эр гэх мөртөө нүд, хөмсөг орчим нь амьдрал үзсэн, настай хүнийхэрхүү боловч ам, эрүү, шанаа хавь нь царайлаг сайхан залуугийн шинжтэй хэмээн дүрсэлжээ. Үргэлж ажиллаж, уншиж, судалдаг ясны эрдэмтэн хүн ажээ. Охины хувьд тийм нийгэмд амьдарч байгаа хүн гэж бодохоос л ямар амьдрал туулж яваа нь тодорхой. Дэлхий ертөнцийг таньж мэдэх боломж түүнд олдоогүй шигээ эрхээ эдлэх ч бололцоо хангагдсангүй. Энэ л зохиолын гол хэлэх гэсэн санааны эхнийх. Тийм ээ, яг л мөн.
Охин эхэндээ докторын ойр зуурын хүнс, ахуйн барааг дөхүүлж өгдөг байгаад аажмаар дотносож, дараа нь бүр гэрт нь нүүж ирээд хамтдаа амьдарна. Ээждээ эмч гэр бүлд үйлчлэгч хийж байгаа гэж худал хэлээд дэлгүүртээ үргэлжлүүлэн зогсож, Лейнсдорфынд амьдарсаар л байсан. Хэн нэгэн матаачийн үгээр цагдаа нар докторын гэрт ирж нэгжлэг хийхэд охин хувцасны шүүгээнээс нь олдож, эмнэлгийн үзлэг (доктортой бэлгийн харьцаанд орсон эсэхийг шалгах үзлэг), шүүх хурал гээд үзээгүй юмаа л үзнэ. Тухайн үед хар арьстай хүмүүс цагаануудтай гэр бүл болж болохгүй, бэлгийн харьцаанд ч орж болохгүй хуультай байсан. Яг л хулгай хийж болохгүй гэдэг шиг ийм хууль үйлчилж байв. Европ доктор, африк охин хоёрын амрагийн харилцаа эцэст нь шившигтэйгээр илчлэгдэн, сонинд хүртэл ярилцлага өгөхдөө тулдаг. Охины ээж ахиж би тэр айлд хүүхдээ ажиллуулахгүй гэж мэдэгдсэн бол доктор Лейнсдорф харин “Нийгэмд дээгүүр зиндаатай хүн доод давхаргын хүнтэй гэрлэнэ гэдэг манай улсад ч гэсэн тийм амар хэрэг биш” хэмээн өгүүлжээ. Доод, дээд давхарга гэх ангилал хүн төрөлхтөн байгаа цагт хэзээ ч арилахгүй нь бололтой шүү. Хүмүүсийн өөрсдийнх нь үүсгэсэн нийгмийн байгууллыг хүмүүс л өөрсдөө нураах биз ээ. Тийм ч учраас ялгаварлалгүй нийгэмд амьдрах гэсэн мөрөөсөл боломжгүй санагдаж байна, өнөөхөндөө.
“Хотын амрагууд” өгүүллэг маш хөнгөн хэлбэрээр бичигджээ. Ойлгомжгүй, хүнд дүрслэл үгүй. Гэхдээ уншигчдад өгөх гэсэн санаагаа часхийтэл хэлчихсэн. Насны зөрүүтэй, нийгмийн гарал үүслээр тэнцвэргүй амраг хоёрын өдөр тутмын амьдралыг л тоочоод байгаа мэт боловч цаагуураа маш бараан, хүнд өгөгдлүүд эхлэхээсээ дуусах хүртэл дагаастай. Сул дорой гэдэг утгаараа энэ тохиолдолд, энэ харилцаанд африк охин л хохироод үлдэж байх шиг санагдсан. Гэхдээ үгүй ч байж болно. Охин хохирч байгаа эсэхийг уншигч цэвэр өөрийн дүгнэлтээр шийдэх боломжтой. Ямартай ч минийхээр, охин хоосроод үлдсэн, нийгэмд эзлэх өөрийн өчүүхэн байр суурийг хайр найргүйгээр цэгнүүлсэн, бүр хуулийн байгууллагын тусламжтайгаар шүү. Ээжийгээ зовоосон. Тийм болохоор миний хувьд хөөрхий кассчин охин бол хохирогч. Африк болохоор, хар арьстай болохоор, эмэгтэй хүн болохоор тэр хохирогч болсон. Доктор чин сэтгэлээсээ охинд дурласан уу гэвэл үгүй. Зүгээр л түүнийг ашиглаж байсан уу гэвэл бас л үгүй. Нийгэмд эзлэх байр суурь, ажил мэргэжлийн хувьд охинтой харьцуулахад газар тэнгэр шиг зөрүүтэй, хамгийн гол нь тэр бол цагаан арьстан эрдэмтэн, харин охин бол хар арьстан боол. Тиймээс яагаад ч бүтэхгүй (тухайн үеийн нөхцөл байдлаас л болж ийнхүү хэлж байгааг минь болгоогоорой) энэ харилцааг мэдсээр байж эхлүүлсэн болохоор саахь доктор охиныг ашигласан байх магадлал өндөрсөж байна. Гэвч нөгөөтээгүүр охинд бэлэглэх гээд цаг худалдаж аваад нуучихсан байсан, бичгийн машинаар хэрхэн бичихийг заасан зэрэг үйлдлүүдээс бага ч атугай сэтгэл үнэртдэг л юм. Яадаг ч байлаа гэсэн Лейнсдорфын тэндэх ажил нь нэгэнт дуусаж байгаагаас хойш зул сараар төрсөн гэр лүүгээ, ээж рүүгээ яваад л өгнө. Угаасаа явах гэж байсан юм.
