1. Ер нь уран бүтээлчид хэн хүнд шударга бус заяадаг гоо үзэмжийг магтан дуулж, эрхэмсэг танхи бүхэнд эрх дарх олгохыг битүүхэн дэмжин, сүслэн дагадаг өгөөмөр бөгөөд урван тэрслэгч зүрх сэтгэлтэй төрдөг нь бараг жам гэлтэй.
2. Төгс төгөлдрийн хажуу хаяанд амсхийн сууна гэдэг хосгүй сайхныг бүтээхээр тэмүүлж буй хүний ямагт мөрөөсөж явдаг хүсэл шүү дээ; тэгвэл оргүй хоосон ч бас төгс төгөлдрийн нэгэн биелэл биш гэж үү?
3. Яагаад гэвэл Федр минь, гоо үзэсгэлэн гэдэг чинь хайр булаах, харах нүднээ ил байх чанарыг хамтад нь агуулсан цор ганц зүйл: Бид баригдашгүй сүнслэг оршихуйг сэрэл мэдрэхүйгээрээ хүртэх, түүнчлэн мэдрэхүйгээрээ тэсэж гарах ганцхан арга хэлбэр байдаг нь ердөө гоо үзэсгэлэн юм; үүнийг сайн тогтоож ав!
4. “Гоо үзэсгэлэн гэдэг чинь бурханлаг агаад нүднээ үзэгддэг цор ганц зүйл; тийм ч учраас уран мэдрэмжтэй хүний зам гоо үзэсгэлэнгээр дамжих нь гарцаагүй, жаалхан Федр минь, уран бүтээлчийн оюун ухаанд хүрэх зам нь энэ. 
5. "...Нэг нэгнээ зүс мэдэх төдий хоёрын дундах харилцаанаас илүү осолтой, жигтэй хэрэг үгүй биз. Өдөр бүр, цаг тутам шахуу тааралдан, харц тулгарч, тэгэхдээ ёс зүй юм уу гажиг хажиг бодолдоо баригдан хоорондоо мэнд ус ч мэдэхгүй, үг ч солилгүй хэн хэнээ эс тоосон хөндий царай гаргах..."
6. "...бурхан баригдашгүй хийсвэр юмсыг нүднээ буулган харуулахын тулд хүний дүрийг, тодруулж хэлбэл, залуухан хөвгүүний дүр төрхийг таалан сонгоод, ой дурсамжийн зэвсэг агсааж үзэсгэлэн гоогийн өнгө гэрэл юугаар чимэглэснээ бидэнд харуулахад дотор сэтгэлд маань эмзэглэл шаналал, итгэл найдварын гал дүрэлзэн асдаг биз ээ..."
7. "...хайрлаж буй хүн хайрлуулж буйгаасаа илүүтэй бурханлаг ариун; яагаад гэвэл хайрлаж буй хүний дотор л гагцхүү бурхан оршдог гэх энэ санаа бол хүн төрөлхтний бодож олсон үзэл санаануудаас хамгийн хоржоонтой, хамгийн хэврэг нь агаад хамаг заль мэх, хайрлах сэтгэлийн гүнд нуугдсан хуял тачаал эндээс үүдсэн билээ."
8. "Ер нь хүн хэн нэгнийг хараахан шүүн цэгнэж амжаагүй үедээ хайрлаж, хүндэлдэг бол тачаадан мөрөөсөх сэтгэл ч мөн таньж мэдэхийг эрмэлзсэн биелээгүй хүслийн дүнд бий болдог шүү дээ."
9. "...урлаг бол дайн, аяыг нь удаан даахад өдгөө нэн бэрх болсон амь өрссөн тулаан билээ."
10. "...цэцэн ухаан гэдэг бол нэр төрөөс ч, чанд хатуу зарчмаас ч ангид зүйл; цэцэн ухаан гэгч нь бүхнийг мэдэн, бүгдийг ойлгож, өршөөн хэлтрүүлнэ; түүнд байр хандлага, хэлбэр дүрс гэж үгүй; ангал руу татагдана; өөрөө чухамдаа ангал юм."


СЭТГЭГДЭЛ

Your email address will not be published. Required fields are marked *

/