Илиада болон Одиссэй туульсиуд нь барууны уран зохиолын хамгийн эртний бүтээлүүд билээ. НТӨ 725-675 оны хооронд анх Илиада нь, арай сүүлд Одиссэй нь зохиогдсон хэмээн тооцогддог эдгээр туульс олон зууныг дамжин өнөө бидний үед ирэхдээ ач холбогдол нь асар өндөр болжээ.  Уг хоёр туулийг олон талаас нь судалж, тайлбарлаж, шүүмжилж, дэлхийн бараг бүхий л хэлэнд хөрвүүлж, янз бүрээр хялбаршуулж, өөрчлөн найруулсан байдаг. Мөн шинэ цагийн уран зохиолын олон шилдэг бүтээл Одиссэй туульстай шууд болон дам холбоотой байдаг нь түүний үнэ цэнийн илэрхийлэл юм.

Энэхүү бүтээлийг Монсудар хэвлэлийн газар, МУСГЗ Д.Цахилгааны орчуулгаар Монгол анх удаа, бүрэн эхээр нь эрхлэн гаргаж буй нь манай орны утга зохиолын салбарт тодоор тэмдэглэхүйц үйл явдал боллоо. Ингээд уншигч та бүхэндээ МУСГЗ Д.Цахилгаантай хийсэн ярилцлагыг хүргэж байна.

- Хүн төрөлхтний соёлын үнэт өв болсон Одиссэй бүтээлийг бүрэн эхээр нь эх хэлнээ хөрвүүлсэн танд баяр хүргэе. Энэхүү номыг орчуулах ажил хэзээнээс эхэлсэн талаар яриагаа эхэлье?

Баярлалаа. Мэдээж гэнэт л энэ том бүтээлийг барьж авья гэж бодоогүй. Би өмнө нь Орос хэлнээс арав гаруй бүтээл орчуулсан. Дэлхийн сонгодгуудаас гэхэд Хэмингуэйн Өвгөн тэнгис хоёр-ын орчуулгыг англи хэлтэй нь тулгаж хэлзүйн талаас нь редактороор ажилласан. Мөн өөрийн гэсэн шүлгийн болон түүхийн хэд хэдэн ном гаргаж байсан зэрэг нь бүгд Монсудар хэвлэлийн газраар дамжин олны хүртээл болсон. Үүнийг минь тоож намайг ямар ч байсан энэ бүтээлийг орчуулж чадна гэж хэвлэлийн газрын зүгээс үзсэн юм билээ. Ингээд надад санал тавихад би маш баяртай хүлээн авсан. Энэ том бүтээл ном болон хэвлэгдэж, нийтийн хүртээл болж байгаад маш их баяртай байна. Гэхдээ энэ бүтээл зөвхөн минийх бус Монсудар хэвлэлийн газар, Адмон хэвлэх үйлдвэрийн гавьяа юм. Энд ажиллаж буй бүх хүн их сэтгэл, зүтгэл гаргаж энэ ном уншигчдын хүртээл болж байна

Одиссэй нь 2600 гаруй жилийн өмнө бичигдсэн, үйл явдал нь одоогийн газар дундын тэнгис, Балканы хойг хавьцаа өрнөж байгаа эртний Грекийн их хөлгөн тууль юм. Тэр эртний домгуудыг нэгэн хүний, нэгэн гэр бүлийн амьдралд холбон, сонгодог зохиолын бүхий л шинжийг оруулж бичсэн нь үнэхээр гайхалтай. Хамгийн гол нь барууны сонгодог зохиолын анхдагч болсон энэ өвийг Монгол хүмүүн, Монгол уншигчид өөрийн төрөлх Монгол хэлээрээ унших болсон нь гайхалтай.

Орчуулагчийн хувьд би энэ зохиолыг зөвхөн Монгол хэлэнд буулгах төдий бус Монгол сэтгэхүйд буулгах юмсан гэж хичээсэн. Яагаад гэвэл Монгол орон үлгэр туульс, домгийн уламжлалтай орон. Миний үеийн хүмүүс бүгд үлгэр туульсиар л ундалж хүн болсон шүү дээ.

- Та түрүүн яриан дундаа өөрийн хэд хэдэн бүтээлтэй гэж дурдсан. Өөрөө ном бичих, орчуулах хоёр хэр зөрүүтэй байв?