“Country lovers” буюу “Хөдөөгийн амрагууд” өгүүллэгийн үйл явдал хөдөө болж байгаагаараа дээрхээс ялгаатай. Зөрчил хурцдаж, үр дагавар нь хотын амрагуудынхаас илүү хортой гардаг. Надин Гордимер улс төрийн тунхаг шиг хүнд хүнд өгүүлбэр сонгож бичдэггүй, улс төртэй холбоотой эсвэл ойрхон байдаг хүнээр гол дүрээ сонгодоггүй. Тийм замаар шударга үнэний дуу хоолой гэсэн нэр аваагүй гэдэг нь ч илэрхий байдаг. Түүний бүтээлийг уншихад энгийн, бүр хэт энгийн санагдах үе ч бий. Ахин нэг магтчихад, энгийн байх тусмаа л гайхалтай санагдаад байлаа.
“Хөдөөгийн амрагууд”-ын хувьд өмнөх шиг мөн л сүйдтэй өрнөл харагдахгүй. Нэгэн фермерийн эзний хүү Паулюс хот руу суралцахаар явж, зуны амралтаар ирэх тоолондоо фермийнхээ боол охин Тибедид элдэв бэлэг авчирч өгдөг байв. Хөвгүүн хотын охидтой болзож, наран шарлагын газарт усны хувцастай охидын бие хааг харж, тэр ч бүү хэл зарим нэгтэй нь энгэр зөрүүлэхээс ч буцахгүй хүүхэд насаа үдэж байх зуур охин хөвгүүнийг хүлээнгээ тэдний гэрт зарцлагдсаар байдаг. Паулюсыг нэгэнтээ зуны амралтаар ирсний хойно хоорондоо ярилцаж хэлцээгүй хэр нь голын эргийн хайрга руу нэг мөч дор зүглэцгээж, тэндээ охиныг усанд орж байхыг хөвгүүн анх удаа харчхаад бараан арьснаас нь дуслах бөнжгөр дусал хотын охидын нүд гялбам цагаан бэлхүүсний хажууд гайхалтайгаар гэрэлтэн цацарч байгааг анзаардаг. Эр, эмийн ажил хийж байхдаа ч Тибеди л хамгийн онцгой, хамгийн сайхан нь юм хэмээн хүлээн зөвшөөрнө. Хэдэн зун ингэж уулзсаны эцэст Тибеди жирэмсэлжээ. Охиныг боол залуу Нжабулотой хуримаа хийж, хүүхдээ төрүүлээд баймагц нь Паулюс амралтаараа гэртээ эргэж ирж таарна. Ингээд охины гэр лүү төрөөд удаагүй байгаа хүүхдээ харахаар очдог. Цайвар арьстай, өөрийг нь дуурайсан бараан саарал нүд, сөөсгөр шар сэвлэгийг нь хараад манай гэрийнхэнд л битгий харуулаарай даа гэж захичхаад явахдаа “Би амиа хорлочихмоор л байна” гэж хэлдэг. Маргааш нь эргэж ирээд гэр лүү нь орж хэсэг зуур болоод гарч иртэл нь Тибеди араас нь дагаж ордоггүй. Охиных нь аав өөрөөс нь зиндаа дээгүүр болохоор, өөрийнх нь эзэн болохоор, цагаан арьстан болохоор түүнд ямар нэг үг хэлэх, үйлдэл үзүүлэх эрх байхгүй мэт. Ийнхүү гэрийнхээ гадаа гөлөрч зогссоор охиныхоо аминд хүрэхийг эцэгт нь зөвшөөрч буйгаа ч мэддэггүй. Нэг хоноод нярай эндэж, шүүх шинжилгээгээр гадны нөлөөтэй гэдэсний эмгэг гэсэн онош гардаг. Гэсэн ч хангалттай нотлох баримт байхгүй гэсээр нэг жил сунжирч эцэстээ хэрэг шийдэгдэхэд хэн ч гэм буруугүй үлдэнэ. Уг нь Тибеди эхэндээ Паулюсыг охинд хор өгсөн, үүнийг нь илчилбэл намайг ална гэсэн хэмээн мэдүүлж байсан юм. Жил гарангын дараа