Энэхүү номын зохиолч Беате Тереза Ханика нь 1997 оноос эхлэн загвар өмсөх болж, Европын олон хотод ажиллажээ. Харин 2001 оноос загвар өмсөгчийн замналаа дуусган, гэрэл зураг авч эхэлсэн аж. Ханика энэ хугацаанд үзэж харсан, туулж өнгөрүүлсэн бүхнээ нууж хаалгүйгээр, үнэн мөнөөр нь энэхүү романдаа тусгасан байна. Тэр зохиолуудаа ихэвчлэн нийгмийн эмзэг асуудлуудыг хөнддөг. Хамгийн анх өсвөр үеийнхэнд зориулан, хүүхдийн хүчирхийллийн тухай сэдвийг мэдрэмж, сэтгэл зүйн талаас нь маш нарийн тодорхой дүрсэлсэн “Улаан малгайт уйлдаг” романаа бичсэн нь утга зохиолын нэр хүндтэй олон шагналыг хүртсэн билээ.

1. Хайр дурлалаас хэн ч зугтаж чадахгүй. Хэзээ нэгэн цагт тэр чамайг олоод л очно.
2. Хэн ч айдас эргэлзээ, уур хилэн, уйтгар гуниг харахыг хүсэхгүй. Тэд өөрсдөдөө хэрэггүй гэснээ ангилан ялгаж, цаас мэт жижиглэн урж тасдан хаядаг.
3. Хайр сэтгэл зүрхэн дотроос хашхирсаар л байдаг, насан туршид болихгүй.
4. Заримдаа хүн хайрыг олж хардаггүй, яваад өгснийх нь дараа л ухаардаг.
5. Хайр сэтгэл гэдэг нимгэн мөсөн дээр явахтай адил. Зориглоод алхтал хөл дор чинь мөс ханзрахыг мэдрэх л юм бол бүх зүйл дуусжээ гэж ойлго. Нэгэнт оройтсон л гэсэн үг.


6. Сайхан зүүд зүүдэл, хэзээ ч чинийх болохгүй ч чамайг тавьж явуулахгүй, гэхдээ аз жаргалтай ч болгохгүй тэр амьдралыг зүүдэл.
7. Хайр сэтгэлд үг хэрэггүй.
8. Хайрыг амтаар нь таньж чаддаг байх хэрэгтэй. Чи хэн нэгнийг үнслээ, бас үнсэлцлээ гэж бодъё. Үнсэх уруулаас нь л хүссэн хайр чинь мөн үү, биш үү гэдгийг мэдэж болно. Нэг бол чихэр шиг амтагдана. Эсвэл огиудас хүрнэ. Ийм л байдаг.
9. Тэр жинхэнэ хайрын эзнийг бусдаас юугаар нь ялгах юм бол? Дүр төрх нь зүрх рүү шууд харван ормогцоо л хэвд цутгасан юм шиг яв  цав таарчхаад, байрыг нь өөрчилж ч, бүрмөсөн устгаж ч болдоггүй юм болов уу? Эцэст нь нэг жинхэнэ хайртайгаа учрахаараа хүн яаж ч чадалгүй өмнө нь сөхөрдөг хэрэг үү?
10. Заримдаа шивнэхээс цаашгүй болтол хоолой минь өвдөж, сөөсөн ч тэр намайг хэзээд сонсож чаддаг. Учир нь бид хайрын тухай ярьдаг юм. 


"Хайрын тухай надад яриач" ном алдартай загвар өмсөгч болох мөрөөдлөөр жигүүрлэн их хотыг зорьсон хөдөө тосгоны бүсгүйн амжилт, бүтэлгүйтэл, хайр дурлал, загварын тайзны ард өрнөдөг бүхнийг илэн далангүй дэлгэж, алдар нэр, гоо үзэсгэлэн, дурлалын талаар эргэцүүлэл, ухаарлыг танд бэлэглэх болно.

Зургийг: Dina Odess


СЭТГЭГДЭЛ

Your email address will not be published. Required fields are marked *

/