Эд бол тэс ондоо зүйлс. Өөрийнхөө бодож буй зүйлээ хүссэнээрээ бичнэ гэдэг эрх чөлөөтэй ажил. Харин орчуулга үүнээс өөр. Бид зохиогчийн хэлж байгаа санааг ойлгож, түүнд баригдаж, яг байгаагаар нь дамжуулах үүрэгтэй. Гэхдээ аливаа гадаад хэлнээс орчуулахад монгол эгшиглэн, уламжлалаа бас хадгалах хэрэгтэй. Би орчуулгаа хийхийн тулд маш олон судалгааны зохиол бүтээл уншсан. Дэлхийн утга зохиол судлаачид Хомэрийн Илиада, Одиссэй хоёрыг “хекзаметр” хэлбэрээр бичигдсэн гэж дүгнэдэг юм билээ. Энэ нь 6 цохилтот шүлэглэсэн хэлбэр юм. Нэг мөрөндөө 6-7 үгтэй, шүлэглэсэн энэ хэлбэр манай үлгэр туульсын уламжлалд ч байсан.  Би өөрийнхөө ганц нэг шүлгүүдийг ч энэ хэлбэрээр дуурайж бичих гэж оролдож байсан юм. Одиссэй бол хөлгөн их тууль. Туулийг хайлдаг уламжлалтай. Тэгэхээр монгол эгшиглэн, аялгад таарсан байх ёстой учраас би тэр 6 хэмийг 3,3 хэмээр нь Монгол шүлгийн хэлбэрт буулгасан. Цөм жигд биш ч ийм байлгах гэж хичээсэн. Мөн орчуулах явцдаа монгол хэлний Шагжийн толь, Цэвэлийн толь, Дамбажавын монгол хэлний тайлбар толь зэргийг ашиглаж хуучны монгол үгсийг хайж олж, ашигласан.

- Орчуулгын бүтээл уншихад “харь” хэлнийх гэж сэтгэгдэл төрж эхэлмэгц уншигчдын зүгээр орчуулга модон байна гэж шүүмжилдэг. Та энэхүү бүтээлээ Монгол хэл төдийгүй монгол сэтгэлгээнд буулгах тал дээр хэрхэн ажилласан бэ?

Миний эрхэмлэн дээдэлдэг Бямбын Ринчин, Цэндийн Дамдинсүрэн гэж  хоёр их уул бий. Дамдинсүрэн гуайн Алтан загасны үлгэрийг уншаагүй монгол хүүхэд гэж бараг үгүй. Үүнийг уншихад хүний юм гэж огт бодогдохгүй, ерөөс л монгол зохиол уншиж байгаа мэт санагддаг. Тэр арга барилыг л унхиадаж, бараадаж ашигласан. “Мэргэд гарахын орон”-д бүтээлд үгэн дор нь биш утган дор нь итгэж орчуулаарай гэснийг барьж ажилласан.

Энэ ташрамд хүүхэд залуучууддаа Монголын Алтан үеийн буюу Ринчин, Дамдинсүрэн гуайн бүтээлүүдээс сайн уншаарай гэж захья. Тэдний бичлэгийн арга барилтай миний энэ орчуулга таарч байна уу үгүй юу гэж шүүмжлэлтэй бодоосой гэж хүсэж байна. Зөвхөн хүүхэд залуучууд гэлтгүй өнөөгийн утга зохиол шүүмжлэгч, судлаачид ч миний бүтээлийн талаар үгээ хэлээсэй гэж бодож байна. Магтсан бай, шүүмжилсэн ч бай би бүхнийг нь эрдэм л гэж хүлээн авна. Аливаа зохиол бүтээл гэдэг өөрөөс гарч байгаа хүүхэдтэй адил учраас өөрийнхөө бүтээлийг хүн бүр л сайхан гэж хардаг. Харин хөндлөнгөөс харахад бүх зүйл өөр харагдана. 2600 жилийн өмнө газар дундын тэнгис, Балканы хойгт болж байсан тэр үйлд явдлыг тухайн үеийн Монгол оронтой, өөрсөдтэйгөө холбож ойлгоосой гэж хүсэж байна. Би ч бас тэгж бодож байсан. Адал явдалтай уран зохиол уншиж байгаа мэт сонирхож уншихдаа тухайн цаг үеийн түүхэн ойлголтоо бодно, уран сайхны таашаал, мөн дэлхийн утга зохиолын тухай ойлголт авна. Энэ бол танин мэдэхүйн асар их ач холбогдолтой.

- Орчуулж байх явцад хүндрэлтэй зүйл тохиолдож байв уу?