шийдвэрлэх шүүх хурлаар орохдоо Тибеди анхны мэдүүлгээсээ ухарч, мэдэхгүй, мэдэхгүй гэсээр гарч одно. Тэр одоо Нжабулогийн хүүхдийг төрүүлээд удаагүй байгаа билээ. “Хотын амрагууд”-тай эгээ л адил төгсгөлтэй, шүүх хурал, мэлзэлт, ухралт, цөхрөлт. Паулюс шүүх хурлаас гарахдаа нүүрээ цуваараа халхлаад зугтаж одсон бол аав нь “Би өөрийн амьдардаг нутагтаа нүүр бардам явахыг чадлаараа хичээнэ” гэж хэлжээ. Харин хэвлэлийнхэн хар арьст эмэгтэйн зураг дор “Энэ бол хүүхэд ахуй үеийн явдал. Бид одоо уулзахаа больсон” гэх үгийг нь эшилсэн байна. Сүйдтэй хохирол үгүй мэт харагдаж болох ч хүний оршихуй руу аймшигтайгаар халдсан, “Чи бол боол, хар арьстан, бид харин өөр хүмүүс шүү” гэх үгсийн цуурай шүүх танхимын хана туургаар цуурайтаж, хэвлэлийн хуудасны нугалаа бүрд шингээтэй байсан нь мэдээж. Тиймээс энэ нөхцөлд ахиад л африк охин хохирогч. Хэрэв Тибеди тэр үед өөрийн үзэл бодлоо тууштай хамгаалсан бол (тэгэх ямар ч боломжгүй нийгэмд өчүүхэн цэг төдий л байр суурь эзлэн амьдарч байсан гэдгийг сануулах нь илүүц болов уу), ялгаварлах үзэл тэр үед үгүй байсан бол охин нь амьд үлдэж, байдал өөрөөр эргэх байсан гэж найдаж байна. Охин одоо итгэл гээч зүйлийн үнэ цэнийг мэдрэхгүй болсон, цав цагаахан байсан сэтгэл нь энд тэндээ толботож цоохортоод анхны өнгөө алдчихаад амьдрал тужид нь түүнтэй хамт байна.

Хүмүүс хайр гэх мэдрэмжийг хүртэх эрхтэйдээ талархах хэрэгтэй гэж би боддог. Зовлонтой, жаргалтай аль нь ч бай, бүтсэн бүтээгүй яадаг ч бай хайр бол бидний мэдэрч болох хамгийн онцгой, сайхан зүйл. Хүн дурлаж хайрлахаараа сохорч, дүлийрч, нүд, чихээ ганцхан хайртай хүнээ л харж сонсоход зориулдаг. Ялангуяа анхны хайр, шохоорхол хүний сэтгэхүйд маш хүчтэй нөлөөлж, нэлээд гүн ором үлдээдэг. Гэтэл өсвөр насны хүү Паулюсын хувьд анхны хайр нь болсон Тибедид хэрхэн хандаж байгаагаас түүний эго хайраас нь давсныг харуулж байна. Паулюс бол апартеид дэглэм жинхэнэ утгаараа цэцэглэж байсан нийгмийн бүтээгдэхүүн мөн бөгөөд тэрхүү нийгэм нь хайр дурлал, үнэнч сэтгэл, хүн чанар зэрэг хамгийн нандин зүйлс рүү халдаж, амжилттайгаар мөхөөж байжээ. Паулюс төлөвлөгөөнийхөө дагуу мал эмнэлгийн чиглэлээр үргэлжлүүлэн суралцаж, өөр шигээ цагаан арьстай эмэгтэйтэй гэрлэх нь дамжиггүй.
Зохиолч хоёр өгүүллэгийг хоёуланг нь шүүх хурлаар төгсгөсөн нь сонирхолтой. Ямартай ч хот, хөдөөгийн алинд ч бай бид ийм л нийгэмд амьдарч байлаа, бидэнд хууль ингэж үйлчилж, цагаан арьстнууд ингэж ханддаг байлаа гэсэн санааг нь зөв ойлгосон гэж бодоод байгаа юм. Нэмж хэлэхэд энэ хоёр бол холбоотой өгүүллэгүүд биш бөгөөд хоёул дэлгэцийн бүтээл болсон юм билээ.
