Монсудар хэвлэлийн газрын зүгээс Монгол цэргийн баярын өдөрт зориулан  балчир дүүдээ, найз залуудаа, аавдаа эсвэл өвөөдөө мөн бизнес түншүүддээ ч сонгож болох 10 номыг санал болгож байна. 

1. Монголын Нууц Товчоон /Түүхэн/

Монголын Нууц Товчооны НУУЦ-ыг хамт тайлах уу? Монгол хүүхэд бүрийн танин мэдэж, ойлгох хэрэгтэй үнэт зүйлс, ёс суртахуун болон ёс заншлын тухай өгүүлэх энэхүү номд Чингис хааныг баатар эр, хувь хүн талаас нь түлхүү илэрхийлэх хялбаршуулсан хувилбарыг хүн бүр уншиж үзэх хэрэгтэй биз ээ.

 

2. Сингапурын хөгжлийн нууц /Намтар, дурсамж/

Сингапур улс хөгжилд хүрсэн түүх (From third to first) номын энэ нэр хөгжиж буй бүхий л улс орны хүсэл мөрөөдлийг илэрхийлнэ. Сингапур мөрөөдлөө биелүүлж, амжилтад хүрсэн цөөн орны нэг билээ. 

“Сингапурын гайхамшиг”-ийн эцэг, тус улсын анхны ерөнхий сайд асан Л Ли Куан Ю өөрийн шаргуу зүтгэлээр Сингапурыг улс төр, шинжлэх ухаан, өндөр технологийн төв, дэлхийн худалдааны чухал зангилгаа болгож чадсан билээ. 


3.Ухаалаг хөрөнгө оруулагч /Хувь хүний хөгжил/

Хөрөнгө оруулалтын эцэг хэмээгддэг Бенжамин Грэмийн зөвлөгөөтэй танилцах уу?

Алдарт хөрөнгө оруулагчийн зөвлөж буй хөрөнгө оруулалтын гол зарчмуудаас сурч хөрөнгө оруулах ба сохроор таамаглахуйн ялгааг ойлгоорой. Худалдаанд гарсан 7 хоногтоо бэстселлер болсон уг номоос та ухаалаг хөрөнгө оруулагч болох нь өндөр IQ, эсвэл шалгалтын дүнгээс хамаардаг зүйл биш, харин ухаалаг аргачлал, сахилга бат, шийдвэр гаргах чадвар зэргээс хамаардгийг мэдэж авах болно.

4. Путин /Намтар, дурсамж/

Путин гэж  чухам  яг хэн бэ?

Путинийг Оросын нөлөөний хүрээг идэвхтэй тэлж өргөжүүлэхийг эрмэлзэж байна гэдэг үнэн юм уу? Эсвэл тэр бээр ерөөсөө л АНУ болон Европын холбооны булаан эзлэх бодлогыг сөрж, хориглон хамгаалж байгаа хүн үү? Ямар ч байсан эдүгээ Брюсселийнхэн мэдээжийн зүйл хэмээн үзэж буй НАТО-г дорно зүгт тэлж өргөжүүлэх ажил үйл нь хүйтэн дайны үед дайсан явсан улс орнуудын 1990 онд хэлцэн тохирч байгуулсан бүхий л гэрээ хэлэлцээрийг зөрчиж байгаа. Түүнчлэн Украины хэрэг явдал яагаад мөргөлдөөнд хүргэв? Хэрэв өрнийн улс гүрнүүд болон Майданы зөвлөл Киевт төрийн эргэлт гарахаас өмнө энх арга замаар шинэ сонгууль явуулахаар тохиролцсон зүйлүүдээ гуйвалтгүй сахин биелүүлсэн бол цус асгаруулсан тэрхүү мөргөлдөөнөөс сэргийлж болох байсан юм биш үү?

5. Тулааны талбарын тэлэлт /Уран зохиол/

Заримдаа чи ганцаардаж, хүнд хэцүү шаналгаатай үедээ зүгээр л хамт суугаад ярилцах хүнээр дутагдаж байсан уу ? Хажууд чинь тийм хүн байхгүй, байх ч боломжгүй үед гомдол төрж хамаг бие чинь зарсхийж өөр хэнийг ч ойртуулахгүй өргөстэй мэт болдог уу ? Ёроолгүй хар ангал сэтгэлийг эзэгнээд, өдөр өнгөрөх тусам улам ганцаардаж, сэтгэлээ дүүргэх зүйл хайж, гансарч байсан уу ? Бусдаар хайрлагддаггүй юм аа гэхэд хэн нэгнийг хайрлах хүсэл төрж байсан уу? Тэр нь эсрэг хүйстэн, найз нөхөд, хамаатан садан гээд хэн ч байж болно. Гэтэл хэн нь ч хайр даахгүй тохиолдол гарч байсан уу? Жаргалтай царай гаргахыг хичээх тусламж бусдад шоолуулж, доромжлуулж байсан уу ?

Хэн ч чамайг сонсохгүй, ойлгохгүй, ойлгодоггүй юм аа гэхэд зүгээр байгаагаар чинь хүлээн зөвшөөрөөд урам өгөх хүн байхгүй байна гэдэг гунигтай. Энэ бол “Тулааны талбарын тэлэлт” номын өчил.


