Ямар ч баяр болсон бай хамгийн сайхан бэлэг бол ном байдаг шүү дээ. Тэгвэл энэ удаад бид тун удахгүй болох гэж байгаа "Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр"-ийг тохиолдуулан охиндоо, дүүдээ эсвэл найз охиндоо сонгож болох 8 номыг санал болгож байна.
Дэлхийг түүхийг бүтээсэн 100 эмэгтэй
Шинийг бүтээгчид, сод эрдэмтэд, зоригт тэмцэгчид, удирдагчид, бизнес эрхлэгчид, гайхам амжилтын эзэд болох дэлхийн түүхийг бүтээсэн 100 гайхалтай эмэгтэйн талаар энд өгүүлнэ. Чухам яагаад хатан хаан Екатеринаг “Агуу” гэж нэрлэснийг, Анна Франкийн өдрийн тэмдэглэл хэрхэн сая сая хүний сэтгэл зүрхэнд хүрснийг энэхүү номоос л мэдэж авна. Эрэл хайгуул хийж, удирдан залж, түүхийн хуудаснаа мөрөө үлдээсэн, дэлхий ертөнцийг өөрчилсөн гайхалтай эмэгтэйчүүдийн сэтгэл догдлом түүхийг талаар бичсэн энэ номоос таны охид олон зүйлийг сурч, урам зориг авах болно шүү.
Тэрслүү охидод зориулсан бяцхан түүхүүд 1,2
Энэхүү хоёр цуврал номд хөл бөмбөгчин, тагнуулчаас эхлээд хатан хаан хүртэлх дэлхийн өөр өөр орны, нас насны, зуун зуун эмэгтэй өөрийн хүч чадал, авьяас чадвараар хэцүү бүхнийг даван туулж, хүсэл мөрөөдөлдөө хүрч байгаа тухай түүхийг өгүүлнэ. Энэ номыг уншсанаар урам зоригоор дүүрч, хүсэл тэмүүлэл, сониуч зан, өгөөмөр сэтгэлээр дүүрэн явах нь жинхэнэ амжилт, аз жаргал гэдгийг олж мэдэх болно. Аан тийм, номд орсон эмэгтэйчүүдийн хөргийг дэлхийн өнцөг булан бүрээс, өөр өөр хүмүүс зурснаараа тун онцлог.
Хайрын тухай надад яриач
Өсвөр нас бол хайр дурлалын талаар хамгийн их сониучирхдаг нас байдаг тул хайрын тухай өгүүлэх номд залуу охид маань дуртай байх нь гарцаагүй. Энэхүү номоос загвар өмсөгчийн замнал дуусгавар болж, гоо үзэсгэлэн нүүрээ буруулахад нэгэн үе од болон гялалзаж явсан загвар өмсөгч нарт ямар сэтгэгдэл төрдөг бол?, Загварын ертөнцөд ямар ямар сүүдэртэй талууд байдаг вэ?, Загвар өмсөгч нарыг бусад хүмүүс хэрхэн хардаг бол?, Хайр дурлалын үнэ цэн нь юунд оршино вэ?, Ер нь хайр дурлал гэж байдаг юм уу? гэх мэт олон асуултын хариуг олох болно.
Аранзал дарвуул
Аранзал дарвуул ном нь адал явдалт, романтик зохиол бөгөөд хүний хүсэл мөрөөдөл, итгэл найдварын хэзээ ч дуусашгүй хэлхээг өгүүлэхийн зэрэгцээ, залуу насны жинхэнэ хайр дурлал болон түүний мөн чанарыг илэрхийлжээ. Загасчдын жижигхэн тосгонд охин Ассолын хамт аж төрдөг бэлэвсэн эр Лонгрен амь зуулгаа залгуулахын тулд модоор сийлсэн тоглоомон онгоц хийж зардаг ажээ. Харин Ассол охин нэг л өдөр хаа нэгтэйгээс аранзал дарвуулт хөлөгтэй ханхүү ирж өөрийг нь авч явна гэж үнэн голоосоо итгэнэ. Энэхүү номд оросын буйдхан тосгоны амьдралыг сэтгэлд мэдрэгдтэл үнэхээр сайхан дүрсэлсэн бөгөөд далайн давлагаа чихэнд сонсогдож, хөлөг онгоц хүртэл нүдэнд харагдахаар уран яруу бичлэгтэй юм.
Лотте Луизе хоёр
“The Parent Trip” киногоороо олноо алдаршсан энэхүү зохиол нь нийт 23 удаа дэлгэцийн бүтээл болж гарснаараа дэлхийн олон орны хүүхдүүдийн хайртай зохиол болж чадсан билээ. Зуслан дээр тааралдах охид өөрсдийгөө ихэр гэдгээ мэдэж, ээж аавыгаа эргэн нийлүүлэх гэсэн төлөвлөгөө зохионо. Харин тэдний төлөвлөгөө бүтэх болов уу, яах бол? Энэ номыг уншчихаад дараа нь киног нь үзсэн ч болох тул таны охидод таалагдана гэдэгт итгэлтэй байна.
Монголын нууц товчоон
Эртний сод туурвил болох Монголын нууц товчоог орчин үеийн хүүхэд залууст хүргэхэд дөхөм болгохын тулд үг хэллэг болоод утга агуулгыг илүү ойлгомжтой болгон найруулан засварлан хүргэж байгаа билээ. Ингэхдээ нэг талаас түүхийн чиг шугамыг нь алдагдуулахгүйг хичээсэн ба нөгөө талаас тодорхой бус, ойлгомжгүй хэсгүүдийг уран сэтгэмж, уран найруулга ашиглан нөхвөрлөн зохиомжилж, зургаар баяжуулсан. Тиймээс хүүхдүүд уншихад уйдахгүй сонирхолтой байх тул та ч бас хүүхдүүддээ түүх соёлын гол сурвалж болсон томоохон бүтээлийг бэлэг болгоорой
Байгалийн гайхамшгууд
Энэхүү номд байгаль дэлхий амьд ертөнцийн тухай олон гайхалтай зүйлийг дэлгэн харуулжээ. Бид бүхний амьдардаг газар дэлхий хэрхэн яаж бүтдэг, амьтан ургамал юунаас тогтож, яаж амьдардаг талаар хүүхдүүд гэлтгүй насанд хүрэгчдийн тэр болгон мэдээд байдаггүй зүйлсийг хүртэл харуулсан юм. Тус номд шүр, эрдэс бодис, үнэт чулуу, нэг эст амьтнаас эхлэн олон төрлийн амьтан ургамлын талаар тайлбарласан бөгөөд өнгөлөг зураг, тодорхой жишээтэй тул ойлгоход тун хялбар төдийгүй сонирхолтой байх болно шүү.
Илбэ
“Хүүхдийн илбийн ном” нь дэлхийн хамгийн ер бусын илбэ, хуурах арга техникт суралцах тун чухал гарын авлага юм. Илбийн номд, анх эртний Египетэд үүсэж, 1900-аад оны үед тайзны урлаг болтлоо хөгжиж, улмаар эрч хүчээ алдалгүй өнөө үеийг хүрсэн илбийн урлагийн түүхийг өгүүлэхээс гадна хүүхдүүдийн өөрсдөө сурч болох хорин үзүүлбэрийг нарийн тодорхой, тун чиг ойлгомжтой тайлбарлажээ. Илбийн нууцыг хүүхэд гэлтгүй хэн бүхэн мэдэхийг хүсдэг тул энэ ном бол таны охинд гайхалтай бэлэг болж чадна шүү.
СЭТГЭГДЭЛ