Хүслийн цэнхэр тэнгэртээ
Хүний дэлхий инээж байна
Хүүхэд бүрийн ширээн дээр
Зураг бүхэн нартай байна... хүүхдийн ийм нэг дуу бий. Харин хүүхэд бүхэн ингэж зурдаг болов уу?
Аз жаргал, инээд хөөртэй зураг зурж байна уу? эсвэл айдас, учир нь олдохгүй битүүлэг агуулга илэрхийлж байна уу?
Хүүхдийн зураг зурж байгаа үйлдэл нь өөрийгөө илэрхийлж буй хэл нь байдаг. Эргэн тойрноо танин мэдсэн, мэдэхгүй байгаа зүйлсийг төсөөлөн бодсон дүрслэл юм. Зурсан зургаар нь дамжуулж тэдний сэтгэлзүйн болон тулгамдаж байгаа асуудлуудыг ойлгож болно. Жишээлбэл тэд баяр хөөр, уйтгар гуниг, айдас зэрэг мэдрэмжүүдээ, өөрийн гэсэн орон зайгаа ямагт илэрхийлж байдаг. Гэр бүлийн дотоод уур амьсгалыг хамгийн түрүүнд зурна. Дараа нь танин мэдсэн, эргэлзсэн, хэн нэгнийг санасан, магадгүй идэхийг хүссэн зүйлүүдээ дүрсэлж эхэлнэ. Мэдээж 6 наснаас дээш сэтгэлзүйн ээдрээтэй нөхцөл байдлууд, жигтэй мэдрэмжүүдээ илүү уран сайхны байдлаар илэрхийлж эхэлдэг.
Та хүүхдийнхээ зурсан зургийг хэр анзаардаг вэ?
Энэ бол анзааралгүй өнгөрч боломгүй асуудал юм. Бид хүүхдээ илүү сайн ойлгохын тулд эхлээд зурсан зургийг нь ойлгох хэрэгтэй. Харин зурсан зургуудыг нь хайхралгүй орхигдуулж, хүүхдийнхээ тайлбарлахыг ойшоохгүй байснаар ганцаардмал нэгэн болох хаалга руу түлхэж мэдэх юм. Эсвэл хэт их магтаал түүнийг хий хоосон нэгэн ч болгож мэднэ.
Хүүхэд томчуудын адил өөрийгөө хангалттай илэрхийлж чадахгүй. Харин тэр зүйлээ зургаар голчлон илэрхийлдэг. Үүнийг сайтар анзаарч байхын учир нь товчхон доо энэ.
Та хүүхдийнхээ зургийг хараад шууд л авьяастай эсэх тухай боддог уу?
Томчууд бид ихэнхдээ хүүхдийн зурсан зургийг авьяастай холбон дүгнэх нь элбэг. Зөвхөн ганц зурсан зурган дээр нь ч биш дуу, шүлэг, бүжиг дээр ч ингэж ханддаг.
- -Ямар хөөрхөн юм бэ шүлэг дахин уншиж өгөөч, дахин дуулж бүжиглээч
- -Ямар хөөрхөн юм бэ? Авьяасыг нь үзнэ ээ
- -Ямар хөөрхөн юм бэ? Хөөрхөн зурсан байна шүү
- -Салхи ямар хэлбэртэй бол?
Томчуудыг ингээд байвал таатай байхгүй нь л лавтай. Хүүхдийн гэсэн бүхий л зүйлийг “хөөрхөн” гэж харах нь хүүхдийг хүн гэж тоохгүй байгаа хэрэг юм. Хамгийн чухал үе болох 1-5 нас хүртэлх хүүхдийн зурсан зураг дээр эцэг эх ойр дотнын хүмүүс анхаарч тухайн зурсан зургийг ярилцаж, тухайн сэдвийн талаар хэлж тайлбарлаж өгснөөр хүүхэд өөрийнхөө санаа бодлоо чөлөөтэй илэрхийлэх, түүгээр ч барахгүй урлагийн мэдрэмжүүдээ ч нээх том боломж үүснэ. Зөвхөн авьяас чадвараас ч гадна ирээдүйд ямар хүн болох, ямар зан чанар төлөвшилтэй болох зэрэг чухал асуудлуудын эхлэл болно.
Хүүхэд тань ямар нэгэн зургийг харж, хуулж дуурайж зурдаг уу?