Байлгүй яахав.Орчуулга эхлэхийн тулд би өөрийгөө бэлдэж эхэлсэн. Зохиолтойгоо холбоотой эрдэм шинжилгээний бүтээл, шүүмжүүдийг уншсан. Зөвхөн Одиссэйн үйл явдлуудын хоорондох зөрчлийг судлаад эрдэмтэн болсон ч хүн байдаг юм билээ. Ингээд зохиолынхоо тухай тодорхой ойлголттой болсныхоо дараа л орчуулга руугаа орсон. Энэ бол зохиолдоо үзүүлж буй зохих ёсны хүндлэл.

Миний ашигласан Орос хэлний орчуулгыг англи хэлнээс орчуулсан юм. Осеров орос хэл дээр орчуулахдаа хуучны орос хэлийг ашигласан байсан. Тэгэхээр би үндсэн утга санааг ойлгохын тулд англи хэлтэй ч тулгаж харсан. Ингэж байж цаад үндсэн хэлэх гэсэн санааг алдалгүй барьж, хамгийн зөв утга санааг гаргаж Монгол хэлээр буулгасан.

- Одиссэй зохиолыг бид яагаад заавал унших ёстой юм бэ?

Одиссэй баатар арван жил дайтчихаад, дараа нь дахин арван жил адал явдал туулж, тэмцсэн хүн. Санаа сэтгэлийн хүч, эр зориг, овсгоо самбаа байх юм бол аливаа бэрхшээлийг туулдаг юм гэсэн санааг бат нот илэрхийлсэн. Мөн Одиссэйн эхнэр, хатан хаан Пенелопа 20 жил эр нөхрөө хүлээж байгаа нь үнэнч сэтгэл, үнэнч хайрын гайхалтай илэрхийлэл юм. Одиссэйг явахад гэдсэндээ байсан хүү нь өсөж том болж, эрийн цээнд хүрч байгааг харуулна. Зохиолын туршид Итака гэх жижигхэн арлын хүмүүсийн тухай гарах ч амь тэмцэн тэр л нутаг руугаа тэмүүлж, өссөн төрсөн нутгаа гэж буй нь эх оронч үзлийг гайхалтай харуулсан. Энэ зохиолыг уншаад хүн бүр эх оронч болохгүй ч гэсэн уншсан хүн бүрд нэг санаа өгнө. Мөн хүн төрөлхтний оюуны хөгжлийн үе шатын талаар лав нэг ойлголттой болно. Зохиолд гарч буй далайн соёл иргэншил, манай нүүдэлчдийн соёл иргэншилтэй хорших юм юу байна, харшлах юм юу байна гэж харвал залуусын мэдлэгт маш том тэлэлт болно гэж бодож байна.

Одиссэйн тухай кино бүтээл олон ч бүхэл бүтэн 14 мянга шад шүлэгт багтаасан тэр үйл явдлуудыг ганц кинонд бүрэн тусгах аргагүй. Гол шугамыг гаргах ч зохиолын дунд гарах нарийн нандин бүхнийг зохиолоос л мэдэрнэ. Унших бүртээ хүн бүр өөр өөрийнхөөрөө энэ номыг тайлна. Гэвч Одиссэй зохиолоос ойлгосон бүхэн хүнд сургамжтай. Урвалт шарвалтаас эхлээд муухай, сайхан бүхэн, бүр монголчилбол буян, нүглийн тухай ойлголт, үйлийн үрийн тухай маш олон жишээн дээр харуулсан байдаг. Бичиг үсэг тайлагдсан л бол хэн ч уншихад энэ зохиолоос заавал нэг зүйл олж авна. Дээрээс нь хэвлэлийн газар юу хийж болох вэ гэдгийг бүгдийг Монсудар хийсэн. Ном маань 24 бүлэгтэй. Хэвлэлийн газраас бүлэг бүрийн эхэнд зураг оруулж өгсөн. Мөн Одиссэй нь маш эртний зохиол учраас зохиолд гарч буй бүх нэрийн талаар маш дэлгэрэнгүй нэр томьёоны тайлбар оруулсан байгаа. Нэр томьёоны тайлбараа дагаад эртний газрын зураг, зохиолд гарч байгаа гол баатруудын ургийн модыг хүртэл оруулж өгсөн. Аваад уншсан хүн үүнээс маш дэлгэрэнгүй мэдээлэл авна. Би өөрөө ч мөн орчуулагчийн зурвастаа хэд хэдэн тайлбар оруулсан. Мөн хэвлэлийн газрын мэргэжилтний бичсэн мэргэжлийн өмнөх үгээс маш тодорхой ойлголт авна. Ийм цогц хэмжээнд эрхлэн гаргасан Монсудар хэвлэлийн газартаа дахин дахин баярлаж байгаагаа илэрхийлье.


СЭТГЭГДЭЛ

Your email address will not be published. Required fields are marked *

/