6.Онц хариуцлага /Хувь хүний хөгжил/

“Онц хариуцлага”-ыг, дайн тулааны сургамж, туршлагууд нь бүх салбарын манлайлагчдад хэрэгтэй гэдгийг тайлбарласан, SEAL ын толгойлогч Жоко Виллинк бичжээ. Таны хэр сайн явах ард тань зогсох эрчүүд, эсвэл эмэгтэйчүүдээс л шалтгаалдаг хэмээх санаагаараа баг бүрэлдэхүүний ач холбогдлыг тодорхойлжээ. Энэхүү ном нь Вилликийн дайнд үзсэн харсан, түүх өгүүллэгүүдээр дамжуулан манлайллын суурь үндсэн сургамжуудыг танд хүргэнэ. Виллинк дайны ч, бизнесийн ч нөхцөлд үр дүнтэй гэдгээ нотолсон хэд хэдэн манлайллын ухагдахуунуудыг авч үзжээ.


7.Нөлөөлөл /Хувь хүний хөгжил/

Ятгалгын тухай сонгодог бүтээл болох Нөлөөлөл ном нь хүмүүс ямар үед “За” гэж хэлдгийг сэтгэл судлалын үүднээс тайлбарлахын сацуу энэ талаарх ойлголтуудыг амьдралд хэрхэн ашиглаж болох тухай өгүүлжээ. Доктор Роберт Б.Чиалдини нь эрчимтэйтэлж буй нөлөөлөл, ятгалга судлалын салбарын шилдэг мэргэжилтэн юм. Олны талархлыг хүртсэн уг бүтээл нь түүний 35 жилийн бодит амьдрал дээрх судалгаа, хүний авир төрхийн талаарх 3 жилийн хөтөлбөрт судалгааны үр дүнд төржээ. 

Энэхүү номоос та чадварлаг ятгагч болоход тань туслах зургаан зарчмыг сурахаас гадна, тэдгээрээс хэрхэн хамгаалахыг суралцана. Та ямар ч ажил мэргэжилтэй, юу ч хийдэг хүн байлаа гэсэн энэхүү номд өгүүлсэн зарчмууд таны хандлагыг өөрчилж, амжилт руу хөтлөх болно.


8.Манай бүдэрсэн баатар /Уран зохиол/

Нэгэн жижиг хотын сургуульд элсэж буй арван хоёр настай хүү, өөрийнх нь том хотын боловсон чанар нь түүнийг манлайлагч болгох нь гарцаагүй гэдэгт итгэлтэй байлаа. Гэтэл шинэ ангийнх нь хүүхдүүд болон багш нь ангийн даргын, ид шидэн доор гэлтэй нөлөөнд байгааг хараад балмагдав. Дээрэлхэгчийг түлхэн унагана гэж шийдсэнийхээ дараа тэрээр сүрдүүлэгт орж, шоолуулж эцэст нь навс даруулав. Уншихад маш хөгжилтэй бас амар хэр нь, маш ихийг бодогдуулам ном.

  

9. Одиссей /Уран зохиол/

Энэ бол хамгийн эртний, Барууны соёлд цаг хугацааны эрхэнд шалгарч үлдсэн Баатрын тухай үлгэр жишээ домог. Одиссей  Трой хотын дайнд арван жил тулалдаад гэртээ харих гэж дахин араасаа өрнөх адал явдалт арван жилийн аяллыг туулна. Аялал хэдий хийсвэр мангасуудтай тулгарсан хүндрэл бэрхшээлээр дүүрэн боловч олон талаар таны амьдралд ч гэсэн энэ бүхэн тохиолдсон. Таны амьдрал ч гэсэн аялал. Та ч гэсэн хол зам туулчхаад, арагш хол хаягдаж явсан. Та ч гэсэн хууртагдаж, учрах ёсгүй хүмүүстэйгээ нийлж байсан. Та ч гэсэн уурлуулах ёсгүй хүмүүсээ уурлуулж байсан. Та ч гэсэн энд тэндгүй хэсүүчилж төөрсөн. Энэ бүхнийг ямархуу баатарлаг чанаруудаар давж гарахыг зохиол харуулна. Энэ утгаараа Одиссейн тууль нь бид бүхний амьдралд туулийн бодит үнэн.

Орон зай, цаг хугацаанаас үл хамааран адал явдлаар хөврөх бүтээл "Одиссэй". Өрнийн төдийгүй хүн төрөлхтний оюуны охь, бидний мэдэх БААТАР хэмээх дүрийг тодорхойлогч их тууль бүрэн эхээрээ эх хэлэнд маань буужээ. Их хөлгүй далайн хөлгөн аялалд гарах уу?

 

10. Мах: Хоолны ном /Хоолны ном/

Монгол эр хүн байна даа, махны тухай сайн мэдэж ав... Энэхүү номоос та үхэр, хонь, гахай, тахиа, шувууны махаар хийдэг, “Фейжода”( англ. Feijoada) бразиль жигнэсэн мах, “Франго Пири Пири” (англ. Frango Piri Piri) португаль чихэрлэг тахиа зэрэг 300 гаруй, орон орны гайхалтай жоруудтай танилцах болно. Махыг зөв бэлтгэх шат дараалал бүхий 50 төрлийн технологи, махыг гэртээ зөв мөчлөх арга, жорын номуудад тэр бүр байдаггүй мах амтлах нууцхан “заль мэхнүүдийг” та энэхүү номоос олж мэдээрэй. Энэ ном маханд дурлагсдын БИБЛИ байх болно.

СЭТГЭГДЭЛ

Your email address will not be published. Required fields are marked *

/