Тэгвэл ард түмнийг дарж, хороож, амыг нь барь л даа. Европын соён гэгээрэл гээч чинь ард түмнээс үнэтэй биз дээ.
Достоевский | Кармазовын хөвгүүд
Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улс бол ялгаварлан гадуурхалт, колоничлолоор нэлээд бараан түүхтэй үндэстэн. Одоогоос 100 гаруйхан жилийн тэртээ тэд газар нутгаа эзлүүлж, боолчлогдож, худалдагдаж, хүчирхийлүүлж байж. Хөдөөгийн иргэд нь газрын эзний боол, шивэгчний амьдралаар ядуу ноорхой оромжид амьдарч, бүхэл өдөржин чихрийн нишингийн талбайд тонголзон, гэр цэвэрлэж, хоол унд бэлтгэн, морь, нохой маллан амь зууна. Хотын хэд нь үйлчилгээний газарт ч ажиллах эрхгүй тэр бүү хэл цагаан арьст хүмүүстэй нэг цахилгаан шатанд суух, нийтийн тээврээр үйлчлүүлэхдээ хөлөө амрааж суух ч эрхгүй тийм хэцүү цаг үеийг туулсан байдаг. Арьсны өнгө бараан байснаараа, Африкт төрснөөрөө тэд хавчигдсан. Цагаан арьстай хүмүүсийг дэлхий дээр давуу эрх эдлээрэй гэж бурхан ч юм уу, ертөнцийг захирагч далдын нэгэн хаан айлдаагүй билээ. Үүн шиг хар арьстнууд эсвэл жүүдүүдийг улс үндэстэн даяараа зовж тарчилж, дорд үзэгдэг гэж хэнбугай ч зарлигдаагүй, хуульчлаагүй. Түүхэнд үлдсэн эдгээр он жилүүд бол хүний бодож олсон хамгийн харгис, мунхаг үйлийн гэрч юм гэдгийг бид ойлгож ухамсарлаж эхэлсэн нь сайн хэрэг.
Нийгмийн ийм гажуудлын талаар бичсэн зохиол бүтээл хэзээд уншигчдын анхаарлын төвөөс гардаггүй. Яагаад гэвэл тэнд үнэн оршдог. Хятадын хувьсгал, аричуудын нацизм буюу харгис цэвэрлэгээний түүх, Туркийн шашны мөргөлдөөн хийгээд хэлмэгдүүлэлт, баривчилгаа, Африкийн арьс өнгөний үзэл гээд дурсаад байвал хөвөрч дуусахгүй эргэлтүүд хүн төрөлхтний түүхэнд өчнөөн. Зохиолч түүхийг хэрхэн тэмдэглэж үлдээх вэ, ямар уран сайхан ашиглах вэ гэдэг дээр л ялгаа байхаас биш уншигчдад хүрэх нөлөө нь ав адилхан, соронздон татсаар байдаг. Японы уран зохиолын нобельтонгууд болох зохиолч Оэ Кензабүро, Казүо Ишигүро нар дайны дараах үеийн амьдралыг бичдэгээрээ алдартай. Тэндээс романтик, хээнцэр таашаалыг биш гашуун үнэн, бодит байдлын сүүдрийг л хүлээх хэрэгтэй. Үнэн баримт, уран сайхан хоёрын харьцаа тэнцвэртэй байдагт эдгээр зохиолын үнэ цэнэ оршиж байдаг болов уу.
Өөрийн орны энэ хүнд хэцүү цаг үеийг хурц хараа, соргог ухаанаар ажиглан, эмэгтэй хүний уян зөөлөн сэтгэл, торгон мэдрэмжтэй хослуулан эдгээр зохиолуудыг бичсэн Надин Гордимер бээр Нелсон Манделагийн нэлээн ойрын зөвлөх байсан гэх. Нутаг нэгтнүүдийнхээ хэлэхийг хүссэн ч хэлж чадаагүй үгсийг дэлхий дахинаа тунхаглаж чадсаныг нь бодоход л түүний бүтээлүүдийг унших шалтгаан ундарна. Тэр цагаан хоолойгоор биш үзгээрээ шударга бус зүйлстэй тэмцдэг байж.
“Надин Гордимерийн зохиолыг унших нь Африкийн үнэн дүр төрхийг олж харахтай агаар нэг”
Америкийн аялагч, зохиолч Paul Theroux
А.МӨНХЗУЛ
СЭТГЭГДЭЛ