Манайд буй СӨБ-н номууд дээр хүүхдийн бүтээлч байдлыг хөгжүүлэх гэсэн нэртэй боловч илүү даган дуурайж хийх дасгал ажлууд голчлон багтсан байдаг. Энэ нь зөвхөн адилхан төдий л хийж гүйцэтгэх ажиллагаа юм. Харин ч дээр дурдсан төсөөлөн бодох болон өөрөөр илэрхийлэх илэрхийллийг хаах нөлөөтэй. Яагаад гэвэл хэн нэгнийг дуурайн зурснаар төсөөлөх, танин мэдэх үйл ажиллахгүй. Зөвхөн адилхан хийхийг л зорино шүү дээ.
Эцэг эхчүүд ихэвчлэн хүүхдэдээ ном сонгохдоо буддаг ном авч өгдөг. Хэдий сайшаалтай боловч тэр нь төдийлөн бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх дасгал ажилбаргүй. Цаг нөгчөөх төдийхөн. Эсвэл гадны контентын дүрүүдийг адилхан будах зорилготой буддаг номууд байдаг. Энэ нь хүүхдийн хүсэл эрмэлзэллийг хайрцаглах хор нөлөөтэй. Даган дуурайхад бүтээлч сэтгэлгээ хөгждөггүй.
Өнөөгийн хүүхдийн буддаг номын тухай
Буддаг ном бүтээгчдийн хувьд илүү ашиг орлого харсан, хүүхдэд үр өгөөж багатай, хямд худалдаалагдах, гаднын супер баатрууд гүнжүүдийн зураг бүхий нарийн зураастай хувцсыг нь л будах төдий ажилбартай номуудыг олноор хэвлэн борлуулж байна. Энэ нь ирээдүй хойчоо бодолцоогүй алхам юм. Мэдээж хүүхдийн хөгжлийн явцад түүний гарын жижиг булчингийн хөгжил гэх мэт олон асуудал бий. Нас насандаа өөр өөр байдаг. Сараачих үе, дүрслэх үе гэх мэт. Тэдэнд зориулсан өөр өөр даалгавар бүхий зураг байх ёстой.
2 -3 настай хүүхэд дөнгөж дугуй дүрс зурж сурдаг. Харин түүнийг хэрхэн зааж өгөх тал дээр бид бодолцох ёстой. Гарын булчингаар нь дамжуулж үү, эсвэл төсөөллөөр нь үү?
Жишээлбэл: Монсудар хэвлэлийн газрын хүүхдийн номын “Жангар” редакцаас эрхлэн гаргасан “Анх будах бас зурах ном”-н эхний даалгавар дээр дугуй дүрсийн талаар ингэж даалгавар өгчээ.
-Алим ямар амттай вэ?
Энэ даалгаварт нь хүүхэд эхлээд алимын амтны тухай төсөөлнө. Дараа нь нөгөө амтаа бодоод өнгийн харандаа сонгон будаж эхэлнэ. Төсөөлөгдсөн амтаа будах явцдаа алимын хэлбэрийг гараараа дамжуулж мэдрэх юм. Энэ нь илүү бүтээлч сэтгэлгээг нь дэмжсэн байгаа нь харагддаг.
Мөн дээрх цувралын нэг болох “Зураарай, будаарай” ном дээр ийм даалгавар байна.
Хүүхэд шууд л бодож эхэлнэ. Нээрээ ямар хэлбэртэй билээ? Туршлагаасаа сөхөж бодно. Төсөөлнө.
Сараачна. Эсвэл цагариглуулан зурж ч магадгүй юм.
Ийм л төсөөлөн бодох үйлийг нь дэмжсэн номууд маш чухал ач холбогдолтой. Түүнээс цаг нөгчөөсөн эсвэл контентийн сурталчилгаатай буддаг номууд таны хүүхдэд сайн зүйлийг өгөхгүй нь баттай юм. Иймийн учир эцэг эх, ойр дотнын хүмүүс хүүхдийн зурсан зургийг анзаарч, хөгжлийн явцад нь сайн нөлөө үзүүлэх юу хэрэгтэй, ямар ном сонгож өгөх зэрэг зүйлс дээр анхаараарай гэж зөвлөе.
СЭТГЭГДЭЛ